| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2019/0007/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/08 |
| Огноо | 2018-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Тайж овогт Баньдхүүгийн Алтансолонго Улсын яллагч Баяжих овогт Батжаргалы Одонтуяа Шүүгдэгч Боржигон овогт РолоТүмэнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Түмэнжаргалд холбогдох 1823001660121 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багт байнга оршин суух хаягтай боловч Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн ажилчдын хэсэг 1-7 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Роломын Түмэнжаргал /Регистрийн дугаар: ИЭ74061319/
Шүүгдэгч Р.Түмэнжаргал нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө Б.Баянбаатарыг машинаас чирч буулгахдаа түүний биед нь хөнгөн гэмтэл учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч Боржигон овогт Роломын Түмэнжаргал нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг Цагаан хаалга гэх газрын орчимд машины цонх хагалах гэлээ гэсэн шалтгаанаар Б.Баянбаатарыг машинаасаа чирч буулгасан хэргийн үйл баримт нь хохирогч Б.Баянбаатарын “...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагийн үед ...намайг ... машиндаа суулгаж авч яваад Жинст багийн цагаан хаалганы орчим намайг жолооч нь машинаасаа хүчээр буулгахдаа миний биед гэмтэл учруулчихаад орхиод яваад өгсөн юм. Миний баруун сүүжний ясны дээд дэлбээ хугарсан өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байна...” гэсэн мэдүүлгээр, тухайн үед хамт явсан гэрч Ц.Бадамсэрээжидийн “...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ариунаа ...Баянбаатарыг гуйсаар байгаад Алдархаан сум руу машинд суулгаад цагаан хаалганы ойролцоо явж байтал Баянбаатар намайг буулгаж гэрт хүргэж өг гэж орилоод машины цонх хагалчих гээд байхаар нь Ариунаа Баянбаатарыг боль гэж хэлтэл жолооч залуу Баянбаатарыг буулгаад цааш явсан...” гэсэн мэдүүлгээр тэдний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ж.Ариунжаргалын “...2018 оны 11 сарын 22-ны... 09 цагийн үед Баянбаатарыг би ... гуйсаар машинд суулгаад Жинст багийн цагаан хаалган орчим ирээд машины цонх хагалах гээд хүчтэй цохиод жолоо барьж явсан хүний дээлнээс нь зулгааж татах үед автомашин замын хажуу руу орж зогссон юм гэсэн...” мэдүүлгээр, болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Баянбаатарыг би хүчээр буулгах үед хаалганы хажуу талын хөндөл төмрөнд баруун ташаагаа цохиод буучихсан юм гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас Б.Баянбаатарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201820219 дугаартай “Баянбаатарын биед: Баруун сүүжний ясны дэлбэнгийн бяцарсан зөрүүтэй хугарал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Баруун сүүжний ясны дэлбэнгийн бяцарсан зөрүүтэй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Р.Түмэнжаргал нь хохирогчийг машинаас хүчээр буулгасан үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Р.Түмэнжаргал нь шууд санаатай үйлдлээрээ хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Р.Түмэнжаргал иргэн Б.Баянбаатарын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх” ийг зөрчиж түүнийг машинаас чирч буулгасан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Р.Түмэнжаргалыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч шүүгдэгчээс эмчилгээ хийлгэхэд гарсан зардал 320000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч уг зардлыг нөхөн төлсөн нь хохирогчийн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх ямар нэгэн хохирол төлбөр байхгүй гэж үзлээ. Шүүгдэгч Р.Түмэнжаргалыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч хохирлыг нөхөн төлсөн учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Роломын Түмэнжаргалыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Р.Түмэнжаргалыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Түмэнжаргалд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Шүүгдэгч Р.Түмэнжаргал нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5.Шүүгдэгч Р.Түмэнжаргалд өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ