Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 037

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж, 
нарийн бичгийн дарга: М.Айдынгүл,
орчуулагч: Т.Маншүк,
улсын яллагч: Т.Серикжан,
хохирогч: С.Өзгерис,
шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Улаан соён овогт Даваахүүгийн Эрдэнэбилэгт холбогдох 201604000118 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
    Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг: Монгол Улсын иргэн, яс үндэс урианхай, Улаан соён овгийн Даваахүүгийн Эрдэнэбилэг, БА90020818 регистрийн дугаартай, 1990 оны 02 сарын 08-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Алтай сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Д.Эрдэнэбилэгийн холбогдсон хэргийн талаар:
    Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нь 2016 оны 05 дугаар сарын 23-аас 24-ний өдөрт шилжих шөнө Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Баханайн гэрийн гаднаас иргэн С.Өзгерисийн Мустанг-5 маркийн хар өнгийн мотоциклыг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчийн мотоциклыг санамсаргүй хулгайлсан. Би хулгай хийсэндээ гэмшиж байна” гэв. 
- Хохирогч С.Өзгерис шүүхийн хэлэлцүүлэгт: “... Шүүгдэгч хохиролд нэг тугалтай үхэр өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй ” гэв. 
    Мөн шүүх хуралдаанд: Эрүүгийн хэрэг үүсгэж байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, С.Өзгерисийг хохирогчоор байцаасан тэмдэглэл, гэрч О.Ганзориг, Д.Бямбадорж нарыг байцаасан тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын шинжээч А.Асетийн дүгнэлт, Д.Эрдэнэбилэгийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
Шүүгдэгч Д.Эрдэнэбилэгийн гэм буруугийн талаар: 
    Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нь 2016 оны 05 дугаар сарын 23-аас 24-ний өдөрт шилжих шөнө Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Баханайн гэрийн гаднаас иргэн С.Өзгерисийн Мустанг-5 маркийн хар өнгийн мотоциклыг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Хохирогч С.Өзгерисийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн орой 20 цагийн орчимд ах болох С.Баханайгийн гэрт өөрийн мустанг-5 маркийн мотоциклоор ирж мотоциклоо Баханайгийн гэрийн хажууд С.Баханайгийн мотоциклын хажууд тавьж Баханай бид хоёр хөдөө явж айлуудаас ноолуур худалдаж аваад шөнийн 01 цагийн үед С.Баханайгийн гэрт ирээд гэртээ буцах гэж мотоцикл байсан газар очиход миний мотоцикл байхгүй байсан. Би С.Баханайд хандаж миний мотоцикл тавьсан газарт байхгүй байна гэхэд ах чинь С.Серикжан унаад явсан байх гэж хэлсэн. Маргааш нь үүр цайх үед явган гэртээ очиж Серикжанаас мотоциклыг чи унаад явсан уу гэхэд аваагүй гэсэн. Би найз нар маань аваад явсан байх гэж бодоод найз нараас асуухад байхгүй, аваагүй гэсэн. Тэгээд би цагдаа Гантулгад ирээд мотоцикл алга болсон талаар мэдэгдсэн ба 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хэсгийн төлөөлөгч Б.Нияз мотоцикл Буянт сумаас олдсон. Д.Эрдэнэбилэг хулгайлж авсан байна гэж мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, 
    - Гэрч О.Ганзоригийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 08 цагийн үед босоод гал түлэх гэж байхад манай нүүрсний амбаарт хар өнгийн мустанг-5 маркийн мотоцикл байсан ба хэн мотоциклоо тавьсан бол гэж эхнэрт хэлээд гэртээ байж байхад Эрдэнэбилэг гаднаас орж ирэхээр нь чи хэзээ, хаанаас, юугаар ирсэн вэ гэж асуухад би мотоциклоор ирсэн. Миний мотоцикл эвдэрчихсэн болохоор танай амбаарт тавьчихаад өөр айлд хоноод ирлээ. Одоо мотоциклоо янзлаад хөдөө гэрлүүгээ явна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, 
    - Гэрч Д.Бямбадоржын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 20 цаг өнгөрч байх үед Алтай сумын иргэн Д.Эрдэнэбилэг гэгчтэй Бөлтөш гэх хүний дэлгүүрийн гаднаас таарсан. Эрдэнэбилэг надад би Алтай сумаас ирсэн танд мөнгө байвал зээлээч гэсэн. Надад мөнгө байхгүй гэхэд явчихсан. Гэртээ ирэх үед Эрдэнэбилэг миний араас ирж танай гэрт хонохоор ирлээ гэхээр нь гэрт хоновол хоно. Манай хашаанаас эд зүйл хулгайд алдагдаж магадгүй  урьд  нь  мотоциклын дугуй  хулгайд  алдагдаж байсан.  Чи мотоциклоо Ганзоригийн хашаанд тавьж тэдний гэрт хоночих гэж хэлсэн. Эрдэнэбилэг мотоциклоо хөтөлж аваад яваад хэсэг хугацааны дараа манай гэрт буцаад ирж би мотоциклоо Ганзоригийн амбаарт оруулчлаа. Танай гэрт хонохоор ирлээ гэхээр нь хонуулсан. Д.Эрдэнэбилэг надад хэлэхдээ: өөрийнхөө мотоциклыг зарах гэсэн юм. Та авна гэвэл хямд үнээр өгнө. Таны мотоциклын дугуй нь алдагдсан бол миний мотоциклын дугуйг 60.000 төгрөгөөр худалдаж ав гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, 
    4. Шүүгдэгч Д.Эрдэнэбилэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хөдөөнөөс сумын төв ирж таньдаг ах нартай хамт архи уусан. Согтуу явж байгаад шөнө 01 цагийн үед гудамжинд явж байгаад айлын хажууд хар өнгийн мустанг-5 маркийн мотоцикл байсныг хулгайгаар унаж явсан ба нэг мэдэхэд “тошын” гэх газарт ирж мотоциклоос унасан. Тэр үед миний ухаан орсон. Маргааш өглөө тус мотоциклоор Буянт сум руу ороод хүргэх ах болох Дэмбээ гэгч хүний гэрт очоод тэнд хонохоор болсон. Дэмбээ надад мотоциклоо манай хашаанд битгий тавь алга болно гэхээр нь Ганзоригийн гэрт очоод хаалга тогших үед хаалгаа онгойлгоогүй. Ганзоригийн хаалгагүй амбаар байхаар нь мотоциклоо тэнд тавиад буцаж Дэмбээгийн гэрт очоод хоносон ба маргааш өдөр нь Буянт сумын хэсгийн төлөөлөгч Тилекберген намайг барьж аваад мотоциклоо асуусан юм. Мотоциклын байгаа газрыг хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, 
    - Алтай  сумын Засаг даргын тамгын газрын шинжээчийн 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
    Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгчид хуульд заасан ялыг оногдуулах бүрэн үндэслэлтэй байна. 
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. 
Шүүхийн шүүмжлэлд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэсэн бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэргийн зүйлчлэлд мэтгэлцээнгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Эрдэнэбилэгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан албадан ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ. 
Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. 
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эрдэнэбилэгт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.88 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Улаан соён овогт Даваахүүгийн Эрдэнэбилэгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Улаан соён овогт Даваахүүгийн Эрдэнэбилэгийг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 
3. Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай. 
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эрдэнэбилэгт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Эрдэнэбилэгт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      А.ДАУРЕНБЕК