| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0520/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/545 |
| Огноо | 2018-07-16 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрээн овгийн Г.Мад холбогдох эрүүгийн 1811013140418 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Эрээн овгийн Г.М, 1989 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, халх, 29 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Баянхонгор аймгийн Богд сум 6 дугаар баг Жаргалант 1-6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВВ89031019.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.М нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны шөнө 23:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 39а тоот хашааны гадна иргэн Б.Бын Самсунг галакси эс-4 загварын гар утсыг хүч хэрэглэн авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би болсон явдлын талаар огт санахгүй байна. Намайг нэг танихгүй залуу гэнэт таараад энэ мууг хүчингийн хэрэгт гүтгэсэн ч яадгийн, ямар ч хэрэгт хамаагүй гүтгэнэ гээд бариад авсан. Би эмэгтэй хүний гар утас дээрэмдсэн гэж итгэхгүй байна. Надад мөн цагаан өнгийн самсунг галакси гэдэг гар утас байсан. Би ийм хэрэг хийсэн гэдэгтээ итгэхгүй байна. Тухайн үед миний биед зүүн талын хавирга хугарсан байсан. Мөрдөнд нилээн хүнд байсан. Би ер нь тархины даралттай төрсөн, хааяа татаж унадаг. Мөрдөнд 4 удаа татаж унасан. Сумынхаа эмчид үзүүлж эм авч уудаг байсан. 2009 онд осолд орж байсан. Хөл гар, элэг жоохон гэмтэж байсан…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний бие 2018 оны 5 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед хичээлээсээ гэр рүүгээ явж байгаад гэрийнхээ гудамжнаас урагшаа 3-4 гудамжны цаад талын гудамжаар дээшээ алхаад явж байтал үл таних эрэгтэй уг гудамжинд зогсож байсан ба би тухайн үед найзтайгаа утсаар яриад явж байсан. Тэр хүний хажуугаар өнгөрөөд явсан юм. Тэгтэл гэнэт нөгөө хүн араас гүйж ирээд намайг толгойноос дараад газар унагаагаад “янхан минь гар утсаа өг” гэж хэлээд миний амыг дарсан. Тэгээд би гарыг түлхээд орилсон, хүмүүсээ намайг авраарай гэж хэлсэн. Тэгж байхдаа гар утсаа өгсөн. Энэ үед гудамжинд хүн байхгүй байсан. Тэгээд нөгөө үл таних залуу миний гар утсыг аваад доошоо гүйсэн. Гэтэл 039а тоот хашаанаас нэг ах, эгч 2 гарч ирсэн. Тэгээд нөгөө ах гар утас дээрэмдсэн хүний хойноос хөөсөн би босоод араас нь очсон, холдож амжаагүй байхад гар утас дээрэмдсэн залууг бариад авсан. Тэр ах надад гар утсыг авч өгсөн, хамт явсан эгч болохоор цагдаад дуудлага өгсөн. ...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ /хх-7-9/.
Гэрч А.Эрхжаргал мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өвөөгийндөө байж байгаад орой 22 цаг өнгөрч байхад гэртээ харихаар явж байсан тэгээд алхаад гэр рүүгээ дөхөж явахад манай гудамжинд нэг эмэгтэй хүн муухай орилоод байхаар нь манай хажуугийн нийтийн байрны хүмүүс маргалдаж зодоон хийж байгаа юм байна гэж бодсон. Гэтэл нэг эмэгтэй авраарай туслаарай гэж орилж байсан. Тэгээд 6 дугаар гудамж руу эргээд ороход миний өөдөөс 30 орчим насны намхан биетэй эрэгтэй хүн гүйгээд ирсэн. Тэгээд би тэр эрэгтэй хүнийг эмэгтэй хүний эд зүйлийг булаагаад зугтааж байна гэж бодоод тэр эрэгтэйг хашаа руу түлхээд буцаагаад бариад авсан. Гэтэл нөгөө орилж тусламж ирж байсан эмэгтэй өөдөөс уйлаад хүрээд ирсэн. Тэр эмэгтэй надад наад хүн чинь намайг утсаар яриад явж байхад араас ирээд толгойноос дараад, утсаа өг янхан минь гэж хэлээд гар утсыг авчихлаа гэхээр нь би тэр залуугийн гарт байсан Самсунгийн гар утсыг авч эмэгтэйд өгсөн. ...Гар утас дээрэмддэг залуу бол нэлээд согтуу байсан...” гэжээ /хх-12/.
Гэрч Д.Энхчулуун мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 22 цаг өнгөрөөд 23 цагийн үед гэртээ хүүхдээ унтуулах гээд байж байхад манай гудамжинд нэг эмэгтэй хүн их чанга орлих шиг болсон. Би гэрээсээ гараад хашаанаасаа гарч харахад нэг эмэгтэй хүний гар утсыг нэг залуу авч байсан. Тэр орилж байсан эмэгтэй энэ залуу миний утсыг дээрэмдчихлээ гэж хэлсэн. Гар утас авсан залуу баруун тийш их хурдан гүйсэн. Тэр үед манай хажуу хашааны залуу гар утас авсан залууг бариад авсан. Тэгээд би 102-т залгаж цагдаад дуудлага өгсөн...” гэжээ /хх-13-14/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/, эд зүйлийн үнэлгээ /хх-37/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4/ зэргийг шинжлэн судлалаа.
Шүүгдэгч Г.М нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны шөнө 23:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 39а тоот хашааны гадна иргэн Б.Бын Самсунг галакси эс-4 загварын гар утсыг хүч хэрэглэн авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, хохирогч Н.Бын “...Миний бие 2018 оны 5 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед хичээлээсээ гэр рүүгээ явж байгаад гэрийнхээ гудамжнаас урагшаа 3-4 гудамжны цаад талын гудамжаар дээшээ алхаад явж байтал үл таних эрэгтэй уг гудамжинд зогсож байсан ба би тухайн үед найзтайгаа утсаар яриад явж байсан. Тэр хүний хажуугаар өнгөрөөд явсан юм. Тэгтэл гэнэт нөгөө хүн араас гүйж ирээд намайг толгойноос дараад газар унагаагаад “янхан минь гар утсаа өг” гэж хэлээд миний амыг дарсан. Тэгээд би гарыг түлхээд орилсон, хүмүүсээ намайг авраарай гэж хэлсэн. Тэгж байхдаа гар утсаа өгсөн. Энэ үед гудамжинд хүн байхгүй байсан. Тэгээд нөгөө үл таних залуу миний гар утсыг аваад доошоо гүйсэн. Гэтэл 039а тоот хашаанаас нэг ах, эгч 2 гарч ирсэн. Тэгээд нөгөө ах гар утас дээрэмдсэн хүний хойноос хөөсөн би босоод араас нь очсон, холдож амжаагүй байхад гар утас дээрэмдсэн залууг бариад авсан. Тэр ах надад гар утсыг авч өгсөн, хамт явсан эгч болохоор цагдаад дуудлага өгсөн. ...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ /хх-7-9/, гэрч А.Эрхжаргалын “...Би 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өвөөгийндөө байж байгаад орой 22 цаг өнгөрч байхад гэртээ харихаар явж байсан тэгээд алхаад гэр рүүгээ дөхөж явахад манай гудамжинд нэг эмэгтэй хүн муухай орилоод байхаар нь манай хажуугийн нийтийн байрны хүмүүс маргалдаж зодоон хийж байгаа юм байна гэж бодсон. Гэтэл нэг эмэгтэй авраарай туслаарай гэж орилж байсан. Тэгээд 6 дугаар гудамж руу эргээд ороход миний өөдөөс 30 орчим насны намхан биетэй эрэгтэй хүн гүйгээд ирсэн. Тэгээд би тэр эрэгтэй хүнийг эмэгтэй хүний эд зүйлийг булаагаад зугтааж байна гэж бодоод тэр эрэгтэйг хашаа руу түлхээд буцаагаад бариад авсан. Гэтэл нөгөө орилж тусламж ирж байсан эмэгтэй өөдөөс уйлаад хүрээд ирсэн. Тэр эмэгтэй надад наад хүн чинь намайг утсаар яриад явж байхад араас ирээд толгойноос дараад, утсаа өг янхан минь гэж хэлээд гар утсыг авчихлаа гэхээр нь би тэр залуугийн гарт байсан Самсунгийн гар утсыг авч эмэгтэйд өгсөн...”/хх-12/, гэрч Д.Энхчулууны “...Би 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 22 цаг өнгөрөөд 23 цагийн үед гэртээ хүүхдээ унтуулах гээд байж байхад манай гудамжинд нэг эмэгтэй хүн их чанга орлих шиг болсон. Би гэрээсээ гараад хашаанаасаа гарч харахад нэг эмэгтэй хүний гар утсыг нэг залуу авч байсан. Тэр орилж байсан эмэгтэй энэ залуу миний утсыг дээрэмдчихлээ гэж хэлсэн. Гар утас авсан залуу баруун тийш их хурдан гүйсэн. Тэр үед манай хажуу хашааны залуу гар утас авсан залууг бариад авсан...” /хх-13-14/ гэх мэдүүлгүүд болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд хохирогчийн биед хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хохирогч Б.Б нь “...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэв..
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөгдсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тоолох, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Мөн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрээн овгийн Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мад 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Мад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН