Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/00678

 

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/00678

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, МКМ-ийн 24 дүгээр байшин 11 тоотод байрлах, хуулийн этгээдийн 2845458 регистртэй “Гүрэн” ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 1А байрны 2 давхарт 34 тоотод байрлах, хуулийн этгээдийн 5586887 регистртэй, гадаадын хөрөнгө оруулалттай “Хуабэй Куане” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 138,398 ам.доллар, гэрээнээс учирсан хохиролд 5,728,383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн /ШТҮД:0894/ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Гүрэн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус компани нь анх 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын иргэн Тиан Гуан Рү-гийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Деронг Монголиа” ХХК-тай “Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан билээ. Энэ компани хожим нь Монгол-Хятадын хамтарсан “Хуабэй Куане” ХХК-ийг байгуулж, тусгай зөвшөөрлөө шилжүүлж, улмаар гэрээгээ нэрийг нь өөрчилж дахин үйлдсэн. Энэхүү гэрээгээр гүйцэтгэх ажил үйлчилгээ нь Монгол улсын Баянхонгор аймгийн Шинэжинст суманд байрлалтай, захиалагчийн эзэмшлийн ашигт малтмалын 8550Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, Хөх толгойн нүүрсний хайгуулын талбайд нарийвчилсан хайгуулын ажлыг иж бүрнээр нь гүйцэтгэж, нүүрсний нөөцийг тогтоон үр дүнгийн тайлан боловсруулж Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Ашигт малтмалын газрын дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хуралд хэлэлцүүлж, батлагдсан нөөцийг Улсын бүртгэлд бүртгүүлснээр уг талбайд ашиглалтын тусгай зөвшлөөрөл авч өгөх, мөн тус ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралд хэлэлцүүлж батлуулах, улмаар тус ордын талбайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хариуцан хийлгэж, тайланг БОНХЯ-ны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн хуралд хэлэлцүүлэн баталгаажуулан хүлээлгэн өгч, тус ордыг ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулах бүхий л зөвшөөрлийг бүрдүүлэх үйл ажиллагаа болно.

Гэрээний дагуу нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлан ЭБЭХЯ, АМГ-ын ЭБМЗ-ийн хуралдааны дүгнэлт болон АМГ-ын даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 459 дугаар тоот тушаалаар баталгаажиж нөөцийг улсын эрдэс баялгийн нөөцийн санд бүртгүүлсэн, Шинээр тус ордын талбайд 30 жилийн хугацаатай MV-017471 тоот Ашиглалтын тусгай зөвшөөрөл, 1 ба 2 дугаар хавсралтын хамт 2014 оны 2 дугаар сарын 04-нд хүлээн авсан, Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 18-ны хурлаар хэлэлцүүлэн батлуулж, улмаар тус зөвлөлийн 14-10-06 тоот дүгнэлтийн хамт хүлээлгэн өгсөн. БОНБНҮнэлгээний тайлан, Байгаль орчин менежментийн төлөвлөгөөг 2014 оны 9 дүгээр сарын 15-нд БОНХЯ-ны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн хуралд хэлэлцүүлэн баталгаажуулан бэлэн болгож хуулбар хувийг хүлээлгэн өгсөн. Энэхүү хүлээлгэн өгсөн материалуудыг гэрээнд заасны дагуу бүрэн хэмжээгээр Англи хэлнээ хөрвүүлэн бэлтгэж тус бүрийг нь хатуу болон цахим хэлбэрээр хүлээлгэн өгсөн болно.

Гэрээний төсвийн хувьд анх 770,000 ам.доллар байсан бөгөөд ажлын явцад өрөмдлөгийн ажлын хэмжээ багассантай холбоотойгоор буурч нийт дүнгээрээ 660,000 ам.доллар болсон. Төлбөрийн хувьд өнгөрсөн хугацаанд “Хуабэй Куане” ХХК-иас нийтдээ 560,000 ам.долларыг “Гүрэн” ХХК авсан бөгөөд үлдэгдэл 100,000 ам.долларыг гэрээний 4 дэх хэсэгт зааснаар Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсны дараа авахаар тохиролцсон. Мөн ажил гүйцэтгэх явцад шинээр гарсан Байгаль орчны үнэлгээний тухай хууль болон Ашигт малтмалын газраас нөөцийн тайлан хүлээж авах журамд өөрчлөлт орсны улмаас гэрээнд тусгагдаагүй, шинэ ажил үүрэг гүйцэтгэх шаардлагатай болсон ба энэ талаар “Хуабэй Куане” ХХК-д танилцуулахад ажил үүргээ гүйцэтгэчих 100,000 ам.доллартай хамтатган өгье гэсний дагуу нэмэлт ажлын төлбөрийг Гэрээт ажлаа саадгүй явуулах үүднээс “Гүрэн” ХХК төлсөн. Үүнд: Нүүрсний “Технологийн туршил” хийлгэсэн зардал 15,000 ам.доллар, Ордын “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ”-г хийлгэхэд гарсан зардал 8,800 ам.доллар, Талбайн “Археологийн мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлт” гаргуулсан зардал 3,200 ам.доллар, нийт нэмэлт ажлын зардал 27,000 ам.доллар болсон байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 100,000 ам.доллар, нэмэлт ажлуудад зарцуулсан 27,000 ам.доллар нийлээд 127,000 ам.долларын авлагатай байна.

Захиалагч ажлын үр дүнг авсан хэрнээ төлбөрөө хугацаанд төлөөгүйгээс болж манай компани “Билигнасан” ББСБ-д өөрийн хамаатан Б.Гүнчин-Одын орон сууцыг барьцаалан зээл 23,300 ам.долларын зээл авч ажил үүргээ саадгүй явуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус ББСБ-д зээлийн хүү, алдангид 5,728,383 төгрөг, нийт 11,398 ам.доллараар хохирсон. ТЭЗҮ батлагдсан 2014 оны 5 дугаар сарын 29-нд үлдэгдэл төлбөрийг гэрээний үндсэн нөхцөл хэсгийн 4-т зааснаар буюу үлдэгдэл 100,000 ам.долларыг ТЭЗҮ-г ЭБМЗ-өөр хэлэлцүүлж батлуулсан үед төлнө гэсэн заалтын дагуу бид албан хүсэлт өгч нэхэмжилсэн боловч хариуд нь гүйцэтгэх захирал Сансармаа нь Тиан захирал тун удаигүй ирнэ гэсэн, ирэхээрээ уулзаж байж үлдэгдэл төлбөрийн асуудлаа ярилцъя , харин БОНБНҮ-гээ хурдан батлуулж өгөөч гэсэн хариу өгсөн. Бүтэн 3 жил гаруй хугацаанд маш их хичээл зүтгэл гаргаж, цаг заваа гарган байж хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нь 100 хувь хүртэж, хугацаа нь дуусах гэж байсан лицензээ үргэлжлүүлэн 30 жил ашиглах хугацаатай, 10 орчим сая тонн коксжих нүүрсний нөөц батлагдсан, уурхай ажиллуулах бүхий л зөвшөөрлөө бэлдүүлж авчихаад эцэст нь ингэж хохироож байгаа нь гадныхны, тэр дундаа Хятадуудын, тэдэнд ажилладаг хүн чанаргүй этгээдүүдийн увайгүй үйлдэлд үнэхээр зэвүүцэж, хууртагдан бүх ажлыг нь дуусгаж өгсөндөө харамсаж, маш их гомдолтой байна. Иймд хариуцагч “Хуабэй Куане” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 100,000 ам.доллар, гэрээт ажлын явцад нэмж гарсан зардал буюу нэмэлт төлбөр 27,000 ам.доллар, гэрээний 6-гийн А-д заасныг үндэслэн нэмж нэхэмжилж буй хохирол болох 11,398 ам.доллар, 5,728,383 төгрөг, нийт 138,398 ам.доллар, 5,728,383 төгрөг бөгөөд үүнийг нэн даруй төлж барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч “Гүрэн” ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын иргэн Тян Гуан Ругийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Деронг Монголиа” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээнд Баянхонгор аймгийн Шинэ жинст сумд байрлалтай захиалагчийн эзэмшлийн ашигт малтмалын 8550Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтөй Хөх толгойн нүүрсний хайгуулын талбайг нарийвчилсан хайгуулыг иж бүрнээр хийн, нүүрсний нөөцийг тогтоон, үр дүнгийн тайлан боловсруулан, эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл батлуулах, ТЭЗҮ-г батлуулах зэрэг ажлуудыг хийж өгөх тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний төсөв анх 700,000 ам.доллар байсан ба ажлын явцад 660,000 ам.доллар болж буурсан. Энэ хугацаанд “Деронг Монголиа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Тян Гуан Ру “Хуабе куане” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Талууд харилцан тохиролцож гэрээний эрхийг “Хуабе куане” ХХК руу шилжүүлэн хуучин нөхцлийн дагуу гэрээ байгуулсан. Гэрээний нөхцлийг хэвээр үлдээсэн боловч үлдэгдэл төлбөр дээр өөрчлөлт оруулсан. Өмнө нь 50,000 ам.доллараар тус тус салган өгнө гэсэн бол , ТЭЗҮ-г батлуулсны дараа 100,000 ам.доллар шилжүүлнэ гэдгийг “Хуабе куане” ХХК-тай гэрээг шинэчлэн байгуулсан. Энэ шилжүүлсэн гэрээний дагуу 560,000 ам.долларыг “Гүрэн” ХХК хүлээн авсан. Үлдсэн 100,000 ам.долларыг Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулсны дараа авахаар болсон. Энэ үйл ажиллгаа нилээн удаан хугацааны турш сунжирсан. Ашигт малтмалын  хайгуулын лицензийн тусгай зөвшөөрөл  авахад гарсан шинэ журмын дагуу шаардлагатай нэмэлт ажиллагааг хийсэн. Үүнд гэрээнд тусгагдаагүй нүүрсний технологийн туршилт, ордын байгаль орчны төлөвийн шинжилгээ, талбайн археологийн мэргэжлийн судалгааны дүгнэлтийг гаргуулах шаардлагатай болсон. Нүүрсний технологийн зардал 15,000 ам.доллар, ордын байгаль орчны төлвийн шинжилгээний зардал 8,800 ам.доллар, археологийн мэргэжлийн судалгааны дүгнэлт 3,200 ам.долларыг төлсөн. Энэ нэмэлт ажиллагааг хийх шаардлагатай гэхэд хариуцагч бид төлбөрийг бүрэн төлөх тул цаашаа  ажлаа дуусга гэсэн тул ажил гүйцэтгэх гэрээ сунгагдан явсан. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дууссан боловч талууд цааш гэрээг сунган ажлын үр дүнг хүлээж авсан. Энэ хооронд ажил гүйцэтгэхийн тулд нэхэмжлэгч байгууллага 23,300 ам.долларын зээл авч үйл ажиллагаагаа явуулсан. Энэ зээлийн хүү, алдангид 5,728,383 төгрөг, 11,398 ам.доллараар хохирсон. 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр , ТЭЗҮ-г батлуулан, үлдэгдэл төлбөрийг авахаар нэхэмжилсэн боловч хариуцагч компани төлбөрийг төлөхөөс татгалзсан. Иймд хариуцагч байгууллагаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 100,000 ам.доллар, нэмэлт ажлын зардал 27,000 ам.доллар, зээлийн хүүгийн алданги 11,398 ам.доллар нийт 138,398 ам,доллар, 5,728,383 төгрөг буюу 280,448,413 төгөрг гаргуулж өгнө үү. Хариуцагч байгууллага үлдэгдэл төлбөр төлөхгүй байх үндэслэлээ хугацаа хэтэрсний улмаас хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үед сөрөг нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан. Хариуцагч байгууллага ажил гүйцэтгэх гэрээний үр дүн буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүлээж авсан.ТЭЗҮ батлагдсан байна. Иймд  ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлөх нь зайлшгүй юм. Нэмэлт ажиллагаа тухай бүрт нь танилцуулагдан шаардлагатай ажлууд хийгдсэн. ТЗУ-г гаргахад шаардлагатай ажил гүйцэтгэх гэрээний үндсэн агуулга байгаа тул нэмэлт зардлыг төлөх нь зайлшгүй юм. “Гүрэн” ХХК өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас бусдад учирсан хохирол болохоос биш ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хариуцагчийн гэрээний үүрэг гүйцэтгээгүйгээс учирсан зардал биш тул хохирлыг төлөхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Иймд анхны нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. н.Сансармаа гэдэг хүн итгэмжлэх эрхтэй эсэх талаар Компанийн тухай хуульд зааснаар ерөнхий захирлын үндсэн чиг үүрэг байдаггүй. Гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлын чиг үүрэг, орон тооны тухай байгаа. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр Тян Гуан Руг 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилон тухайн өдөр н.Сансармааг итгэмжлэл олгон гүйцэтгэх захирлаар томилсон. Цаг хугацааны хувьд улсын бүртгэлд өгсөн өдрөө өөрчлөлт өгсөн асуудал биш юм. 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө шийдвэр гаргасан байгаа. Энэ бүртгэгдсэн өдрөөс хойш н.Сансармаад захирлын эрх олгосон нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Компанийн тухай хуульд зааснаар удирдлага солигдсоноос 14 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан байдаг. Хариуцагч байгууллагын улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байгаа дотоод чиг үүргийг шүүх дээр ийм байдлаар тайлбарлаж байгаа нь зохимжгүй асуудал юм. н.Сансармаа энэ компанийн захирал болсноос хойш энэ компанийг бүрэн төлөөлсөн үйл ажиллагаа бол итгэмжлэл олгосноос хойш бүх баримт дээр н.Сансармаа төлөөлж байгаагаар харагдаж байна. Зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллгаа хийгдээгүй. Түүнээс биш хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан байна. Сансармаа гэдэг хүн төлөөлөх эрхгүй гэдэг тайлбар нь эрх зүйн үндэслэлгүй байна. Гэрээ байгуулах, албан бичиг бичих, эрх бүхий байгууллагатай харьцах, улсын бүртгэлийн шинэчилсэн дүрэмд өөрчлөлт оруулах бүх асуудал дээр н.Сансармаа гэдэг хүн төлөөлсөн байж шүүх дээр итгэмжлэх эрхгүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан баримт дээр ТЭЗҮ батласан, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Нэмэлт ажлуудыг хийсэн баримтууд хэрэгт авагдсан. “Гүрэн” ХХК санхүүжилтгүйн улмаас бусдаас авсан зээлийн баримт мөн хэрэгт хавсаргасан байна. Хариу тайлбар дээрээ хугацаа болон хохирлын талаар дурдсан боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гарган нотлох баримт өгөөгүй байна. Ажлын үр дүнг хүлээж авсан, ажил гүйцэтгэх гэрээний хугацаа сунгасан байгаа тул нэхэмжлэлийн шаарлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Хуабэй Куане” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Гүрэн” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрт 100,000 ам.доллар авах ёстой гэж нэхэмжилжээ. “Гүрэн” ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгох ёстой байсан гэрээний үүргээ одоог хүртэл сунжруулж, хариуцлага алдсан. “Ажил үйлчилгээ үзүүлэх” гэрээний үндсэн нөхцлийн 3-т “үйлчилгээг 2011 оны 10 дугаар сарын 15 /эхлэх огноо/ өдрөөс эхлэх бөгөөд Ашиглалтын тусгай зөвшөөрөл авч өгөх хугацаа нь 2012 оны 8 дугаар сарын 31-ний дотор, ТЭЗҮ болон БОНБНҮ-г боловсруулан холбогдох байгууллагаар батлуулах ажлыг 2012 оны 12 дугаар сарын 31-ний дотор тус тус дуусгана” гэснийг, мөн гэрээний үндсэн нөхцлийн 5-д “гэрээний талууд нөхцлийнх нь дагуу энэ гэрээг байгуулах, биелүүлэх бүрэн чадамж, эрхтэй, энэ гэрээг гүйцэтгэх, биелүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөлтэй, энэ гэрээний биелэлт нь гэрээний талд хамаарах аливаа хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчихгүй, аливаа талын үүрэг, гэрээг зөрчихгүй гэдгээ илэрхийлж батлаж байна” гэсэн заалтуудыг “Гүрэн” ХХК нь зөрчин одоог хүртэл гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жил 4 сарын хугацаа өнгөрөөд байхад бүрэн биелүүлээгүй байгаа тул гэрээний үлдэгдэл төлбөр гэж нэхэмжилсэн 100,000 ам.долларын нэхэмжлэлийг хангахаас татгалзаж байна. Манай компани “Гүрэн” ХХК-тай байгуулсан энэ гэрээний үүргээ бүрэн биелүүлж тус компаниас нэхэмжилсэн тухай бүрд нь ажлын төлбөрийг өгч байсан. 2011.10.21-ний өдөр 100,000 ам.доллар, 2012.5.08-ны өдөр 240,000 ам.доллартай тэнцэх 1,513,000 юань, 2012.7.10-ны өдөр 170,000 ам.доллартай тэнцэх 1,079,200 юань, 2012.10.13, 14-ний өдрүүдэд 50,000 ам.доллартай тэнцэх 310,000 юань, нийт дүн 560,000 ам.доллар төлсөн болно. “Гүрэн” ХХК нь манайхтай байгуулсан гэрээний үүргээ ноцтойгоор зөрчин үүргээ биелүүлээгүйгээс шууд шалтгаалан манай компанийн гадаад зах зээл дээрх нэр хүнд унаж, үйлдвэрлэл төлөвлөсөн хугацаандаа явагдаагүйгээс болж 8,000,000 ам.долларын өртөг бүхий хувьцааны эрх шилжүүлэх гэрээ цуцлагдаж, Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр гаргах байсан IPO-ийн ажлын хугацаа ч хойшлогдон хөрөнгө оруулагчдын болон манай компанийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар бий болгон маш их хохирол учруулаад байна.

“Гүрэн” ХХК нь гэрээний нэмэлт ажлын зардал гэж нэрлэн 27,000 ам.доллар нэхэмжилжээ. “Гүрэн” ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Ажил үйлчилгээ үзүүлэх” гэрээний 11 дүгээр зүйлийн В-д заасан “Гэрээний аливаа нэмэлт өөрчлөлтийг талууд бичгээр үйлдээгүй бол өөрчлөлт оруулсанд тооцохгүй” гэснийг зөрчиж, манайхтай ямар нэг албан ёсны нэмэлт гэрээг бичгээр байгуулахгүйгээр өөрөө дур мэдэн хийсэн зөрчил тул гэрээний заалтыг үндэслэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. “Гүрэн” ХХК нь гэрээний 6-А дахь заалтыг үндэслэн 11,398 ам.доллар болон 5,728,383 төгрөгийг нэхэмжилжээ. Гэтэл “Гүрэн” ХХК нь гэрээний 3, 5 дугаар заалтуудыг зөрчин үүргээ бүрэн биелүүлээгүйгээс шалтгаалан өөрт нь хохирол учирсан байх магадлалтай боловч гэрээний 8.2-т “гүйцэтгэгч бүх хохирлоо өөрөө хариуцна” гэсэн заалттай тул нэхэмжлэлийн энэ хэсгийг мөн татгалзаж байна. Иймд дээрх 3 үндэслэлийг баримтлан “Гүрэн” ХХК манай компаниас 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар гаргасан 138,398 ам.доллар, 5,728,383 төгрөгийн дүн бүхий нэхэмжлэлийг хангахаас татгалзаж байна. “Гүрэн” ХХК нь гэрээний үүргээ үл биелүүлснээс шалтгаалан манай компани Хонг Конгийн SRK Consulting (Hong Kong) LLC компанитай 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 8550Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд Техникийн үнэлгээний зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний үнэнд 134,990,000 ам.доллар төлж алдагдалд орсон. Энэ нь “Гүрэн” ХХК-тай шууд холбоотой тул манайх “Гүрэн” ХХК-иас энэ хохирлоо албан ёсоор нэхэмжлэх болохоо мэдэгдэж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Гүрэн” ХХК нь хариуцагч “Деронг Монголиа” ХХК, “Хуабэй Куане” ХХК-иудад холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл болон гэрээнээс учирсан хохиролд 138,398 ам.доллар, 5,728,383 төгрөг буюу нийт 280,448,413 /хоёр зуун наян сая дөрвөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун арван гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Деронг Монголиа” ХХК-иас татгалзжээ.

Хариуцагч “Хуабэй Куане” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “Гүрэн” ХХК-ийг гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүй бөгөөд гэрээгээр хэлэлцэж тохироогүй нэмэлт ажил хийж гүйцэтгэсэн, мөн үндэслэлгүйгээр хохирол шаардсан гэж тайлбарлан маргасан байна.

Хариуцагч “Хуабэй Куане” ХХК-ийн захирал Г.Сансармаа шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Талуудын хооронд 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч “Гүрэн” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст суманд байрлалтай, захиалагч “Хуабэй Куане” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын 8550Х тоот тусгай зөвшөөрөлтэй, Хөх толгойн нүүрсний хайгуулын талбайд нарийвчилсан хайгуулын ажлыг иж бүрнээр нь гүйцэтгэж, уг талбайд Ашиглалтын тусгай зөвшөөрөл авч өгөх, мөн тус ордын Техник Эдийн Засгийн Үндэслэл /цаашид ТЭЗҮ гэх/ болон Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Нарийвчилсан Үнэлгээ /цаашид БОНБНҮ гэх/-г боловсруулан холбогдох байгууллагаар батлуулах ажлыг 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж, 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, ТЭЗҮ болон БОНБҮ-г боловсруулан холбогдох байгууллагаар 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор батлуулах ажлыг хийж гүйцэтгэн дуусгах, харин захиалагч нь гүйцэтгэгчид нийт 770,000 ам.долларын ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Хэдийгээр ажлын нийт хөлс 770,000 ам.доллар байхаар гэрээнд тусгагдсан боловч талууд харилцан тохиролцсоноор 660,000 ам.доллар болгож багасгасан талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан, зохигчид гэрээний үлдэгдэл төлбөр 100,000 ам.доллар байгаа талаар хэн аль нь маргаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Гэрээний хугацаанд ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан захиалагчаас 5 удаагийн төлөлтөөр нийт 560,000 ам.доллар төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөр 100,000 ам.долларыг Ашиглалтын тусгай зөвшөөрөл гарсан үед 50,000 ам.долларыг, ТЭЗҮ-г ЭБМЗ-ийн хуралд хэлэлцүүлж батлуулсан үед үлдэх 50,000 ам.долларыг тус тус төлөх, дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх тусгай хугацааг гэрээнд заасан байна.

Ажил гүйцэтгэгч “Гүрэн” ХХК нь Ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2013 онд гаргуулж, ТЭЗҮ-г 2014 онд батлуулсан хэмээн тайлбарлаж, захиалагчийн зүгээс гүйцэтгэгчийг дээрх ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэлгүй хугацаа хэтрүүлсэн учир үлдэгдэл 100,000 ам.долларын төлбөрийг төлөхөөс татгалзсан.

Хэдийгээр нэхэмжлэгч “Гүрэн” ХХК нь 2012 оны 10 дугаар сард, 2014 оны 5 дугаар сард тус тус “Хуабэй Куане” ХХК-д хандан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаа алдсан тухай болон, үлдэгдэл төлбөрийг төлөх талаар хүсэлт гаргаж байсан боловч талуудын байгуулсан гэрээний 12 дахь хэсгийн В-д “гэрээний аливаа нэмэлт өөрчлөлтийг талууд бичгээр үйлдээгүй бол өөрчлөлт оруулсанд тооцохгүй” гэж заасан байна. /хх 20, 85-87/

Ажил гүйцэтгэгчийн гаргасан дээрх хүсэлтийн дагуу талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгасан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээнд нэмэлт өөрчлөлт орж, ажил гүйцэтгэх хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно” гэж заасны дагуу талууд гэрээндээ тусгай хугацаа зааж өгсөн. Тодруулбал, ямар ажлыг хэдий хугацаанд хийхийг нарийвчлан заажээ.

Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан тусгай хугацааг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг талууд тохиролцон тодорхойлж болох боловч тэр нь үндсэн хугацааг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас илүү байж болохгүй талаар Иргэний хуулийн 348.2 дахь хэсэгт зохицуулсан байна.

Талууд хэдийгээр хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрхэх талаар гэрээнд заагаагүй боловч гэрээний үндсэн хугацаа 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах байжээ.

Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, талууд гэрээний хугацааг харилцан тохиролцож сунгаагүй, гэрээнд аливаа өөрчлөлт оруулаагүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тал нь ажил гүйцэтгэгч “Гүрэн” ХХК байх бөгөөд хуульд заасны дагуу хариуцлага хүлээх ёстой байна.

Нэхэмжлэгч “Гүрэн” ХХК нь ажлын гүйцэтгэлийг хариуцагч “Хуабэй Куане” ХХК-д хүлээлгэн өгсөн, захиалагчийн гүйцэтгэх захирал Г.Сансармаа нь гарын үсэг зураагүй гэж тайлбарлах бөгөөд хэрэгт авагдсан “Материал хүлээлгэн өгсөн акт” бүхий баримтанд “Хуабэй Куане” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурагдаагүй ч, тус компанийн гүйцэтгэх захирал Г.Сансармаа хүлээн авсан болох нь баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй. /хх 57-59/

Хариуцагч “Хуабэй Куане” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч “Гүрэн” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүйн улмаас учирсан хохирлоо гаргуулахаар шаардах талаар дурдсан хэдий ч тийнхүү хохирол шаардаагүй байна. 

Нэхэмжлэгчийн зүгээс захиалагч гэрээг цуцлаагүй учир гэрээ сунгагдсан гэж тайлбарлах боловч талуудын байгуулсан гэрээнд харилцан тохиролцож бичгээр үйлдээгүй бол гэрээнд өөрчлөлт оруулсанд тооцохгүй байхаар тусгаж, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан байх тул шүүх нэхэмжлэгч “Гүрэн” ХХК-ийг гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, гэрээний үлдэгдэл төлбөр 100,000 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч “Гүрэн” ХХК нь хариуцагч “Хуабэй Куане” ХХК-иас нэмэлт ажлын зардал 27,000 ам.долларыг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт “гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу ажил гүйцэтгэгч тал 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” албан бичигт Нүүрсний технологийн туршилтын талаар болон тооцоолоогүй бусад зардал нэмэгдсэн талаар дурдаж байсан байна. /хх 85/

Тэрхүү албан бичгийг захиалагч тал хүлээн авсан болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдох бөгөөд энэ тохиолдолд захиалагч тал хуульд зааснаар гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэх эрхтэй боловч тийнхүү гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг дуусгавар болгоогүй байгааг дүгнэвэл гэрээний хугацаанд гарсан нэмэлт зардал болох “Нүүрсний технологийн туршилтын” нэмэлт зардал 15,000 ам.долларыг хариуцагч “Хуабэй Куане” ХХК төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Харин үлдэх 12,000 ам.долларын нэмэлт зардал нь гэрээний хугацаа дууссанаас хойш гарсан зардал байх тул маргаан бүхий гэрээтэй холбоотой эсэх нь баримтаар тогтоогдоогүй, гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох “захиалагч ажлын үр дүнг хүлээн авсан хирнээ төлбөрөө хугацаанд төлөөгүйгээс болж Билигнасан ББСБ-с зээл авсан” гэх хохирлын зардлыг зээлийн хүү, алдангид 5,728,383 төгрөг төлж, зээлийн төлбөрт 11,398 ам.доллараар хохирсон гэж тайлбарлан, уг хохирлыг “Хуабэй Куане” ХХК-иас шаардан, зээлийн гэрээ болон бусад холбогдох нотлох баримтуудыг гаргажээ. /хх 28-56/

Гэвч дээрх 23,300 ам.долларыг маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээний улмаас бусдаас зээлж авсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй, дээрх зээлийн гэрээг “Гүрэн” ХХК бус харин Б.Гүнчин-Од гэгч байгуулсан байх бөгөөд зээлийн гэрээний дагуу төлөгдсөн хүүгийн төлөлтийг “Гүрэн” ХХК төлсөн байгаа нь маргаан бүхий гэрээний улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр гэрээнээс учирсан хохирол гаргуулах тухай энэхүү шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хуабэй Куане” ХХК-иас 15,000 ам.доллар буюу 29,775,000 /хорин есөн сая долоон зуун далан таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Гүрэн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 250,673,413 /хоёр зуун тавин сая зургаан зуун далан гурван дөрвөн зуун арван гурван/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,560,290 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 306,825 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА