Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1448

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

хохирогч А ,

шүүгдэгч Н.М , түүний өмгөөлөгч С.Намжилмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М холбогдох эрүүгийн 1705 00975 1440 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н. М,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М  нь 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэн А тай “Арматур худалдах, худалдан авах” гэрээ байгуулан зээлээр арматур нийлүүлнэ гэж итгэл төрүүлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 14.500.000 төгрөгийг хуурч залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М ын өгсөн: “Иргэн А тай 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Арматур худалдах, худалдан авах гэрээ” байгуулаад 14.500.000 төгрөгийн урьдчилгааг эхнэр Б.Мын дансаар шилжүүлэн авсан. Гэрээ хийснээс хойш арматур төмрийг нийлүүлэлгүй өдийг хүрсэн бөгөөд хохирлыг хэсэгчлэн буюу бага багаар барагдуулж эхэлсэн. 14.500.000 төгрөгийн хохирлоос 9.000.000 төгрөгийн үнэ бүхий арматурыг төмрөөр нь нийлүүлснээр одоо 5.500.000 төгрөгийн хохирол үлдсэн. Одоогоор 2 тонн төмөр байгаа, 3 тонн болгочихвол үлдэгдэл төлбөрийн нийт үнийн дүнд хүрчих юм. Төмрийг шаардлага хангах, хангахгүй тал дээр хохирогчид өөрт нь үзүүлээд болж байна гэх юм бол нийлүүлье гэсэн яриатай байгаа.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А ын өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэн Н.М тай “Арматур худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Нийт 240 тонн арматур нийлүүлнэ, эхний ээлжинд суурийн арматур буюу 33-34 тонн арматурын 30 хувийг нийлүүлнэ гэж гэрээ байгуулаад 14.500.000 төгрөгийг эхнэр Б.Мынх нь данс руу шилжүүлсэн байдаг. Эхний ээлжинд өөртэй нь гэрээ байгуулсан боловч яг мөнгө шилжүүлэх болсон чинь “Миний данс хаалттай байгаа, эхнэрийн данс руу хийчих” гэхээр нь би эхнэртэй нь уулзана гэсэн. Тэгээд эхнэртэй нь уулзтал “Ямар ч асуудалгүй” гэхээр нь эхнэртэй нь ажил дээр нь очиж гэрээ байгуулаад, данс руу нь мөнгөө шилжүүлсэн. Гурван хоногийн дотор арматур нийлүүлнэ гэсэн боловч тухайн жилдээ өгөөгүй, утсаар ярихаар баяр наадам болчихлоо, хүүхдийн баяр болчихлоо, 7 хоногийн дараа гэх мэтээр хойшлуулсаар байгаад 2017 онд арматур төмөр нийлүүлэлгүй өнгөрсөн. Тэр жил би суурийн нүхээ ухсан, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, маш их хэмжээний захиалга авах гээд барилгын гэрээ хэлцлүүд хийгдчихсэн байж байгаад биелээгүй. Түүнээс улбаатай маргаантай асуудлууд одоог хүртэл ар араасаа явж байгаа. Ингээд гэрээний хугацаа дуусахад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Тухайн үед холбоотой байж байгаад “Миний мөнгийг яг яачихав” гэж асуутал “Ах нь банкинд өртэй байж байгаад өрөө төлчихлөө, уучлаарай, гэхдээ ямар нэгэн байдлаар удахгүй нийлүүлнэ” гэдэг асуудлыг яриад тайвшруулаад яваад байсан. 2019 оны 5 дугаар сард 12 метрийн арматур нийлүүлсэн. Тэдгээрийг нь одоог хүртэл хэрэглээгүй. Би шинжилгээнд өгье гэж бодоод байлгаж байгаа. Гэхдээ ямар ч байсан шат, довжоо ч юм уу даац авахааргүй газруудаар хийнэ гэсэн бодолтой байна. Ерөнхийдөө миний хүсэлт бол энэ хүнээс алданги нэхээгүй. Үнэхээр боломжгүй үе нь таарчихсан юм уу, бүү мэд, энэ хүнийг бас ойлгоод л явж байгаа. Хамгийн гол нь үлдсэн арматураа нийлүүлчихвэл гомдол, санал гаргахгүй гэж бодож байна, 3 хүүхэд, гэр бүлийг нь бодож байна. Тодорхой хэмжээнд энд тэнд арматур нийлүүлээд явдгийг нь миний бие мэддэгийн хувьд энэ хүний ялыг нь бас хөнгөрүүлж өгөөсэй гэж хүсч байна. Ямар ч байсан арматурын 70 хувийг нь би авчихлаа гэж үзэж байгаа юм. Үлдэгдэл арматур дээр хугацаа заагаад яг хэдэнд төлнө, төмрөөр нь яг тэдэнд нийлүүлнэ гэх мэт тодорхой амлаад явбал надад гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг,

Хохирогч А ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соргозон эмнэлгийн урд байрлах өөрийн эзэмшлийн 705мкв газар дээр 9 давхар 54 айлын орон сууц барихаар бүх зөвшөөрлөө аваад 2017 оны 05 дугаар сараас барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд, 2017 оны 02 дугаар сараас эхлэн М- гэх хүнээс 244 тонн арматур төмөр авахаар хэлэлцэн тохиролцсон байсан ба 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр арматур төмөр худалдах худалдан авах гэрээг М-тай байгуулан, арматур төмрийн урьдчилгаанд 14.500.000 төгрөг өгөхөөр болоод мөнгөө дансаар шилжүүлэх гэхэд М- “Би цалингийн зээлтэй байдаг учраас чи манай эхнэр Мын данс руу шилжүүл” гэхээр нь би “Тэгвэл эхнэртэй чинь давхар гэрээ хийе” гээд М-ын эхнэр М-тай 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Арматур төмөр худалдах худалдан авах гэрээ байгуулан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр М-ын ХААН банкны дансруу өөрийн ....... дугаарын тоот данснаас шилжүүлсэн юм. М- нь мөнгө шижүүлснээс хойш 3 хоногийн дараагаар арматур төмрөө нийлүүлж эхлэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч арматур төмөр нийлүүлээгүй бөгөөд утсаар ярьж шаардахаар их долоо хоног гэж 3-5 хоног хойшлуулсаар 5-6 сар болж байна. ...М- нь өөрийгөө “Би “Лел металл” гэх Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг арматур төмрийн үйлдвэрийн борлуулагч, мөн “Дөл түшиг” ХХК-ийн арматур төмөр борлуулагч” гэж надад танилцуулсан болохоор би итгээд л гэрээ байгуулсан. Урьдчилгаа мөнгө гэж 14.500.000 төгрөгийг өгсөн юм. Мөн эхнэр М нь уулзахад “Ямар нэг санаа зовох зүйл байхгүй, би өөрөө БНХАУ-аас арматур төмөр нийлүүлж байсан туршлагатай, хэрэв М- арматур төмөр нийлүүлж чадахгүй бол би өөрөө нийлүүлж чадна” гэж надтай гэрээ хийсэн болохоор би итгээд л мөнгөө өгсөн. ... Тухайн үед хэд хэдэн газраас арматур нийлүүлнэ гэж хэлж байсан боловч одоог хүртэл арматур төмөр нийлүүлээгүй. Өөрийгөө “Лел металл” компанийн албан ёсны борлуулагч гэж, Зүүн хараагаас хэд хэдэн газраас нийлүүлэх боломжтой гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17-18, 169 дүгээр тал/

 

Гэрч М.Ч мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Дөл Түшиг компанийн орчуулагчаар 2005 оноос одоог хүртэл ажиллаж байна. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн арматур худалдах худалдан авах гэрээг манай компанийн үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн Шүэ Хуа Дун буюу Xue Hoa Dong төлөөлж, нөгөө талаас М- гэх хүнтэй, орчуулагч миний бие оролцож хийсэн юм аа. Би тэр М- гэх хүнийг танихгүй, уг гэрээгээр М- нь арматураа бэлэн мөнгөөр авна гэж хийсэн боловч төлбөрөө бэлнээр өгөөгүй, улмаар зээлээр өгчих гэхэд нь манай компаниас зөвшөөрөөгүй, арматур аваагүй юм. Тухайн үед энэ гэрээ хүчинтэй байсан. Одоо энэ гэрээний хугацаа дууссан байна. Манай үйлдвэрийн тоног төхөөрөмж эвдэрч байсан талаар одоо мэдэхгүй байна. Манайд жижиг эвдрэл байнга гардаг ч тэр дор нь засварладаг.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 165 дугаар тал/

 

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Н.М  гэж хүнийг танина, 3 жилийн өмнө байх манай ажил дээр ирээд арматурыг чинь борлуулж өгье, дундаас нь ашиг олж хэдэн төгрөг нэмээд зарах гэсэн юмаа гэж хэлж байсан. Ингээд тэр үед миний утасны дугаарыг аваад явсан. Тэр хүн тэгж ярьснаас хойш манайхаас арматур худалдаж аваагүй, авна гээд л яваад байсан, манай үйлдвэр 2017 оны 06 сард үйл ажиллагаа зогссон зүйл байхгүй. Манай үйл ажиллагаа улирлын чанартай явагддаг бөгөөд 06 сард ажил ид явагддаг үе байгаа юм. 2017 оны 05 дугаар сарын сүүлээр Н.М тай арматур худалдаж авахаар ярилцаж тохирлцон гэрээ байгуулсан зүйл байхгүй. Манай арматурыг 2016 оноос хойш зарж өгнө гээд яваад байдаг байсан. Манай компанид Батбуян гэх нэртэй хүн огт байхгүй. Өмнө нь ч байгаагүй. ...Т.Авирмэд гэх хүн манайд захирал хийж байгаагүй. 2016 онд байх гүйцэтгэх захирал хийнэ гэж байгаад гэр бүлийн асуудлаас болоод ажиллаагүй. 2, 3 хоног оффис дээр түр ирдэг байсан. М- 2016 онд манай ажил дээр ирж уулзаад танай арматурыг зарж өгнө гэж байх үедээ зарах гэхээр надад итгэхгүй байна, надад албан ёсны тодорхойлолт хийж өгөөч гэхээр нь борлуулах эрхтэй гэсэн тодорхойлолт хийж өгч байсан нь хэрэгт хавсрагдсан юм шиг байна. Авирмэд яг гүйцэтгэх захирлаар ажилд орох гэж байсан цаг хугацаанд энэ тодорхойлолтийг хийж өгсөн болохоор Авирмэд гарын үсэг зурж баталгаажуулсан юм шиг байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 171 дүгээр тал/

 

Гэрч М.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2011 оны 03 дугаар сараас эхлэн “Алсын Өргөө” ХХКомпанид ажиллаж байна. Сүүлийн 4 жил буюу 2015 оноос хойш “Алсын Өргөө” компанийн дотоод хяналтын ажилтнаар ажиллаж байгаа, Н.М  гэх хүнийг ерөөсөө танихгүй юм байна, урьд өмнө харж байгаагүй хүн байна, утасны  дугаарыг нь ч мэдэхгүй юм байна, манай байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгжид гэрээ байгуулж зээлээр арматур төмөр өгч байгаагүй. Байнга худалдан авдаг Жаргалсайхан гэх хувь хүн байдаг, тэр хүндээ шууд нийлүүлдэг. Н.М  гэх хүний нэрээр хийгдсэн гэрээ байхгүй. Ийм нэртэй хүн худалдан авалт хийгээгүй. Манай үйлдвэрээс 6-12 метрийн урттай 10, 12, 13, 16см диаметрийн урттай барилгын арматур төмөр үйлдвэрлэгдэж, 2018 онд 1 тонн нь 1.350.000 төгрөгөөс 1.450.000 төгрөгийн хооронд үнэлэгдэж гарч байсан. Одоо манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.” гэх мэдүүлэг,  

/хх-ийн 177 дугаар тал/

 

Шүүгдэгч Н.М ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би тухайн мөнгийг аваад арматур нийлүүлэх гэсэн боловч нийлүүлэх гэж байгаа газрууд нь техникийн сааталтай, мөнгөн дүн илүү нэхсэн учраас би А ад нийлүүлж чадаагүй. Тэр үед мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгачихсан байгаа. Миний хувьд одоо хохирлыг бүрэн барагдуулна. Би 2019 оны 05 дугаар сард А тай ярьж тохиролцоод 5.775.000 төгрөгийн арматур өгсөн байгаа. Би одоо Лүли гэх хятадтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд Лүли нь хятадаас хуулиатай арматур аваад тэрийг нь би тэгшилж дундаас нь ашиг гаргаж зарж байгаа юмаа. Энэ ашгаараа А ын хохирлыг барагдуулж дуусгана. Би өмнөх мэдүүлэгтээ Б гэж андуурч хэлсэн байна.  Ба гэдэг. Сүүлд зардаг хятадуудаас нь утсыг нь очиж авахад Ба мөн байна лээ. Энэ хүнтэй би нүүр тулж уулзаж байгаагүй бөгөөд утсаар холбогдоод авья гэж ярьж байсан бөгөөд авч чадаагүй. Ямар нэг гэрээ байгуулсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 182 дугаар тал/

 

А аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 7-8 дугаар тал/, Арматур худалдах худалдан авах гэрээ /хх-ийн 9-10 дугаар тал/, хохирогч А аас гарган өгсөн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр тал, “ХААН” банкны дансны хуулгууд /хх-ийн 67-80 дугаар тал/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29 дүгээр тал/, урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 185 дугаар тал/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30 дугаар тал/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

                                                                                                                       

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч Н.М  нь 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэн А тай “Арматур худалдах, худалдан авах” гэрээ байгуулан зээлээр арматур нийлүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 14.500.000 төгрөгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:     

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М ын өгсөн “Иргэн А тай 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Арматур худалдах, худалдан авах гэрээ” байгуулаад 14.500.000 төгрөгийн урьдчилгааг эхнэр Б.М-н дансаар шилжүүлэн авсан. Гэрээ хийснээс хойш арматур төмрийг нийлүүлэлгүй өдийг хүрсэн бөгөөд хохирлыг хэсэгчлэн буюу бага багаар барагдуулж эхэлсэн. 14.500.000 төгрөгийн хохирлоос 9.000.000 төгрөгийн үнэ бүхий арматурыг төмрөөр нь нийлүүлснээр одоо 5.500.000 төгрөгийн хохирол үлдсэн. Одоогоор 2 тонн төмөр байгаа, 3 тонн болгочихвол үлдэгдэл төлбөрийн нийт үнийн дүнд хүрчих юм. Төмрийг шаардлага хангах, хангахгүй тал дээр хохирогчид өөрт нь үзүүлээд болж байна гэх юм бол нийлүүлье гэсэн яриатай байгаа.” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А ын өгсөн “2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэн Н.М тай “Арматур худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Нийт 240 тонн арматур нийлүүлнэ, эхний ээлжинд суурийн арматур буюу 33-34 тонн арматурын 30 хувийг нийлүүлнэ гэж гэрээ байгуулаад 14.500.000 төгрөгийг эхнэр Б.Мынх нь данс руу шилжүүлсэн байдаг. Эхний ээлжинд өөртэй нь гэрээ байгуулсан боловч яг мөнгө шилжүүлэх болсон чинь “Миний данс хаалттай байгаа, эхнэрийн данс руу хийчих” гэхээр нь би эхнэртэй нь уулзана гэсэн. Тэгээд эхнэртэй нь уулзтал “Ямар ч асуудалгүй” гэхээр нь эхнэртэй нь ажил дээр нь очиж гэрээ байгуулаад, данс руу нь мөнгөө шилжүүлсэн. Гурван хоногийн дотор арматур нийлүүлнэ гэсэн боловч тухайн жилдээ өгөөгүй, утсаар ярихаар баяр наадам болчихлоо, хүүхдийн баяр болчихлоо, 7 хоногийн дараа гэх мэтээр хойшлуулсаар байгаад 2017 онд арматур төмөр нийлүүлэлгүй өнгөрсөн. Тэр жил би суурийн нүхээ ухсан, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, маш их хэмжээний захиалга авах гээд барилгын гэрээ хэлцлүүд хийгдчихсэн байж байгаад биелээгүй. Түүнээс улбаатай маргаантай асуудлууд одоог хүртэл ар араасаа явж байгаа. Ингээд гэрээний хугацаа дуусахад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Тухайн үед холбоотой байж байгаад “Миний мөнгийг яг яачихав” гэж асуутал “Ах нь банкинд өртэй байж байгаад өрөө төлчихлөө, уучлаарай, гэхдээ ямар нэгэн байдлаар удахгүй нийлүүлнэ” гэдэг асуудлыг яриад тайвшруулаад яваад байсан. 2019 оны 5 дугаар сард 12 метрийн арматур нийлүүлсэн. Тэдгээрийг нь одоог хүртэл хэрэглээгүй. Би шинжилгээнд өгье гэж бодоод байлгаж байгаа. Гэхдээ ямар ч байсан шат, довжоо ч юм уу даац авахааргүй газруудаар хийнэ гэсэн бодолтой байна. Ерөнхийдөө миний хүсэлт бол энэ хүнээс алданги нэхээгүй. Үнэхээр боломжгүй үе нь таарчихсан юм уу, бүү мэд, энэ хүнийг бас ойлгоод л явж байгаа. Хамгийн гол нь үлдсэн арматураа нийлүүлчихвэл гомдол, санал гаргахгүй гэж бодож байна, 3 хүүхэд, гэр бүлийг нь бодож байна. Тодорхой хэмжээнд энд тэнд арматур нийлүүлээд явдгийг нь миний бие мэддэгийн хувьд энэ хүний ялыг нь бас хөнгөрүүлж өгөөсэй гэж хүсч байна. Ямар ч байсан арматурын 70 хувийг нь би авчихлаа гэж үзэж байгаа юм. Үлдэгдэл арматур дээр хугацаа заагаад яг хэдэнд төлнө, төмрөөр нь яг тэдэнд нийлүүлнэ гэх мэт тодорхой амлаад явбал надад гомдол, санал байхгүй.” гэх,

Шүүгдэгч Н.М ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би тухайн мөнгийг аваад арматур нийлүүлэх гэсэн боловч нийлүүлэх гэж байгаа газрууд нь техникийн сааталтай, мөнгөн дүн илүү нэхсэн учраас би А ад нийлүүлж чадаагүй. Тэр үед мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгачихсан байгаа. Миний хувьд одоо хохирлыг бүрэн барагдуулна. Би 2019 оны 05 дугаар сард А тай ярьж тохиролцоод 5.775.000 төгрөгийн арматур өгсөн байгаа. Би одоо Лүли гэх хятадтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд Лүли нь хятадаас хуулиатай арматур аваад тэрийг нь би тэгшилж дундаас нь ашиг гаргаж зарж байгаа юмаа. Энэ ашгаараа А ын хохирлыг барагдуулж дуусгана. Би өмнөх мэдүүлэгтээ Батбаатар гэж андуурч хэлсэн байна.  Баярбаатар гэдэг. Сүүлд зардаг хятадуудаас нь утсыг нь очиж авахад Баярбаатар мөн байна лээ. Энэ хүнтэй би нүүр тулж уулзаж байгаагүй бөгөөд утсаар холбогдоод авья гэж ярьж байсан бөгөөд авч чадаагүй. Ямар нэг гэрээ байгуулсан зүйл байхгүй.” гэх /хх-182/,

Хохирогч А ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соргозон эмнэлгийн урд байрлах өөрийн эзэмшлийн 705мкв газар дээр 9 давхар 54 айлын орон сууц барихаар бүх зөвшөөрлөө аваад 2017 оны 05 дугаар сараас барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд, 2017 оны 02 дугаар сараас эхлэн М- гэх хүнээс 244 тонн арматур төмөр авахаар хэлэлцэн тохиролцсон байсан ба 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр арматур төмөр худалдах худалдан авах гэрээг М-тай байгуулан, арматур төмрийн урьдчилгаанд 14.500.000 төгрөг өгөхөөр болоод мөнгөө дансаар шилжүүлэх гэхэд М- “Би цалингийн зээлтэй байдаг учраас чи манай эхнэр Мын данс руу шилжүүл” гэхээр нь би “Тэгвэл эхнэртэй чинь давхар гэрээ хийе” гээд М-ын эхнэр Мтай 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Арматур төмөр худалдах худалдан авах гэрээ байгуулан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Мын ХААН банкны дансруу өөрийн 5007810514 дугаарын тоот данснаас шилжүүлсэн юм. М- нь мөнгө шижүүлснээс хойш 3 хоногийн дараагаар арматур төмрөө нийлүүлж эхлэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч арматур төмөр нийлүүлээгүй бөгөөд утсаар ярьж шаардахаар их долоо хоног гэж 3-5 хоног хойшлуулсаар 5-6 сар болж байна. ...М- нь өөрийгөө “Би “Лел металл” гэх Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг арматур төмрийн үйлдвэрийн борлуулагч, мөн “Дөл түшиг” ХХК-ийн арматур төмөр борлуулагч” гэж надад танилцуулсан болохоор би итгээд л гэрээ байгуулсан. Урьдчилгаа мөнгө гэж 14.500.000 төгрөгийг өгсөн юм. Мөн эхнэр М нь уулзахад “Ямар нэг санаа зовох зүйл байхгүй, би өөрөө БНХАУ-аас арматур төмөр нийлүүлж байсан туршлагатай, хэрэв М- арматур төмөр нийлүүлж чадахгүй бол би өөрөө нийлүүлж чадна” гэж надтай гэрээ хийсэн болохоор би итгээд л мөнгөө өгсөн. ... Тухайн үед хэд хэдэн газраас арматур нийлүүлнэ гэж хэлж байсан боловч одоог хүртэл арматур төмөр нийлүүлээгүй. Өөрийгөө “Лел металл” компанийн албан ёсны борлуулагч гэж, Зүүн хараагаас хэд хэдэн газраас нийлүүлэх боломжтой гэж хэлж байсан.” гэх /хх-17-18, 169/,

Гэрч М.Ч мөрдөн байцаалтад өгсөн “...Би Дөл Түшиг компанийн орчуулагчаар 2005 оноос одоог хүртэл ажиллаж байна. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн арматур худалдах худалдан авах гэрээг манай компанийн үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн Шүэ Хуа Дун буюу Xue Hoa Dong төлөөлж, нөгөө талаас М- гэх хүнтэй, орчуулагч миний бие оролцож хийсэн юм аа. Би тэр М- гэх хүнийг танихгүй, уг гэрээгээр М- нь арматураа бэлэн мөнгөөр авна гэж хийсэн боловч төлбөрөө бэлнээр өгөөгүй, улмаар зээлээр өгчих гэхэд нь манай компаниас зөвшөөрөөгүй, арматур аваагүй юм. Тухайн үед энэ гэрээ хүчинтэй байсан. Одоо энэ гэрээний хугацаа дууссан байна. Манай үйлдвэрийн тоног төхөөрөмж эвдэрч байсан талаар одоо мэдэхгүй байна. Манайд жижиг эвдрэл байнга гардаг ч тэр дор нь засварладаг.” гэх /хх-165/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Н.М  гэж хүнийг танина, 3 жилийн өмнө байх манай ажил дээр ирээд арматурыг чинь борлуулж өгье, дундаас нь ашиг олж хэдэн төгрөг нэмээд зарах гэсэн юмаа гэж хэлж байсан. Ингээд тэр үед миний утасны дугаарыг аваад явсан. Тэр хүн тэгж ярьснаас хойш манайхаас арматур худалдаж аваагүй, авна гээд л яваад байсан, манай үйлдвэр 2017 оны 06 сард үйл ажиллагаа зогссон зүйл байхгүй. Манай үйл ажиллагаа улирлын чанартай явагддаг бөгөөд 06 сард ажил ид явагддаг үе байгаа юм. 2017 оны 05 дугаар сарын сүүлээр Н.М тай арматур худалдаж авахаар ярилцаж тохирлцон гэрээ байгуулсан зүйл байхгүй. Манай арматурыг 2016 оноос хойш зарж өгнө гээд яваад байдаг байсан. Манай компанид Батбуян гэх нэртэй хүн огт байхгүй. Өмнө нь ч байгаагүй. ...Т.Авирмэд гэх хүн манайд захирал хийж байгаагүй. 2016 онд байх гүйцэтгэх захирал хийнэ гэж байгаад гэр бүлийн асуудлаас болоод ажиллаагүй. 2, 3 хоног оффис дээр түр ирдэг байсан. М- 2016 онд манай ажил дээр ирж уулзаад танай арматурыг зарж өгнө гэж байх үедээ зарах гэхээр надад итгэхгүй байна, надад албан ёсны тодорхойлолт хийж өгөөч гэхээр нь борлуулах эрхтэй гэсэн тодорхойлолт хийж өгч байсан нь хэрэгт хавсрагдсан юм шиг байна. Авирмэд яг гүйцэтгэх захирлаар ажилд орох гэж байсан цаг хугацаанд энэ тодорхойлолтийг хийж өгсөн болохоор Авирмэд гарын үсэг зурж баталгаажуулсан юм шиг байна.” гэх /хх-171/,

Гэрч М.Б мөрдөн байцаалтад өгсөн “...2011 оны 03 дугаар сараас эхлэн “Алсын Өргөө” ХХКомпанид ажиллаж байна. Сүүлийн 4 жил буюу 2015 оноос хойш “Алсын Өргөө” компанийн дотоод хяналтын ажилтнаар ажиллаж байгаа, Н.М  гэх хүнийг ерөөсөө танихгүй юм байна, урьд өмнө харж байгаагүй хүн байна, утасны  дугаарыг нь ч мэдэхгүй юм байна, манай байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгжид гэрээ байгуулж зээлээр арматур төмөр өгч байгаагүй. Байнга худалдан авдаг Жаргалсайхан гэх хувь хүн байдаг, тэр хүндээ шууд нийлүүлдэг. Н.М  гэх хүний нэрээр хийгдсэн гэрээ байхгүй. Ийм нэртэй хүн худалдан авалт хийгээгүй. Манай үйлдвэрээс 6-12 метрийн урттай 10, 12, 13, 16см диаметрийн урттай барилгын арматур төмөр үйлдвэрлэгдэж, 2018 онд 1 тонн нь 1.350.000 төгрөгөөс 1.450.000 төгрөгийн хооронд үнэлэгдэж гарч байсан. Одоо манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа...” гэх /хх-177/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан А аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-7-8/, Арматур худалдах худалдан авах гэрээ /хх-9-10/, хохирогч А аас гарган өгсөн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14, “ХААН” банкны дансны хуулгууд /хх-67-80/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-185/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-30/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Н.М  нь 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэрэг үйлджээ.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу шүүгдэгч Н.М т холбогдох хэргийн зүйлчлэлийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.М ыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасны дагуу шүүгдэгч Н.М  нь хохирогч А ад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Хохирогч А  мөрдөн байцаалтад шүүгдэгчээс 14.500.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт /хх14, 67, 89/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М , хохирогч А  нарын өгсөн мэдүүлэг зэргээр хохирогч А ад 14.500.000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.М  нь хохирогчтой тохиролцон 2019 оны 4 дүгээр сард /хх190, 193/ 4.650.000 төгрөгт тооцон арматур хүлээлгэн өгсөн, шүүх хуралдаанд 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 4.650.000 төгрөгт тооцон арматур шилжүүлэн өгсөн тухай баримтыг гаргасан өгсөн, хохирогч А  шүүхийн хэлэлцүүлэгт хохирлоос 9.300.000 /4.650.000+4.650.000/ төгрөгийг хасч, үлдэх 5.200.000 төгрөгийг авахаар нэхэмжилсэн байна.

 

Иймд гэм хорын хохирол 14.500.000 төгрөгөөс шүүгдэгч Н.М ын төлсөн 9.300.000 төгрөгийг хасч, үлдэх 5.200.000 төгрөгийг гаргуулан хохирогч А ад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Н.М т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Н.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М  урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.М т 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Н.М  нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлйн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.М аас гэм хорын хохиролд 5.200.000 төгрөгийг гаргуулан хохирогч А ад олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.М т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ОДОНТУУЛ