| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07928/И |
| Дугаар | 102/ШШ2017/00646 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2017/00646
| 2017 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2017/00646 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны 2 дугаар орцонд байрлах “Замчдын Хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ..дугаар байрны ..тоотод оршин суух, ..регистртэй, Боржигон овогт Р.Сд холбогдох,
Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 582,200 /таван зуун наян хоёр мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Равданцэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Замчдын Хотхон” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянгол дүүргийн 3 дугаар хороо 42 дугаар байрны 116 тоотод оршин суух Р.С нь 2008 оны 1 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сарыг дуустал хугацааны 104 сарын 582,200 төгрөгийг удаа дараа шаардсан шаардлагыг биелүүлээгүй тул хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийг хариуцдаг. Хуулийн талаас нь хэлвэл хариуцагч Р.С энэ байрны өмчлөгч бөгөөд өмчлөгч нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлд зааснаар СӨХ-ны заавал гишүүнчлэлтэй байна. Түүнээс биш хариуцагчтай гэрээ хэлцэл хийх үндэслэл байхгүй. СӨХ-ны гишүүн учраас холбооны үйл ажиллагааг өөрөө удирдах эрх бүхий субъект юм. Ер нь нилээн олон захирал дамжчихсан СӨХ байгаа. Урд урдын захирлуудын үйл ажиллагаа сайн муу байгаад солигдсон ч байж болохыг үгүйсгэхгүй. Тэр болгонд суугчийнхаа хувиар, өмчлөгчийнхөө хувиар хяналтаа тавьж, ажлуудыг нь сайжруулах эрх бүхий хүн бол өмчлөгч нар юм гэдгийг хэлэх хэрэгтэй. СӨХ гэдэг бол хуримтлал үүсгэж байж ямар нэг засвар үйлчилгээ хийх боломжтой болно. Сард төлөх ёстой 5,720 төгрөг байсныг төлөхгүй байсаар өнөөдрийн ийм байдалд хүрсэн нь хариуцагчийн хариуцлагагүй байгаатай холбоотой. Төлбөр төлдөггүй хүмүүс бол СӨХ-той ерөөсөө харьцдаггүй. Харин төлбөр төлдөг өмчлөгч нар нь СӨХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Хулгайд юмаа алдаж байгаа нь цагдаад хандах асуудал юм. 2008 оноос хойшхи хугацааны СӨХ-ны хуримтлалын хураагдсан төлбөр нийт 582,200 төгрөг болж байгаа. Уг нь сар бүрийн төлбөр 5,720 байж байгаад 2016 оны 8 дугаар сард 11,700 төгрөг болж нэмэгдсэн байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Равданцэнд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Тус СӨХ-ны үе үеийн дарга нартай уулзаж байрны заадсаар салж бороо ороод болохгүй байгаа, үүнийг засаж өгөөч гэж удаа дараа ярьсан боловч одоог хүртэл арга хэмжээ авч өгөөгүй байгаа. Үүнээс гадна СӨХ нь ажил үйлчилгээ явуулдаггүй, 2016 оны 7 дугаар сарын 10-наас 16-ны хооронд манайхыг эзгүй байх хооронд гэрт хулгай орж, үнэ бүхий эд зүйлээ хулгайд алдсан. Байрны гадаа зогссон байсан машины 2 толь алдагдсан. Мөн байрны хойд талын завсар охин Р.С 2 удаа цүнхээ булаалгасан зэрэг зөрчил удаа дараа гараад байхад анхаарал хандуулаагүй. Мөн байрны гадна орчны цэвэрлэгээ огт хийгддэггүй. Ийм зарим дутагдал үргэлж гардаг тул СӨХ-ны төлбөрөөс татгалзсан болно. Дүрэм журмаа танилцуулах, ажлаа сайжруулах шаардлагатай байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах хууль зүйн үндэслэл алга. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа бол гэрээ хэлцэл хийх ёстой. Хурал хийх гэхээр тамга тэмдгээ аваад зугтдаг. Тийм учраас энэ төлбөрийг төлөхгүй. Төлбөрийн талаар бидэнд огт мэдэгддэггүйгээс ийм байдалд хүрээд байна. Хэрвээ бидэнд төлбөр чинь ийм болоод байна, тэдний дотор төлөөрэй гээд мэдэгдээд явдаг байсан өнөөдрийнх шиг ийм байдалд орохгүй байсан шүү дээ. Бидний хувьд цэвэрлэгчийн цалинг өгч болно. Түүнээс өөр СӨХ-оос шаардах юм алга байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Замчдын Хотхон” СӨХ нь хариуцагч Р.Сгээс дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрт 2008 оны 1 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрт 582,200 /таван зуун наян хоёр мянга хоёр зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
“Замчдын Хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 71 тоот гэрчилгээгээр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж, Ч.Алтантолийг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолоор хэвээр үлдээн томилсон байх тул шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна. /хх 4, 8/
Хариуцагч Р.С нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны 116 тоотод оршин суудаг болох нь зохигчийн иргэний үнэмлэхний лавлагаа болон зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх 21/
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “... орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна...” гэж, мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “... сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан байна. Иймд нэхэмжлэгч “Замчдын Хотхон” СӨХ нь хариуцагч Р.Сгээс дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын мөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.С нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг хүлээдэг бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байх нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй.
Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар хуульчилсан бөгөөд 2008 оны 1 дүгаар сараас 2013 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны буюу 71 сарын сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой харилцаанд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Р.С нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу дээрх хугацааны төлбөр болох 387,520 /2008 оны нийт 50,040 төгрөг, 2009 оны нийт 68,640 төгрөг, 2010 оны 68,640 төгрөг, 2011 оны 68,640 төгрөг, 2012 оны 68,640 төгрөг, 2013 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэлх 62,920/ төгрөгийг төлөхөөс татгалзах эрхтэй.
Түүнчлэн, 2016 оны 8 дугаар сараас СӨХ-ны засвар үйлчилгээтэй холбоотой хуримтлалын сар бүрийн төлбөр 5,720 төгрөгөөс 11,700 төгрөг болж нэмэгдсэн болох нь СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоолоор тогтоогдсон байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу 2008 оны 1 дүгээр сараас 2013 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны зардал 387,520 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Р.Сгээс 2013 оны 12 дугаар сараас 2016 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны засвар үйлчилгээний төлбөрт 194,740 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Замчдын Хотхон” сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,492 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан …регистртэй, Боржигон овогт Р.Сгээс дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 194,740 /нэг зуун ерэн дөрвөн мянга долоон зуун дөчин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Замчдын Хотхон” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 387,520 /гурван зуун наян долоон мянга таван зуун хорин/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18.118 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,492 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА