Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0230/Э |
Дугаар | 2022/ШЦТ/295 |
Огноо | 2022-03-22 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/295
2022 03 22 2022/ШЦТ/295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч Б.Ж /өөрөө өөрийгөө өмгөөлж/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж-д холбогдох эрүүгийн ..................... дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг, иргэний үнэмлэхийн лавлагаагаар .............................. оршин суух бүртгэлтэй боловч ....................... оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, 216 дугаар байрны 14 дүгээр давхар 64 тоот хаалганы хажууд байсан хохирогч Х.Б-н градустай хөрөөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулж хулгайн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Эрүүгийн .................... дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6, 8 дугаар хуудас/,
Хохирогч Х.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч С.Санжаасүрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Ж-ийн мөрдөн байцаалтад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22, 41 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Жийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 44, 48 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, 216 дугаар байрны 14 дүгээр давхар 64 тоот хаалганы хажууд байсан хохирогч Х.Б градустай хөрөөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Хохирогч Х.Б “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай Мөнх Эзлэн ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 216 дугаар байрны 14 дүгээр давхрын 64 тоотод цагаан өнгөтэй модон хаалга зарсан. Тэгээд би ганцаараа уг айлд ороход зай багатай байсан болохоор уг алга болсон хөрөөгөө орцонд буюу уг айлын үүд хэсэгт хаалганы баруун талд тавьсан байсан. Тэгээд дараа нь би айлын хуучин хаалгыг авч хана хэсгийн нүхийг томруулж улмаар шинэ хаалга суурилуулах гээд хаалганы хроп тайрах гээд хөрөөгөө авах гээд гарсан чинь уг хөрөө маань байхгүй байсан. ...уг байр луу орж байхад байрны цэвэрлэгч жижүүр юм уу мэдэхгүй нэг эмэгтэй хүн нэг залууг хөрөөг бариад дунд айл руу авч ороод улмаар буцаад тэр айлаасаа авч гараад явсан гэж надад хэлсэн..Алдагдсан хөрөөний 400.000 төгрөгөө нэхэмжилж байна... “ гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Санжаасүрэнгийн “....2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр жижиг өрөөний хаалга солиулах гээд 100 айлаас хүн дуудаж авчирсан. Уг хаалгаа дөнгөж сольж эхэлж байх үед Батбаяр гэх нэртэй хаалга солих хүн нь хөрөөгөө гэрийн үүд буюу орцонд тавьсан. Дараа нь гарч яваад дахиад багаж оруулж ирээд засвараа хийх гэтэл уг хөрөө нь байхгүй байсан. Дараа нь хөрөөгөө хайгаад камерын бичлэг жижүүрийн өрөөнөөс шүүж үзэхэд өндөр малгайтай хүрэн улаан куртиктэй хүн уг хөрөөг 63 номерын айлынх руу авч орж байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Жийн “....2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээсээ гараад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 216 дугаар байрны 14 давхарт байрлах Ялалт гэх зүс таних хүн рүү явж байсан. Тэгээд би 14 давхар руу гарахад гэрийнх нь үүдэнд будагтай хуучин цахилгаан хөрөө байхаар нь гэрт нь аваад орсон. Тэгээд тэднийд сууж байгаад гарахдаа нөгөө хөрөөгөө аваад гарсан. Тэгээд авч гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ шинэ зам руу гараад алхаж явах үед Приус маркийн автомашинтай төстэй хар өнгийн жижиг суудлын автомашинтай зүс үл таних хүн хажууд ирж зогсоод “энэ хөрөөгөө зарах уу” гэж асуухаар нь би тэрэнд зарна гэж хэлсэн..Тэгээд зарсан мөнгөөрөө архи авч уусан...Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирсон хүнийхээ хохирлыг бүрэн гүйцэт барагдуулж өгнө...” гэсэн мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “....Total брендийн TBS Teld маркийн загвартай 90 градустай тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 400.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогчоос хөрөөгөө алдсан болохыг мэдүүлж, шүүгдэгч болон гэрч С.Санжаасүрэнгийн нарын мэдүүлгээр хөрөөг авсан талаар мэдүүлж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Б.Жийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.
Шүүгдэгчийн санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Жийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Ж хохирогчид хохирол төлбөрийг төлөөгүй тул түүнээс 400.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Х.Бт олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.Жийг гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 1 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар....тооцож эдлэх ялаас хасна...” гэж заасны дагуу шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 8 цагийг хасч /350-8=342/ 342 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечлэн эдлэх хэмжээг тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудал:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ж-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ийг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Ж 1 хоног цагдан хоригдсон ба шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож найман цагийг хасч /350-8=342/ 342 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг тогтоосугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ж-өөс 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Бт олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН