Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2015/0244

 

Б.Наваан-Юндэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяадаргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаН.Батзориг, нэхэмжлэгч Б.Наваан-Юндэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа, хариуцагч Л.Болормаанарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор,Б.Наваан-Юндэнгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Наваан-Юндэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллах хугацаандаа нэхэмжлэгч Б.Наваан-Юндэнтэй холбоотой асуудлуудаар ажлын байрны тодорхойлолт шинэчлэн боловсруулж гаргасан, манай бүтэц орон тоо шинэчлэгдэж, 12 ажилтны орон тоотой болж ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулаад Б.Наваан-Юндэнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн ажлыг хариуцуулсан, энэ ажлыг Б.Наваан-Юндэн 2011 оноос хойш хариуцаж ажиллаж байсан байдаг. Ингээд бүтэц орон тоо нэмэгдэж байгаа учраас Б.Наваан-Юндэнг яг энэ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн ажлыг хариуцуулаад бүх дотоод ажлаас чөлөөлсөн байгаа. Үүнийг хамт олны хурлын тэмдэглэл дээр нарийн тусгаж өгсөн. Б.Наваан-Юндэнд давуу талуу их байдаг, ажил зохион байгуулах тэр тусмаа ямар нэгэн уралдаан тэмцээн зохион байгуулах талаараа маш сайн боловч өөрийнхөө албан ажилд юу хийсэн нь харагдахгүй байсан. Хагас жилийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн мэдээ тайлан байхгүй, энэ зөвлөл нь 21 гишүүн байдаг. Энэ 21 гишүүдэд жилийн ажлын төлөвлөгөөг карталж өгөөгүй. 2014 оны 06 дугаар сард Цагдаагийн эрх зүйн байдлын тухай хууль өөрчлөгдөж үүнтэй холбогдуулаад Иргэний зөвлөл байгуулах асуудал гарч ирсэн боловч төсөв байгаагүй. Хууль зүйн яамд Иргэний зөвлөл байгуулаагүй байна гэсэн. Иймээс нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлтэй гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дүгээр зүйлийн 25.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б.Наваан-Юндэнгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 22 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэврлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбаяр давж заалдах гомдолдооЗахиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан "Иргэний зөвлөл" байгуулах ажилтай холбоотойгоор төсөв хянуулахад хугацаа хоцорсон асуудлыг нэхэмжлэгч Б.Наваан-Юндэнд хамаатуулж байгаа нь учир дутагдалтай юм. Учир нь нэхэмжлэгч энэ асуудлыг хариуцаж өөрөөс шалтгаалах судалгаа, зар мэдээ гаргах, ажлын хэсгийг цуглуулах зэрэг ажлуудыг хийж байсан бөгөөд удирдлагаас өгсөн үүргийг хэрэгжүүлж байсан байхад ажлын хэсгийн хариуцлагыг зөвхөн Б.Наваан-Юндэнд хамааруулж болохгүй гэж үзэж байна. Уг ажлын хэсгийг хариуцагч Л.Болормаа өөрөө ахалж байсан

юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан аймгийн Санхүү, төрийн сангийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 6/1930 тоот албан бичиг нь тухайн үед Сангийн яаманд "төсөв хянуулаагүй" гэсэн утгатай бөгөөд Иргэний зөвлөлийн 2015 оны төсөв нь 2014 оны төсвийн тодотголоор батлагдаж хэрэгжсэн байна. Энэ талаар хавтаст хэрэгт гэрч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Дэлгэржаргал тодорхой тайлбар өгсөн. Хавтаст хэрэгт телевизийн зар өгч байсан зэрэг баримтыг хавсаргасан болно.

2. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Б.Наваан-Юндэнг "хийсэн
ажлын тайлан байхгүй, шүүх хуралдааны явцад ажлын тайлангаа танилцуулж байсан боловч нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй" гэж үзсэн асуудал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг гүйцэтгэнэ" гэсэн заалтыг зөрчсөн, шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3 Нэхэмжлэгч ажил олгогчтой байгуулсан үр дүнгийн гэрээний эхний хагас
жилийн биелэлтийг бичгээр гаргаж өгсөн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт хавсаргасан байхад шүүх "үр дүнгийн гэрээний хагас жилийн биелэлт байхгүй байгаа" гэж үнэлсэн мөртлөө "гэрээний биелэлтээ 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дүгнүүлсэн" гэж дурьдсан нь ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч Б.Наваан-Юндэнг гэрээний биелэлтээ "F" буюу
хангалтгүй үнэлгээ авч дүгнүүлсэн гэж үндэслэх хэсэгт дурдсан нь шүүхийн шинжилгээний байгууллагаар "хуурамч гарын үсэгтэй" гэж батлагдсан хууль бус нотлох баримтыг үнэлсэн байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д заасныг ноцтой зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч хуурамч гарын үсэгтэй гэрээ дүгнэсэн илтгэх хуудасыг нөхөж гаргаж өгсөн байхад шүүх түүнийг нягтлан шалгаагүй байна.

Б.Наваан-Юндэнг өмнө нь арга хэмжээ авагдаж байсныг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан байгаа нь цаг хугацааны хувьд "өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй" гэж 2014 оны 07 дугаар сард арга хэмжээ авагдсан хүн дахиад сар хагасын дараа буюу 08 дугаар сарын 19-ний өдөр мөн "өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй" гэсэн өмнө нь арга хэмжээ авагдсан үндэслэлээрээ ажлаас халагдаж байгаа нь Төрийн албаны хуульд заасан "нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй байх", ажлаас халах гол заалт болж байгаа Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д заасан "давтан" гэдэгт цаг хугацааны хувьд хамаарахгүй гэж бодож байна. Б.Наваан-Юндэнд цалингийн арга хэмжээ авсан тушаал нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний ы өдөр биш сарын дараа буюу 08 сар гарсан хойно гарч Б.Наваан-Юндэнд мэдэгдсэн бөгөөд энэ асуудлаас болж Б.Наваан-Юндэн хариуцагч Л.Болормаатай маргаж, удалгүй ажлаас халах тушаал гарсан байдаг. Нөгөө талаар цалингийн арга хэмжээ авсан тушаалд сарын цалинг 20 хувь бууруулахаар заасан ч хэрэгт авагдсан цалингийн цэсэнд 4 хоногийн цалин хассан байгаа нь тухайн үеийн шийтгэл бодитой гарсан тушаалаар биш баримжаагаар цалин хассан нь нотлогдож байна. Гэтэл шүүх энэ асуудлыг нэг мөр шалгаж тогтоогоогүй мөртлөө шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан байна.

Хариуцагчийн Б.Наваан-Юндэнг ажлаас халсан хууль зүйн үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дахь заалт, түүнийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарт "2 буюу түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" гэдгийг тодорхой заасан бөгөөд Л.Болормаа нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн зохицуулалтанд хамаарах үр дүнгийн гэрээ дүгнэсэн үндэслэлээр төрийн албан хаагчийг ажлаас халсан байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Б.Наваан-Юндэнг Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч ...би хариуцсан ажлын хагас жилийн тайлан, мэдээг гаргаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хагас жилийн ажлын тайланд нэгтгэн ажилласан. Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн жилийн ажлын төлөвлөгөөг батлуулан, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гаргаж, биелэлтийг тооцон ажиллаж байсан... гэж маргасан.

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийн хүрээнд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, дүгнэх үүргээ биелүүлээгүй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Тэргүүлэгчид өөрөө тогтооно гэж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд... аймагт... түүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар толгойлуулсан орон тооны бус зохицуулах зөвлөл зохицуулах-аар заажээ.

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09А дугаар тушаалаар Б.Наваан-Юндэнг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтнаар томилсон байна.

Мөн Б.Наваан-Юндэнгийн нийгмийн даатгалын дэвтэрт 2010-2015 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажиллаж байсан тухай болон түүний эрхэлж байгаа ажил, албан тушаалыг Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэж тэмдэглэжээ.

Хэрэгт авагдсан, Говь-Алтай аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олны хурлын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны дотоод журам зэрэг нотлох баримтуудаар ажилтнуудын орон тоо шинээр нэмэгдэж байгаатай холбогдуулан хэрэгжүүлэх ажил үүргийн хуваарийг тодорхой болгох үүднээс ажилтнуудын хүсэлтийг харгалзан хариуцах ажлыг өөрчлөн хуваарилж баталжээ.

Уг асуудлын хүрээнд Б.Наваан-Юндэнг түүний эрхлэн хэрэгжүүлж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлыг О.Аюурзана давхар хариуцаж байсныг өөрчилж, дээрх ажлыг Б.Наваан-Юндэнд хариуцуулан гүйцэтгүүлэх боломжтой гэж шийдвэрлэжээ.

Гэтэл нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг үндэслэн 2014 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй дүгнүүлсэн, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн тайлан мэдээг гаргаж дүгнүүлээгүй, 3 дугаар улиралд хийхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэл байхгүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан боловч түүнийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэх талаарх нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Түүнчлэн Б.Наваан-Юндэнтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг хэрхэн дүгнэсэн, тэрээр ажлын байрны тодорхойлолтод заасан ямар чиг үүргийг хэрэгжүүлээгүй талаар болон өөрийн хариуцсан ажлыг хэрхэн гүйцэтгэж байсныг шалгаж, холбогдох нотлох баримтыг цуглуулах нь хэрэгт нотолгооны ач холбогдолтой гэж үзэхээр байна.

Тухайлбал, хариуцагч Л. Болормаа 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлыг хүлээн авснаас хойш Б.Наваан-Юндэнгийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулсан гэж тайлбарласан байхад ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй байна. Иймд Б.Наваан-Юндэнгийн ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт авч, үр дүнгийн гэрээ шинэчлэгдсэн эсэх, хэдийд байгуулсан ямар үр дүнгийн гэрээг үндэслэн ажил дүгнэсэн зэргийг шалгах шаардлагатай. Говь-Алтай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2014 онд зохиох ажлын төлөвлөгөөг тус зөвлөлийн гишүүдийн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар баталсан байх тул ажлын гүйцэтгэлийг ямар хугацаанд, хэн дүгнэх эсэхийг тодруулах нь зүйтэй .

Ийнхүү шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангуулан цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН