Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2020/00699

 

“Д Б Ү Э”ТӨҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01118 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1084 дүгээр магадлалтай,

“Д Б Ү Э”ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй

“Н Т” ХХК-д холбогдох

91 147 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч С.Цэрэндоржийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, Ц.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч “Д Б Ү Э”ТӨҮГ-ын төлөөлөгч Ё.Нямжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага “Н Т” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 02 дугаартай хамтын ажиллагааны гэрээг байгуулж, 2 162 500 төгрөгийн үнэ бүхий зочид буудлын стандарт өрөөний 13 иж бүрдэлд 28 112 500 төгрөгийн тавилга, 2 237 500 төгрөгийн үнэ бүхий зочид буудлын люкс өрөөний 22 иж бүрдэлд 49 225 000 төгрөгийн тавилга, 6 762 000 төгрөгийн үнэ бүхий зочид буудлын ерөнхийлөгчийн өрөөний 5 иж бүрдэлд 33 810 000 төгрөгийн тавилга, нийт 111 147 500 төгрөгийн тавилгыг гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, мөн оны 7 дугаар сарын 02-ны өдөр тус тус хүлээлгэн өгсөн. Тус компани тавилгыг хүлээн авахдаа урьдчилгаа төлбөрт 20 000 000 төгрөг төлсөн ба 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 91 147 500 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хоёр тал тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан болно. “Н Т” ХХК-иас тавилгын үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа албан бичгээр болон хариуцсан ажилтнуудыг явуулж шаардаж, уулзуулсан боловч төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд “Н Т” ХХК-иас гэрээний үүрэгт 91 147 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ нь АСЕМ-ын дээд түвшиний уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын засгийн газраас техникийн буцалтгүй тусламжийн хүрээнд үнэ төлбөргүй нийлүүлж буй тавилга, тоног төхөөрөмжийг АСЕМ-ын түнш зочид буудлуудад хувиарлах харилцааг зохицуулсан ерөнхий гэрээ бөгөөд төлбөр тооцоо, үнийн талаар нарийн тодорхой заасан зүйл байхгүй. 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн 21 дүгээр хурлаас БНХАУ-аас ирэх зочид буудлын тоног төхөөрөмжийг буудлуудад үнийн дүнгээс 50 хувь бууруулж олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэвч 2016 оны 5 дугаар сарын 11-ы өдрийн хуралдаанд дээрх шийдвэр хэрэгжээгүй болох нь хуралдаанд оролцогч А.Баттөрийн ...бид хуралдаад зах зэлийн үнээр тооцон төрийн үйлчилгээний байгууллагуудын төсөвт оруулахаар шийдсэн... гэх тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг гүйцэтгэх ажилтан нь дур мэдэн өөрчилсөн байх үндэслэлтэй. Монголын зочид буудлуудын холбооны 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлтийг АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуягт хүргүүлж байсан. Түүнчлэн, уг уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулахаар сонгогдсон зочид буудлуудад буцалтгүй тусламжаар ирсэн тавилга, тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад зориулж 150 000 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 02-ны тогтоолоор баталсан байдаг. Манай байгууллага энэ зээлд шалгарсан бөгөөд мөн Д.Ганхуягт хүргүүлсэн албан бичгээр нотлогдоно. АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах нэрээр өндөр үнэтэй тавилга нийлүүлж, бизнесийн үйл ажиллагаа хэвийн явуулж байсан зочид буудлыг их хэмжээний өрийн дарамтад оруулж, бизнесийн үйл ажиллагааг доголдуулсан. Зөвхөн АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцох хүмүүсийг хүлээн авахд зориулж Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 06/047/22 тоот зөвлөмжийн дагуу 23 төрлийн ажил үүргийг буудал өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ үйл ажиллагаанд зориулж Худалдаа хөгжлийн банк ХХК-аас 300 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй авч, одоог хүртэл зээлээ төлж дуусаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Н Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч байгууллага “Н Т” ХХК-д нийлүүлж буй тоног төхөөрөмжийн үнэ, тоо ширхэг, гэрээний хугацаа, чанар байдлыг оруулж өгөөгүй буюу гэрээний гол нөхцөл болсон гэрээний үнэ, тоо хэмжээ, гэрээний хугацаа тусгагдаагүй. “Н Т” ХХК нь уг гэрээнд ноцтой төөрөгдсөний улмаас гарын үсэг зурсан гэж үзэж байна. Манай байгууллага нь гэрээ зурагдахаас өмнө тухайн тоног төхөөрөмжийн үнийг зах зээлийн үнийн 50 хувиар тооцож буй тухай мэдээллийг авсан байсан бөгөөд уг гэрээнд тэр итгэл үнэмшилээр хандаж гарын үсэг зурсан юм. Гэвч гэрээний гол нөхцөл болсон үнийг оруулаагүй, гэрээний хавсралт дээр нийлүүлэгч талын гарын үсэг тамга байхгүй байгаа нь тухайн хавсралт уг гэрээний хавсралт гэдэг нь эргэлзээтэй. Мөн захиалагч талыг гэрээнээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, зөвхөн нийлүүлэгч талд давуу эрх олгосон байна. Нийлүүлэгч талыг төлөөлж гарын үсэг зурсан “Д Б Ү Э”газар төрийн өмчит үйлчилгээний газрын дарга О.Заяамандахад төрийн өмчийг бусдад худалдан борлуулах эрх олгогдоогүй. Өөрөөр хэлбэл, хэлцэл хийх эрхгүй этгээд хэлцэл хийсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагын дүн гэрээний хавсралтад заасан дүнтэй зөрүүтэй байна. Гэрээний хавсралтад нийт үнийг 99 910 500 төгрөг гэж заасан, үүнээс урьдчилгаа төлбөрийг хасвал 79 910 500 төгрөг болж байна. Нэхэмжлэгч байгууллага нь холбогдох хуулийн дээрх заалтыг зөрчиж, дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр төрийн өмчийг бусдад шууд худалдах борлуулах хэлцэл хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Уг гэрээнд гарын үсэг зурсан Ц.Ёндонжамц нь хэдийгээр “Н Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаал эрхэлж байгаа боловч тус компаний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд түүнийг томилсон тушаал бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, захиалагч талыг төлөөлөх эрхгүй этгээдтэй худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн гэх үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Д Б Ү Э”ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ мөн. Уг гэрээнд төлбөр төлөх хувиар, төлбөрийн хэмжээ, тавилга нэг бүрийн үнийг нийт үнэтэй бүгдийг нь тодорхой зааж, тавилгыг биет байдлын доголдолгүй гэж үзэн гарын үсэг зурч хүлээн авсан байдаг. Зочид буудлын тавилгын үнийг тухайн үеийн зах зээлийн үнийн 50 хувиар тооцож, төлбөр төлөх хувиарыг бэлнээр 66 688 500 төгрөг, үлдэгдэл 44 459 000 төгрөгийг зээлээр төлөх тохиролцоотой боловч хариуцагч тал 111 147 500 төгрөгнөөс 20 000 000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт өгсөн. Учир нь графикт нь 222 295 000 төгрөгийн 30 хувь нь 66 668 500 төгрөг, 20 хувь нь 44 569 000 төгрөг, нийт 111 147 500 төгрөг болж байдаг. Үүнийг ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Батболд үүрэг болгов гэсэн үндэсний зөвлөлийн хуралдааны шийдвэрийн 5 дахь заалтад байгаа. Хариуцагч тал үүн дээр маргаж, ямар нэгэн байдлаар мэдэгдэж байгаагүй болно. Үүнтэй холбоотойгоор манай байгууллага 2 удаа албан бичгээр хүсэлт гаргаж, тайлбар хүргүүлэхэд хариу өгч байгаагүй. Түүнчлэн, тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан байдаг. Ц.Ёндонжамц нь тухайн компанийн 40 хувийг эзэмшдэг бөгөөд 3 жилийн хугацаанд шаардлага тавьж байгаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01118 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н Т” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 91 147 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д Б Ү Э”газар төрийн өмчит ААТҮГ-т олгон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Д Б Ү Э”газар ТӨҮГ-т холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч “Н Т” ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 613 690 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 613 690 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 99 997 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод, хариуцагчаас мөн улсын тэмдэгтийн хураамжид 613 690 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1084 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Цэрэндорж яналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал нь "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай'хуулийн 116.2 /Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна/ -д дахь заалтыг зөрчсөн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлүүдэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, шүүх хэрэглэвэл зохих хуулиудыг хэрэглээгүй /төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8./ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл/, 58.2.1./хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн;/, түүнчлэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, “Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний 2018/11/20-ны өдрийн 452 тоот шинжээчийн дүгнэлтийг огт үнэлээгүй нь ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” хэмээн заасныг зөрчсөн байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр гаргасан. Үүнд: 1. 2016/05/23-ны өдрийн 02 тоот “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хавсралт дээр нийлүүлэгч талын гарын үсэг тамга байхгүй байгаа нь тухайн хавсралт хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй 2. ““Н Т”” ХХК нь уг гэрээнд ноцтой төөрөгдсөний улмаас гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь ““Н Т”” ХХК нь гэрээ зурагдахаас өмнө тухайн тоног төхөөрөмжийн үнийг зах зээлийн үнийн 50%-иар тооцож буй тухай мэдээллийг авсан байсан бөгөөд уг гэрээнд тэр итгэл үнэмшлээр хандаж гарын үсэг зурсан юм. Гэвч гэрээний гол нөхцлөл болсон үнийг оруулаагүй. Учир нь 2016/03/30-ны өдрийн АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн 21-р хурлаас “...БНХАУ-аас ирэх зочид буудлын тоног төхөөрөмжийг буудлуудад үнийн дүнгээс 50 хувь бууруулж олгохоор” шийдвэрлэсэн байдаг. Гэвч 2016/05/11-нд болсон 26-р хуралдаанд дээрх шийдвэр хэрэгжээгүй болох нь хуралдаан оролцогч А.Баттөрийн “...Бид хуралдаад зах зээлийн үнээр тооцон төрийн үйлчилгээний байгууллагуудын төсөвт оруулахаар шийдсэн...” гэх тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг гүйцэтгэх ажилтан нь дур мэдэн өөрчилсөн байна хэмээн маргасан ч шүүхээс дүгнэлт хийгээгүй. 3. 2016/05/23-ны өдрийн 02 тоот “Хамтын ажиллагааны гэрээ”-нд захиалагч талыг төлөөлж гарын үсэг зурсан Ц.Ёндонжамц тухайн үед "Наранбулаг" ХХК-ний гүйцэтгэх захирал албан тушаал эрхэлж байсан эсэх нь тодорхойгүй, тус компаний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр түүнийг томилсон тушаал бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл захиалагч талыг төлөөлөх эрхгүй этгээдтэй худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн гэх үндэслэлтэй. Нийлүүлэгч тал нь захиалагч талын төлөөлөгчийн эрхийг шалгах ёстой боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. 4. ““Д Б Ү Э”газар” ТӨҮГазрын захирал О.Заяамандахад төрийн өмчийг бусдад худалдан борлуулах тухай эрхийг Төрийн өмчийн бодпого зохицуулалтын газраас олгоогүй. 5. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний 2018/11/20-ны өдрийн 452 тоот шинжээчийн дүгнэлтээр “Н Т”ХХК-д нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үнэ нь 85 735 600 төгрөгөөр тогтоосон ба нэхэмжлэгчийн гаргаж буй тайлбараар зочид буудлын тоног төхөөрөмжийн тухайн үеийн үнэ нь 50 хувиар бууруулж үнэлсэн нь үнэн бол 2016 оны 05 сард бодит үнэлгээ нь 111 147 500 х 2 = 222 295 000 төгрөг байжээ. 222 295 000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийн үнэ 2 жилийн дотор 85 735 600 төгрөг болтлоо буурах боломжгүй бөгөөд 50 хувиар бууруулж олгосон гэх асуудал нь илт үнэмшилгүй байхад шүүх анхаараагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “...тоног төхөөрөмжийг зах зээлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож бууруулж олгосон...” хэмээн тайлбарладаг ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтээр няцаагдсан буюу тоног төхөөрөмжийг зочид буудалд зах зээлийн үнээр нийлүүлсэн засгийн газрын шийдвэрийг зөрчсөн/ хэмээн үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6.1.4-т “хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө” нь төрийн өмч байна хэмээн хуульчилсны дагуу АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын засгийн газраас техникийн буцалтгүй тусламжийн хүрээнд үнэ төлбөргүй нийлүүлж буй тавилга, тоног, төхөөрөмжүүд нь төрийн өмч мөн бөгөөд төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйл /Төрийн өмчийн эд хөрөнгийг худалдах/-ийн 29.1,-д "Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно.” хэмээн хуульчилжээ. Гэвч ““Д Б Ү Э”газар” ТӨҮГазар нь холбогдох хуулийн дээрх заалтыг зөрчиж, дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр төрийн өмчийг бусдад шууд худалдах борлуулах хэлцэл хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29.1 дэхь заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. ““Н Т”” ХХК нь МУ-ын ИХ-ын маш тодорхой заалтуудыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд тавилга тоног төхөөрөмж нь суурилагдаад 2 жил гаруй хугацаа өнгөрсөн, тодорхой хэмжээний элэгдэл үүссэн тул иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” хэмээн заасны дагуу хариуцагч ““Н Т”” ХХК нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 85 735 600 төгрөгөөс урьдчилан төлсөн 20 000 000 төгрөгийг хасаад ““Д Б Ү Э”газар” ТӨҮГазарт 65 735 600 төгрөг төлөх үүрэгтэй хэмээн үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс 25 411 900 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57.4. /Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө./ -д заасны дагуу хүлээн зөвшөөрөхгүй байгаа 25 411 900 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 285,010 төгрөгийг БГД-ийн татварын хэлтэсг тушаасан баримт хавсаргав. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Д Б Ү Э”газар ТӨҮГ нь хариуцагч “Н Т” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 91 147 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргахдаа “...гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулаагүй, ...гэрээнд гэрээний зүйлийн нэр төрөл, үнэ, тоо, ширхэгийг заагаагүй, гэрээний хавсралт эргэлзээтэй, ...тавилгын үнийг 50 хувь буулгасан гэсэн боловч хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй, ...дуудлага худалдааг хуулийн дагуу зохион байгуулаагүй.” гэх үндэслэлийг заажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний төрөл, хүчин төгөлдөр байдлын талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээг буруутгах боломжгүй боловч гэрээний дагуу хүлээх талуудын үүрэг, гэрээний зүйл, гэрээний үнийн талаар хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдоогүй, зохигч энэ талаар бүрэн мэтгэлцэж чадаагүй,  шийдвэрийн үндэслэл болсон зарим нотлох баримт хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагчийн хяналтын гомдлыг хангах боломжтой байна.

1. Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг /АСЕМ гэх/ зохион байгуулах хүрээнд уг уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 21 дүгээр хуралдааны тэмдэглэлд тусгагдснаар зочид буудлуудад тавилгыг 50 хувиар хямдруулан худалдах шийдвэр тусгагдсан боловч зах зээлийн үнээр тооцсон гэж хариуцагч маргасан, энэ талаар зохигч бүрэн мэтгэлцээгүй, шүүх тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ.

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, “Н Т” ХХК-ийн урьдчилгаа төлбөрт төлсөн 20 000 000 төгрөгийг нийт үнийн дүн болох 111 147 500 төгрөгөөс хасч, 91 147 500 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан талуудын гарын үсэг бүхий баримт /хх-33/ байгаа боловч хариуцагч “Н Т” ХХК нь үнийн хөнгөлөлтийг хэрэгжүүлээгүй, зах зээлийн үнээр тооцсон нь Ази, Европын дээд түвшний 11-р уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар хуралдааны тэмдэглэлээр нотлоно гэж баримт гарган өгсөн байхад шүүх энэ талаар буюу уг баримт маргааны үйл баримтад хамааралтай эсэх, тавилгын үнийг бууруулсан эсэх, хариуцагчийн татгалзлын үндэслэлийн талаар дүгнэлт хийх үүргээ биелүүлээгүй байна.

Гэрээний хавсралт нь гэрээний салшгүй хэсэг, гэрээний гол нөхцөлийг тодорхойлсон байх ба талуудын байгуулсан гэрээний хавсралтад гэрээний үнийн дүнг 91 147 500 төгрөг гэж заасан байх тул хоёр өөр үнийн дүн буюу 111 147 500 төгрөг, 91 147 500 төгрөгийн талаар зохигчоос тодруулж, зайлшгүй хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байжээ. Нэхэмжлэгч нь зах зээлийн ямар үнэтэй тавилгыг яаж бууруулсан талаар тайлбар, баримт гаргаж мэтгэлцээгүй байна.

2.Хэргийн 25-31 дүгээр хуудсан дахь баримтууд хуулбар боловч нотариатаар баталгаажуулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүй болжээ. Шүүх талуудыг тооцоо нийлсэн гэж үзэж, эдгээр баримтыг ач холбогдолгүй гэж үзсэн байх боловч тавилгыг хүлээж авах үед доголдол байсан, энэ талаар худалдагч мэдэж байсан гэх хариуцагчийн татгалзалд ач холбогдолтой байж болно.

3. Хариуцагчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж, “Н Т” ХХК-д байгаа тавилгын зах зээлийн үнийг тогтоолгосон боловч 2018 оны байдлаар үнэлүүлсэн нь ямар нөхцөл байдлыг нотолсон, маргааныг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой нь тодорхойгүй, 29 нэр төрлийн тавилгыг үнэлүүлсэн нь худалдаж авсан эд хөрөнгө бүхэлдээ мөн эсэх нь ойлгомжгүй байна. Тусгай мэдлэг шаардагдсан гэж үзсэн бол шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаж, шинжээч томилох бөгөөд нотлох боломжтой тохиолдолд шинжээч томилох шаардлагагүй юм.

4. Анхан шатны шүүх хуралдаан дээр /хх-69/ “Н Т” ХХК-ийн төлөөлөгч “нийлүүлсэн тавилга шинээрээ байгаа, буцааж өгөх боломжтой” гэсэн байх ба тус компани нь зочид хүлээн авсан эсэх, тавилга анх хүлээлгэн өгсөн байдлаар байгаа эсэхийг тодруулж, зохигчийг мэтгэлцүүлэх нь ач холбогдолтой байжээ.

Иймд шүүх маргааны үйл баримтыг тогтоосны үндсэн дээр хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан аль нэг шийдвэрийг гаргах үндэслэлтэй тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01118 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1084 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 010 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА