Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/942

 

 

 

 

 

­

 

 

2020       11          05                                     2020/ШЦТ/942

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: С.Болорзул;  

шүүгдэгч: Д.Д /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт  , хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 65 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 5-д заасныг журамлан хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 477 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 1 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 147 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Д.Д

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Д нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайт зуслангийн задгай тоотод байрлах иргэн Г.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн зуслангийн байшинд барилгын засварын ажлыг хийж байхдаа барилгын багаж хэрэгсэл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 322.600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Д.Д-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-8/, хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 28/, хохирогч Г.Эрдэнэцэцэг /хх-ийн 31-32, 33-35/, гэрч Э.Найдансүрэн /хх-ийн 38-39/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-45/, “Юнител” ХХК-ийн албан бичиг, хавсралт /хх-ийн 80-85/, Д.Дийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 56, 59-63, 65-66, 70/, Г.Эрдэнэцэцэгийн хүсэлт /хх-ийн 116/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайт зуслангийн задгай тоотод байрлах иргэн Г.Эрдэнэцэцэгийн зуслангийн байшинд барилгын засварын ажлыг хийж байхдаа барилгын багаж хэрэгсэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

   хохирогч Г.Эрдэнэцэцэгийн /хх-ийн 31-35/: “...2019 оны 08 дугаар сарын 26-ны 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зуслангийн задгай тоотод байх зуслангийн байшингийн манаач над руу “барилгын ажил хийж байгаа хүмүүсийн нэг нь явсан байна, явахдаа барилгын цахилгаан багажийг шуудайнд хийгээд аваад явсан байна” гэхээр нь хотын төвөөс зуслангийн башин дээрээ очиход танихгүй согтуу эмэгтэй хүн байсан. Би Д.Дтой 600.000 төгрөгийн ажил хийлгэхээр тохирсон. Гэтэл ажлаа дөнгөж эхлээд хаяад явсан. Би Д.Дт 200.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлгээр,

 

 гэрч Э.Найдансүрэнгийн /хх-ийн 38-39/: “...Д.Д буюу Зоригоо гэдэг нэртэй залуу нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн үед зуслангийн байшин дээр барилгын ажил хийхээр ирсэн. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр намайг ажилд явсан хойгуур 14 цагийн үед Д.Д нь цахилгаан багажнуудыг аваад явсан байсан. Би Г.Эрдэнэцэцэгт утсаар залгаж “засварын ажил хийж байсан хүмүүс цахилгаан багажнуудыг аваад явсан байна” гэж хэлсэн. Харин манай тэнд байдаг Санчир гэх залуу “танайд ажил хийж байсан хүн шуудайтай эд зүйл аваад явж байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Д.Дийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 4-8/: “...Би 2019 оны намар 8 билүү 9 дүгээр сарын үед Хандгайт зусланд Гансүх ахынд барилгын ажил хийж байгаад хөлс мөнгөн дээрээ тохирохгүй болохоор нь ажлаа хийлгүй хаяад явсан. Тухайн үед мөнгө төгрөг аваагүй. 3 сарын турш Гансүх ах над руу яриад “үлдсэн ажлаа дуусгаад өгчих ах нь чамд мөнгийг нь өгнө” гэхээр нь 3 сарын дараа очоод 6-7 хоног ажилласан. ...Гансүхээс 100.000 төгрөг аваад, авсан мөнгөөрөө архи уугаад мөнгө дуусахаар нь нэмж архи уумаар болохоор нь ажил хийж байсан барилгын багажнуудыг авч яваад 100 айл дээр авчраад танихгүй хүнд зараад мөнгөөр нь архи уучихсан. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-45/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох  баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч цахилгаан багажаа хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Д.Д нь иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Г.Эрдэнэцэцэгийн “...гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 116 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Дийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш  хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Д.Дийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.      

           

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ