Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 198

 

Г.Г-од холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

иргэний хариуцагч М.Батчулуун,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1803006540404 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Харчин овгийн Г.Г-, 1993 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барималчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Г.Г- нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 04 цаг 40 минутын үед, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД андууд” дэлгүүрийн зүүн урд замд, иргэн М.Батчулууны эзэмшлийн 81-55 УНЦ улсын дугаартай, “Toyota Corolla Spacio” загварын автомашиныг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарц дээр явган зорчигч Б.Энхбаатарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Тээврийн прокурорын газраас: Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Г-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 12.300.000 төгрөгөөс 3.650.000 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж, шүүгдэгчээс төлсөн гэх 400.000 төгрөгийг хасаж, үлдэх 8.250.000 төгрөгийг иргэний хариуцагч М.Батчулуунаас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бямбабаясгаланд олгож, хохирогч Б.Энхбаатар болон түүний төлөөлөгч нар хангахгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргах, 00527587 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг М.Батчулуунд олгох, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 400.000 төгрөг төлсөн зэргийг тус тус дурьдаж, шүүгдэгч Г.Г-ыг цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Өөрийн гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хохирогчид сайн дураараа 400.000 төгрөгийг төлсөн. Цаашид ч шаардлага гарвал шүүхийн шийдвэрт тусгагдсан эсэхээс үл хамааран өөрийн боломж бололцооны хэрээр хохирогчид туслалцаа үзүүлэхээ илэрхийлж байна. Анхан шатны шүүх хуралдаанд миний өмгөөлөгч Л.Ганцэцэг надад тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгөхийг хүссэн боловч шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг хэрхэн, яаж төлөх талаар тодорхой баримтгүй, хохирогч Б.Энхбаатарын эрүүл мэнд хэвийн болж эдгэрээгүй, хохирогч гомдолтой байгаа зэргийг үндэслэн...” гэж дүгнэн уг хүсэлтийг хүлээн аваагүйд гомдолтой байна. Миний бие урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, зарим залуусын адил зугаа цэнгэл, хөнгөн хийсвэр амьдарлаар амьдраагүй ба мэргэжил сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцаж барималчин мэргэжлээр төгссөн, өөрийн хөдөлмөрөөр олсон орлогоор эхнэр, хүүхдээ тэжээн тэтгэж, шударгаар амьдарч байсан. Гагцхүү тухайн үед самбаачилж чадаагүй, санамсар болгоомж алдсан үйлдлээсээ болж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсандаа харамсаж байна. Иймд хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан надад хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тэрээр эх, бага насны 2 дүүгийн хамт амьдардаг. Туслах үсчин хийж ар гэрээ тэжээн тэтгэдэг. Нэн ядуу өрхийн бүртгэлд байдаг. Шүүгдэгч Г.Г- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Түүнчлэн хохирогчид эмнэлгийн тусламжийг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье...” гэв.

Иргэний хариуцагч М.Батчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй тул Г.Г-ыг тэнсэж, хохирол төлбөрөөс хамтран хариуцуулж өгөхийг хүсье...” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-ын гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            Г.Г- нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 04 цаг 40 минутын үед, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД андууд” дэлгүүрийн зүүн урд замд, иргэн М.Батчулууны эзэмшлийн 81-55 УНЦ улсын дугаартай, “Toyota Corolla Spacio” загварын автомашиныг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарц дээр явган зорчигч Б.Энхбаатарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Г- нь “...2018 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 04 цагийн үед, эхнэр Баасанжаргалын хамт хадам эцэг Батчулууны автомашиныг жолоодоод “ТБД андууд” дэлгүүрийн урд замд явж байхад гэнэт нэг хүн автомашины урдуур ороод ирсэн. Би хараад тоормос гишгэж амжилгүй мөргөсөн. Надад мөргүүлсэн явган зорчигч явган хүний гарцаар гарч байсан...” /хх-ийн 155/ гэж зам тээврийн осол гаргасан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Б.Баасанжаргалын “...явган хүний гарцаар хойноосоо урагш чиглэлтэй цамцныхаа малгайг өмсчихсөн нэг хүн зам хөндлөн гараад ирсэн. Тэгээд би тэр хүнийг хараад нөхөртөө зогс гэж хэлж амжаагүй байхад нөгөө хүнийг шууд очоод мөргөчихсөн...” /хх-ийн 102/,

гэрч Т.Батзоригийн “...“ТБД андууд” дэлгүүрийн урд зам дээр нэг хүн газар хэвтчихсэн хажууд нь нэг автомашин зогсож байсан. Тэгэхээр нь би явган хүн автомашинд мөргүүлсэн юм байх гэж бодоод цагдаад дуудлага өгчихөөд яваад өгсөн...” /хх-ийн 104/,

иргэний хариуцагч М.Батчулууны “...Г- миний эзэмшлийн 81-55 УНЦ улсын дугаартай, “Toyota Corolla Spacio” загварын автомашинаар эмнэлэг ороод ирье гэхээр нь өгөөд явуулсан. 04 цаг өнгөрөөгөөд над руу утасдаад “хүн мөргөчихлөө” гэж хэлсэн...” /хх-ийн 200/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-25/, хохирогч Б.Энхбаатарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9019 дугаартай дүгнэлт /хх-ийн 113-114/, осол гаргасан тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 179-180/, зам тээврийн осол гарсан байдлыг харуулсан хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30/ зэргээр нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, хорих ял эдлэх байгууллагын дэглэм нөхцлийг хуульд нийцүүлэн тогтоосон байна.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бямбабаясгалангийн гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон, үүнээс шүүгдэгч Г.Г-ын төлсөн хэсгийг хасаж, үлдэх төлбөрийг иргэний хариуцагч М.Батчулуунаас гаргуулж, цаашид гарах эмчилгээний зардал буюу урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээтэй.

Шүүх дээрх заалтуудыг хэрэглэхдээ хохирогчийн гомдол санал, хор уршиг арилсан байдлыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Хэдийгээр шүүгдэгч Г.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлынхоо зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энхбаатар биедээ хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, цаашид мэс ажилбар хийлгэх шаардлагатай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бямбабаясгалан гомдолтой байгаагаас гадна, мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Г-оос явган зорчигчийг анх мөргөсөн “А” цэгийг буруу зааж, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Г-ын эдэлбэл зохих үндсэн болон нэмэгдэл ялын хэмжээ нь гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, түүний гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                              ШҮҮГЧ                                                                        Д.ОЮУНЧУЛУУН

                              ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН