| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2017/0211/Э/001/2018/0507 |
| Дугаар | 2017/ШЦТ/209 |
| Огноо | 2017-06-05 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Р.БАТНАСАН |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2017/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Р.Батнасан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батбаатар
Шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт Мандахын М.Тийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201525020496 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1958 оны 5 дугаар сарын 7-нд Өмнөговь аймгийн Цогтовоо суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цаг уурын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 26-18А тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Мандахын М.Т /регистрийн дугаар ...............
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.Т нь согтуугаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28-16 Б тоотод 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн дүү М.Эрдэнэбатыг цээжний зүүн урд болон зүүн ард хэсэгт 2 удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Т шүүх хуралдаанд “...2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн үед гахайн торой зарахаар талийгаач бид хоёр бөмбөгөр зах орсон. Бөмбөгөр зах ороод гахайн тооройгоо зараад 1 цагийн үед бид хоёр буцаж явахдаа нэг шил архи авч гэрт очиж уусан. Тэгээд гэрт байж байтал Батбаяр ирээд бид гурав 0.33 гр архи хувааж уусан. Дараа нь дахиад 0.75 гр архи талийгаач явж авчирсан Батгэрэл, Батбаяр би, талийгаач бид нар бүгд хувааж уусан. Би согтоод унтаад өгсөн тэрнээс цааш би мэдэхгүй. 23 цагийн үед Н.Чимэд, Ж.Батбаяр өөр нэг залуутай хаалга цохиж тогшсон ба би хаалга нээж өгсөн. Тэр 3 орж ирээд “М.Эрдэнэбатыг нас барсан байна” гэж хэлсэн, би тэгэхэд юу ч мэдээгүй байсан. Тэгээд цагдаа, түргэн дуудаад би хэлтэс рүү явсан...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…тэр өдөр дүү Эрдэнэбат бид 2 өглөө босоод гахайн тоорой зарж борлуулах гэж 2 уулаа бэлэн болсон тооройгоо Бөмбөгөр зах руу 2 уулаа авч гараад бөмбөгөр зах дээр тооройгоо 100,000 төгрөгөөр зарсан юм тухайн үед тооройны толгойг аваагүй юм ингээд дүүтэйгээ 2 уулаа Бөмбгөрөөс 0,75 граммын Бурхан-халдун архи авч хоёулаа хувааж ууж дуусгасан юм энэ үед нөгөө гахайн толгойгоо хэн нь шулахаас болж хоорондоо маргалдсан би болохоор толгой шулахгүй усандаа явна гэж хэлсэн тэгээд үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л хаалга нүдээд байсан тул би гарч гэрийн үүдний тамбарын хаалгаа дотор талаас нь онгойлгож өгөхөд Чимэд Батбаяр 2 орж ирсэн Чимэд баруун орон дээр хэвтэж байсан Эрдэнэбат дээр очсоноо хөшчихсөн байна ш дээ гэхээр би очоод хартал хөшчихсөн байхаар нь хартал өмд нь цус болчихсон байсан бөгөөд Чимэд миний утсаар цагдаа түргэн дуудсан... би хамгийн сүүлд өөрийн төрсөн дүү М.Эрдэнэбаттай үлдсэн маань үнэн учир нь орой Чимэд хаалга тогшиход би өөрөө онгойлгосон энэ үед дүүгээс маань өөр ямар ч хүн байгаагүй…” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 216-218/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батбаатар шүүх хуралдаанд“…Аав маань авга ахтай маань 20 жил хамт амьдарсан. Би бас авга ахтайгаа хэдэн жил хамт амьдарч байсан. Авга ахыгаа ямар ааш араншинтай хүн гэдгийг би сайн мэднэ. Энэ хоёр маань хоорондоо харилцаа холбоо маш сайн улсууд. Авга ахыгаа ийм зүйл хийсэн гэж үзэхгүй байна. Би хавтаст хэргийн материалтай хэд хэдэн удаа танилцсан. Хавтас хэргээс хархад авга ахыгаа ийм зүйл хийснийг би олж харахгүй байна. Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...2015 оны 4 дүгээр сарын 25-ны орой 23 цагийн үед талийгаачийн найз Дэнгээ гэх хүн манай авга Эрдэнэчулуун руу залгаад талийгаачийг нас барсан талаар хэлсэн юм байна лээ. Харин над руу Эрдэнэчулуун ах залгаад аавын чинь бие муу байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би аавынхаа гэрт ирэхэд цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан, намайг дотогш оруулаагүй. Харин манай аавын төрсөн ах М.Тийг цагдаа нар машиндаа суулгасан байсан. Би уулзаж чадаагүй. Хоорондоо дотно харилцаатай байдаг юм. Бараг л эхнэр, нөхөр шиг бие биедээ амь байдаг юм. Цагаан сарын дараахан манай аав Өмнөговь аймгийн Цогтоо суманд бараг 1 жил гаран амьдарч байгаад Улаанбаатар хотод ирсэн юм. Би тэр үед Солонгосоос ирсэн байсан. Аавыг Өмнөговиос тосч аваад гэрт нь хүргэж өгөхөд М.Т ах бууз чимхчихсэн, сайхан л угтаж авч байсан. Хоорондоо уйлалдаад л золгож байсан юм. Би М.Т ахыг энэ хэрэгт буруугүй гэж үзэж байна. Мөнгөө, Дэнгээ, Хөхөө нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгуулмаар байна …” гэсэн мэдүүлэг /2-р хавтас х-93, 94/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон М.Бүрэнчулууны “…ах М.Т маань 2000 оны үеэс СБД-ийн 11-р хороо Алтайн 26-18-А тоотод монгол гэр барин дүү Эрдэнэбатын хамтаар амьдардаг байсан ах эрүүлдээ бол ямар нэгэн маргалдах зүйл гардаггүй харин архи дарс уусан үедээ ахуйн маргааны улмаас хоорондоо маргаад байдаг юм... ах нар маань бие биенээ алчих хүмүүс биш…” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 37, 38/
Гэрч Ж.Батбаярын “…2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Эрдэнэбат, М.Т хоёртой сууж байгаад 17 цаг өнгөрч байх үед Эрдэнэбат намайг хашаанаас гаргаж өгөөд Эрдэнэбат, М.Т хоёр л гэртээ үлдсэн юм.” /1-р хавтас х-88/,
Гэрч Г.Гэрэлт-Одын “…2015 оны 04 сарын 25 ны орой 23 цагийн орчимд гэрээсээ гарч манай гудамжинд байрлах хүнсний дэлгүүр лүү орж 0,33 граммын хараа архи 1 шилийг аваад гарч явах үедээ Батбаяр, Жаахнаа Чимэд ах нартай тааралдсан уг архийг хуваагаад уучихъя гэхэд Чимэд ах М.Тийн гэрт ороод уучихъя гэсэн хаалган дээрээ 18Б гэсэн хаягтай хашаа руу ортол хашаанд 2 гэр байсан зүүн талд байсан тамбартай гэрт ороход Чимэд ах хаалгыг татахад цоожтой байсан тэгэхээр нь хаалгыг нь нүдтэл 2-3 минут орчим халгаа онгойлгоогүй тул Чимэд ах Оёо гээд дуудтал хаалгаа онгойлгож өгсөн бид 3 дотогш ороход Оёо гэгч хойд талын орон дээр Эрдэнэбат гэж яриад байгаа хүн баруун талын орон дээр унтаж байгаа харагдсан ба дээгүүрээ нүцгэн доод талын өмдний хэсэг нь цус болсон харагдаж байсан Чимэд ах очсоноо босоорой гэснээ “бие нь хөрчихсөн байна ш дээ хүйтэн болчихсон байна. Үхчихсэн юм биш үү” гэхэд Ооёо “юу гэж үхэх юм” гээд байсан. Чимэд ах “утсаа өг. Түргэн дуудах хэрэгтэй байна.” гэхэд “байхгүй пизда минь Эрдэнэбатад байгаа” гэж орилсон. ...Чимэд ах хажуу айлын хүний утсаар түргэн цагдаа дуудсан ингээд цагдаа нарыг иртэл нь би хэргийн газарт байсан…” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 53, 54/,
Насанд хүрээгүй гэрч Б.Хулангийн “…2015 оны 04 сарын 25-нд 17 цагийн үед гэртээ ирээд сууж байтал хашааны хаалга дугараад би гэрийн үүдээр харахад 3 хүн Эрдэнэбат ахын гэрт явж ороод 5-10 минут болоод буцаад гарч явсан. Тэр үед би харахад Эрдэнэбат ах өөрөө хашааны хаалга түгжээд буцаад гэртээ орж байсан үүнээс хойш ямар нэгэн хүн хашаанд орж ирээгүй 20 цагийн үед аав, ээж 2 ирээд бид 22 цагийн үед унтсан ба 23 цагийн үед хүн хаалга цохиод “Хажуу айлын хүн нас барсан байна. Түргэн дуудаад өг” гэж хэлж байсан. ...18 цагийн үед Эрдэнэбат ах хаалгаа түгжээд гэртээ орж байхыг би харсан. Тэр өдөр Эрдэнэбат ахын гэрт маргаан зодоон болоогүй …” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 145, 146/,
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ¹788 тоот актын “Талийгаач М.Эрдэнэбатын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч, зүүн уушиг, үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач М.Эрдэнэбат нь дээрх гэмтлийн улмаас зүрх, судас, амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ.” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас х-151, 152 /
Шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэг: Талийгаачид цогцосны үзлэгийг 2015.04.26-ны үүрээр хийсэн байгаа. Энэ үед талийгаач нас бараад 10 цаг гаран хугацаа өнгөрсөн гэдэг нь 2015.04.25-ны 19-20 цагийн орчимд нас барсан байх боломжтой. /1-р хавтас х-157/, …2 шархыг талийгаач нь өөртөө үүсгэх боломжгүй. /2-р хавтас х-133/
Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл:… Ширээний баруун талын шургуулгыг онгойлгож үзэхэд ... ажлын хэсэг нь 13,3 см, бариул нь 12 см урттай цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан металл, иш болон ажлын хэсэг дээр “jinli” гэсэн бичиг логотой хутга байсныг “9” гэж дугаарлан эд мөрийн баримтаар хураан авлаа…/1 дүгээр хавтас х-5-6/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас х-4-6/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас х-8-14, 16-18, 27-28, 32-34/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас х-15/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтас х-21-23/, хүний бие болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас х-25, 26/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас х-29-31/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хавтас х-23/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /2-р хавтас х-26-36/, туршилт хийсэн тэмдэглэл, фото зургийн хамт /3-р хавтас х-30-34/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /3-р хавтас х-35-36/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаж үзээд шүүгдэгч М.Тийг дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна гэж үзэж, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Прокуророос шүүгдэгч М.Тийг архи ууж согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28-16 Б тоотод 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн төрсөн дүү М.Эрдэнэбатыг цээжний зүүн урд болон зүүн ард хэсэгт 2 удаа хутгалж санаатай алсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж чадахгүй байна.
Хэдийгээр 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 06-ны Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28-16 Б тоотод талийгаач М.Эрдэнэбат нь цээжний зүүн урд болон зүүн ард хэсэгт 2 удаа хутгалагдаж “…цээжний хөндийд нэвтэрч, зүүн уушиг, үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх…” гэмтлийн улмаас нас барсан үйл баримт байгааг үгүйсгэх боломжгүй ч гагцхүү шүүгдэгч М.Тийн үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг гарсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Учир нь: Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн яллах нотлох баримтууд болох хэрэгт яллагдагчаар татагдсан М.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батбаатар, М.Бүрэнчулуун, гэрч Ж.Батбаяр, Г.Гэрэлт-Од, насанд хүрээгүй гэрч Б.Хулан нарын мэдүүлэг нь шүүгдэгч М.Тийг өөрийн төрсөн дүү М.Эрдэнэбатыг санаатай алсан гэх үйл баримтад шууд холбогдолгүй байна.
Өөрөөр хэлбэл Гэрч Ж.Батбаярын “…2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Эрдэнэбат, М.Т хоёртой сууж байгаад 17 цаг өнгөрч байх үед Эрдэнэбат намайг хашаанаас гаргаж өгөөд Эрдэнэбат, М.Т хоёр л гэртээ үлдсэн юм.” /1-р хавтас х-88/,
гэрч Г.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтад өгсөн “…2015 оны 04 сарын 25 ны орой 23 цагийн орчимд гэрээсээ гарч манай гудамжинд байрлах хүнсний дэлгүүр лүү орж 0,33 граммын хараа архи 1 шилийг аваад гарч явах үедээ Батбаяр, Жаахнаа Чимэд ах нартай тааралдсан, уг архийг хуваагаад уучихъя гэхэд Чимэд ах М.Тийн гэрт ороод уучихъя” гэсэн хаалган дээрээ 18Б гэсэн хаягтай хашаа руу ортол хашаанд 2 гэр байсан зүүн талд байсан тамбартай гэрт ороход Чимэд ах хаалгыг татахад цоожтой байсан. тэгэхээр нь хаалгыг нь нүдтэл 2-3 минут орчим халгаа онгойлгоогүй тул Чимэд ах Оёо гээд дуудтал хаалгаа онгойлгож өгсөн бид 3 дотогш ороход Оёо гэгч хойд талын орон дээр Эрдэнэбат гэж яриад байгаа хүн баруун талын орон дээр унтаж байгаа харагдсан ба дээгүүрээ нүцгэн доод талын өмдний хэсэг нь цус болсон харагдаж байсан Чимэд ах очсоноо босоорой гэснээ “бие нь хөрчихсөн байна ш дээ хүйтэн болчихсон байна. Үхчихсэн юм биш үү” гэхэд Ооёо “юу гэж үхэх юм” гээд байсан. Чимэд ах “утсаа өг. Түргэн дуудах хэрэгтэй байна.” гэхэд “байхгүй пизда минь Эрдэнэбатад байгаа” гэж орилсон. ...Чимэд ах хажуу айлын хүний утсаар түргэн цагдаа дуудсан ингээд цагдаа нарыг иртэл нь би хэргийн газарт байсан…” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 53, 54/,
Насанд хүрээгүй гэрч Б.Хулангийн мөрдөн байцаалтад өгсөн “…2015 оны 04 сарын 25-нд 17 цагийн үед гэртээ ирээд сууж байтал хашааны хаалга дугараад би гэрийн үүдээр харахад 3 хүн Эрдэнэбат ахын гэрт явж ороод 5-10 минут болоод буцаад гарч явсан. Тэр үед би харахад Эрдэнэбат ах өөрөө хашааны хаалга түгжээд буцаад гэртээ орж байсан үүнээс хойш ямар нэгэн хүн хашаанд орж ирээгүй 20 цагийн үед аав, ээж 2 ирээд бид 22 цагийн үед унтсан ба 23 цагийн үед хүн хаалга цохиод “Хажуу айлын хүн нас барсан байна. Түргэн дуудаад өг” гэж хэлж байсан. ...18 цагийн үед Эрдэнэбат ах хаалгаа түгжээд гэртээ орж байхыг би харсан. Тэр өдөр Эрдэнэбат ахын гэрт маргаан зодоон болоогүй …” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 145, 146/,
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ¹788 тоот актын “Талийгаач М.Эрдэнэбатын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч, зүүн уушиг, үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач М.Эрдэнэбат нь дээрх гэмтлийн улмаас зүрх, судас, амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ.” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас х-151, 152 /
Шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэг: Талийгаачид цогцосны үзлэгийг 2015.04.26-ны үүрээр хийсэн байгаа. Энэ үед талийгаач нас бараад 10 цаг гаран хугацаа өнгөрсөн гэдэг нь 2015.04.25-ны 19-20 цагийн орчимд нас барсан байх боломжтой. /1-р хавтас х-157/, …2 шархыг талийгаач нь өөртөө үүсгэх боломжгүй. /2-р хавтас х-133/
Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл:… Ширээний баруун талын шургуулгыг онгойлгож үзэхэд ...ажлын хэсэг нь 13,3 см, бариул нь 12 см урттай цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан металл, иш болон ажлын хэсэг дээр “jinli” гэсэн бичиг логотой хутга байсныг “9” гэж дугаарлан эд мөрийн баримтаар хураан авлаа…/1 дүгээр хавтас х-5-6/, туршилт хийсэн тэмдэглэл, фото зургийн хамт /3-р хавтас х-30-34/ зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Т болон талийгаач М.Эрдэнэбат нарыг хамт байсан гэдгийг нотолсноос өөр шүүгдэгч М.Т нь өөрийн төрсөн дүү М.Эрдэнэбатыг цээжний зүүн урд болон зүүн ард хэсэгт 2 удаа хутгалж алсан гэдгийг нотолж чадаагүй, дээрх гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг яллах талын нотолгоо болж чадахгүй байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр эрүүгийн 201525020496 дугаартай хэргээс шүүгдэгч М.Тид холбогдох хүнийг санаатай алсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч М.Тид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
Энэ хэрэгт холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батбаатар иргэний нэхэмжлэл гаргаагүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “никель өнгийн 1 ширхэг хутга, бор цоохор өнгийн хөнжил, ногоон өнгийн одъяал, хар канттай цэнхэр өнгийн өмд бор цоохор өнгийн дотоож, цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц, “Хараа” нэртэй архины хагарсан шил, 10 хурууны хумс, цус мэт зүйлээр бохирлогдсон 12х15 см-ийн хэмжээтэй хивсний дээж 1 ширхэг, М.Тийн баруун зүүн гарын арчдас 2 ширхэг” зэргийг хэргийн хамт Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэв.
Дээрх 201525020496 дугаартай эрүүгийн хэрэгт “М.Эрдэнэбат цээжний зүүн урд болон зүүн ард хэсэгт 2 удаа хутгалагдаж амь нас нь хохирсон” үйл баримт үргэлжлүүлэн дахин шалгагдах тул хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт шилжүүлж холбогдох ажиллагааг хийлгүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.4, 291, 294, 297 дугаар зүйлийн 297.6, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокуророос шүүгдэгч Боржигон овогт Мандахын М.Тид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2.Шүүгдэгч М.Т нь 322 /гурван зуун хорин хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батбаатар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тэмдэглэсүгэй.
4.Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох “никель өнгийн 1 ширхэг хутга, бор цоохор өнгийн хөнжил, ногоон өнгийн одъяал, хар канттай цэнхэр өнгийн өмд бор цоохор өнгийн дотоож, цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц, “Хараа” нэртэй архины хагарсан шил, 10 хурууны хумс, цус мэт зүйлээр бохирлогдсон 12х15 см-ийн хэмжээтэй хивсний дээж 1 ширхэг, М.Тийн баруун зүүн гарын арчдас 2 ширхэг” зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Эрүүгийн 201525020496 дугаартай хэргийн хамт Сүхбаатар дүүргийн прокурорын газарт шилжүүлсүгэй.
5.Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Тид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6.Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Цагаатгах тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Тид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР
ШҮҮГЧИД М.ДУЛАМСҮРЭН
Х.ИДЭР