| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2019/0008/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/09 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, Н арийн бичгийн даргаТайж овогт Баньдхүүгийн Алтансолонго Улсын яллагч Сартуул овогт Баярмаагийн Төрболд Шүүгдэгч Харчин овог *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох 1823001340116 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1987 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг ******* оршин суух хаягтай Харчин овог *******гийн *******.РД/*******/ Шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 11-нээс 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “*******” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газрын Богдын гол баг дахь салбарт худалдагч, зээлдүүлэгчээр ажиллахдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан, барьцаат зээлийн эх үүсвэр болох бэлэн мөнгө, зээлдэгч нараас зээлийн хүүд төлсөн бэлэн мөнгө болон барьцаат зээлийн гэрээний зүйл болох тус салбарт хадгалагдаж байсан мөнгөн аяга, бусад үнэт эдлэлийг хувьдаа завшсан болох нь барьцаат зээлийн гэрээнүүд, М.******* өөрөө төлбөрийг тодорхой хугацаанд төлж барагдуулахаа баталж бичсэн хүсэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Хэргийн талаар хохирогчийн төлөөлөгч “*******” ХХК-ны захирал Д.******* “М.******* нь манай Баруун бүсийн худалдааны төвийн ломбарданд 2018 оны 04 сарын 11-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл ажиллахдаа манай байгууллагад нийт 8 сая төгрөгний хохирол учруулсан байсан. Эдгээр хохирлууд нь иргэдийн зээлийн сунгалтын хүүний мөнгөнөөс 1.999.000 төгрөг, таньдаг хүмүүс, ах дүү хамаатан садангийн хүмүүсдээ эд зүйлийг зах зээлийн ханшнаас хэт өндөр үнээр авч барьцаалан авснаас 3.395.100 төгрөг, шинэ цагийн хөөрөг өөрийнхөө нэр дээр тавьж 450.000 төгрөг, хуучны хөөрөг гээд 1 сая төгрөгөнд тавьсан болгоод мөнгийг нь авсан байсан. Мөн хуучны мөнгөн аяга барьцаанд тавьж 250.000 төгрөгний зээл гаргасан боловч уг аяганы оронд цагаан цэс аяга хийж гадуур нь цаасаар хий боож хууран мэхэлсэн зэрэг үйлдлүүд гаргасан байдаг. Өмнө нь манай байгууллагын тооцооны ажилтан Мөнхцэцэг өдөр бүр очиж хяналт тавьж тооцоо хийдэг байсан юм. Гэтэл тухайн үед ******* нь дээрх хуурамчаар бичсэн баримтууд болон сунгалт хийсэн баримтуудыг мөнгөтэй нь нууж тухай өдрийн хяналт, шалгалт тооцоонд оруулахгүйгээр авч үлдээд хувьдаа завшдаг байсан нь 2018 оны 09 сарын 14-ний өдрийн өөрсдийн хийсэн шалгалтаар илэрсэн. Тухайн үед *******г өөрийг нь байлцуулж байгаад тооллого хийхэд дээрх бүх зөрчил дутагдлууд гарсан, өөрөө болон түүний нөхөр Мөнхтөр нар дээрх дутагдлаа хүлээн зөвшөөрөөд 2018 оны 09 сарын 20-ны өдрийн дотор бүрэн барагдуулах хүсэлт баталгаа гаргаж өгсөн” гэж мэдүүлжээ. Шүүгдэгч М.******* төлбөрөө тодорхой хугацааны дотор төлнө гэдгээ өөрийн гараар бичсэн хүсэлтдээ дурджээ. Уг хүсэлт нь хэргийн 30-31-р хуудсанд авагдсан байх бөгөөд тооллого хийхдээ М.*******г биечлэн байлцуулж, нүд үзэж хийсэн гэдгийг хохирогч мэдүүлсэн байна. Шүүгдэгч М.******* мөрдөн байцаалтын шатанд “...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс би Туна далай барьцаалан зээлдүүлэх газарт ажилд орсон юм. 05 сараас нь ломбарданд зээлдүүлэгчээр ажиллаж эхэлсэн юм. Ажиллаж байх хугацаандаа эхлээд хүүний мөнгөнөөс маягтыг нь тооцоонд оруулалгүй нууж мөнгө авсаар байгаад 1.999.000 төгрөг бэлнээр өөртөө авсан юм. Дараа нь 1 сая төгрөгийг нөхөр хөдөө яваад машин нь эвдрээд сэлбэг авах хэрэгтэй болоод ******* гэж хүн 1 сая төгрөгний хөөрөг тавьсан болгож баримт бичээд авчихсан юм. Барьцаанд нь хөөрөг тавигдаагүй бас ******* гэж нэр зохиож бичсэн юм. Мөн Мөнхцэцэг гэдэг ломбарданд суудаг ажилтнаас гуйж байгаад нөхрийнхөө хөөргийг 400.000 төгрөгөнд тавиад нэг сарын сунгалт хийж чадаагүй учраас 450.000 төгрөг болсон юм. Дэлгүүрт зарагдаж байсан бараанаас Мөнхцэцэгт хэлээд зээлийн дэвтэр дээр бичүүлж байгаад 585.000 төгрөгний үнэтэй монетон бөгж, 99.000 төгрөгний үнэтэй монетон ээмэг зэргийг дэлгүүрээс авчхаад мөнгийг нь өгөөгүй юм. Мөн ******* гэдэг хүний нэр дээр цагаан зэс аягыг мөнгөн аяганы үнээр 250.000 төгрөгөнд тавиад мөнгийг нь авсан юм. Би Туна далай барьцаалан зээлдүүлэх газарт нийт 4.383.000 төгрөгний хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 1 сая төгрөгийг манай нөхөр машины сэлбэг авах болчхоод авсан юм. 1.999.000 төгрөгийг юунд зарцуулснаа сайн санахгүй байна. Тухай бүрт нь ахуйн хэрэгцээндээ цувуулж авч хэрэглэсэн юм. 400.000 төгрөгийг нь би Төрийн банканд цалингийн зээлийн төлөлт сар бүр 335.000 төгрөг төлдөг юм. Зээлийн төлбөрт авч хийсэн юм. Дэлгүүрээс авсан бөгжийг манай хадам ах Мөнхбат зээлээр аваад дараа нь надад мөнгийг нь өгөхөөр нь би үрчихсэн юм. Ээмгийг нь би өөрөө авч зүүсэн юм. 250.000 төгрөгийг хүүхдийн хичээлийн хэрэгсэл авах болоод мөнгө олдохгүй болохоор нь авчихсан юм” гэж мэдүүлэн өөрийн хариуцаж байсан бэлэн мөнгө, эд зүйлийг хувьдаа ашигласан гэдгээ хүлээжээ. Тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч мөн хэргээ хүлээн мэдүүлсэн байна. Ийнхүү М.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь дээр дурдсан нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Мөн шүүгдэгч М.******* гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна. Иймд шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч гэмт хэргийг улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирол төлсөн баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч М.*******гийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бага насны 2 хүүхэдтэй, хэрэг үйлдэхээс өмнөх болон дараах үеийн зан төлвийн зөв байдал зэрэг хувийн байдал, учруулсан хохирлоо төлсөн зэргийг нь харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд түүнийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж мөн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.7, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Харчин овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.*******г 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан М.*******д тэнссэн 1/нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4. Шүүгдэгч М.******* шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтай болохыг дурдсугай. 5. Шүүгдэгч М.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай. 6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.*******гаас 120000/нэг зуун хорих мянган/ төгрөг гаргаж “Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадалгааны орон тооны бус комисс”-ын ХААН банкан дахь 5495087458 тоот дансанд оруулсугай. 7. Шүүгдэгч М.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Шүүгдэгч М.*******гийн эзэмшлийн Galanz маркийн хөргөгчийг прокурорын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5/95 дугаартай тогтоолоор битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгосугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ