Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0461

 

2014 оны 12 сарын 03 өдөр                    Дугаар 461                               Улаанбаатар хот

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагч Д.А, Ө.З нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 441 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, ”Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.А, Ө.З нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

“Б” ХХК-иас-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК-иас нь 2007 онд үүсгэн байгуулагдсан, Польш улсаас барилгын материал импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. 2013 оны 12 дугаар сард манай байгууллага дээр Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 132/13 тоот удирдамжийн дагуу санхүүгийн бичиг баримтад бүрдүүлэлтийн шалгалт хийсэн. Уг шалгалтыг Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.А Ө.З нар хийсэн бөгөөд 2010-2012 онд улсын хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлээгүй, гадаадаас худалдан авсан зарим барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэж нийт 54.542.772 төгрөгийн акт тогтоосон. Шалгалтаар илэрсэн зөрчил гэж байгаа асуудлууд нь манай компаниас хамааралгүй байсан учир уг актыг хүлээн зөвшөөрөөгүй, актад гарын үсгээ зураагүй юм. Учир нь манай компани бүх бараа материалаа хойд хилээр оруулдаг ба ажлын хэрэгцээнд зориулж 2010-2012 оны хооронд 10 гаран үйлдлээр 54,5 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн урд хилээр оруулж авсан. Эдгээр барааг бид Хятадын “Бүргэд" компанитай харилцан тохиролцож буюу нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвар төлөөд агуулахад хүргэж өгөх нөхцөлөөр үнээ тохирсон байсан тул “Б” ХХК-иас мэдүүлэгч субъект биш, гаалиар барааг нуун далдлах болон аливаа хууль бус үйлдэл хийгээгүй. Тийм ч учраас нуун далдлах санаа агуулаагүй тул санхүүгийн тайлан балансад үнэнээр тусгасаар ирсэн. Иймд “Б” ХХК-иас нь 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 тоот “Төлбөр төлүүлэх тухай” акт хууль бус тул хүлээн зөвшөөрөх боломжгүй, ... хууль бусаар төлбөр ногдуулсан Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалт Гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 тоот “Төлбөр төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан 132/13 тоот удирдамжийн дагуу Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.А, Ө.З нар 2013 оны 12 дугаар сарын 23-наас 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд”Б” ХХК-ийн 2010-2012 онд улсын хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд тус байгууллагын санхүүгийн болон холбогдох бусад баримтад тулгуурлан бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийсэн.

Тус компани шалгалтад хамрагдсан хугацаанд БНХАУ-аас тортой булан, люлик зэрэг зарим нэр төрлийн барааг импортоор авч орлогодоо тусгасан байх боловч тэдгээрийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй, гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй байсан. Гаалийн тухай хуулийн 290.2.1 дэх заалтыг үндэслэн гаалийн байгууллагад мэдүүлээг/й барааны үнийн дүн болох 54.542.772 төгрөгийг тус компаниас гаргуулж 2014 оны 02 дугаар сарын 15-ны дотор улсын Төсөвт оруулахаар 06/14 тоот акт тогтоосныг Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газарт гаалийн улсын байцаагч Б.Е-ийн хамт тус компанийн гүйцэтгэх захирал Бат-Эрдэнэд танилцуулж, цаашид гаалийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг сайтар судалж улсын хилээр нэвтрүүлсэн барааг гаалийн байгууллагад үнэн зөв бүрдүүлж байх талаар зөвлөсөн.

... Иймд ”Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1, Гаалийн тухай хуулийн 249-р зүйлийн 249.3, 290 дүгээр зүйлийн 290.2, 290.2.1-т заасныг тус тус баримтлан Гаалийн Ерөнхий Газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн № 06/14 тоот төлбөр төлүүлэх тухай” актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нараас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: 2014 оны 10 дугаар сарын Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн шүүгчийн 441 тоот шийдвэрт заасан 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №06/14 тоот “Төлбөр төлүүлэх тухай” акт нь “Алдаатай захиргааны акт” болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Гаалийн байгууллага гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор чөлөөт эргэлтэд байгаа барааны мэдээллийн үнэ зөвийг шалгах эрхтэй”, 235 дугаар зүйлийн 235.2.2-д “гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх, зөрчлийг арилгуулах”, 235 дугаар зүйлийн 235.4-д “Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно.” гэж заасны дагуу бүрдүүлэлтийн дараах шалгалтыг явуулж Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д “Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэсэн заалтын дагуу 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 тоотоор “Б” ХХК-иас-д акт тавьсан байна.

Гаалийн бүрдүүлэлтийн явцад гаалийн зөрчил шууд илрүүлсэн үед Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-т заасан 3 сарын дотор захиргааны хариуцлагад татах хугацаа үйлчилдэг бөгөөд харин бүрдүүлэлтийн дараах шалгалтаар чөлөөт эргэлтэд орсон барааг шалгах явцад хууль бусаар нэвтрүүлснийг илрүүлж байгаа процессын ялгаа, гаалийн байгууллагын үйл ажиллагааны онцлогийг тодруулалгүй шийдвэрлэж байгаа нь хэт нэхэмжлэгч талын ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр гэж үзэж байна. Мөн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 тоотоор “Б “ ХХК-д тавьсан актад Гаалийн тухай хуулийн 290 дугаар зүйлийн 290.2.1-дэх заалтыг үндэслэж торгууль ногдуулсан байхад актад огт дурдаагүй Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь заалтыг үндэслэх, тогтоох хэсэгтээ дурдаж гаалийн улсын байцаагчдын актыг алдаатай гэж дүгнэж байгаа нь илт хууль бус шийдвэр гэж үзэж байна.

 

 

Шүүгч үндэслэх хэсэгтээ “...гаалийн улсын байцаагч нь барааны үнийг гаргуулах захиргааны шийтгэл, татвар нөхөн ногдуулах гэсэн хоёр ойлголтыг ялгаж, салгаж үзэлгүй, үндэслэх ёсгүй заалт үндэслэж буюу хууль хэрэглээний алдаа гаргаж, алдаатай захиргааны акт гаргасан байна гэж шүүх дүгнэв” гэжээ.

Гэтэл барааг хууль бусаар нэвтрүүлсэн зөрчил тухайн үедээ илрээгүй бөгөөд бүрдүүлэлтийн дараах шалгалтаар илэрсэн нөхцөлийг тодруулаагүй, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д.”Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэсэн хуулийн хэрэглээг шийдвэр гаргахдаа олж хараагүй байна.

Иймд Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн шүүгчийн 441 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн

  1. д заасан захиргааны хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтуудыг дутуу цуглуулж хэргийг шийдвэрлэсэн байна.

Гаалийн Ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 132/13 дугаар удирдамжийг[1] үндэслэн Гаалийн Ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын гаалийн улсын байцаагч нар нэхэмжлэгч “Б” ХХК-иас- ийн 2010-2012 онуудад гаалийн хилээр импортолсон бараа, материал, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд шалгалт хийж, 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/14 дугаар актаар[2] Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-т заасныг үндэслэн “гадаадаас худалдан авсан зарим барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчил гаргасан” гэж үзэж барааны үнэ 54.542.772 төгрөгийн төлбөрийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэхээр акт тогтоожээ.

Нэхэмжлэгч талаас уг актыг эс зөвшөөрч Гаалийн ерөнхий газрын даргад, улмаар шүүхэд хандсан байх ба “эдгээр барааг БНХАУ-ын “Б” ХХК-тай нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвар төлөөд агуулахад хүргэж өгөх нөхцөлөөр тохирч авдаг, гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдөөгүйг энэ шалгалтаар мэдсэн тул биднээс үл хамаарах

 

асуудалд, баримт бичиг дутуу байхад үндэслэлгүйгээр акт тавьсан” гэж, хариуцагчаас “Б” ХХК-тай байгуулсан гэрээнд бараа хүлээлгэн өгөх өртөө нь БНХАУ-ын Эрээн хот гэж заасан байгаа тул мэдүүлэгч нь “Б” ХХК учир барааг хуулийн дагуу мэдүүлж хилээр оруулах ёстой байсан" гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас давж заалдах шатны шүүх хуралдаанд “БНХАУ-ын Эрээн хот руу явж “Б” ХХК-тай барааны үнийг тохирч дараа нь тус компани бидний шилжүүлсэн мөнгөөр бараа худалдан авч Инкотермс-2010 ЭЭР нөхцөл буюу агуулахад шууд буухаар явуулдаг байсан..., ...шалгалтын үеэр компанийн удирдах албан тушаалтнууд гадаад улсад албан томилолттой, компанийн нягтлан бодогч Б.С өөр газар ажилладаг байсан учраас холбогдох гэрээ, баримтуудыг бүрэн гаргаж өгч чадаагүй...” гэх тайлбарыг гаргажээ.

Хавтаст хэрэгт ”Б” ХХК-ийн 2010-2012 оны хоорондох БНХАУ-ын “Б” ХХК-иас худалдан авсан бараа материалын баримтууд[3], “Б” ХХК-тай байгуулсан гэрээ[4], авлага, өглөгийн товчоо тайлан[5], үндсэн хөрөнгийн тайлан[6] зэрэг баримтууд авагдсан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Эрээн хот руу явах замын зардлын төсөв болон төлбөрийн актын жагсаалт дахь зарим үнийн дүн хоорондоо давхардсан, зарим барааг дотоодоос худалдан авсан, ...замын зардал болон тээврийн зардлыг төлбөр тогтоох үндэслэл болгож ...эргэлзээтэй, хууль бус баримтад үндэслэн акт тогтоосон...” гэж маргажээ. Гэтэл төлбөр тогтоосон байцаагчийн актад нэхэмжлэгчийг “гадаадаас худалдан авсан зарим барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчил гаргасан” гэж буруутгасан байна. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ төлбөрийн жагсаалтад хамаарах нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, актаар тогтоогдсон төлбөрт замын болон тээврийн зардал орсон эсэх, үнийн дүн давхардсан эсэхийг шалгаж тогтоон үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагч талаас давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Хэрвээ мэдүүлэгч нь “Б” ХХК юм бол нэхэмжлэгч “Б” ХХК-иас гаалийн бүрдүүлэлт хийсэн баримтаа өгөх ёстой, гэтэл ийм баримт байдаггүй. Нэхэмжлэгч тал “Б” ХХК-тай байгуулсан гэрээ, бусад холбогдох баримт бичгүүдийг шалгалтын явцад гаргаж өгөөгүй хэр нь анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж

 

 

 

 

өгсөн. Хэрвээ шалгалт хийх хугацаанд уг гэрээг гаргаж өгсөн бол анхнаасаа барааг мэдүүлээгүй гэж нөхөн бүрдүүлэлт хийх, акт тавих асуудал яригдахгүй байсан...” гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн дээрх тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “...барааны үнэ, нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвар тооцсон нийт үнийг нийлүүлэгчид шилжүүлдэг байсан тул гаальд мэдүүлэгч нь “Б” ХХК юм”..., манайх тус компанитай гэрээтэй ажилладаг..." гэсэн тайлбаруудаас үзвэл шүүх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн эсэхийг тогтоохын тулд нэхэмжлэгчийн зааж байгаа “Б” ХХК-иас нийлүүлсэн барааны гаалийн бүрдүүлэлт хийгдсэн гэх баримтыг цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгөх нь хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй үнэн зөв тогтоож, шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Татварын Ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх дараах татвар улсын татварт хамаарна”, 7.3.2-т “гаалийн албан татвар”, 11 дүгээр зүйлийн 11.1-т “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно” гэж тус тус заасан.

Шүүх гаалийн татвар ногдуулсан маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг шалгаж тогтоох үүрэгтэй байтал хуулийн дээрх зохицуулалтыг анхааралгүйгээр нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, түүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 441 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

[1] Хавтаст хэргийн 38 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 6 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 72-82, 115-123

[4] Хавтаст хэргийн 83-86, 99-102, 124-127

[5] Хавтаст хэргийн 64-69, 87-93, 103-112

[6] Хавтаст хэргийн 70,71, 94,95, 113,114