Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 161/ШЦТ2016/00036

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга Ц.С
Улсын яллагч: Б.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.С 
Хохирогчийн өмгөөлөгч: С.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.К, Я.С
Орчуулагч: А.Е
Шүүгдэгч Б.А, Н.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Молхы машан овогт Бн А, С шатхара овогт Н-ы С нарт холбогдох эрүүгийн 000000000000000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1977 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 5 хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Б сумын 05 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, М машан овогт Бн А РД:************. 
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1965 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 51 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Б сумын 02 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, С  овогт Ны С РД:*********.   
Шүүгдэгч Б.А, Н.С нар бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн Жетибайн Бын 1 үхрийг бэлчээрээс хулгайлж 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
 Хохирогч Ж.Бын " ... 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орой миний бие гэрээс идшинд гаргасан малын арьсыг аваад үдээс хойш аймаг руу явсан. Тэр өдрийн орой бэлчээрт явсан бүх үхэр ирсэн байна. Эхнэр маань өвс тэжээлийг өгөөд хашаанд оруулсан байна. Харин өглөө үхрүүд өөрсдөө бэлчээр рүү гараад явдаг юм. 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-12 цагийн үед үхрүүд буцаад гэрт ирэх үед 3-4 насны шар алга болсон байна гэж эхнэр маань над руу утастаж хэлсэн. Тэгээд би аймгаас ирээд ойролцоо багийн иргэдтэй   очиж  уулзаж,   эрж   хайсан   боловч   олоогүй   болно,   Миний   хулгайд алдагдсан 3-4 насны шар хүрэн халзан, зөв талын чихэнд "    " хагалбар имтэй, буруу талын чихэнд "    "урьдаас ухам имтэй, тамгагүй юм. /хх-ийн 10-рх/, "Би 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн үдээс хойш аймаг руу явсан юм. 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эхнэр маань над руу утастаж хүрэн халзан 3-4 насны үхэр байхгүй байна гэж хэлсэн. Би эхнэрээс өмнөх өдөр үхрүүд бүрэн ирсэн үү гэж асуухад эхнэр маань бүрэн ирсэн, тэжээл өгсөн гэж хэлсэн. Эхнэр маань надаас айгаад худлаа хэлсэн байж магадгүй. Учир нь би тухай үед эхнэрээсээ үхрүүд ирсэн үү, ойр хавьд мөс, усанд унаж үхсэн биш биз гэж асуухад үгүй ээ үхрүүд бүрэн ирсэн, бүрэн байсан гэж хэлсэн. Миний бодлоор миний эхнэр үхрүүд бүрэн ирсэн эсэхийг анзаараагүй юм шиг санагдаж байна " гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
- Гэрч Е.А гийн "... 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш миний нөхөр Б аймаг руу явсан байсан ба цагийг тодорхой санахгүй байна, нилзэн орой харанхуй болсон байхад үхрүүд ирсэн. Би үхрүүдэд хотны ойролцоо гадаа бага зэрэг өвс тэжээл өгөөд, гэрт нялх хүүхэдтэй, бага ангийн багш болохоор орой тардаг учраас яараад гэрт орчихсон болохоор үхрүүдийг нэг бүрчлэн тоолоогүй, шууд гэрт орчихсон юм. Маргааш өглөө үхрүүд өөрсдөө бэлчээр рүү гараад явсан байсан ба миний санаж байгаагаар өдрийн 11-12 цагийн үед үхрүүд гэрт ирэх үед 3-4 насны хүрэн халзан шар байхгүй байсан.Тэгээд аймагт байсан нөхөрт утсаар холбогдож хүрэн халзан шар гэрт ирээгүй, байхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед нөхөр маань надаас өчигдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орой үхрүүд гэрт бүрэн ирсэн үү гэж асуухад би бүрэн ирсэн, өвс тэжээл өгсөн гэж хэлсэн. Үнэндээ би үхрүүдийн бүрэн ирсэн эсэхийг тоолж бүртгээгүй, гадаа өвөл маш хүйтэн болохоор шууд гэрт орсон байсан юм. Манайх үхрүүдийг малын тусдаа хашаанд оруулдаггүй, гэрийн хашаа бол маш том хэмжээтэй, хашааны машин ордог хаалга хаалттай, явган хүний хаалга байнга онгорхой байдаг. Үхрүүд орой явган хүний хаалгаар орж ирээд өвс тэжээлийг идээд, хашаанд хоноод өглөө өөрсдөө бэлчээрт явган хүний хаалгаар гараад явдаг юм " гэх мэдүүлэг /хх-ийн 42, 163-р хуудас/
- Гэрч Ө.Ж ын ''.... 2015 оны 12 дугаар сарын 3-4-ний өдөр надад Б.А 3-4 насны 1 үхэр байна, худалдаж авах уу гэж ХААН банкны хажууд уулзаж хэлсэн.Тэр үед надад ганцаараа хэлсэн ба Стай хамт явж байсан болно.А, С нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба хэр зэрэг согтуу байсныг мэдэхгүй. Би мал худалдаж авах мөнгө байхгүй гэж хэлсэн " гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
- Гэрч Д.Ж н "....2016 оны 03 дугаар сарын Наурызын баярын өмнө байх өдрийг тодорхой санахгүй байна, Бтай сумын төвд уулзаж "таны үхрийг С Атай нийлж хулгайлсан байж болзошгүй, С надад 2015 оны 12 дугаар сарын эхээр сумын төвд уулзаад би нэг үхэр гаргах гэж байна, хэнд ч хэлж болохгүй зүйл шүү гэж хэлэхэд би Сд тантай нийлж хулгай хийснээс архи ууж аваад хүнээр зодуулж мөнгө авсан нь дээр, хулгай хийхгүй гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд тэр өдрийн оройхон тийш С өөрийнхөө хээр зүсний морьтой сумын төвөөс доошоогоо явж байхад би дахин тааралдаж Саас хаашаа явж байгаа талаар асуухад Аы гэрт очиж Ад морины тах хийлгэнэ гэж явж байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Харин түүний дараагаар буюу 2015 оны 12 дугаар сарын дундуур С надад хэд хэдэн удаа тааралдаж "Тэргүүн" нэртэй архи нэг удаа, "Шалхыма" нэртэй архи нэг удаа мөнгөөр аваад хийж, хамт уусан" гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/
- Хохирогч Ж.Бын хашаа болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 154-156-р хуудас/
- Шүүгдэгч Б.Аы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 157-161-р хуудас/
- Хулгайд алдагдсан үхрийн зах зээлийн үнэ ханшны 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 04/02/303/09 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-р хуудас/
- Шүүгдэгч Б.Аы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаан хэлэлцүүлгийн үед “2015 оны 12 дугаар сарын 04-ний 11 цагийн үед Баяннуур сумын төвд гудамжинд Н овогтой Стай тааралдсан юм. Тэр үед С надад "нэг 3-4 насны үхэр байна тэрийг хоёулаа зарах уу" гэж хэлсэн. Тэгээд би ямар үхэр болохыг асуугаагүй, гудамжинд явж байсан Ө.Ж гэдэг залуутай тааралдаад 3-4 насны үхэр авах уу гэж асуусан үед Ө.Ж үхэр авахгүй, мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд С Дүйсенбай гэдэг хүний дэлгүүрээс нэг шил Сангийн далай нэртэй архи авсан бид хоёр уг архийг хувааж уусан, түүний дараа би Т.С ээс нэг шил Сангийн далай нэртэй архи аваад С бид хоёр хувааж уусан. Архи дууссаны дараа бид хоёр Сы гэрт орой 18 цагийн үед очиж цай ууж сууж байхад С надад нөгөө үхрийг аваад ирье гэж хэлээд Сы гэрээс гараад 1 км гаруй газар яваад том харгана байдаг ба түүний дотор явж байсан үхрүүдээс улаан халзан, эвэртэй үхрийг С бид хоёр барьж аваад Сы хашаанд авч ирээд оруулсан юм. Тэр үед би Саас ямар учиртай үхэр болох талаар асуухад хулгайн үхэр юм чи хэнд ч хэлж болохгүй гэж хэлсэн. Бид хоёрын хулгайлсан улаан халзан үхрийн им, тамгыг би анзаараагүй. Сы гэр нь сумын төвөөс 3 км гаруй зайтай газарт оршин суудаг юм. С хулгайлсан үхрийг Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн иргэн Нямсүрэн гэгч хүнд аваачиж өгнө гэж хэлсэн. Тэгээд хүрэн халзан үхрийг Сы хашаанаас гаргаж аваад хоёулаа тууж голыг гаталсан. Гол гаталсны дараа С хулгайлсан хүрэн халзан үхрийг тууж Улиастай баг руу явсан, би явган болохоор гэр рүүгээ харьсан. С тухайн үед өөрийн эзэмшилд байдаг хээр зүсний морийг унаж явж байсан юм. Тэгээд маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр С бид хоёр уулзсан юм. Тэр үед С надад 100.000 төгрөг өгсөн, тэр үед С надад үхрийг 600.000 төгрөгөөр худалдсан, 300.000 төгрөгийг бэлнээр авсан, үлдсэн 300.000 төгрөгийг хавар авахаар болсон гэж хэлсэн юм” гэж өгсөн мэдүүлэг /хх-ийн 66, 68-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
  Шүүгдэгч Н.С нь гэмт хэрэг үйлдээгүй гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан дээрх гэрч нарын мэдүүлэг, хулгайн гэмт хэргийг хамт бүлэглэж үйлдсэн Б.А нарын мэдүүлгээр хөтлөгдөшгүй нотлогдож байх тул Н.Сыг энэ хэрэгт холбогдолгүй гэж үзэх боломжгүй байна.
  - Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нарт хуульд заасан хорих ялыг оногдуулах бүрэн үндэслэлтэй байна.
 Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан Б.Ад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж, Н.Сд баривчлах ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Н.Сд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах  нь зүйтэй байна.
 Шүүгдэгч Б.Ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.9-д заасан “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  
Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Саас 402500 төгрөг гаргуулж хохирогч Ж.Бад олгож, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч нар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “цагдаагийн ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэл бүхий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 295, 296, 297, 298, 299 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Төлек жолжахсы овогт М овогт Бн А, С овогт Ны С нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аы эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Н.Сыг эд хөрөнгийг хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Н.Сы  цагдан хоригдсон 14 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 
5. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Саас 402500 төгрөг гаргуулж хохирогч Ж.Б олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Б.Ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг модон иштэй суран ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Б.Аы эд хөрөнгө 2002 онд блокоор баригдсан 7х8 метрийн харьцаатай, 4500000 төгрөгийн үнэтэй өвлийн байшинг битүүмжилсэн тогтоолын хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Сы эд хөрөнгө нэг бүрийн 700000 төгрөгийн үнэтэй 5 үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үед ашигласан 950000 төгрөгийн үнэтэй хээр зүсмийн 1 морийг хурааж улсын орлого болгосугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Н.Сд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ