Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 161/ШЦТ2016/00038

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж, 
нарийн бичгийн дарга: Ц.С,
орчуулагч: А.Е,
улсын яллагч: Т.С,
шүүгдэгч нарын өмгөөлөгч: Х.З,
шүүгдэгч Ж.Х , Р.Х , Ж.К нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Ж ы Х , Ж овогт Р ын Х , Т овогт Ж ы К нарт холбогдох 00000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
    Шүүгдэгч Ж.Х : Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ж овогт Ж ы Х , ************* регистрийн дугаартай, 1986 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. 
    Шүүгдэгч Р.Х : Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ж овогт Р ын Х ,************ регистрийн дугаартай, 1978 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
    Шүүгдэгч Ж.К : Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Төлек овогт Ж ы К , ************ регистрийн дугаартай, 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
     Шүүгдэгч Ж.Х , Ж.К , Р.Х нарын холбогдсон хэргийн талаар:
    Шүүгдэгч Ж.Х , Р.Х , Ж.К нар бүлэглэн У аймгийн Х сумын А багийн “Л” гэдэг газар бэлчиж байсан хонин сүрэг дотроос Баян-Өлгий аймгийн Н сумын 3 дугаар багийн оршин суугч хохирогч Ш.Х йгийн 4 хонийг УАЗ-3909 маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр хулгайлж, 340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ж.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн үед Х , К нарын хамт У аймгийн Л х гэдэг газарт барагшуны тос түүхээр явсан. Би машиндаа үлдээд, Х , К нар уул руу гараад явсан. Хэсэг хугацааны дараа К над руу утастаж, энд 4 ширхэг хонь байна, аваад явах уу гэхээр нь би гай болно гэхэд тэрээр машиныхаа бензин тосны мөнгийг үүгээр хаая гэж хэлсэн. Х , К хоёр хоорондоо тохиролцсон юм шиг байна. Би за, за аваад ир гэж хэлсэн нь үнэн. Би оройн нь  Өлгийд ирээд Х ын гэрт нь ирж хонийг буулгаад гэрлүүгээ харьсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед Х , К хоёр надад 120000 төгрөг авчраад Баяннуур сум руу барагшуны тос түүхээр явахдаа бензин хий гэж хэлээд өгсөн. Бид нар Х ын гэрт очиж 4 хонины 1-ийг нь үлдээгээд, 3-ийг нь машинд ачаад Шар хөтөл гэх газарт байдаг К ы хадам ах болох Б ын гэрт нь хүргэсэн. Б энэ гурвыг мал болгож авъя гэж хэлсэн. 3 хоногийн дараа барагшуны тос авчраад цагдаад баригдсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв. 
- Шүүгдэгч Ж.К шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр байх Л х гэдэг газар барагшуны тос түүхээр явсан. Х 4 хонийг хараад тасарч үлдсэн мал байна, аваад явах уу гэж хэлсэн. Тэгээд Х руу залгахад аваад ир гэж хэлсэн. Бид уг хонийг хулгайлсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв. 
- Шүүгдэгч Р.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “... Бид буруу зүйл хийсэн. Хонь хулгайлсан маань үнэн. Бидэнд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү ” гэв. 
    - Улсын яллагч ялын шүүмжлэлдээ: “...Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасны дагуу жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардал байхгүй. Шүүгдэгч нар уг хэргийн учир цагдан хоригдож байгаагүй. 2015 оны 05 дугаар сарын 27-ний өдрөөс эхэлж шүүгдэгч нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгч Х ын 850 мкв газар, Х ын 700 мкв газар, К ы хурд маркийн хөх өнгийн мотоциклыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, өөрсдөд нь буцаан олгох саналтай байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Уаз 3909 маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хурааж улсын орлого болгох саналтай байна” гэв. 
    Мөн шүүх хуралдаанд: Эрүүгийн хэрэг үүсгэж байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол,  гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, машинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ш.Х йг хохирогчоор байцаасан тухай тэмдэглэл, гэрч А.Б , А.А, М.Б, Ж.А, Р.Г, К.Е, Н.Е, Ш.М нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, Ж.Х , Ж.К , Р.Х нарыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
Шүүгдэгч Ж.Х , Р.Х , Ж.К нарын гэм буруугийн талаар: 
    Шүүгдэгч Ж.Х , Р.Х , Ж.К нар бүлэглэнУ аймгийн Х сумын А багийн “Л х” гэдэг газар бэлчиж байсан хонин сүрэг дотроос Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн оршин суугч хохирогч Ш.Х йгийн 4 хонийг УАЗ-3909 маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр хулгайлж, 340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 дугаар хуудас/, 
    - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10  дугаар хуудас/, 
    - Хулгайд алдагдсан хоньд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/, 
    - Эд зүйлийг хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-17 дугаар хуудас/, 
    - Хохирогч Ш.Х йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх сумын төвд буюу 5 дугаар багт оршин суудаг юм. Миний өөрийн 80 орчим ямаа, 30 орчим сэрх, 20 орчим хонийг Ногооннуур сумын Х голын багт миний том охины нөхөр Б малладаг юм. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орой 17 цагийн үед байх миний малчин хүргэн Ханай овгтой Б миний утас руу залгаж өдөр 16 цагийн үед би малыг У аймгийн нутаг дэвсгэр “Л х” гэх газарт тууж очоод тэнд бэлчээрт орхиод гэрт ирээд цай ууж байгаад бэлчээрт байгаа малыг харах гээд гэрээс гарангуут манай амгалан байсан “Л х” гэх нэртэй газар руу чиглэж нэг саарал өнгийн пургон маркийн тээврийн хэрэгсэл явсан байсан ба би араас нь морьтой очиход бэлчээрээс чулуунд хашиж аваад машинд ачсан хонины мөр, мөн хүний, тээврийн хэрэгслийн мөр байгаа юм байна гэж хэлсэн. Тухайн үед Б бэлчээрт байсан малын дотроос хонь алдагдсан гэдгийг очингуут мэдсэн боловч яг хэдэн хонь алдагдсан гэдгийг мэдээгүй байна. Тэгээд гэрт ирээд хонийг тоолоход 4 хонь дутсан байна. Дараа нь тэр над руу утсаар залгаж хэлсэн болно. Тэр өдөр би албаны ажлаар хөдөө явж байгаад очиж чадаагүй ба маргааш нь өдөр 15 цагийн үед хүргэн Б ы гэрт нь очсон. Би түүнийг гэрлүүгээ явахаас өмнө энэ талаар тус сум дахь Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн ахмад Н.Д д мэдэгдсэн болно. Би хүргэн хүү Б гэрт очиж хэрэг учрал болсон газарт биеэр очиж, хэргийн газарт үүссэн тээврийн хэрэгслийн мөр, гутлын мөрийг хамгаалалтанд авсан ба 2 хоногийн дараа хэсгийн дарга тэнд ирсэн. Тус сум дахь хэсгийн дарга Н.Д энэ асуудлыг шалгаад 4 хонийг хулгайлсан хүмүүсийг олж өгсөн болно. 
    ... Миний хулгайд алдагдсан 4 хонины нэг нь улаан алаг зүсмийн төлөг байсан ба зүүн баруун талын чихний урдаас ухам имтэй, баруун талын чихний ар талд мөн ухам, урд талд хөндлөн имтэй байсан. 2 дахь хонь хүрэн зүсмийн 2 насны зусаг эм хонь байсан ба баруун талын чихний ар талд ухам, чихний урд талд хөндлөн имтэй, зүүн талын чихний урд талд ухам имтэй байсан. Харин 3 дахь хонь хүрэн зүсмийн 4 насны соёоЛ эм хонь байсан ба зүүн талын чихний урдаас ухам имтэй, баруун талын чихний имийг сайн санахгүй байна. 4 дэх хонь шар толгойтой 4 насны соёоЛ эм хонь байсан ба баруун талын чихний урдаас ухам имтэй байсан болно. Ер нь би хонинуудын имийг сайн мэдэхгүй буруу хэлсэн ч байж магадгүй, энэ талаар миний хүргэн болох Б сайн мэдэж байгаа болно.
    ... Би хулгайд алдагдсан 4 хонины 2 хонь нь 4 насны соёо Л эм хонь байсан тул 80000-90000 төгрөгөөр харин үлдсэн 2 хонийг 75000-80000 төгрөгөөр тус тус үнэлж байна. 
    ... Надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл би хулгайд алдагдсан 4 хонио буцааж авлаа. Мөн тухайн үед энэ тэнд алдагдсан хонийг хайх үед гарсан бензин тоосны үнийг гаргуулан авлаа. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
    - Гэрч А.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ш” гэх газарт оршин суудаг юм. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байх орой 17 цагийн үед миний хүргэн дүү Ж.К түүний хажууд би гаднаас зүс таньдаг Р. Х хоёр хажууд УАЗ-3909 маркийн саарал өнгийн 0-0БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож үл таних нэг залуутай хамт манай гэрт ирсэн. Тэд уг тээврийн хэрэгслээр 3 тооны хонь ачиж ирсэн байсан. Миний хүргэн дүү болох Ж.К надад би өчигдөр Өлгий сумын гүүрний цаана гэр нь байдаг нэг залуугаас 3 тооны эх хонь худалдаж авлаа. Дээрх хонийг таны малд нийлүүлэхээр ирсэн ба өөр нийлүүлж тавихаар хүн байхгүй байна гэж хэлээд 3 хонийг надад үлдээгээд явцгаасан. Тэд манай гэрээс цаашаа Баяннуур сум руу яваад барагшуны тос түүхээр явна гэж хэлээд явсан. Надад үлдээсэн 3 эх хонины нэг нь шар толгой зүсмийн эх хонь байсан ба үлдсэн 2 хонь болохоор улаан хүрэн зүсмийн эх хонь байсан ба уг хонинуудын им, тамгыг анзаарч хараагүй болно. Дараа нь хэдэн хоногийн дараа миний хүргэн дүү болох Ж.К , гаднаас таньдаг Р. Х , түүний хажууд урьд нь ирдэг жолооч залуугийн хамт гурвуулаа ирээд надад малд нийлүүлэхээр үлдээсэн байсан 3 хонио буцаагаад аваад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
    - Гэрч А.А ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх   Ногооннуур   сумын   3-р   багийн   нутаг дэвсгэрт байдаг “У” гэх газарт оршин судаг юм. Би 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 14 цаг 30 минутад манай гэрээс 5 км орчим газарт гэр нь байдаг А ын гэрт нь очиход түүний цайны газарт 4-н эрэгтэй 1 эмэгтэй гаднаас орж ирсэн цай уугаад сууж байхыг харсан юм. Цайны газрын дотор 1 эмэгтэй 1 эрэгтэй тусдаа сууж байсан ба үлдсэн 3 залуу тусдаа сууж байсан гэж хэлсэн. Гэхдээ дараа нь бодоод байсан чинь 3 залуу тусдаа сууж байсан ба уг 3 залуугийн хажууд нэг эмэгтэй тусдаа ширээнд сууж байсан юм. Уг 3 залуу хуучин саарал өнгийн пургон маркийн машинаар явж байсан юм. Уг саарал өнгийн пургон маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг анзаарч хараагүй. Уг пургонтай 3 залуу А ын цайны газраас гараад манай гэрийн урьд замаар яваад “А ” нуурын усан хоолойн гүүрээс цаашаа У аймгийн Х сум руу чиглэж явсан ба тэр өдөр орой 18 цагийн үедУ аймгийн “Л х” гэх газраас гараад, гүүрээр гараад аймаг руу чиглэж явсан юм” гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 дугаар хуудас/,
    - Гэрч А.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ногооннуур сумын 3-р багийн “Х” гэх газарт өвөлжиж суудаг миний бие У аймгийн “Х ” сумын А багийн “Л х” гэх газарт өөрийн 250 орчим бог малыг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт бэлчээрт гаргаж явуулсан ба 15 цагийн үед “Л х” гэх ууланд миний мал явсан газарт нэг цагаан саарал өнгийн пургон маркийн машин явж харагдсан тул би бэлчээрт байгаа малд очих үед уг машин явсан байсан. Би ойртон очиж уг машины улсын дугаарыг харж чадаагүй юм. Тэгээд өөрийн бэлчээрт гаргасан малыг тууж ирээд малаа тоолох үед миний малаас 4 тооны хонь байхгүй байсан. Тэгээд малыг зүсээр нь ялгаж тоолох үед Ногооннуур сумын 7-р багт орчин суух миний хадам эцэг болох Ш.Х й миний малд нийлүүлсэн 4 хонь байхгүй байсан. Уг хонь бол 3 эх, нэг нь эм хонь алга болсон байсан тул тэр өдөр бэлчээрээс хайгаад олоогүй ба дараа нь цагдаад мэдэгдсэн юм.
    ... Зөв талын чихний урдаас ухмал буруу талын чихний урдаас зүүсэн харин хойд талаас ухмал имтэй байсан. 3 хонины нэг нь зөв талд чихний урдаас ухмал буруу талын чихэнд тайрмал имтэй байсан. Миний алдсан мал 3 эм хонь 1 нь эм төлөг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, 
    - Гэрч Ж.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04-р сарын 22-ны өдөр манай Ногооннуур сумын 3-р багт А нуурын хажууд “Завсар” гэх газарт байдаг гуанзанд аймгийн төвөөсУ аймгийн Х сум орох гэж явж байна гэж цагаан саарал өнгийн Пургон машинаар 3 нь залуу явж байсан юм. Тэд манай гуанзанд ороод гарах үед Завхан аймгаас банз ачиж явж байсан иргэн Е гэгч манайд сууж байсан. Иргэн Е тэднийг таниад мэндэлж байсан. Тэр үед өдрийн 12 цаг болж байсан байх. Х суманд ямар ажлаар явж байгааг мэдээгүй. Машины дугаарыг хараагүй. Нэг залуу бол намхандуу дунд зэрэг биетэй сахалтай, хар царайтай тарган залуу байсан. Уг бүдүүн биетэй залуу жолооч нь байсан байх. Тэд 30-аас 40 орчим насны хүмүүс шиг харагдсан. Тухайн залууг иргэн Е сайн таних байх. Маргааш нь Б ы 4 хонь алдсан машинтай хүмүүс хулгайлсан байх гэж хэлж байсан ба 7 хоногийн дараа дуудах үед цагдаа нар 4 хонийг өмнө танайд ирсэн машинтай залуус хулгайлсан байна гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, 
    - Гэрч Р.Г гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орой 23 цагийн үед байх бид нар унтаж амрах гэж байхад миний нөхөр болох Р. Х ын найз, би гаднаас таньдаг Х гэрчийн саарал өнгийн пургон машинаар гэрт ирсэн. Гэрт ирэхэд манай нөхөр Р.Х нэг тооны улаан алаг зүсмийн төлөг авчирсан байсан. Би нөхрөөс уг төлөгийг хаанаас, хэнээс худалдаж авсан бэ гэж асуухад хөрш айлын залуу Ж.К аас худалдаж авсан гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр сууж ирсэн пургон машины дотор төлөгийн хамт 3 эх хонь ачиж ирсэн ба уг 3 эх хонийг Ж.К гэрлүүгээ аваад явсан юм. Маргааш өглөө нь 10 цагийн үед байх би аймаг руу хувийн ажлаар явсны дараа нөхөр маань уг төлөгийг Х ын машинд буцааж ачаад хөдөө гэр нь байдаг миний төрсөн ах Хурметбекийн малд нийлүүлэхээр аваад явсан байна. Тухайн үед нөхрийн авчирсан төлөгийн им, тамгыг анзаарч хараагүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/, 
    - Гэрч К.Е ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх Бугат сумын 3-р багт буюу сумын төвд оршин суудаг юм. Миний нөхөр болох Ж.К нь 2016 оны 4-р сарын 22-ны өглөө 10 цагийн үед байх хөрш айлын Х гэрчтэй хамтУ аймгийн Х сум руу барагшуны тос түүхээр гаднаас таньдаг Х гэдэг залуугийн саарал өнгийн пургон маркийн машинаар явсан юм. Тэгээд тэр өдөр орой 23 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна нөхөр маань явган ганцаараа гэртээ ирсэн. Би нөхөр болох Ж.К аас яагаад гэрт ганцаараа явган ирсэн бэ гэж асуухад нөхөр маань сая хөдөөнөөс ирлээ. Намайг Х хөрш айлын Х ын гэрт буулгаад явчихлаа гэж хэлсэн. Нөхөр маань хөдөөнөөс гэрт орж ирээд надад би сая нэг үл таних монгол хүнээс 120000 төгрөгт 3 хонь худалдаж авахаар болсон гэж хэлээд надаас 120000 төгрөг авсан. Нөхөр маань надад хэлэхдээ би худалдаж авсан 3 хонь Х ын малын хашаанд байна гэж хэлсэн. Би өөрөө уг худалдаж авсан гэх 3 хонийг хараагүй болно. Маргааш өглөө нь нөхөр маань Х ын хашаанд байсан худалдаж авсан гэх 3 хонийг Х ын машинд буцаагаад ачиж аваад миний төрсөн ах гэр нь хөдөө байдаг Б ын малд нийлүүлэхээр аваачиж өгсөн байна. Тухайн үед би нөхрийн авчирсан 3 хонь хулгайн мал гэдгийг мэдээгүй болно. Бид хоёр анх 2014 онд сайн дураараа гэр бүл болсон юм. Би одоо нөхөр, хүүхдийн хамт Бугат сумын 3 дугаар багт оршин суудаг юм. Нөхөр маань урьд өмнө хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй болно. Ж.К цайлган сэтгэлтэй, хүнд тусархаг, аль болох хүнд туслахыг боддог, хичээдэг юм. Нөхөр маань архи, тамхи хэрэглэдэггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, 
    - Гэрч Н.Е ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би ганцаараа өөрийн эзэмшлийн 0304 бөт улсын дугаартай “Норд-бенз” маркийн том ачааны тээврийн хэрэгсэлд “Т” нэртэй сумаас мод ачиж аваад 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах зам дагуу байдаг иргэн А гэгчийн цайны газарт очсон юм. Цайны газарт нь ороход дотор холын хамаатан Ж ы хүү Х сууж байсан ба түүний хажууд үл таних хоёр залуу сууж байсан. Тухайн үед Ж.Х өөрийн саарал өнгийн хуучин Уаз-3909 маркийн пургон машинаар явж байсан. Тэд цайны газраас цай уучхаадУ аймгийн Х сум руу явж байгаа хэмээн хэлээд явчихсан. Би Тосонцэнгэл сумаас мод ачиж аваад аймаг руу явж байсан. Тухайн үед А ын цайны газарт үл таних нэг эмэгтэй ганцаараа сууж байсан. Тэр эмэгтэй хаанаас явж байгааг мэдэхгүй. Би цайны газраас гараад явахдаа тэр үл таних эмэгтэй тэнд үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/, 
    - Гэрч Ш.М гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2016 оны 04-р сарын 22-ны өдөр 15 цагийн үед байх өдрийг сайн мэдэхгүй байна “Завсар” гэх газарт байдаг иргэн А ын цайны газарт хоол идээд сууж байтал гаднаас саарал өнгийн пургон маркийн машинаар үл таних 3 залуу орж ирээд хоол идээд гараад явсан байсан ба үл таних 3 залууд хаашаа явсныг анзаарч хараагүй. Одоо харвал уг үл таних 3 залууг танихгүй. Тэр 3 залууг зүс царайг санахгүй байна. Ямар ч гэсэн тэр 3 залуугийн нэг нь тарган, бор царайтай 30-35 насны орчим насны залуус байсан. Тухайн үед би цайны газарт сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/, 
    - Шүүгдэгч Р.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн өдөр миний хамаатан дүү болох Ж овогтой Х бол манай хөрш айлын залуу Ж.К нарын хамт өглөө 10 цагийн үед Баян-Өлгий аймгийн төвөөс У аймгийн А багийн “Л х” гэдэг газар луу барагшуны тос түүхээр явсан. Тус газарт очоод Ж.К бид 2 барагшуны тос хайгаад уул руу явсан ба бид нартай хамт явж байсан Х машинд үлдсэн байсан. Тэгээд бид хоёр уул руу яваад ямар ч барагшуны тос хайгаад олоогүй ба тухайн “Л х” нэртэй ууланд 4 хонь тусдаа бэлжиж байсныг хараад Ж.К өөрийнхөө утсаар машинд үлдсэн байсан жолооч Х руу залгаж энд 4 хонь байна туугаад очих уу гэж асуухад Х нь туугаад ирээрэй гэж хэлэхээр нь К бид хоёр уг 4 хонийг туугаад уулнаас буулгаж машинд авчирсан юм. Дараа нь тэнд байсан хад чулуунд хашиж байгаад барьж аваад машинд ачаад аймгийн төвд ирсэн юм. Аймгийн төвд ирээд 4 хонийг Бугат сумын төвд манай гэрт буулгасан байсан. Маргааш өглөө нь 4 хонины нэгийг нь би авч үлдээд үлдсэн 3 хонийг Бугат сумын нутаг дэвсгэр “Бүргэдийн толгой” хэмээх газраас цааш явж “Ш” хэмээх газарт хаваржиж байгаа К ы хадам ах Б ын гэрт нь буулгаж тэдэнд маллуулахаар захиж орхисон ба бид өөрсдөө Баяннуур сум руу барагшуны тос түүхээр явсан ба тухайн газарт 3 хонож, барагшуны тосоо аваад аймагт буцаж ирсэн юм.
    ... Ж.К бол миний бие У аймгийн “Л х” гэх газарт уул руу барагшун түүхээр явсан байсан ба тухайн газарт сүргээсээ тасран бэлчиж байсан 4 хонийг хараад, дэргэд нь ямар нэгэн хүмүүс байхгүй болохоор бид шууд тэндээс тууж аваад гурвуулаа машинд ачиж аваад аймагт ирсэн.
    ... Тухайн үед бид хонь хулгайлах үед бидний хажууд өөр хэн нэгэн байгаагүй ба гаднаас боЛ холоос бид нарыг харсан хүн байхгүй болно.
    ... Тухайн үед бид Ж.Х ын эзэмшлийн 0-0 БӨТ улсын дугаартай, УАЗ-3909 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслээр явж байсан болно. Эдгээр хонинуудын нэг шар толгой бүхий эх хонь, нэг нь алаг зүсмийн төлөг, үлдсэн хоёр нь улаан зүсмийн хонь байсан. Им тамгыг нь анзаарч харсангүй” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82, 83-84 дүгээр хуудас/, 
    - Шүүгдэгч Ж.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн өдөр миний хамаатан ах болох Р овогтой Х бол түүний таньдаг хөрш айлын залуу Ж.К нарын хамт өглөө 10 цагийн үед Баян-Өлгий аймгийн төвөөс У аймгийн А багийн “Л х” гэдэг газар луу барагшуны тос түүхээр явсан. Тус газарт очоод нөгөө 2 нь барагшуны тос хайгаад уул тийшээгээ явсан байсан ба нилээд хугацаа өнгөрсний дараа буюу 30-40 минутын дараа байх К над руу утсаар залгаж энд юу ч байхгүй байна, харин ч 3-4 тооны хонь байна, авч явах юм уу, гаргасан зарлагаа эднүүсээр нөхөх үү гэж хэлэхэд би түүнд наадах чинь дараа нь бидэнд гай болохгүй биз гэхэд тэр хоёр хоорондоо тохиролцсон юм шиг байна лээ надад “зүгээрээ яах ч үгүй” гээд уулнаас уг 4 хонийг тууж буугаад ирсэн. Дараа нь тэд надад тухайн 4 хонины нэгийг нь бариулаад үлдсэн гурвыг нь өөрсдөө чулуу тийшээгээ хашин барьж машинд ачсан. Тэгээд бүгд хамтдаа миний машинаар аймагт орой 18 цагийн үед ирж, ачиж явсан хонинуудаа Бугат сумд байдаг Х ын гэрт нь буулгасан. Тэгээд тэд Х ын гэрт үлдсэн байсан ба би яваад өгсөн. Маргааш өглөө нь 10 цагийн үед тэд надад 120,000 мянган төгрөг авчирч өгсөн. Тэдний өгсөн мөнгөөр нь машиндаа бензин хийж 4 хонины гурвыг нь машиндаа ачиж, нэгийг нь Бугат сумын төвд байдаг Х ын гэрт үлдээгээд Бугат суманд харьяалагддаг “Б” хэмээх газраас цааш явж “Ш” хэмээх газарт өвөлжиж буй К ы хадам ах гэх Б гэгчийн гэрт нь очиж ачиж явсан гурван тооны хонио тэнд буулгаж үлдээгээд цаашаагаа Баяннуур сумын “Ошхы” гэх газар луу явсан. Тухайн газарт 3 хонож, барагшуны тосоо аваад аймаг руу буцаж ирсэн юм.
    ... Ж.К , Р.Х хоёр  Увс аймгийн  “Л х” гэх газарт уул  руу барагшун түүхээр явчихсан байсан ба хэсэг хугацааны дараа тэр хоёр уулнаас 4 хонь тууж авчирсан. Би тэр хоёроос энэ ямар учиртай хонь вэ гэж асуухад тэд надад сая уулын тэнд 4 хонь тусдаа бэлчиж байсан газраас нь тууж авчирсан ба 4 хонины ойр хавьд өөр бэлчиж байсан сүрэг хонь байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд гурвуулаа уг 4 хонийг барьж аваад машинд ачиж дараа нь шууд аймаг руу ирсэн болно.
    ... Тухайн үед бид хонь хулгайлах үед бидний хажууд өөр хэн нэгэн
байгаагүй ба гаднаас бол холоос бид нарыг харсан хүн байхгүй болно. Тухайн үед бид гурав миний эзэмшлийн 0-0 БӨТ улсын дугаартай, УАЗ-3909 маркийн, саарал өнгийн тээврийн хэрэгслээр явж байсан болно. Тухайн үед Ж.К уул руу яваад хэсэг хугацааны дараа миний утас руу залгаж энд 4 хонь байгаа юм байна, туугаад авч очих уу гэж асуусан. Тэгэхэд би гай болохгүй биз дээ тэгвэл тэгээрэй гэж хэлсэн. Дараа нь тэр хоёр хонийг туугаад авчирсан ба бүгдээрээ хонийг барьж аваад машинд хйигээд аймагт авчирсан юм. Дээрх 4 хонийг хулгайлан аймагт авчирсан нь үнэн. Би хэргээ хүлээж байна. Уг 4 хонийг буцаагаад эзэнд нь хүлээлгэж өгсөн болно” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87,89 дүгээр хуудас/, 
    - Шүүгдэгч  Ж.К ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн өдөр миний хөрш болох Р.Х бол түүний хамаатны дүү гэх Ж.Х нарын хамт өглөө 10 цагийн үед Баян-Өлгий аймгийн төвөөсУ аймгийн А багийн “Л х” гэдэг газар луу барагшуны тос түүхээр явсан юм. Тус газарт очоод Р.Х бид хоёр барагшуны тос бэлдэхээр явсан ба бид нартай хамт явсан Ж.Х нь машинд үлдсэн байсан. Тэгээд бид хоёр уул руу яваад ямар ч барагшуны тосыг хайгаад олоогүй ба тухайн “Л х” нэртэй ууланд 4 хонь тусдаа бэлчиж байсныг хараад Р.Х надад “... чи Ж.Х руу утсаар залгаж хэлээч, энд сүргээсээ тасарсан 4 хонь бэлчиж явна туугаад очих уу, гэж асуу” гэсэн ба би Ж.Х руу залгаж Р.Х ын хэлснийг дамжуулсан ба Ж.Х наад малаа туугаад ир. Эдгээр нь хээр гадаа хэдэн хоног хоносон мал юм шиг байна. Хэдүүлээ мал болгож авъя аваад ир гэж хэлэхээр нь Р.Х бид хоёр уг хонийг тууж авчраад, машинд гурвуулаа ачсан. Тэгээд цагийн сайн санахгүй байна оройхон тийшээ ирсэн. Ж.Х эдгээр хонинуудыг буулгах газар байхгүй гэхлээр нь бүгдээрээ эдгээр хонинуудыг Р.Х ын Бугат сумын төвд байдаг гэрт нь буулгасан. Маргааш нь өглөө нэг хонийг Р.Х авсан. Тэд надад “... үлдсэн 3 хонийг чи 120.000 төгрөгөөр авчих, тэгээд тэр мөнгөөр чинь бензин аваад Ж.Х ын машинд нь хийгээд барагшуны тос бэлдэхээр явъя” гэж ярилцсан юм. Тэгээд тухайн өдөр 3 хонийг Бугат сумын нутаг дэвсгэр “Бүргэдийн толгой” хэмээх газраас цаашаа явж “Шар хөтөл” хэмээх газарт хаваржиж байгаа манай хадам ах болох Б ын өвөлжөөнд нь буулгаж, малтай нийлүүлээд тэдэнд маллуулахаар захиж орхисон ба хадам ах Б ад “... бид үүнийг нэг монгол хүнээс худалдаж авсан байгаа, таны мал дотор байж байг” гэж хэлж захиад өөрсдөө Баяннуур сум руу барагшуны тос түүхээр явсан ба тухайн газарт 3 хонож, барагшуны тосоо аваад аймаг буцаж ирсэн юм.
    ... би энэ зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92, 94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Иймд шүүгдэгч Ж.Х , Ж.К , Р.Х нарын гэмт үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Ж.Х , Ж.К , Р.Х нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
    Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгч нарт хуульд заасан ялыг оногдуулах бүрэн үндэслэлтэй байна. 
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. 
Шүүхийн шүүмжлэлд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэсэн бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэргийн зүйлчлэлд мэтгэлцээнгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Х , Ж.К , Р.Х нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ. 
Шүүгдэгч Ж.Х , Ж.К , Р.Х нар нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь хохирогчийн мэдүүлэг боЛ шүүхэд гаргаж өгсөн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ж.Х , Ж.К , Р.Х нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ж.Х , Р.Х , Ж.К нарт оногдуулсан баривчлах ялыг тус тус нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ж.Х ын өмчлөлийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 000000000 гэрчилгээний дугаартай 850 мкв газар, шүүгдэгч Р.Х ын өмчлөлд байгаа Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 00010000 гэрчилгээний дугаартай, 700 мкв газар, шүүгдэгч Ж.К ы эзэмшлийн хөх өнгийн хуучин “Хурд” маркийн улсын дугааргүй мотоциклыг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Ж.Х ын өмчлөлийн Уаз-3909 маркийн, 0-0 улсын дугаартай, цагаан саарал өнгийн, 700000 /долоон зуун мянга/ төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ж.Х , Р.Х , Ж.К нарын гэмт хэрэг үйлдэх үед ашигласан Уаз-3909 маркийн, 0-0 улсын дугаартай, цагаан саарал өнгийн, 700000 /долоон зуун мянга/ төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ж.Х , Ж.К , Р.Х нар нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ж.Х , Ж.К , Р.Х нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Х , Ж.К , Р.Х нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6,  286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Ж ы Х ыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг,
- Шүүгдэгч Ж овогт Р ын Х ыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 
- Шүүгдэгч Т овогт Ж ы К ыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг нь хураахгүйгээр 3 /гурав/ сар, 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
- Шүүгдэгч Р.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг нь хураахгүйгээр 3 /гурав/ сар, 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
- Шүүгдэгч Ж.К ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг нь хураахгүйгээр 3 /гурав/ сар, 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х , Р.Х , Ж.К нарт оногдуулсан баривчлах ялыг тус тус нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Х , Р.Х , Ж.К нар бусдад төлөх төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.Х , Р.Х , Ж.К нар нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай. 
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х ын өмчлөлийн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан Уаз-3909 маркийн, 0-0 улсын дугаартай, цагаан саарал өнгийн, 700000 /долоон зуун мянга/ төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай. 
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х ын өмчлөлийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 000000000 гэрчилгээний дугаартай 850 мкв газар, шүүгдэгч Р.Х ын өмчлөлд байгаа Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 00010000 гэрчилгээний дугаартай, 700 мкв газар, шүүгдэгч Ж.К ы эзэмшлийн хөх өнгийн хуучин “Х” маркийн улсын дугааргүй мотоциклыг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Уаз-3909 маркийн, 0-0 улсын дугаартай, цагаан саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 
8. Шүүгдэгч Ж.Х , Р.Х , Ж.К нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, тус тус цагдан хорьсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
 
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Х , Р.Х , Ж.К нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      А.ДАУРЕНБЕК