| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/03046/и |
| Дугаар | 184/ШШ2017/02560 |
| Огноо | 2017-11-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2017/02560
| 2017 оны 11 сарын 16 өдөр | Дугаар 184/ШШ2017/02560 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Э ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б /-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2001 онд Б.Бтэй танилцаж улмаар 2002 оны 06 сарын 05-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2002 оны 04 сарын 04-ний өдөр хүү Б.Этөрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2007 оноос салж тусдаа амьдрах болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Этэй 2001 оноос 2002 оныг хүртэл амьдарч байгаад 2002 оны 4 дүгээр сарын 04-нд хүү Б.Э төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас цаашид хамт амьдрах боломжгүй болж тус тусын амьдралаар амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд үр хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Б.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг нэмэгдүүлсэн ба хариуцагч нь нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.
Зохигчид 2001 онд танилцаж, 2002 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсон учир Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ПА№208 дугаарт бүртгүүлсэн, 2002 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүү Б.Э төрснийг 2002 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №1030 дугаар бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хүү Б.Э нь эрүүл бойжиж буй тухай өрхийн эмчийн дүгнэлт, ам бүлийн тодорхойлолтууд хэрэгт авагдсан байх бөгөөд зохигчид хамт амьдардаггүй болох нь зохигчдын тайлбар, хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2007 оноос тусдаа амьдарсан. Ц.Э, Б.Б нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч хоорондын таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрах боломжгүй ба зохигчдын хэн хэн нь дахин амьдрал зохиосон тул цаашид эвлэрэх боломжгүй болсон, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд хүү Б.Э нь эх Ц.Эийн асрамжид байдаг бөгөөд нэхэмжлэгч Ц.Эийн асрамжид үлдээхийг хариуцагч хүсч, нэхэмжлэгч энэ тухай маргаагүй болно.
Гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Эыг эцэг Б.Бэр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт “гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно” гэж заасан тул хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдвал зохино.
Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бэс гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн Тасран лам овогт Цэрэнсодномын Энхцэцэг /РД: ЦВ77052001/, Боржигон овогт Батжаргалын Бат-Эрдэнэ /РД: ТЕ82080878/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2002 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Эыг эх Ц.Эийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг сануулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Б.Эыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бэс сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Эийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Бэс 120,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН