Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 199

 

М.А-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурор О.Мөнхбаатарын бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаартай эсэргүүцлээр М.А-д холбогдох эрүүгийн 1804002540163 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Батмөнх овгийн М.А-, 1965 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            М.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 18-19 цагийн үед, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 30 дугаар байрны гадна талбайд өөрийн төрсөн дүү М.Батсайханыг “ярилцсангүй, өөдөөс эсэргүүцэл үзүүллээ” гэх шалтгаанаар толгой, нүүрэн тус газарт нь цохих, мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Багануур дүүргийн прокурорын газраас: М.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар уг ялыг 2019 оны 3 дугаар сарын 1-ний дотор хэсэгчлэн биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, М.А- нь хохирогч М.Батсайханы эмчилгээний зардалд 212.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдаж, М.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдаж, М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор О.Мөнхбаатар тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч М.А-д торгох ял оногдуулахдаа уг ялыг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлүүлэхээр хугацаа тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор ... торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэсэн заалтыг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Өөрөөр хэлбэл шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг 54 хоног буюу хуульд зааснаас бага хугацаагаар тогтоож, эрх хэмжээгээ хэтрүүлэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг зөвтгүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч М.А-д оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг 54 хоногоор тогтоож шийдвэрлэснийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл торгох ялыг биелүүлэх дээд хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилээр тогтоосон бол доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногоор тогтоосон байдаг...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

М.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 18-19 цагийн үед, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 30 дугаар байрны гадна талбайд өөрийн төрсөн дүү М.Батсайханыг “ярилцсангүй, эсэргүүцэл үзүүллээ” гэх шалтгаанаар толгой, нүүрэн тус газарт нь цохих, мөргөх зэргээр зодсоноос эрүүл мэндэд нь “хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, хүзүүний хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч М.Батсайхан нь “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 19 цагийн үед,  М.Базаррагчаа ах миний утас руу залгаад “Чи 30 дугаар байрны гадаа гараад ир” гэхээр нь гараад очтол М.А- ах үгийн зөрүүгүй намайг автомашин руугаа чирсэн. Би “Суухгүй” гэж эсэргүүцээд гарыг нь тавиулах гээд зөрүүлээд заамдаад авахад миний толгой руу гараараа 7-8 удаа цохиж, хамар луу толгойгоороо мөргөж, давсаг руу 1 удаа өвдөглөсөн. М.А- ахад мөргүүлснээс болоод миний хамрын яс хугарсан, толгой байнга өвдөж байна...” /хх-ийн 23-25/ гэж өөрийн төрсөн ах М.А-д зодуулж биедээ гэмтэл авсан талаараа тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Я.Бямбацэрэнгийн “...нөхөр М.Батсайханы хамт гараад очиход М.А- ах түүнийг автомашинд суу гэж тушаасан. Манай нөхөр суухгүй гэтэл М.А- ах уурлаад нүүр лүү нь гараараа цохисон...” /хх-ийн 35/ гэх мэдүүлэг,

 шүүгдэгч М.А-ийн  “...дүүгээ автомашинд суусангүй гэж уураа барьж чадаагүйгээс ийм зүйл боллоо. Би дүүдээ үг хэлэхдээ буруу арга хэрэглэсэн гэдгээ ойлгосон...” /хх-ийн 110/ гэх мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 09/380, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09/001 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 37, 80/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч М.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан  тухайн зүйл, хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгийн байдал, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан уг ялыг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Дээд шатны прокурор О.Мөнхбаатар тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд ... торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор ... торгуулийг биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан байхад анхан шатны шүүх уг заалтыг зөрчин, шүүгдэгч М.А-д оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг 54 хоногоор буюу хуульд зааснаас бага хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан...” хэмээн маргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн IV дэх хэсэг “Эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа”-ийн Арван долдугаар бүлэгт “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журам”-ыг тогтоон хуульчилсан ба энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор … биелүүлэх үүрэгтэй.” гэсэн нь шүүхээс торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй тохиолдолд хэрэгжихээр байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд шүүх энэхүү заалтыг хэрэглэхдээ шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэхийн зэрэгцээ эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Эрүүгийн хуулиар торгох ялыг биелүүлэх хугацааны доод хязгаарыг тогтоож өгөөгүй ба үүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаагаар ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” байх хууль ёсны зарчимд харшилна.

Эрүүгийн хууль нь эрүүгийн хариуцлагын зорилго, зарчмыг тогтоож, хүн, нийгэм, төрд аюултай ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзэх, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын болон ялын төрөл, хэмжээг тогтоосон материаллаг хууль болохынхоо хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хэм хэмжээг журамласан/ хуулиас дээд хүчин чадалтай болно.

Иймд шүүхээс торгох ялыг биелүүлэх хугацааг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор буюу 54 хоногоор тогтоосныг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хууль хэрэглээний талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор О.Мөнхбаатарын бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                                        Д.ОЮУНЧУЛУУН

                               ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН