Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1030

 

 

 

 

 

 

 

   2020       12          18                                       2020/ШЦТ/1030

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                     

улсын яллагч Г.Түвшинбаяр,  

хохирогч Б.Энхтүвшин,

шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Т.Б-д холбогдох эрүүгийн 2009008491158 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Женко клубд дасгалжуулагч ажилтай байсан, одоо “...” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ...овогт Т.Б- нь:

 

- 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маркю” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Энхтүвшиний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Энхтүвшин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед Буянгийн зам дагуу байрлах Маркю бааранд очиж арга хэмжээнд оролцсон. Арга хэмжээ 23 цагийн үед тараад баарны 2 давхрын тамхины өрөөнд Чинчагтага гэдэг залуутай юм яриад зогсож байтал гаднаас Т.Б- орж ирэнгүүтээ шалтгаангүйгээр агсан тавьсан. Миний хувьд Т.Б-тай маргаан болох ямар нэгэн үйлдэл гаргаагүй байхад Т.Б- миний баруун талын чих рүү гараараа цохьсон. Миний чих сэтэрч чихнээс цус гарсан. Би тамхины өрөөнөөс гараад 1 давхарт ширээн дээр очоод сууж байтал Т.Б- дахин над дээр ирсэн. Яагаад намайг дээрлэхээд байгаа юм бэ гэхэд Т.Б- “Би энийг донтуулчиж” гэж хэлээд миний нүүрэнд духаараа мөргөсөн. Би гомдолтой байна. Эмчилгээний баримт болон бусад нэхэмжлэх зүйлийг дараа нь авчирч өгнө гэжээ. / хх 9-10 /

 

Яллагдагч Т.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Маркю бааранд үйлчлүүлээд тамхины өрөөнд ороход Шинэчагтага гэх залуу Энхтүвшинтэй маргалдаж байсан. Тэгэхээр нь би очоод Шинэчагтага гэх залууг “Чи боль, мэргэжлийн тамирчин юм байж” гэж хэлсэн. Тэр үед Энхтүвшин гэх залуу намайг үгээр идсэн. Энхтүвшингийн таньдаг хүн орж ирээд “Та нар манай хүүхдийг дээрэлхэх болоогүй. Ална” гээд байсан. Тэр залуутай заамдалцаад байж байхад Энхтүвшин дундуур ороод ирэхээр нь би цээж хэсэг рүү тохой хэсгээрээ нэг удаа цохих үед Энхтүвшин арагшаа болоод хананы ирмэгт чихээ цохиод гэмтсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би 200 гр виски уучихсан байсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 36-37 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2943 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Энхтүвшинд баруун чихний дэлбэнд шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. / хх 15-16 /

 

Шүүгдэгч Т.Б-г 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 36-37 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 53 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардлыг төлнө. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

 

Хохирогч Б.Энхтүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Маркю бааранд арга хэмжээнд оролцоод явж байхдаа Т.Б-тай тааралдаж үл ойлголцсоноос болж миний чихний баруун хэсэг рүү гараараа удаа дараа цохьсон. Үүний улмаас чихэндээ 9 удаа оёо тавиулсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх мөнгөн дүн байхгүй. Ил сорвитой болсон учир сорив арилгах төлбөрийг шүүгдэгчээс гаргуулна гэв.

 

Шүүгдэгч 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маркю” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Энхтүвшингийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Гаднаас Т.Б- орж ирэнгүүтээ шалтгаангүйгээр агсан тавьж, миний баруун талын чих рүү гараараа цохьсон. Миний чих сэтэрч чихнээс цус гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Энхтүвшингийн мэдүүлэг / хх 9-10 /, ...Би Энхтүвшингийн цээж хэсэг рүү тохой хэсгээрээ нэг удаа цохих үед Энхтүвшин арагшаа болоод хананы ирмэгт чихээ цохиод гэмтсэн. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Т.Б-гийн мэдүүлэг / хх 36-37/, ... Б.Энхтүвшинд баруун чихний дэлбэнд шарх тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2943 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх 15-16 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Б-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Б- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 800 нэгж буюу 800.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч нь сорви арилгах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 / найман зуу / нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Т.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч нь сорви арилгах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Б- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЧИМЭГ