Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2019/ДШМ/12

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 15 өдөр                        

     2019/ДШМ/12                                                                Зуунмод

Б.М-д  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхбат,

Шүүгдэгч Б.М ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр, Ц.Раашзэвэг, Д.Батбаяр,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Манлайжав,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Туяа,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 349 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.М-д  холбогдох 201719000153 дугаартай 5 хавтас, 1060 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Д.Батбаяр, Н.Баяр нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эгчтэйгээ хамт Улаанбаатар хот, .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б.М /РД:КЮ..36/.

  Шүүгдэгч Б.М  нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн асфальтан зам дээр Соната-7 маркийн 14-35 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Алтайн жолоодож явсан Приус маркийн 53-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж А.Эрхэмзаяа, С.Одмаа, Т.Жавхлантуяа, Б.Энхмөнх нарын амь насыг хохироож, Х.Хулан, Б.Отгончимэг, Б.Алтай нарын эрүүл мэндэд хүнд, Ц.Нарангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.М-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 349  дугаар шийтгэх тогтоолоор: 

Шүүгдэгч Б.М-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар Б.Б.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоол хүчин төгөлдөр болмогц №01316758 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.М-д  буцаан олгож, №942700 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.М эс 6923000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даариймаад, 10831911 төгрөг гаргуулан амь хохирогчийн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түмэнжаргалд, 1554000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Урангоод, 3353900 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Хуланд, 2398412 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Отгончимэгт, 10666747 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Алтайд, 11203082 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэн хохирогч Ц.Нарангэрэл нарт тус тус олгож, Г.Бямбасүрэн нь 9838918 төгрөгийн, Б.Алтай нь 10093653 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хохирогч Б.Отгончимэг, Х.Хулан, Б.Алтай нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарантуяа нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Б.М-д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь үнэхээр Алтайн буруугүйгээр зөвхөн миний үйлчлүүлэгч Б.М-н буруугаас болж 4 хүний амь хохирсон бол уг ял нь хүнд биш тухайн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хувийн байдалд нь тохирсон тул давж заалдах ямар ч шаардлагагүй билээ. Гэтэл анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15.2 шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн хуулийн заалтыг хэрэглэсэн боловч уг хэрэг үйлдсэн шалтаг шалтгаан, хэн үйлдсэн зэргийг тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь заалтыг бүрэн гүйцэт хангаагүй, мөн хуулийн 16.15.3-т “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөнөөс хууль ёсны ба үндэслэлтэй болж чадсангүй гэж үзэж байна. Иймд дор дурьдсан үндэслэлээр давж заалдаж байна. Үүнд:

 1. Б.Б.М-н өмгөөлөгч Батбаяр, Н.Баяр бид хэргийн газрын "А" цэг буруу тогтсон, уг хэрэг 3,5-% согтолттой Алтай гэгч нь замын хөдөлгөөнд оролцох аюулгүй байдлаа хангаж явах чадвартай эсэхийг сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч нараар тогтоолгохоор удаа дараа хүсэлт тавьсан боловч бидний хүсэлтийг хүлээж авалгүй олон cap хоногийг өнгөрөөсөн юм. Зөвхөн Б.М-г буруутай гэж мөрдөн байцаалтын ажиллагаа эхнээсээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2.1-т “Шүүх, прокурор, өмгөөлөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн нь хэргээс тодорхой ойлгогдоно. Алтайг гэм буруугүй гэсэн ойлголтондоо хөтлөгдөж шүүх сэтгэцийн шинжээч нарын гаргасан 607 тоот дүгнэлтэд 3.5 хувийн этилийн спирт илэрсэн тохиолдолд согтолтын хүнд зэрэгт хамаарна. Согтолтын хүнд зэргийг тодорхойлдог шинж бол ухамсарт ухаан нойрмоглон балартах хэмээх байдал юм. Ухаан нойрмоглон балартах үед орон, цаг, хүрээлэн байгаа юмс үзэгдэл болон өөрийгөө баримжаалах, ухаарах чадвар алдагдаж, хаа байгааг ухамсарлах саруул ухаан балартдаг. Иймээс 6-8 цаг тасралтгүй тээврийн хэрэгсэл жолоодох чадваргүй, согтолтын хүнд зэргийн үед гадаад дотоод орчноос өгч байгаа янз бүрийн цочролыг мэдрэх, тэдгээрт цочрох мэдрэл сэтгэцийн үйл ажиллагаа сулардаг, гэрэлд өгөх хүүхэн харааны рефлекс, халуун хүйтэн өвдөлтийг мэдрэх, арьсны, 4 мөчний булчин шөрмөсний, нүдний эвэрлэгийн зэрэг бүх рефлекст үйл ажиллагааг шалгахад сул урвалаар хариу үйлдэл өгдөг. Иймээс өөрийгөө авч явах чадваргүй байна. Хүнд зэргийн согтолтын үед ухаан нойрмоглон балартах хугацаанд болсон үйл явдлыг ухамсарт ухаан саруул болсон хойно эргэн санаж чаддаггүй. Ухаан нойрмоглон балартах үед орон цаг хүрээлэн байгаа орчинд ямар үйл явдал болж байгааг ухамсарлах саруул ухаан балартдаг. Иймээс замын хөдөлгөөний дүрмэнд заасан хурдаа тохируулах, эгнээ байраа зөв эзлэх, тэмдэг тэмдэглэгээг анхаарах чадваргүй байна. Хүнд зэргийн согтолттой үед ухаан нойрмоглон балартана. Ухаан нойрмоглон балартахын хөнгөн зэргийн үед зүүрмэглэсэн буюу нойрмоглосон, дунд зэргийн үед, унтаа, хүнд зэргийн үед ухаангүй мэт байдал ажиглагдана. Аюулаас сэрэмжлэх, осол аюул болзошгүй тохиолдолд самбаачлах чадвар алдагдана. Иймээс машин жолоодох замын хөдөлгөөнд оролцох чадваргүй байна. Архи болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хөнгөн, дунд зэргийн согтолтын үед хөөрлөөс саатал нь давамгайлан дарангуйлагддаг учир энэ үйлийн өөр хоорондын тэнцвэрт байдал алдагддаг гэсэн дээрх дүгнэлтээс үзэхэд Алтай нь машин жолоодож замын хөдөлгөөнд орж дүрмийн шаардлагыг биелүүлж аюулгүй байдлаа хангаж явах нь бүү хэл өөрийгөө авч явах чадваргүй, сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр замын хөдөлгөөний дүрмэнд заасан хурдаа тохируулах, эгнээ байраа зөв эзлэх, тэмдэг, тэмдэглэгээг анхаарах чадваргүй байх ба аюулаас сэрэмжлэх, осол аюул болзошгүй тохиолдолд самбаачлах чадвар алдагдана. Иймээс машин жолоодох замын хөдөлгөөнд оролцох чадваргүй байна гэсэн эмчийн дүгнэлтээр нотлогдож, Алтай Б.М-н машиныг мөргөж уг аймшигт осол гаргасан нь батлагдаж байна. Мөн дүгнэлтэд хүнд зэргийн согтолтын үед тухайн үед болсон үйл явдлыг ухаан саруул болсон хойноо эргэн санаж чаддаггүйг маш тодорхой илэрхийлснээс үзэхэд уг үйл явдлын талаар эрүүл болсон хойноо Алтайгийн өгсөн мэдүүлэг нь зөв биш тодруулбал тухайн үед болсон үйл явдлыг эргэн санаж чадахгүй тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна. Тэгвэл 53-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Алтай нь 3.5 хувийн согтолттой болох нь хавтаст хэрэгт хангалттай тогтоогдсон байхад хууль эрх зүйн дагуу үнэлж уг авто замын хэрэг гарахад нөлөөлсөн нь тов тодорхой байхад Алтай нь авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцох ямар ч боломжгүй, аюулгүй байдлаа хангаж тээвэрлэж яваа хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах ямар нэг осол аюулаас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн шаардлагыг тухай бүр хангаж явах үүргээ биелүүлээгүй нь шүүх хуралдаан дээр "өмнөөсөө ирж байгаа машиныг 5 метрээс харж " зогсоох ямар ч арга хэмжээ аваагүй гэж байгаа нь түүний хүнд хэлбэрийн согтолттой байсан нь нотлогдож байна. Б.М машин голлоод ирэхээр нь манай эхнэр Одмаа баруун гар тал руу цохьсон гэсэн мэдүүлэг нь шүүхийн дүгнэж байгаа шиг Б.Б.М-н машин мөргөсөн биш,  Алтайгийн машин мөргөсөн нь нотлогдож байна. Өөрийнх нь яваа замаар халз өөдөөс нь машин маш хурдтай орж ирэхэд нь туйлын ихээр сандарч зүүн тийш нь дарснаа буцаагаад баруун тийш нь дартал Алтайгийн машин мөргөсөн нь тодорхой байдаг юм. Хүнд хэлбэрийн согтолттой хүн замын хөдөлгөөнд оролцлоо гэхэд ямар байдалтай байдгийг нь шүүх сэтгэцийн эмч нарын 607 тоот дүгнэлтээр хангалттай ойлгогдож байхад Алтайг гэм буруугүй гэж прокурор, шүүх үзээд байгаа нь үнэхээр хачирхалтай байна. Б.М  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаануудад "миний өмнөөс тод гэрэлтэй машин ирж явахыг нь хараад хурдаа хасаж гэрлээ шилжүүлж, дохисон боловч маш хурдтай, яах ийхийн завдалгүй миний яваа замаар ороод ирэхэд нь мөргөлдөхгүйн тулд самбаачилж баруун тийш нь дарсан гэж мэдүүлж байвч, хэрэг дээрээ тухайн үед мөргөлдөхгүйн тулд самбаачилж зүүн тийшээ дарсан боловч зайлж чадалгүй мөргөлдсөн байж болохоор байгаа билээ. Тэгэхээс биш автын шинжээч болон механик инженерийн сургуулийн шинжээч нарын гаргаж байгаа дүгнэлт шиг Б.М  эсрэг урсгалд явж байгаад зөв урсгалаараа явж байгаа Алтайн машинтай мөргөлдсөн гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Хэрэв ийм байдлаар хоёр машин мөргөлдсөн бол тус тусынх нь машины мөр зургаар харагдах бөгөөд эрүүл саруул яваа хүн эсрэг урсгалаар явахгүй нь тодорхой, харин машин гүйцэж түрүүлэх үед эсрэг урсгалд ордогийг хэн бүхэн мэднэ. Тэгвэл Б.М  ийм үйлдэл хийгээгүй бөгөөд ямар нэг машиныг гүйцэж түрүүлээгүй нь хэргээс харагдана. Эдгээр явдлаас дүгнэлт хийхэд "А" цэг болон автын болон механик инжинерийн сургуулийн шинжээч нарын дүгнэлтээр Б.М  ганцаараа буруутай, Алтай буруугүй болох нь няцаагдана.

2.Алтай нь 3,5 %-н согтолттой байсан нь шинжээчийн болон Алтайгаас цус авсан эмч, сувилагч нарын дүгнэлт, мэдүүлгээр зогсохгүй түүний шүүх хурал дээр өгсөн "өмнөөс нь ирж яваа машинаа 5 метрээс хараад зогсоох арга хэмжээ авч чадаагүй" гэсэн мэдүүлгээр хангалттай тогтоогдоно. Алтай тийнхүү согтолттой байгаагүй бол эсрэг урсгалд орохгүй бөгөөд хэрэв өөрийнх нь яваа замаар машин орж ирлээ гэхэд 5 метрээс биш алсаас харж самбаачилан Б.Б.М-н машинтай мөргөлдөхгүй нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Ер нь амьдралын практикаас үзэхэд автын шинжээч нарын дүгнэлт болон Алтайгийн хэлж мэдүүлсэн шиг өөрийнх нь урсгалаар өөдөөс нь машин ирж явлаа гэхэд 5 метрээс биш алсаас харж түүнтэй мөргөлдөхгүй байх бүх арга хэмжээг авах ба самбаачлах боломж байх нь хавтаст хэргээс ойлгогдоно. Тэгвэл өмнөөсөө ирж яваа машин аль урсгалаар ямар хурдтай ирж явааг 5 метрээс харсан хүн, аюулгүй байдлаа хангах ямар ч боломжгүй нь тодорхой юм. Хоёр машин мөргөлдсөнөөс Б.Б.М-н машин илүү их гэмтсэн төдийгүй уг машин буцаж эргэж эсрэг урсгалд орж зогссон, Алтайгийн машин шатсан нь Алтайгийн машин ямар их хүчтэй мөргөсний нотолгоо болно. Хэрэв прокурор шүүхийн дүгнээд байгаа шиг Б.Б.М-н машин мөргөсөн бол Алтайгийн машин буцаж эргэх ба Алтайгийн бензин хэрэглэдэг машин биш газ хэрэглэдэг Б.М-н машин шатах ёстой шүү дээ.

3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3-р бүлгийн 11-р зүйлийн 3. хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн заалт, шаардлагыг чанд сахин биелүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явах, мөн хуулийн 3-р бүлгийн 12-р зүйлийн 1. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн хуулийн 3-р бүлгийн 12-р зүйлийн 6. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх буюу шалтгаангүйгээр хэт удаан явах, эсхүл огцом зогсох зэргээр хөдөлгөөн саатуулах, мөн хуулийн 3-р бүлгийн 13. 2.2 согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэж өөрийн үйлдлийг хянаж жолоодох чадвараа мэдэгдэхүйц алдсан үедээ хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэсэн хуулиар үүрэг болгосон буюу хориглосон арга хэмжээнүүдийг зөрчсөн төдийгүй Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-н а/ согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн. мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон зэрэг хууль ба дүрмийн шаардлагыг Приус машины жолооч Алтай ноцтой зөрчсөнөөс авто замын осол гарч 4 хүний амь нас хохирсон байхад автын зарим шинжээч нар түүнийг уг осолд гэм буруугүй гэж дүгнэлт гаргасныг шүүгч хүлээн зөвшөөрч, зөвхөн Б.М-д  ял халдааж бүх хохирлыг гаргуулахаар заасан шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус шийдвэр гэж үзэж байна.

4. Алтай Дундговиос нааш осол болсон газрын хоорондох 150-д км-ын замд архи ууж хүчтэй согтсон нь шүүх сэтгэцийн эмч нарын 3.5 хувийн этилийн спирт илэрсэн тохиолдолд согтолтын хүнд хэлбэрт хамаарагдах бөгөөд 6-8 цаг тасралтгүй тээврийн хэрэгсэл жолоодох чадваргүй гэсэн дүгнэлт, мөн цагдаа Ганбаярын согтуу нь мэдэгдээгүй гэсэн мэдүүлэг, Нарангэрэл Дундговийн төвд утсаар ярьсанаас хойшхи үйлдлийг мэдэхгүй байгаа ба анх суухад архи уусан согтуу байдалтай архи үнэртсэн зэрэг байдлууд мэдэгдээгүй гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож, осол гарсан үеийн шинжилгээгээр 3.5 хувь буюу хүнд хэлбэрийн согтолттой байсан нь огцом хугацаанд архи ууж хүчтэй согтсоныг нотолж байна. Ийм согтолттой хүн уг зам тээврийн осол гарахад ямар ч буруугүй тодруулбал урдаас ирж яваа машинаа 5 метрээс харж байгаа зэрэг байдлууд нь осол гарахад нөлөөлөөгүй байж яаж болох билээ. Шүүх сэтгэцийн эмч нарын дүгнэлт мөрдөн байцаалтын эхний шатанд тодруулбал автын шинжээч нарын 3 удаагийн дүгнэлт гарахаас өмнө хүнд хэлбэрийн согтолттой хүн машин жолоодож замын хөдөлгөөнд оролцох, аюулгүй байдлаа хангаж явах чадваргүй зэргийг сэтгэц мэдрэлийн зүгээс хийсэн дүгнэлт байсан бол тэд тийм буруу ташаа дүгнэлт гаргахгүй байсан гэж үзэж байна. Алтай хүнд хэлбэрийн согтолттой байснаас эсрэг урсгалд орж урдаас ирж яваа машинтай маш хурдтай яах ийхийн завдалгүй тулсанаас Б.М  аюулгүй байдлаа хангах гэж самбаачилсан боловч түүнд мөргүүлснээс онц ноцтой осол гарч 4 хүний амь нас хохирч 2 хүн хүнд гэмтэж 1 хүн хөнгөн гэмтсэн байхад прокурор Алтайг яллагдагчаар татсан тогтоолоо хүчингүй болгосныг шүүх зөвшөөрч түүнийг хохирогч болгосон нь хэргийг тал бүрээс нь хянаж бодьтой дүгнэлт хийж шударга зөв шийдвэрлэхийг хуульчилсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль төдийгүй Монгол улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Уг зам тээврийн осол гарахад ноцтой нөлөөлсөн Алтайн үйлдлийг гэм буруугүйд тооцож түүнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэснииг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 11-р сарын 30-ны өдрийн 349 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож уг хэргийг анхан шатны шүүхэд буцааж улмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шүүх сэтгэц гэм судлалын шинжээч нарын 607 тоот дүгнэлтэд дурьдсан 3.5 хувийн согтолттой жолооч замын хөдөлгөөнд оролцох болон аюул осол тохиолдсон үед аюулгүй байдлыг хангах самбаачлах зэрэг бүх боломжгүйг нотолсныг анхаарч "А" цэг болон шинжээч нарын дүгнэлтийг дахин гаргуулж, уг осол гарсан шалтаг шалтгаан, хэн ямар буруутай болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 т заасан шаардлагыг хангаж уг хэргийг тал бүрээс нь бодьтой шударга зөв тогтоолгохыг хүсэж байна.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдолдоо: “Миний бие хуульч өмгөөлөгч Д.Батбаяр нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 349 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

1. Миний үйлчлүүлэгч Б.М-д Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 349 тоот шийтгэх тогтоолоор ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 607 тоот Шүүх сэтгэц эмгэг судлалын эмч нарын дүгнэлт гарсан байдаг. 5315 ӨМҮ улсын дугаартай Приус маркийн автомашины жолооч Б.Алтайд сэтгэцийн дүгнэлт гаргажээ. Тус дүгнэлтэд 3.5 хувийн этилийн спирт илэрсэн тохиолдолд согтолтын хүнд зэрэгт хамаарна. Согтолтын хүнд зэрэг нь ухаан нойрмоглон балартах хэмээх байдал юм. Ухаан нойрмоглон балартах үед орон зай, цаг, хүрээлэн буй юм үзэгдэл болон өөрийгөө баримжаалах ухаарах чадвар алдагдаж хаана байгаа хэдэн цаг болж байгаа, хүрээлэн байгаа орчинд ямар үйл явдал болж байгааг ухамсарлах саруул ухаан балартдаг. Иймд 6-8 цаг тасралтгүй тээврийн хэрэгсэл жолоодох чадваргүй, мөн өөрийгөө авч явах чадваргүй байна гэж дүгнэсэн байна. Иймээс осол аюулаас сэрэмжлэх, осол аюул гарч болзошгүй тохиолдолд самбаачлах чадвар алдагдана. Машин жолоодох, замын хөдөлгөөнд оролцох чадваргүй байна гэж дүгнэсэн байна. Гэтэл техникийн шинжээчид зам тээврийн осол гарахад 3.5 хувийн согтолттой жолооч нөлөөлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

             2. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд 2018 оны 07 сарын 06-ны өдөр дахин техникийн шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч нараас шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 448 тоот шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан гэж үзэхгүй байгаа. Учир нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчиж дүгнэлт гаргах бүрэлдэхүүнд хууль бусаар хоёр шинжээч оролцсон нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

3. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 843 тоот захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан . Захирамжийн заалтууд бүрэн биелэгдээгүй гэж үзэж байна. Шүүх хуралдаанд гэрч Т.Жаргалсайхан мэдүүлэгтээ "Би Б.М-н жолоодож явсан машин дотор унтаж явсан. Ослын талаар унтаж явсан болохоор мэдэх зүйл байхгүй байна. Анх намайг байцаахад миний хэлээгүй, яриагүй зүйлийг бичсэн байна." гэж мэдүүлж шүүх хурал дээр өөрийнхөө гэрчийн мэдүүлгийг хуулбарлан авснаа гарган үзүүлж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд Б.М-г урсгал сөрсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх 349 тоот шийтгэх тогтоолдоо гэрч Т.Жаргалсайханы анхны мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

4. Зам тээврийн осол гарах өдөр анхнаасаа хэргийн бүдүүвч зургийг, хэрэг учрал гарсан гэх "А" цэгийг буруу авсан. Учир нь хэргийн газраас ирүүлэн бэхжүүлж авсан зүйлээс шатах тослох материалын агууламж илрээгүй тул хэрэг учрал гэх "А" цэг буруу гэж үзэж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 349 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018-11-30 -ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолыг зс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Батбаяр, Даваа нарын гаргаж байгаа гомдолтой санал нэг байна.

 

1. Алтайгийн машинд сууж явсан гэрч Нарангэрэл нь Дундговь аймаг ортол Алтайг эрүүл байсан гэдэг. Харин түүнээс цааш осол болох хүртэл унтсан юу болсныг мэдээгүй гэдгээ шүүх хурал дээр тайлбарласан. Энэ хооронд зорчигчид унтаж явсан. Алтай хаанаас архи гаргаж хаана зогсож уусныг хэн нь харж мэдээгүй.

2. Осол болсны дараа уг осол болон газар нь Алтайгаас цусны дээж авсан. Уг дээжийг шинжлэхэд Алтай нь 3,5% -ийн согтолттой гарсан. Шинжээчид гэрчээр мэдүүлэг өгч уг шинжээчийн дүгнэлтүүд үнэн зөв болох нь тогтоогдсон. Гэтэл шүүх тухайн нөхцөл байдлыг бүхэлд нь мэдэхгүй, хэсэг хугацаанд харснаа хэлсэн гэрчийн мэдүүлгийг үндэслэж үндэслэж Алтайг гэм буруугүй гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэл байхгүй. Хууль ноцтой зөрчсөн байна.

З. Шүүх тогтоолдоо гэрч Жаргалсайхны сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үндэслэл болгоод сүүлд нь мөрдөгч Жаргалтай нүүрэлдэн өгсөн мэдүүлгийг хэрхсэн талаар дурьдаагүй. Нэг талыг барьсан гэх үндэслэл болно.

4. Шүүх хуралдаан дээр Алтай нь үнэмлэхгүй байсан гэдэг талаар яригдсан. Алтай тайлбарлахдаа манай ах утасдаад авч өгсөн гэдэг. Жолоочийн эрхийн үнэмлэхийг хэвлэсэн өдрөө хүлээн авсан гэдэг боловч Өмнөговь аймгийн Ханбогд сумд байсан Алтай нь тухайн өдөр УБ хотод хэвлэгдсэн үнэмлэхийг өдөрт нь хүлээн авах боломжгүй. Энэ нь осол болсон өдөр Алтайгийн жолооны үнэмлэхийг хурааж аваагүйгээр нотлогдоно. Хэрвээ Алтай нь жолооны үнэмлэхтэй байсан бол жолооны үнэмлэх нь хураагдсан тэмдэглэл баримт хавтаст хэрэгт байх ёстой.

5. Анхан шатны шүүх шинжлэх ухааны үндэстэй сэтгэц гэм судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгзх боломжгүй гэсэн мөртлөө Алтайг гэм буруугүй гэж байгаа нь огт ойлгомжгүй байна. Хэрвээ Алтайг буруугүй гэж үзэж байгаа бол согтолтын зэргийг тогтоосон шинжээч нар, Сэтгэц гэм судлалын шинжээчид худлаа дүгнэлт гаргасан гэсэн хууль зүйн дүгнэлт гарч ирнэ. Ийм учраас хоёр үнэн байдаггүй аль нэг нь үгүйсгэгдэх ёстой. Тэгэхдээ нотолгоогоор,

6.Шинжээч Базаррагчаа нь өөрийн дүгнэлтийг тайлбарласан нь төгс нотолгоо биш. Төгс нотолгоо шинжлэх ухаан дээр тулгуурласан дүгнэлт байх ёстой,

7. Машин барих чадваргүйг нотолсон 607 тоот дүгнэлт нь согтолт ихтэй хүн орчноо хэрхэн мэдрэх, осол гаргахгүй явах чадварын хэр хэмжээ нөлөөллийн талаар тодорхой ойлгомжтой дүгнэлт гаргасан. Гэтэл шүүх 3,5% согтолттой хүн машин барих чадваргүй гэсэн тул нотолгоо болохгүй гэсэн нь хэт өрөөсгөл нэг талыг барьсан шийдвэр болсон байна. Тухайн үед Алтай машин барьж явсан нь тогтоогдсон, замын хөдөлгөөнд оролцож осол гаргасан байхад ийм шийдвэр гаргасан нь хууль ноцтой зөрчсөн байна.

8. Осол болсон шалтгаан нь согтуу жолоочийн аюултай үйлдэл нь эв эрүүл явсан Б.М-г уг аюулаас зайлах үйлдэл хийлгэсэн ба Б.М-г аюулаас зайлах үйлдэл хийх үед Алтай мөргөсөн гэдэг нь тодорхой нотлогдсон байна. Энэ нь хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтээр Алтай нь Б.М-н машины зүүн урдаас мөргөсөн гэснээр болон бусад баримтаар тогтоогддог,

9. Хурд тогтоох боломжгүй гэдэг. ЗХД-ийн 9.1,2-д хурдыг тохируулж явна гэсэн заалттай болохоос хурдыг нарийвчлан тогтоох талаар заагаагүй. Алтай нь нөхцөлд байдалд тохирсон хурдтай яваагүй болох нь түүний машин шатсанаар болон тормозны мөр гараагүйгээр нотлогддог. Хурдтай явсан машин шатдаг. Мөргөлдсөн тээврийн хэрэгсэл юунаас болж шатдаг, юу нөлөөлдөг болохыг тогтоох шаардлагатай.

 

Иймд Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018-11-30-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Б.М-д холбогдох эрүүгийн хавтаст хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан тайлбар, саналдаа: “Хохирогч Б.Алтай нь 3.5%-ийн согтолттой нь тогтоогдсон, машин барих чадваргүй гэсэн сэтгэцийн дүгнэлтийг анхаараагүй, 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй, А цэгийг буруу авсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан тайлбар, саналдаа: “Техникийн шинжээчийн дүгнэлтээр Б.М-г эсрэг урсгалд орсон гэж дүгнэлт гарсан нь нотолгоогүй. А цэгийг зөв тогтоосон уу, Сэтгэцийн дүгнэлтийг анхан шатны шүүх үнэлээгүй. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан тайлбар, саналдаа: “Б.Алтайгийн машин шатсан нь хурдтай явсных, практик дээр хурдтай явсан машин шатна гэдэг нь тогтоогдсон. А цэг буруу, шүүхийн дүгнэлт нэг талыг барьж гарсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, мөрдөн байцаалтаар дутуу ажиллагааг хийлгэж өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М  гаргасан тайлбартаа: “Улаанбаатараас гараад эрүүл явж байсан. Би эсрэг урсгал сөрөөгүй гэж баттай хэлнэ. Нөгөө машин миний өөдөөс гарч ирэхэд жолоочийг нь согтуу гэдгийг мэдээгүй үүрэглэсэн гэж бодсон. Баруун гар тал руугаа дараад бултуулж амжилгүй мөргөлдсөн. Миний буруу байхгүй гэж үзэж байгаа. би гомдолтой байна.” гэв

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Манлайжав гаргасан тайлбартаа: “Хохирогч Б.Алтайг 3.5%-ийн согтолттой байсан гэх шинжээчийн дүгнэлтийг сэтгэц гэм судлалын 607 тоот дүгнэлт няцаана. 3.5%-ийн согтолттой хүн тээврийн хэрэгсэл жолоодох ямар ч боломжгүй. Б.Алтай өдөр 16 цагийн үед Дундговьт шалгуулсан, согтууруулах ундаа хэрэглээгүй гэдгийг нотолсон. Энэ үндэслэлээр прокурорын шатанд хохирогч Б.Алтайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Анхан шатны шүүхийн 349 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Туяа гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.”  гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шинжээч нар шинжээч томилсон тогтоолтой танилцаад гарын үсэг зурж, дүгнэлтээ гаргасан,  А цэг үндэслэлтэй гэж удаа дараа шинжээчийн дүгнэлт гарсан. Б.М  Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгал сөрснөөс зам тээврийн осол гарч, хүмүүс бэртэж гэмтсэн, амь нас нь хохирсон гэдэг асуудал тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан  зөрчил тогтоогдоогүй болно.          

 

Шүүгдэгч Б.М  нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлийн асфальтан зам дээр Соната-7 маркийн 14-35 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Алтайгийн жолоодож явсан Приус маркийн 53-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж А.Эрхэмзаяа, С.Одмаа, Т.Жавхлантуяа, Б.Энхмөнх нарын амь насыг хохироож, Х.Хулан, Б.Отгончимэг, Б.Алтай нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.Нарангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Б.Алтайгийн “...20 цагийн үед Довын гуанзны орчим явж байхад өөдөөс нэг машин дайвалзан урсгал сөрж орж ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. Зогсох боломж гараагүй. Өглөө 11 цагийн үед Ханбогдоос Улаанбаатар руу гарсан ба 18 цагийн үед Дундговийн цагдаа хурд хэтрүүлсэн гээд намайг торгосон. Тэндээс хөдлөөд 80-90 км яваад осол болсон. Би архи уугаагүй, яагаад архи хэрэглэсэн гэж дүгнэлт гарсныг мэдэхгүй. Би эрүүл мэндээрээ хохирч, эхнэр хүүхдээ ослын улмаас алдсан, гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хавтас 73-75,3-р хавтас 167-173 хуудас/,

  

- хохирогч Ц.Нарангэрэлийн ”Замдаа Цогт-Овоо суманд хоол идсэн, түүнээс хойш юу болсон талаар, осол яаж гарсан талаар ч би санахгүй байна. Би тухайн үед унтаагүй байсан боловч ослын шоконд орсон. Б.Алтайгаас машинд нь суухад архи үнэртээгүй, харахад ч гэсэн согтуу шинж илрээгүй. Хэрэв ухаанаа алдсан согтуу хүн байсан бол би хүүхдээ дагуулаад суухгүй байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтас 37-38 хуудас/,

- хохирогч Х.Хулангийн “...Б.М  гэдэг хүний машинд эгч дүүтэйгээ хамт сууж Өмнөговь аймаг явсан. Яг осол болох үеийг би мэдээгүй” гэх мэдүүлэг /1-р хавтас 56-59 хуудас/,

- хохирогч Б.Отгончимэгийн “...Өөрийн дүү Хулан, Анужин нарын хамт Улаанбаатараас Өмнөговь явахаар Соната-7 маркийн машинд сууж явсан. Би зүүрмэглээд явж байхад гэнэт хүмүүс хашгиралдаад замын хажуу руу орсон.” гэх мэдүүлэг /1-р хавтас 52-55 хуудас/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарантуяагийн “...дүү Одмаа Б.М-тэйхамт Өмнөговь явж байгаад осолд орж нас барсан.Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1-р хавтас 60-61 хуудас/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даариймаагийн “...Төв аймгийн эмнэлэгт ирэхэд манай бэр газар дээр өнгөрсөн, ач хүү Эрхэмзаяа ухаангүй байж байгаад өнгөрсөн.” гэх мэдүүлэг /1-р хавтас 43-44 хуудас/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түмэнжаргалын  “...Б.М-д гомдолтой байна.” гэх мэдүүлэг /4-р хавтас 12-13 хуудас/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэнгийн  “...Манай эхнэр өглөө 11 цаг болж байхад Ханбогдоос гараад явж байна гэж ярьсан, дараа нь Дундговиос 5-6 цагийн үед залгасан. Тэрнээс хойш залгаагүй. Ослоос болж  10 сар 10 хоногтой хүү маань өнгөрсөн.” гэх мэдүүлэг /1-р хавтас 39-40 хуудас/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Урангоогийн “...Миний дүү Отгончимэг, том охин Хулан, бага охин Анужин нар Өмнөговь аймаг руу Соната-7 тээврийн хэрэгслээр явж байгаад осолд орж, дүү Отгончимэг, охин Хулан нар хүнд гэмтэл, охин Анужин хөнгөн гэмтэл авч  манай гэрт том хохирол учирсан. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1-р хавтас 76-77 хуудас/,

- гэрч Х.Мөнхтөрийн мэдүүлэг /1-р хавтас 84 хуудас/, гэрч Т.Жаргалсайханы мэдүүлэг /1-р хавтас 90 хуудас/, гэрч Т.Ганбаярын мэдүүлэг /1-р хавтас 93 хуудас/, гэрч Ч.Батмөнхийн мэдүүлэг /1-р хавтас 78-80 хуудас/, гэрч Н.Энхтайваны мэдүүлэг /4-р хавтас 4 хуудас/, гэрч Г.Гантуяагийн мэдүүлэг /4-р хавтас 6 хуудас/, мөрдөн байцаагч Б.Жаргал, гэрч Т.Жаргалсайхан нарыг нүүрэлдүүлсэн байцаасан тэмдэглэл /4-р хавтас 9-10 хуудас/, гэрч Б.Жаргалцэцэгийн мэдүүлэг /4-р хавтас 5 хуудас/, гэрч Г.Баттулгын мэдүүлэг /1-р хавтас 81-83 хуудас/, шинжээч Х.Одбаярын мэдүүлэг /4-р хавтас 24-25 хуудас/, шинжээч Ц.Бямбадоржийн мэдүүлэг /4-р хавтас 96 хуудас/ зэрэг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 13-16, 19-27 хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хавтас 17 хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хавтас 18 хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны №34,35,42,138,128,137,127,111,59,41,60,2315 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1-р хавтас 96-99, 110-111, 100,134,136-138,142, 149-151, 160,170,120-122,168,180-197   хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2315,3896,448 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1-р хавтас 180-197, 198 хуудас, 3-р хавтас 151 хуудас/,

- Замын цагдаагийн тасгийн  №00000026 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас 172 хуудас/,

 - Техникийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан №11/27 дугаартай дүгнэлт /1-р хавтас 219-221 хуудас/,

 - Замын цагдаагийн албаны техникийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан №209 дугаартай дүгнэлт /1-р хавтас 212-213 хуудас /,

 - Замын цагдаагийн албаны техникийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан №448 дугаартай дүгнэлт /4-р хавтас 21-23 хуудас/,

  - Шүүх сэтгэц эмгэг судлалын №607 дугаартай дүгнэлт /4-р хавтас 16 хуудас/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн заалтын дагуу хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Д.Батбаяр, Н.Баяр нарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцаах” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах  боломжгүй гэж үзэв.

 

 Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, техникийн шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогч, шинжээч нарын мэдүүлгүүд болон хавтас хэргийн бусад нотлох баримтуудыг бүхэлд нь дүгнэхэд  Б.М  нь Соната-7 маркийн 14-35 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Алтайгийн жолоодож явсан Приус маркийн 53-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдсон байна.

 “А”цэгийг тээврийн хэрэгслүүдийн эд ангиуд бутарч унаж, үйрсэн, тээврийн хэрэгслүүдийн тос, масло гоожсон, асфальтан зам дээр шар өнгийн шороо унаж тогтсон мөрийг үндэслэж авсан ба “А” цэг нь асфальтан замын ертөнцийн зүгээр зүүн талын урдаас хойшоо буюу Дундговь аймгаас Улаанбаатар хот руу явах чиглэлд тээврийн хэрэгслүүд анх мөргөлдөж эд ангиуд бутарч цацагдсан, тээврийн хэрэгслүүдийн тос, масло гоожсон, шар шороо зэргүүд замын ертөнцийн зүгээр зүүн талд урдаас хойшоо чиглэлд үүссэн” гэх хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд /1-р хавтас 13, 19-27 хуудас/, “А” цэг Приус маркийн тээврийн хэрэгслийн зорчих замын урсгалд гарсан талаарх осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1хавтас 18 хуудас/, “Б.М  Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон” гэх, “хэрэгт авагдсан хэмжилтийн бүдүүвч зураг “А” цэг үндэслэлтэй” гэх техникийн шинжээчийн № 00000026, 209,11/27, 448 дугаартай дүгнэлтүүд, хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлгүүдийг эрүүгийн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлж, Б.М  нь тухайн хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэлтэй байна.

Шүүхийн шинжилгээний албаны №59 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Алтайгийн цусанд 3.5%-ийн этилийн спирт илэрсэн, хүнд зэргийн согтолттой үед машин жолоодох, замын хөдөлгөөнд оролцох чадваргүй талаарх шүүх сэтгэц эмгэг судлалын №607 дугаартай дүгнэлтийг шүүх анхаараагүй гэх гомдлын хувьд анхан шатны шүүх Б.Алтай архи уугаагүй, үнэртээгүй талаар мэдүүлсэн  Ц.Нарангэрэлийн мэдүүлэг, тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолооч таараагүй талаар мэдүүлсэн гэрч Т.Ганбаярын мэдүүлгийг үнэлж, шүүх сэтгэц эмгэг судлалын №607 дугаартай дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурьдсан байна.

 

Б.М  Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгал сөрсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байх бөгөөд Б.Алтай өөрийн эгнээнд хөдөлгөөнд оролцож явсан, архи уусан нь осол гарах анхдагч шалтгаан биш бөгөөд харин ослын дараагийн гэмтэл бэртлийг нэмэгдүүлдэг талаар шинжээч И.Базаррагчаа, Б.Бат-Очир Х.Одбаяр нар шүүх хуралдаанд мэдүүлсэн /3-р хавтас 183-189 хуудас/ байна. Мөрдөн байцаалтын шатанд Б.Алтайд холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, зөрчлийг шийдвэрлүүлэхээр материалыг Төв аймгийн Замын цагдаагийн тасагт 2018 оны 09 сарын 20-ны өдөр шилжүүлсэн баримт /4-р хавтас 111 хуудас/ хэрэгт авагдсан байна.

 

Түүнчлэн Прокурорын дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолтой шинжээч нар танилцсан, эрх үүрэг, хариуцлагын талаар хууль сануулж  гарын үсэг зурсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээч нар №448 дугаартай дүгнэлт гаргасан нь /4-р хавтас 19-20, 21-23 хуудас/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцсэн байх тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Иймд Б.Б.М-н үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Б.Б.М-н буруутай үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, энэ гэмт хэргийн улмаас 2, түүнээс олон хүний буюу 4 хүний амь нас хохирчээ.

 

Гэтэл шүүх Б.М-г гэм буруутайд тооцохдоо амь хохирсон хүний тоо, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан үйлдлийг гэм буруутайд тооцоогүй орхигдуулсныг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 349 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “Шүүгдэгч Б.М-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Б.М-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 4 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Д.Батбаяр, Н.Баяр нарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцаах” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАА

 

                   ШҮҮГЧИД                                                        Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                            Г.БОЛОРМАА