Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Н.Нямдорж, Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр, Хохирогч: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч А.Энхбуйр / онлайнаар / нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000040181 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / Регистрийн дугаар: *******-тай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт их эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэн *******д эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас ******* нас барсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд байхаа би тухайн өдөр хүлээн авахыг яаралтай тусламжийн тасагт ээлжид гарч байх үед талийгаач Амарбаян гэх эрэгтэй хүн ганцаараа орж ирээд биеэ үзүүлье гэхээр сувилагч эрэмбийн хуудсаа бөглөөд би Амарбаяныг үзэхэд 5 хоног архи уусан цээжээр өвдөж байна гэхээр амин үзүүлэлтийг үзэхэд зүрх нь түргэсэн байхаар нь архины хордлогод орсон байж магадгүй гэж бодсон. Тэгээд үзээд байж байтал сувилагч Оюун-Эрдэнэ ирээд архины хордлого бол ЭМС-ийн тушаалаар төлбөртэй байдаг шүү гэсэн тэгээд үзээд байж байтал талийгаач Амарбаяны ар гэрийн хүмүүс орж ирээд энэ хүнийг хэвтүүлье гэтэл Амарбаян нь өөрөө хэвтэхгүй гээд байсан тэгээд ар гэрийнхэн нь хүмүүс эмийн сангаас дусал эмч авчраад Амарбаянд эмчилгээ хийсэн тэгээд тариа дуусаад яваад өгсөн би орой ажлаа тараад яваад өгсөн тэгтэл маргааш нь өглөө нь ажил дээр иртэл урд өдөр нь миний үзсэн Амарбаян нь гэртээ нас барсан байсан. Би талийгаач Амарбаяныг үзээд шинжилгээ аваагүй нь архины хордлого болсон гэж бодсон учир рентген зураг авхуулаагүй юм. Надад талийгаачийг үзээд шинжилгээ авч, рентгенд үзүүлэх боломжтой байсан....эх мэдүүлэг / хх-ийн 81/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв. 3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад Зулаа утсаар залгаад талийгаачийг түргэнээр эмнэлэгт аваад ирсэн байна. Би жолооны сургалттай та хүрээд ирэх үү гэхээр нь би тэгье гэж хэлээд 12 цаг өнгөрч байхад нэгдсэн эмнэлэгт ирсэн юм. Намайг ирэхэд талийгаач хүлээн авах дээр байж байсан ба архины гүн хордлогод орсон байна гэж эмч хэлсэн эмчийн нэрийг мэдэхгүй байна. Мөн талийгаачид дусал залгаж байсан. Тэгээд 16 цаг өнгөрч байх хүртэл эмнэлэг дээр байж байгаад тэгээд талийгаач бид хоёр таксигаар манайд очсон юм. Гэртээ очоод түүнийг орон дээр хэвтүүлчхээд эмчийн бичиж өгсөн эмийг эмийн сан очоод аваад ирсэн. Ирчхээд түүнд Bromoxin (Бромоксин) гэх эмээс өгсөн юм. /2-г өгсөн/ Тэр эмийг уугаад удаагүй дотор эвгүй болоод байна гээд зуухны хажууд ирээд суусан тэгснээ нээх сонин болоод түшиж авсан чинь шээс нь гоожоод тэгээд амьсгал хураасан. Тэгээд цагдаад мэдэгдсэн байх... Миний бие эмнэлэг дээр яваад очиход талийгаач эмнэлгийн 103-н орон дээр дусал залгуулаад хэвтэж байсан. Тэгэхээр нь очиж түүнтэй уулзсан чинь талийгаач ханиагаад уруул ам нь хатсан амьсгаадсан байсан. Түүнээс би юу болсон талаар асуухад баруун талын мөрний хэсгээр 2 хоногийн өмнөөс хатгаж байгаад больсон одоо болохоор цээжний хэсгээс юм хатгаад байх шиг байна тэрийгээ л гаргачихмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үзэж байсан эмчид энэ хүн чинь хатгаа авсан юм биш үү гэхэд тэр эмч би сая үзсэн харин цээж нь зүгээр байна хатгаа бишээ энэ бол архины гүн хордлого байна гэж хэлсэн. Мөн тухайн үед би талийгаачийг хатгаа авсан юм биш үү гэж хэлсэн чинь хамт байсан сувилагч нь надад хандаж хатгаа гэдгийг та өөрөө мэдсэн бол эмчилчихгүй яасан бэ гэж хэлсэн. Тухайн сувилагч их харьцааны соёлгүй юм байна лээ. Талийгаачид дусал юм залгаж дууссаны дараагаар үзэж байсан эмч нь талийгаачийн хуруунд аппаратыг байрлуулж тэрнээс гарсан үзүүлэлтүүдийг надад харуулсан ба пульс нь буусан цохилт нь мөн хэвийн болсон байна. Иймд та хүнээ авч яв гэхээр нь би төлбөртэй ч хамаагүй өрөөнд хэвтүүлж байгаад маргааш эмнэлгээр үзүүлье гэсэн чинь эмч ч нь тийм юм байхгүй маргааш ирээд очер авч байгаад эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Эмнэлгийн байгууллагын эмч нарыг шалгаж өгнө үү. Манай аймгийн эмнэлгийн байгууллагын ажилчид их хүнд сурталтай хүмүүс байдаг тэдгээрийг харилцаандаа анхаарах ард иргэдтэй зөв боловсон харьцаж байгаасай гэж хүсэж байна... Талийгаач ******* нь урд нь эхнэр хүүхэдтэй байж байгаад 2010 онд салаад тэрнээс хойш хүнтэй суугаагүй ээжтэйгээ амьдардаг байсан. 2018 онд ээж нас бараад тэрнээс хойш манайд надтай амьдрах болсон нас барах үедээ гэр бүлтэй байгаагүй надтай амьдардаг байсан. Би гомдолтой байна тухайн үед би талийгаачийг үзсэн ******* гэх эмчид талийгаач Амарбаяныг хатгаа авсан юм шиг байна гээд хэлтэл үгүй байна наадах чинь архины хордлого гээд байсан. Би талийгаач Амарбаяны буяны ажилд 4.600.000 төгрөгөөр гаргаж хийсэн тул уг мөнгийг нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 40-41, 47-48 /

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Би сургуульд сураагүй боловсролгүй хүн. Гэхдээ үхсэн хүн үг хэлэх биш гээд үхсэн хүний буруу болж байх шиг байна. ******* эмчил хандаж хэлэхэд “Монгол Улсын шүүхийн өмнө хэдэн удаа хоцорч ирж шүүхийг үл хүндэтгэсэн байдал гаргаж байна. Би яах вэ ингээд гомдолгүй гээд өнгөрөх боловч түүнээс цааш олон хүмүүсийг битгий өөрийн мэдлэггүйгээсээ болж хагацаагаасай гэж хүсэж байна. Миний дүү хатгаа авчлаа гээд ******* эмчид хэлээд байхад үл тоож харьцсан. Өвчтөнтэйгөө хүнлэг бус үл тоож харьцдаг зан чанараа болино уу гэж хэлмээр байна гэв.

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр талийгаачтай утсаар ярихад цээжээр хатгаад байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт дуудлага өгчхөөд гэрт нь очиход түргэн ирээгүй байсан. Намайг очиход орондоо хэвтэж байсан ба өөрөө босож чадахгүй арай гэж өргөөд босгосон юм. Тэгээд түргэний эмч ирээд үзсэнээ эмнэлэг явах шаардлагатай гээд түүнийг авч явсан. Би араас нь эмнэлэгт очиход анх ирж үзсэн эмчээс өөр эмэгтэй эмч үзэж байсан би талийгаачийг хүлээн авах дээр хэвтүүлсэн байсан. Тэгээд тэр эмч талийгаачийг архины гүн хордлогод орсон байна гэж хэлсэн. Намайг очиход тэр эмч хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй байна гэсэн чинь талийгаач хэвтэн эмчлүүлэхгүй гэсэн тэгэхээр нь ядаж хороо тайлуулах хэрэгтэй гэсэн юм. Тэгээд нэг дуслыг залгаад талд нь орж байхад эгч ирээд би явсан юм.” гэх мэдүүлэг / хх-ийн 49-50 /

6. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Өөрөөс нь асуумж асуухад хэд хоног архи уусан талаар хэлсэн тэгэхээр нь би эмчид тухайн хүний эрэмбэ өөрийнхөн ярьсан зүйлсийг танилцуулсан юм. Аливаа өвчтөнийг хэвтүүлэн эмчлэх эсэх асуудлыг эмч шийддэг юм.” гэх мэдүүлэг / хх-ийн 53 /

7. Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Уушгины хатгалгаа өвчний шинж тэмдгүүд нь огцом өндөр халуурах, амьсгаадах, удаан хугацаагаар цэртэй ханиалгах, амьсгал авах болон ханиалгах үеэр цээжээр өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Уг өвчний үед уушгийг чагнах, тогшиж үзэж оношлох шаардлагатай юм. Флюрограф зургаар бол нарийн тогтоогдоно. Бусад өвчнөөс ялгагдана гэсэн үг. /Баянхонгор аймгийн хэмжээнд Флфрограф зураг авхуулах боломжтой./ Тухайн өдөр үзсэн ******* гэх эмч талийгаач *******ыг үзээд архины хордлого гэж оношилсон байна. Ямар шинж тэмдгүүдийн үзэж тэгж оношилсон эсэхийн мэдэхгүй байна. Тухайн үед зөв оношилж эмчилгээ хийсэн тохиолдолд өвчин бүрэн эдгэрэх боломжтой байсан. Мөн амьд үлдэх боломжтой байсан... Ерөнхий өвчний шинж тэмдэг хүн болгонд харилцан адилгүй шинжээр илэрдэг баруун мөрний хэсгээр хатгуулах зовиур нь яг тодорхой нэр заасан өвчний үед илэрдэг гэсэн батлагдсан зүйл байхгүй. Пульс буух, цохилт нь хэвийн болох гэдэг судасны цохилт бууж зүрхний хэм алдагдалд үүссэн болоод судасны цохилтыг хэвийн байдалд оруулсныг ойлгож болно. Bromoxin /Бромоксин/ гэх эм цэр шингэлэх буюу ховхлох үйлдэлтэй цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолойн архаг үрэвсэлд өвчин, уушгины цочмог болон архаг үрэвсэлд өвчний үед хэрэглэдэг. Хросол буюу давс чихрийн уусмал, Кариблин буюу нүүрсэн хар эм нь ямар нэгэн хордлогын үед хэрэглэж болно. Аспирин эм нь өвдөлт намдаах үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Натри болон ренгир нь ерөнхий бие махбодод цусны эргэлтийг нөхөн шингэн уусмал, витамин В1 нь мэдрэлийн системийн өвчин хоол боловсруулах зүрх судас, элэгний архаг цочмог үрэвслийн үед хэвийн үйл ажиллагааг хангахад оршдог мөн хордлогын үед хэрэглэж болдог. Аналагин, димедрол зэрэг нь өвдөлт намдаах үрэвслийн эсрэг тайвшруулах гэх мэт үйлчилгээтэй юм. Декомитозон тариа зэрэг үрэвсэл болон харшлын үед мөн гуурсан хоолойг тэлэх багтраа өвчний үед хэрэглэж болдог юм.” гэх мэдүүлэг / хх-ийн 64, 66 /

8. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 4 дугаартай: 1. Талийгаач *******ы биед баруун тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба нас барахаас 7-9 хоногийн өмнө учирсан байх боломжтой байна. Уг гэмтэл нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 2. 3. 4. Талийгаач нь уушгины хатгалгаа өвчний улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. 5. Талийгаачийн цус болон ходоодны шингэнд хийсэн шүүх химийн шинжилгээгээр промилл спиртийн агууламж илрээгүй болно. 6. Талийгаачийн цус нь О (I) бүлгийн харьяалалтай байна...гэх дүгнэлт /хх-ийн 61-62 / 9. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хяналтын шалгалтын газрын чанарын хяналт, шалгалтын мэргэжилтэн М.Хонгорзулын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт гаргаж өгсөн 1. Шинжээч М.Хонгорзул миний бие Хүний их эмч мэргэжилтэй энэ мэргэжлээрээ 5 жил ажилласан. Мэргэжлийн хяналтын газар эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчаар 1 жил ажилласан. Одоо эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын чанарын хяналт, шалгалтын мэргэжилтнээр ажиллаж байна. 2. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын эмч *******гийн *******, Ганболдын Оюундарь, сувилагч Батцэцэгийн Оюун-Эрдэнэ нарыг танихгүй. Ах дүү төрөл садны ямар нэг холбоо байхгүй 3. Талийгаач ******* /РД:ВД79021111/-д үхэлд хүргэх суурь өвчтэй байсан эсэхийг мөн өвчин хэзээнээс эхэлсэн эсэх, талийгаачийг нас барахад ямар шатандаа байсан бэ зэрэг асуултад шүүхийн шинжээч эмч тогтоодог. 4. Талийгаачийн үхлийн шалтгааныг шүүхийн шинжээч эмч тогтооно. 5. Талийгаачийн үхлийн шалтгаан шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр уушгины хатгаа, амьсгалын хурц дутагдалд орж нас барсан гэж үзжээ. Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгаар үзүүлж эмчлүүлсэн яаралтай тусламжийн хуудсанд 2019 оны 12 дугаар арын 23-ны өдрийн 11:10 минутад “Архины шалтгаант хордлого” гэсэн онош тавьсан нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээс зөрж байна. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт болоод энэ өвчний талаарх мэдээллийг миний зүгээс тайлбарлах боломжгүй бөгөөд дүгнэлт гаргаж байгаа миний зүгээс стандарт, дүрэм журам, тушаалын хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй болно. Баянхонгор аймгийн хэмжээнд Нэгдсэн эмнэлэг цээжний рентген зураг авах бүрэн боломжтой. 6. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт болоод энэ өвчний талаарх мэдээлэлд миний зүгээс тайлбарлах боломжгүй бөгөөд дүгнэлт гаргаж буй миний зүгээс стандарт, дүрэм журам, тушаалын хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй болно. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт цээжний рентген зураг авах бүрэн боломжтой. 7. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11:20 минутад Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт ажиллаж байсан эмч “халуурна, амьсгаадна, цээжээр хатгана” гэсэн зовуурьтай өвчтөнд үйлчилгээ үзүүлэхдээ Монгол Улсын стандарт MNS6136:2010-ыг зөрчсөн байна. /5 хоног архи уусан гэсэн асуумжид илүү ач холбогдол өгсөн/ Өвчтөний оношилгоо буруу байсан тул эмчилгээ зөрж байгаа. Амь насыг аврах боломжийг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоох боломжгүй бөгөөд шүүх шинжилгээний албаны эмч тогтоодог. 8. 7,8,9,12, 13-р асуултын утга ерөнхий агуулга давхацсан байна. Монгол Улсын стандарт /MNS6136:2010/ энэ стандартад уушгины хатгааны оношилгоо эмчилгээний тухай заасан байдаг. 9. Талийгаачид эмчилгээ хийсэн сувилагчийн буруутай үйлдэл тогтоогдохгүй байна гэх дүгнэлт /Хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудас/ 10. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн 214 дугаартай гурван шинжээчийн: 1. ******* нь спиртийн цочмог хордлогоор нас баржээ. Баруун уушигны дээд дэлбэнгийн хатгаа нь хүндрээгүй, эмнэл зүйн шинжээр нь үхэлд хүргэхээргүй байна.               ******* эмч нь талийгаач *******д спиртийн хордлого гэж зөв оношилсон харин баруун уушигны дээд дэлбэнгийн хатгааг оношлоогүй байна. 3. Эмч *******ийн хийсэн эмчилгээ зөвлөгөө нь спиртийн цочмог хордлого оношинд тохирч байна. 4. Талийгаач эмнэлэгт үзүүлснээс хойш богино хугацаанд нас барсан нь эмнэлгийн хэвтүүлэн эмчилгээ хийгээд ч амь насыг аврах боломж багатай байжээ. 5. Эмч ******* нь талийгаач *******гийн биеийн байдлыг тухайн үед зөв эрэмбэлжээ. Монгол улсын стандарт “уушигны үрэвслийн оношилгоо эмчилгээ MNS 6136:2010-ийн 10-д зааснаар хэвтүүлэн эмчлэх шаардлаггүй байжээ. 11. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 550 дугаартай таван шинжээчийн:

1. Талийгаач ******* нь спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ.

2. Их эмч ******* нь талийгаач *******г спиртийн хордлого гэж зөв оношилсон байна.

3. Их эмч ******* нь онош зөв тавьж эмчилгээг зохих журмын дагуу зөв хийсэн байна.

4. Талийгаач нь эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэснээс хойш богино хугацаанд нас барсан байх бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээг үргэлжлүүлэн хийсэн нь амь насыг аврах болом муутай байжээ.

5. Талийгаач *******гийн биеийн байдлыг зөв үнэлж, эрэмбэлэн ангиллыг зөв хийсэн байна.

6. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 04 дугаартай шинжилгээний дүгнэлтийн 4 дүгээр заалтай санал нийлэхгүй байна. Материалаар гаргасан шүүх эмнэлгийн давтан шинжилгээ 214 тоот дүгнэлттэй санал нийлж байна гэх дүгнэлт 12. Иргэн *******ы нас барсны №0000226160 дугаар гэрчилгээ /хх-ийн 84 / болон хавтаст хэргийн 17-21 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хавтаст хэргийн 22-23 дугаар хуудсанд авагдсан цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 24-29 дүгээр хуудсанд авагдсан цоцсонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болон улсын яллагчаас *******ийг ажилд шилжүүлэн томилсон тушаал нэг хуудас зэргийг шинээр гаргах өгсөн нотлох баримт шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт их эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэн *******д эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас ******* нас барсан үйл баримт болсон гэж яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр ирүүлсэн бөгөөд шүүх Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 550 дугаартай таван шинжээчийн:

1. Талийгаач ******* нь спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ.

2. Их эмч ******* нь талийгаач *******г спиртийн хордлого гэж зөв оношилсон байна.

3. Их эмч ******* нь онош зөв тавьж эмчилгээг зохих журмын дагуу зөв хийсэн байна.

4. Талийгаач нь эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэснээс хойш богино хугацаанд нас барсан байх бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээг үргэлжлүүлэн хийсэн нь амь насыг аврах болом муутай байжээ.

5. Талийгаач *******гийн биеийн байдлыг зөв үнэлж, эрэмбэлэн ангиллыг зөв хийсэн байна.

6. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 04 дугаартай шинжилгээний дүгнэлтийн 4 дүгээр заалтай санал нийлэхгүй байна. Материалаар гаргасан шүүх эмнэлгийн давтан шинжилгээ 214 тоот дүгнэлттэй санал нийлж байна гэх дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна гэж дүгнэж шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч *******ийг цагаатгаж шийдвэрлэв. Учир нь шүүх талийгаач *******ы үхлийн шалтгааны талаарх таван шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг үнэлж дээрх шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт оршуулгын зардалд 4.600.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч *******ийн эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0015623 дугаарын гэрчилгээг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв. Мөн хэрэгт шүүгдэгч *******ийн эзэмшлийн газар өмчлөх 032000564дугаартай гэрчилгээг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2, 36.2 дугаар зүйлийн 5, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч *******ийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хохирогч *******гаас нэхэмжилсэн 4.600.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч *******ийн эмчлэх эрхийн үйл ажиллагаа явуулах 0015623 дугаартай зөвшөөрлийн гэрчилгээг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ийн эзэмшлийн газар өмчлөх 0320005647 дугаартай гэрчилгээг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ