Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 361/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

                                            

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням

Улсын яллагчаар Г.Энхбат

Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Отад холбогдох эрүүгийн 2034003780397 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ц.О нь Төв аймгийн Борнуур сумын нутаг үйл ажиллагаа явуулдаг "Хамо" ХХК-ны хашаанд 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.Батхуягийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Оын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Ц.О нь Төв аймгийн Борнуур сумын нутаг үйл ажиллагаа явуулдаг "Хамо" ХХК-ны хашаанд 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.Батхуягийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 29-30 тал/,

-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 77 тал/

-Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 237 дугаартай "1.Б.Батхуягийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/

- Хохирогч Б.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "Би 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд үйл ажиллагаа явуулдаг "Хамо" ХХК-нд алтны чулуу тээрэмдээд байж байтал Отгонбат залуу надтай хамт явсан Дэлгэрсайханыг усаа хаа пизда минь, ажпаа хийж чадахгүй бол зайлаарай гэхээр нь би Отгонбатыг чи юун сүртэй юм бэ гэсэн чинь пизда минь, чи юу гээд байгаа юм гээд цохиод, өшиглөөд, цамцны захаар боогоод байсан. Тэгээд машинаа асаагаад намайг машинд суучих хөдөө гарч зодолдоё гэхээр нь би машинд нь суугаагүй. Тэгтэл барьж явсан цайны халуун саваараа миний толгойруу цохисон. Тэгээд Отгонбат бид хоёр зодолдсон надтай хамт байсан хүмүүс бид хоёрыг салгах гэхээр Отгонбат ойртвол ална шүү гээд орилоод хүмүүсийг ойртуулахгүй байсан. Миний толгойруу нэг удаа чулуугаар цохисон мөн гараараа нүүрлүү цохиод байсан. Намайг Отгонбат толгойруу чулуугаар нэг удаа, цайны халуун саваар нэг цохисон, миний нүүрлүү мөргөөд гараараа цохиод байсан. Мөн нэг удаа гуяруу өшиглөсөн. Миний зүүн нүд хөхөрсөн, нүүр хавдаж халцарсан, дээд уруулдаа нэг, доод 4 оёдол тавиулсан. Отгонбат бид хоёрыг зодолдох үед надтай хамт явж байсан Дэлгэрсайхан хажууд байсан. Мөн Отгонбатын эхнэр нь хамт явж байсан хүмүүс байсан. Архи уугаагүй эрүүл байсан...Ц.Отай үйл ойлголцох шалтгааны улмаас муудалцсан. Асуудлаа бид 2 хоорондоо ярилцаж тохиролцоод шийдсэн учир надад ямар нэгэн гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 8, 13-14/

-Гэрч Д.Дэлгэрсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "Би 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд үйл ажиллагаа явуулдаг "Хамо" ХХК-нд алтны чулуу тээрэмдээд байж байтал Отгонбат гэх залуу намайг тээрэмнийхээ усыг багасга пизда минь гээд хэлсэн чинь Батхуяг анх удаагаа ажиллаж байгаа хүмүүс биш, бид нар мэднэ гэсэн чинь Отгонбат Батхуягруу пизда минь чи юу гээд байгаа юм гээд маргалдсан. Тэгтэл Отгонбат Батхуягыг цамцных нь захаар боогоод өшиглөөд заамдаад нүүрлүү нь цохиод байсан. Тэгээд Отгонбат машинаа асааж ирээд Батхуягыг машинд суучих гарч байгаад би чамайг ална гээд байсан. Батхуяг машинд нь суугаагүй Отгонбат цайны халуун саваар толгойруу нь нэг удаа цохисон. Тэгээд дахиад нүүр толгойруу нь гараараа цохиод байсан. Отгонбат, Батхуяг нар термний ус багасгахаас болж маргалдсан. Намайг цохиж зодоогүй Отгонбат, Батхуяг хоёрыг зодолдох үед би байсан. Отгонбатын эхнэр мөн Отгонбаттай хамт явсан хүмүүс байсан. Отгонбатыг Батхуяг цохиж зодоогүй. Архи согтууруулах ундаа уугаагүй байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/

-Шүүгдэгч Ц.Оын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: "Би Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах "ХАМО" ХХК-ийн хашаанд 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.Батхуягтай зодолдож биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Би өөр хүнтэй ярилцаж байхад Батхуяг гэнэт дундуур орж ирээд маргааныг үүсгэсэн. Тэгээд зодоон болох шалтгаан гарсан. Би ямар нэгэн эд зүйл зэвсэгийн чанартай зүйлс барьж зодоогүй харилцан зодолдсны учираас гэмтэл учирсан. Би сайн санахгүй байна. Тэр миний өөдөөс цохиж байсан. Би бас цохьсон нь үнэн. Би гараараа нүүрэнд нь 4-5 удаа цохьсон байх." гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 тал/

- Шүүгдэгч Ц.Оын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...тухайн үед би гараараа Б.Батхуягийн нүүрэн тус газарт 4-5 удаа цохиж зодсон...би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.О нь 2020 оны 7 сарын 09-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус тус гаргажээ. /хх-ийн 31, 94 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 8 сарын 14-ний өдөр 127 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 103-104 тал/ 2020 оны 4 сарын 16-ны өдөр яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч Ц.О нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Ц.Оад холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ц.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн  хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Батхуяг нь мөрдөн байцаалтын шатанд “...цаашид эмчилгээ хийлгэх болон нааш цааш явж байгаа зардал нь 540.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн байх бөгөөд шүүгдэгч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар маргаагүй, төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн тул шүүгдэгч Ц.Оаас хохирлын 540.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Батхуягт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Оад холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Отыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ц.Отыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Оыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Оаас хохирлын 540.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батхуягт олгосугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  2. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Ю.ЭНХМАА