2019 02 15 2019/ШЦТ/39
2020 02 10 2020/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар, хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч, хохирогч В.Ч-, В.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Ч-, В.Ч- нарт холбогдох эрүүгийн 1938006520001 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, В.Ч.
Монгол улсын иргэн, В.Ч.
Шүүгдэгч В.Ч- нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг Хилэнтийн гүүрэн дээр иргэн В.Ч-той маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч В.Ч- нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг Хилэнтийн гүүрэн дээр иргэн В.Ч-тай маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
- Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
- Шүүгдэгч В.Ч- нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг Хилэнтийн гүүрэн дээр иргэн В.Ч-той маргалдсаны улмаас аман тус газар нь гараараа цохиж дээд уруул, эрүүнд зулгаралт, дээд үүдэн зүүн нэгдүгээр шүд мултралт, баруун нэгдүгээр шүд, зүүн хоёрдугаар шүд хөдөлгөөн, буйланд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
- Хохирогч В.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн орой 20 цагийн үед би Бүрэнтогтох сумаас хонио туусаар Хилэнтийн гүүрэн дээр ирсэн. Хонио гүүрээр гаргах гээд шахаж байхад ...гэсэн улсын дугаартай хөх өнгийн Пронтер маркийн машинтай хүн сигналдсаар хонин дунд ороод зогсчихсон. ...Тэгэхээр нь тойрч очоод жолооч талын хаалгыг татаж онгойлгоод монгол хүн байж хонь дайрлаа гээд тэр залууг заамдаад авахад түүний өмсөж явсан цамц нь урагдчих шиг болсон. Тэр залууг татаад буулгах гэсэн чинь “энэ муу чинь яаж байнаа” гээд миний ам руу гараараа нэг удаа хүчтэй цохисон. Ингэж цохиулах үед миний урд талын нэг шүд унаж нэг шүд хөдөлж цус гараад машины зарим хэсэг цусанд будагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
- Хохирогчийг хохирогчтой нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд хохирогч В.Ч-: “...Тэр залууг татаад буулгах гэсэн чинь: энэ муу чинь яаж байна аа гээд миний ам руу гараараа нэг удаа хүчтэй цохьсон /энэ дээр цохьсон гээд зааж үзүүлэв/. Ингэж цохиулах үед миний урд талын нэг шүд унаж, нэг шүд хөдөлж цус гараад машины зарим хэсэг цусанд будагдсан. Тэгээд тэр залуу машинаас бууж ирээд миний ам руу нэг удаа, чих рүү нэг удаа дахиж цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
- Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгэхэд нөхөр В.Ч- маань очоод цонхыг нь гараараа цохисноо хонь дайрчихлаа шүү дээ хойшоо ухраач гэж орилсон. Тэгэхэд тэр машины жолооч хөдлөхгүй болохоор нь машинаа тойрч очоод жолоочийн хаалгыг нь ойнгойлгосноо жолооч ахыг бариад авсан. Тэгэхээр тэр ах нөхрийн маань ам руу гараараа нэг удаа цохисон. Тэгж цохих үед нь нөхрийн маань шүд нь унаад цус гарч машины ойр орчмыг цусаар будчихсан. Тэр үед би гүйж очоод нөхөр В.Ч-ийгоо машинаас нь холдуулаад бариад зогсож байхад машины жолооч ах бууж ирснээ чи хувцас урчихлаа шүү дээ гэж хэлснээ нөхрийн маань нүүр рүү дахиад цохичихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
- Гэрч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр үед В.Ч- ах гүйж ирээд баруун талын хаалгыг тогшсоноо жолооч талын хаалган дээр очоод нөгөө машины залууг бариад авсан. Тэр хоёр барилцаж аваад бие биетэйгээ цохилцоод байсан ба би гүйж очоод салгахад В.Ч- ахын шүд нь хугараад амнаас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг 32-33 дугаар хуудас/,
- Арван найман насанд хүрээгүй гэрч И.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгэхэд жолооч ах тэр ахыг зөрүүлээд нэг удаа нүүр рүү нь цохьсон. Тэгээд тэр хоёр ах ноцолдоод газарт унаад байсан. Жолооч ах нөгөө ахтай ноцолдож байгаад цааш нь түлхэхэд хоёулаа хаалганы гишгүүрийн тийшээгээ унасан. Тэгж байхад л тэнд байсан хүмүүс салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 471 дугаартай: “1. В.Ч-ийн биед дээд уруул, эрүүнд зулгаралт, дээд үүдэн зүүн 1-р шүд мултралт, баруун 1-р шүд, зүүн 2-р шүд хөдөлгөөн, буйланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. В.Ч-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 10%-аар тогтонги алдагдана” гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,
- Шинжээчээс мэдүүлэг авсан: “...В.Ч-ийн биед учирсан дээд үүдэн зүүн 1-р шүд мултрал, баруун 1-р шүд, зүүн 2-р шүд хөдөлгөөн бүхий гэмтэл нь тус бүртээ шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн ерөнхий хөдөлмөрийн чадвар 2.4.2 дахь хэсэгт зааснаар 10%-иар тогтонги байдлаар алдагдана. Бусад гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 52 дугаар хуудас/,
Шүүгдэгч В.Ч-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд урьд өгч байсан мэдүүлгүүд дээрээ болсон зүйлийг бүгдийг нь үнэн зөвөөр хэлсэн. Тийм учраас надад одоо ярих зүйл алга байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар,
-
- Шүүгдэгч В.Ч- нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг Хилэнтийн гүүрэн дээр иргэн В.Ч-ыг тууж явсан хонины хөлийг автомашинаар дайрлаа гэх шалтгааны улмаас маргалдан түүнийг заамдан авч гараараа шанаа хэсэг рүү нь цохиж, 2 ширхэг арааны сулрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Хохирогч В.Ч-ы хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
- Хохирогч В.Ч-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн орой 19 цагийн үед ...гүйж ирээд миний машины хаалгыг онгойлгоод намайг заамдаж татаж буулгаад гараараа шанаа руу маань цохиод, хөлөөрөө цээж рүү маань өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
- Хохирогчийг хохирогчтой нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд хохирогч В.Ч-: “...намайг заамдаж аваад татаж буулгаад баруун талын шанаа руу гараараа цохьсон. Тэгснээ нэг удаа өшиглөсөн. Энэ залуу намайг заамдах үедээ цамцийг маань урсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
- Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр үед нөхөр маань “чи намайг тавь л даа, би хүнд зүгээр цохиулаад байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би нөхрийгөө тавихад нөхөр В.Ч- маань нөгөө ахыг гараараа нэг удаа цохиод тэр ахтай барилцаад авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
- Гэрч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Тэр үед В.Ч- ах гүйж ирээд баруун талын хаалгыг тогшсоноо жолооч талын хаалган дээр очоод нөгөө машины залууг бариад авсан. Тэр хоёр барилцаж аваад бие биетэйгээ цохилцоод байсан” гэх мэдүүлэг 32-33 дугаар хуудас/,
- Арван найман насанд хүрээгүй гэрч И.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр ах жолооч ахыг татаж буулгангуутаа “чи монгол хүн байж машинаар хонь шахлаа” гэж хэлэнгүүтээ нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохьсон. ...Тэгээд тэр хоёр ах ноцолдоод газарт унаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
- Арван найман насанд хүрээгүй гэрч М.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгсэн хажуу талаас нэг эгч хонины хөл дайрчихлаа шүү дээ орилсон. Тэгэхэд машин барьж байсан ах хаашаа хөдлөх вэ, урагшаа болох уу, арагшаа болох уу гэж асуусан. Тэгсэн чинь урдаас нэг ах ирснээ бид нарын сууж явсан хаалганы цонхыг цохьсоноо, машины урдуур гүйгээд жолоочийн хаалган дээр очсоноо хаалгыг нь онгойлгосноо жолооч ахыг заамдаад баруун талын хацар руу зүүн гараараа цохьсон. ...Тэгээд нөгөө ах жолооч ахыг татаж буулгаад унагаад цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгтэл нэг эмэгтэй хүн хонь дайрчихлаа, хонь алчихлаа гэж орилсон. Тэр үед нэг өндөр залуу машин дээр гүйж очоод хаалгыг нь онгойлгоод жолоочийг нь татаж буулгаж унагаачихаад цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...В.Ч- жолооч талын хаалган дээр очсоноо машины жолоочтой барилцаад авсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 478 дугаартай: “1. В.Ч-ы биед 2 ширхэг араанд сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. 3. В.Ч-ы биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,
- Шинжээчээс мэдүүлэг авсан: “...В.Ч-ы биед учирсан шүдний сулрал бүхий гэмтэл иртэй зүйлээр биш, мохоо зүйлээр үүсгэгдсэн. Би дүгнэлтийг гаргахдаа бичиглэлийн алдаа гаргаж, иртэй зүйл гэж бичсэн байна. ...В.Ч-ы биед 2019 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр үзлэг хийхэд: хоёр ширхэг араа нь уг хэсгээрээ ганхаж хөдөлж байсан учир тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэж үзсэн. ...В.Ч-ы биед үүссэн гэмтэл нь гадны ямар нэгэн мохоо /цохих, мөргөх, юм мөргөх гэх мэт/ хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас үүснэ” гэх тэмдэглэл /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч В.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд В.Ч-ыг нэг л цохисон, гэхдээ гэмтсэн шүднийх нь эсрэг талын шанаа руу буюу зүүн талын шанаа руу цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч В.Ч-ы хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн Засаг даргын: “Ванчиг овогтой В.Ч- нь тус багийн 18 дугаар гудамжны 5 тоотод ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн” гэх тодорхойлолт /хх-ийн 72 дугаар хуудас/,
- Шүүгдэгч В.Ч-ы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/,
- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/ зэргийг,
Шүүгдэгч В.Ч-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн Засаг даргын: “В.Ч- нь 5-31-09 тоотод ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт тус багт Бүрэнтогтох сумаас түр оршин суугч болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 80 дугаар хуудас/,
- Шүүгдэгч В.Ч-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/,
- Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 82 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 83 дугаар хуудас/,
- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84 дүгээр хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, хохирогч В.Ч-ы зүй бус үйлдэл зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч В.Ч-, В.Ч- нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна. Шүүгдэгч нар нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ бүрэн гүйцэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий боловч бусад шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, нотлох баримтаар үнэлсэн дээрх гэрчүүд болон шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр үгүйсгэгдэн няцаагдаж, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч В.Ч- нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг Хилэнтийн гүүрэн дээр иргэн В.Ч-ыг тууж явсан хонины хөлийг автомашинаар дайрлаа гэх шалтгааны улмаас маргалдан түүнийг заамдан авч гараараа шанаа хэсэг рүү нь цохиж, 2 ширхэг арааны сулрал бүхий гэмтэл учруулж,
шүүгдэгч В.Ч- нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг Хилэнтийн гүүрэн дээр иргэн В.Ч-той маргалдсаны улмаас аман тус газар нь гараараа цохиж дээд уруул, эрүүнд зулгаралт, дээд үүдэн зүүн нэгдүгээр шүд мултралт, баруун нэгдүгээр шүд, зүүн хоёрдугаар шүд хөдөлгөөн, буйланд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч В.Ч-, В.Ч- нар нь хохирлын талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч нар нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч В.Ч-, В.Ч- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, харилцан зодолдсон, хэн хэндээ хөнгөн гэмтэл учруулсан зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч В.Ч-, В.Ч- нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч В.Ч-, В.Ч- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчаас “шүүгдэгч нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүгдэгч нарт торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч В.Ч-, В.Ч- нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч В.Ч-, В.Ч- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ч-, В.Ч- нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ч-, В.Ч- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч нар нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч В.Ч-, В.Ч- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Ч-, В.Ч- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ