Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/00312

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/00312

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Данзан АОС-8, 2-1-2 тоотод байрлах, хуулийн этгээдийн 5872162 регистртэй “Мөнх орших капитал ББСБ” ХХК-ийн,

         Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр 60 байрны 22 тоотод оршин суух, …регистртэй, Сэрээтэр овогт Ч.Т,

         Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн хороолол 60/1 байрны 42 тоотод оршин суух, …регистртэй, Жамъяндагва овогт Жамъяндагвын Сэнгээ нарт холбогдох,

         Зээлийн гэрээний үүрэгт 38,815,098 /гучин найман сая найман зуун арван таван мянга ерэн найман/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Мөнх орших капитал ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         Манай байгууллага иргэн Ч.Туяа, Ж.Сэнгээ нарын хүсэлтийн дагуу 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ2016/43 дугаар бүхий зээлийн гэрээг байгуулан 30,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай буюу 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нэг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн энэхүү гэрээний дагуу БГ2016/32 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 1-60 дугаар байрны 22 тоот хаягт байрлах 37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан. Зээлийн гэрээний хавсралт А буюу зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 2016 оны 2, 3, 4 дүгээр саруудад зөвхөн зээлийн хүүг төлөх, 2016 оны 5 дугаар сараас хойш үлдсэн саруудад хүү зээлээ хамтад нь төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл зээлдэгч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 29,450,000 төгрөг, түүний хүүгийн төлбөрт 3,435,834 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 687,166 төгрөг, нийт төлвөл зохих 33,537,000 төгрөгийн төлбөртэй байсан. Манай байгууллагаас зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгэхийг удаа дараа сануулсан боловч ийнхүү хугацаа хэтрүүлсээр байгаа тул ЗГ2016/43 дугаартай Зээлийн гэрээний 7.1.1-д заасныг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/42 тоотт албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, дээр дурьдсан төлбөрийг 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг болон хэрэв энэхүү хугацаанд зохих ёсоор тооцоо хийгээгүй тохиолдолд шүүхийн байгууллагад шилжүүлэх болсноо мэдэгдсэн. Иймээс иргэн Ч.Туяа, Ж.Сэнгээ нараас зээлийн гэрээний 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 29,450,000 төгрөг, хүүгийн төлбөрт 4,712,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 942,400 төгрөг, нийт 35,104,400 төгрөгийг гаргуулж, энэ мөнгийг барьцаа хөрөнгө болон бусад эх үүсвэрээс албадан хангуулж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай шүүхэд гаргасан ихэсгэсэн шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

         Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч өнөөдрийн байдлаар төлбөрөө хийгээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 болон зээлийн гэрээний 7.1.13-7.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 29,450,000 төгрөгийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 2 сар 3 хоногийн хүүгийн төлбөр 3,092,249 төгрөг, түүний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 618,449 төгрөг, нийт 3,710,698 төгрөгийг нэмж төлөх үүргийг хүлээлгэх үндэслэл болох юм. Иймээс хариуцагч нараас нийт 38,815,098 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

Нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний тооцоолол, зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр нотлогдож байгаа. Барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулах шаардлага гаргасныг дэмжиж байна. Хариуцагч нар манай байгууллагатай хийсэн зээлийн гэрээний дагуу энэ төлбөрийг хугацаандаа төлсөн бол 4 хувиар бодох байсан боловч хугацаа хэтрүүлсэн тул 5 хувиар бодож нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу тохирсон хүү болон нэмэгдүүлсэн хүүг зээлийн үлдэгдлийг төлж дуусах хүртэл хугацаагаар нэхэмжилнэ гэж заасны дагуу гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банх, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 24.3, 30.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг тооцвол: үндсэнз ээлийн төлбөр 29,440,000 төгрөг, хүү 7,800,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,560,320 төгрөг, нийт 38,801,920 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

         Хариуцагч Ч.Туяа шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

         Миний бие 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагаас 30,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд дараахь байдлаар төлсөн байна. 2015 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 1,240,000 төгрөг, 3 дугаар сарын 19-ний өдөр 1,120,000 төгрөг, 4 дүгээр сарын 19-ний өдөр 1,240,000 төгрөг, 5 дугаар сарын 21-ний өдөр 1,555,000 төгрөг, 6 дугаар сарын 26-ны өдөр 1,670,000 төгрөг, 6 дугаар сарын 29-ний өдөр 295,000 төгрөг, 7 дугаар сарын 19-ний өдөр 1,200,000 төгрөг, 8 дугаар сарын 19-ний өдөр 1,240,000 төгрөг, 8 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулсан, 9 дүгээр сарын 19-ний өдөр 1,033,400 төгрөг, 10 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг гэх зэргээр төлж байгаад зээлийн гэрээ дуусгавар болж, дахин зээлийн гэрээнд сунгалт хийхдээ дахин мөнгө зээлж авсан мэтээр гэрээ байгуулсан. Гэтэл 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь өмнөх гэрээний үргэлжлэл байсан юм. Ингээд гэрээгээ сунгаснаас хойш дараахь байдлаар дахин төлсөн байна. Үүнд: 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 800,000 төгрөг, 2 дугаар сарын 12-ны өдөр 1,240,000 төгрөг, 3 дугаар сарын 12-ны өдөр 1,160,000 төгрөг, 4 дүгээр сарын 12-ны өдөр 1,240,000 төгрөг, 5 дугаар сарын 12-ны өдөр 2,100,000 төгрөг төлсөн байна. Миний бие зээл, зээлийн хүүг хугацаанд нь маш хариуцлагатайгаар хийж явсан боловч банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү хэт өндөр байгаа тул сүүлийн үед төлж чадахаа байсан билээ. Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Сүүлд байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ юм. Иймд анх байгуулсан зээлийн гэрээний дагуу би үүргээ гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. Анх би 30,000,000 төгрөг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авсан нэг сарын хүү 1,200,000х6 сар=7,200,000 төгрөг, үндсэн зээл 30,000,000 төгрөг, нийт 37,200,000 төгрөг төлөх ёстойгоос 25,133,400 төгрөг төлсөн бөгөөд үүнийг хасвал 12,066,600 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

         Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

         Хариуцагч нарын зүгээс өмнө гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа бөгөөд анх байгуулсан зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх тул сүүлд буюу 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй гэж үзэж байна. Энэхүү зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч бэлнээр мөнгө хүлээн аваагүй юм гэжээ.

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Мөнх Орших Капитал ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Туяа, Ж.Сэнгээ нарт холбогдуулан, 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Зээлийн болон Барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,104,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргажээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 3,710,698 төгрөгөөр ихэсгэж, нийт 38,815,098 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлийн эргэн төлөлтийн тооцооллыг үндэслэн, илүү шаардсан 13,178 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа 38,801,920 төгрөг болгон багасгасан болно.

         Хариуцагч нар нь талуудын хооронд өмнө буюу 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, мөн нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргах боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 12,066,600 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхөөс татгалзаж маргасан.

         Хариуцагч Ч.Туяа, Ж.Сэнгээ нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаагаар төлөөлүүлэн оролцсон бөгөөд хариуцагч Ч.Туяа болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд хандан хүсэлт ирүүлээгүй бөгөөд хариуцагч нарын зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулахгүй талаар аливаа хүсэлт, баримт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 137/

         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

         Талууд анх 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж зээлдүүлэгч “Мөнх Орших Капитал ББСБ” ХХК нь 30,000,000 төгрөгийг Ч.Туяад зээлдүүлэн, 6 сарын хугацаанд нэг сарын 4 хувийн хүүтэй байхаар тохиролцож, уг хугацаа дуусахад буюу 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ЗНГ2015/020106 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулан, зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгасан байна.

Зохигчид энэ талаар маргаагүй бөгөөд уг нэмэлт гэрээнд Зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгасан байх боловч гэрээний хавсралтаар хугацааг 6 сараар тогтоож, гэрээний хугацааг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр дуусахаар харилцан тохиролцжээ. /хх 25-27, 69, 52, 53/

         Дээрх Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой хэмжээнд биелүүлж, үндсэн зээлийн төлбөрөөс 5,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14,393,400 төгрөг, нийт 19,393,400 төгрөгийн төлөлт хийсэн байх бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр зээлдэгч үүргээ бүрэн гүйцэтгэснээр талууд “Үүрэг дуусгавар болсон тухай” баримт үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулан гэрээг дуусгавар болгожээ. /хх 91/

         Улмаар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ2016/43 тоот Зээлийн гэрээг шинээр байгуулж, зээлдүүлэгч “Мөнх Орших Капитал ББСБ” ХХК нь зээлдэгч Ч.Туяа, хамтран зээлдэгч Ж.Сэнгээ нарт 30,000,000 /гучин сая/ төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн хүүг хавсралтад заасан хуваарьт өдөр төлвөл гэрээнд заасан хүүнээс 1 хувийн хөнгөлөлт эдлүүлэн тухайн сарын хүү 4 хувь байх, хүүг 30 хоногт бодох бөгөөд зээлдэгч үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр харилцан тохиролцож байгуулан, мөн өдрөө 2016/32 дугаар Барьцааны гэрээ хийж, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 1 дүгээр 60 байрны 22 тоот дахь 37 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2205014757 дугаар бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх 11-14/

         Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, зээлийн барьцааны гэрээ нь мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагчид 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Мөнх Орших Капитал ББСБ” ХХК-ийн кассын зарлагын ордероор тогтоогджээ. /хх 76/

Хэдийгээр хариуцагч Ч.Туяа гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс бэлнээр хүлээн аваагүй гэж маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлыг баримтаар нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй, мөн зээлийн гэрээ байгуулагдсан 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Кассын зарлагын ордер”-т 30,000,000 төгрөгийг хүлээн авсан болохоо баталгаажуулан гарын үсгээ зурж, уг гэрээний дагуу нийт 3,640,000 төгрөгийн хүүгийн төлөлт хийн, зээлийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар хариуцагч Ч.Туяа, Ж.Сэнгээ нар нь гэрээний дагуу төлвөл зохих үндсэн зээл 29,450,000 төгрөг, зээлийн хүү 3,435,834 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 687,166 төгрөг, нийт 33,573,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч “Мөнх Орших Капитал ББСБ” ХХК нь зээлдэгч нарт “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хүргүүлж, гэрээг цуцлан шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээний үүргийг шаарджээ.

Хариуцагч Ч.Туяа нь 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ХААН банкны орлогын баримт бүхий 3 удаагийн төлөлтөөр 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлвөл зохих үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөг, зээлийн үйлчилгээний шимтгэл 150,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 800,000 төгрөгийг тус тус төлсөн байна. /хх 77-79/

Хэдийгээр уг баримтыг Ч.Туяа үйлдээгүй болох нь гэрч Т.Мөнхмандахын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тогтоогдох боловч хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээг хаалгах зорилгоор бусдаас зээл авч, түүний төлбөрийг нь гэрч Т.Мөнхмандах түүний өмнөөс төлсөн үйлдлийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч шүүхэд гаргасан хариу тайлбартаа тухайн өдөр төлөгдсөн 800,000 төгрөгийг зээлийн хүүгийн төлөлтөнд оруулан тооцож, өөрөө хасч тооцсон байгааг дүгнэхэд тийнхүү төлөлт хийснийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. /хх 77-79, 22/

Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлдэгч нар нь 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үндсэн зээл төлөхгүйгээр хүүгийн төлбөр 3,640,000 төгрөгийг төлж барагдуулсан, 5 дугаар сарын 12-ны өдөр үндсэн зээл 1,466,625 төгрөг, зээлийн хүү 1,240,000 төгрөг, нийт 2,706,625 төгрөг төлөхөөс 2,100,000 төгрөгийг 5 дугаар сарын 16-ны өдөр төлжээ.

         Зээлийн гэрээний 2.1.3 дахь хэсэгт “... зээлдэгч нь зээлийн хүүг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарьт өдөр төлбөл гэрээнд заасан хүүгээс 1 хувийн хөнгөлөлт эдлүүлэн, тухайн сарын хүүг 4 хувиар тооцно” гэж, мөн 2.4 дэх хэсэгт “зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө” гэж тус тус зохицуулсан байх бөгөөд зээлдэгч нь 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төлөхөөр эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас 4 хоногоор хэтэрсэн учир хүүг 34 хоногт тооцон, үндсэн төлвөл зохих 1,240,000 төгрөгийн зээлийн хүүн дээр 300,000 төгрөгийг нэмж 1,540,000 төгрөгийн хүү тооцсон байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр нэхэмжлэгч “Мөнх Орших Капитал ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 29,440,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7,801,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,560,320 төгрөг, нийт 38,801,920 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

         Зээл болон барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр тул хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа, эсхүл нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 1-60 байрны 22 тоотод байрлах 000340591 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2205014757 тоот улсын бүртгэлийн дугаартай, 37 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдах аргаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үндэслэлтэй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЧД71022463 регистртэй Сэрээтэр овогт Ч.Т, хариуцагч …регистртэй Жамъяндагва овогт Ж.С нараас 38,801,920 /гучин найман сая найман зуун нэг мянга есөн зуун хорин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мөнх орших капитал ББСБ” ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 1-60 байрны 22 тоотод байрлах 000340591 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2205014757 тоот улсын бүртгэлийн дугаартай, 37 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 403,175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 351,960 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                А.САРАНТУЯА