Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 038

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж, 
нарийн бичгийн дарга: Ц.Саранцэцэг,
орчуулагч: А.Еркегүл,
улсын яллагч: Т.Серикжан,
шүүгдэгч нарын өмгөөлөгч: Х.Зулхаш,
шүүгдэгч Ж.Хайых, Р.Ханагат, Ж.Керейхан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жадик байхара овогт Жайдарханы Хайых, Жадик байхара овогт Реуаятын Ханагат, Төлек овогт Жанатханы Керейхан нарт холбогдох 201604000091 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
    Шүүгдэгч Ж.Хайых: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Жадик байхара овогт Жайдарханы Хайых, БИ86103110 регистрийн дугаартай, 1986 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. 
    Шүүгдэгч Р.Ханагат: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Жадик байхара овогт Реуаятын Ханагат, БВ78092017 регистрийн дугаартай, 1978 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
    Шүүгдэгч Ж.Керейхан: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Төлек овогт Жанатханы Керейхан, БВ88121017 регистрийн дугаартай, 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
     Шүүгдэгч Ж.Хайых, Ж.Керейхан, Р.Ханагат нарын холбогдсон хэргийн талаар:
    Шүүгдэгч Ж.Хайых, Р.Ханагат, Ж.Керейхан нар бүлэглэн Увс аймгийн Ховд сумын Ачит багийн “Лонх” гэдэг газар бэлчиж байсан хонин сүрэг дотроос Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн оршин суугч хохирогч Ш.Хойшыбайгийн 4 хонийг УАЗ-3909 маркийн 1357 улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр хулгайлж, 340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ж.Хайых шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн үед Ханагат, Керейхан нарын хамт Увс аймгийн Лонх гэдэг газарт барагшуны тос түүхээр явсан. Би машиндаа үлдээд, Ханагат, Керейхан нар уул руу гараад явсан. Хэсэг хугацааны дараа Керейхан над руу утастаж, энд 4 ширхэг хонь байна, аваад явах уу гэхээр нь би гай болно гэхэд тэрээр машиныхаа бензин тосны мөнгийг үүгээр хаая гэж хэлсэн. Ханагат, Керейхан хоёр хоорондоо тохиролцсон юм шиг байна. Би за, за аваад ир гэж хэлсэн нь үнэн. Би оройн нь  Өлгийд ирээд Ханагатын гэрт нь ирж хонийг буулгаад гэрлүүгээ харьсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед Ханагат, Керейхан хоёр надад 120000 төгрөг авчраад Баяннуур сум руу барагшуны тос түүхээр явахдаа бензин хий гэж хэлээд өгсөн. Бид нар Ханагатын гэрт очиж 4 хонины 1-ийг нь үлдээгээд, 3-ийг нь машинд ачаад Шар хөтөл гэх газарт байдаг Керейханы хадам ах болох Бекболатын гэрт нь хүргэсэн. Бекболат энэ гурвыг мал болгож авъя гэж хэлсэн. 3 хоногийн дараа барагшуны тос авчраад цагдаад баригдсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв. 
- Шүүгдэгч Ж.Керейхан шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр байх Лонх гэдэг газар барагшуны тос түүхээр явсан. Ханагат 4 хонийг хараад тасарч үлдсэн мал байна, аваад явах уу гэж хэлсэн. Тэгээд Хайых руу залгахад аваад ир гэж хэлсэн. Бид уг хонийг хулгайлсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв. 
- Шүүгдэгч Р.Ханагат шүүхийн хэлэлцүүлэгт: “... Бид буруу зүйл хийсэн. Хонь хулгайлсан маань үнэн. Бидэнд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү ” гэв. 
    - Улсын яллагч ялын шүүмжлэлдээ: “...Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасны дагуу жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардал байхгүй. Шүүгдэгч нар уг хэргийн учир цагдан хоригдож байгаагүй. 2015 оны 05 дугаар сарын 27-ний өдрөөс эхэлж шүүгдэгч нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгч Хайыхын 850 мкв газар, Ханагатын 700 мкв газар, Керейханы хурд маркийн хөх өнгийн мотоциклыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, өөрсдөд нь буцаан олгох саналтай байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Уаз 3909 маркийн 1357 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хурааж улсын орлого болгох саналтай байна” гэв. 
    Мөн шүүх хуралдаанд: Эрүүгийн хэрэг үүсгэж байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол,  гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, машинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ш.Хойшыбайг хохирогчоор байцаасан тухай тэмдэглэл, гэрч А.Бекболат, А.Ахжархын, М.Балдырган, Ж.Айланыш, Р.Гүлжазира, К.Еркежан, Н.Ерболат, Ш.Мария нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, Ж.Хайых, Ж.Керейхан, Р.Ханагат нарыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
Шүүгдэгч Ж.Хайых, Р.Ханагат, Ж.Керейхан нарын гэм буруугийн талаар: 
    Шүүгдэгч Ж.Хайых, Р.Ханагат, Ж.Керейхан нар бүлэглэн Увс аймгийн Ховд сумын Ачит багийн “Лонх” гэдэг газар бэлчиж байсан хонин сүрэг дотроос Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн оршин суугч хохирогч Ш.Хойшыбайгийн 4 хонийг УАЗ-3909 маркийн 1357 улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр хулгайлж, 340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 дугаар хуудас/, 
    - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10  дугаар хуудас/, 
    - Хулгайд алдагдсан хоньд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/, 
    - Эд зүйлийг хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-17 дугаар хуудас/, 
    - Хохирогч Ш.Хойшыбайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх сумын төвд буюу 5 дугаар багт оршин суудаг юм. Миний өөрийн 80 орчим ямаа, 30 орчим сэрх, 20 орчим хонийг Ногооннуур сумын Ховд голын багт миний том охины нөхөр Балдырган малладаг юм. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орой 17 цагийн үед байх миний малчин хүргэн Ханай овгтой Балдырган миний утас руу залгаж өдөр 16 цагийн үед би малыг Увс аймгийн нутаг дэвсгэр “Лонх” гэх газарт тууж очоод тэнд бэлчээрт орхиод гэрт ирээд цай ууж байгаад бэлчээрт байгаа малыг харах гээд гэрээс гарангуут манай амгалан байсан “Лонх” гэх нэртэй газар руу чиглэж нэг саарал өнгийн пургон маркийн тээврийн хэрэгсэл явсан байсан ба би араас нь морьтой очиход бэлчээрээс чулуунд хашиж аваад машинд ачсан хонины мөр, мөн хүний, тээврийн хэрэгслийн мөр байгаа юм байна гэж хэлсэн. Тухайн үед Балдырган бэлчээрт байсан малын дотроос хонь алдагдсан гэдгийг очингуут мэдсэн боловч яг хэдэн хонь алдагдсан гэдгийг мэдээгүй байна. Тэгээд гэрт ирээд хонийг тоолоход 4 хонь дутсан байна. Дараа нь тэр над руу утсаар залгаж хэлсэн болно. Тэр өдөр би албаны ажлаар хөдөө явж байгаад очиж чадаагүй ба маргааш нь өдөр 15 цагийн үед хүргэн Балдырганы гэрт нь очсон. Би түүнийг гэрлүүгээ явахаас өмнө энэ талаар тус сум дахь Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн ахмад Н.Досжанд мэдэгдсэн болно. Би хүргэн хүү Балдырган гэрт очиж хэрэг учрал болсон газарт биеэр очиж, хэргийн газарт үүссэн тээврийн хэрэгслийн мөр, гутлын мөрийг хамгаалалтанд авсан ба 2 хоногийн дараа хэсгийн дарга тэнд ирсэн. Тус сум дахь хэсгийн дарга Н.Досжан энэ асуудлыг шалгаад 4 хонийг хулгайлсан хүмүүсийг олж өгсөн болно. 
    ... Миний хулгайд алдагдсан 4 хонины нэг нь улаан алаг зүсмийн төлөг байсан ба зүүн баруун талын чихний урдаас ухам имтэй, баруун талын чихний ар талд мөн ухам, урд талд хөндлөн имтэй байсан. 2 дахь хонь хүрэн зүсмийн 2 насны зусаг эм хонь байсан ба баруун талын чихний ар талд ухам, чихний урд талд хөндлөн имтэй, зүүн талын чихний урд талд ухам имтэй байсан. Харин 3 дахь хонь хүрэн зүсмийн 4 насны соёолон эм хонь байсан ба зүүн талын чихний урдаас ухам имтэй, баруун талын чихний имийг сайн санахгүй байна. 4 дэх хонь шар толгойтой 4 насны соёолон эм хонь байсан ба баруун талын чихний урдаас ухам имтэй байсан болно. Ер нь би хонинуудын имийг сайн мэдэхгүй буруу хэлсэн ч байж магадгүй, энэ талаар миний хүргэн болох Балдырган сайн мэдэж байгаа болно.
    ... Би хулгайд алдагдсан 4 хонины 2 хонь нь 4 насны соёолон эм хонь байсан тул 80000-90000 төгрөгөөр харин үлдсэн 2 хонийг 75000-80000 төгрөгөөр тус тус үнэлж байна. 
    ... Надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл би хулгайд алдагдсан 4 хонио буцааж авлаа. Мөн тухайн үед энэ тэнд алдагдсан хонийг хайх үед гарсан бензин тоосны үнийг гаргуулан авлаа. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
    - Гэрч А.Бекболатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шар хөтөл” гэх газарт оршин суудаг юм. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байх орой 17 цагийн үед миний хүргэн дүү Ж.Керейхан түүний хажууд би гаднаас зүс таньдаг Р. Ханагат хоёр хажууд УАЗ-3909 маркийн саарал өнгийн 13-57БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож үл таних нэг залуутай хамт манай гэрт ирсэн. Тэд уг тээврийн хэрэгслээр 3 тооны хонь ачиж ирсэн байсан. Миний хүргэн дүү болох Ж.Керейхан надад би өчигдөр Өлгий сумын гүүрний цаана гэр нь байдаг нэг залуугаас 3 тооны эх хонь худалдаж авлаа. Дээрх хонийг таны малд нийлүүлэхээр ирсэн ба өөр нийлүүлж тавихаар хүн байхгүй байна гэж хэлээд 3 хонийг надад үлдээгээд явцгаасан. Тэд манай гэрээс цаашаа Баяннуур сум руу яваад барагшуны тос түүхээр явна гэж хэлээд явсан. Надад үлдээсэн 3 эх хонины нэг нь шар толгой зүсмийн эх хонь байсан ба үлдсэн 2 хонь болохоор улаан хүрэн зүсмийн эх хонь байсан ба уг хонинуудын им, тамгыг анзаарч хараагүй болно. Дараа нь хэдэн хоногийн дараа миний хүргэн дүү болох Ж.Керейхан, гаднаас таньдаг Р. Ханагат, түүний хажууд урьд нь ирдэг жолооч залуугийн хамт гурвуулаа ирээд надад малд нийлүүлэхээр үлдээсэн байсан 3 хонио буцаагаад аваад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
    - Гэрч А.Ахжархыны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх   Ногооннуур   сумын   3-р   багийн   нутаг дэвсгэрт байдаг “Усан хоолой” гэх газарт оршин судаг юм. Би 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 14 цаг 30 минутад манай гэрээс 5 км орчим газарт гэр нь байдаг Айланышын гэрт нь очиход түүний цайны газарт 4-н эрэгтэй 1 эмэгтэй гаднаас орж ирсэн цай уугаад сууж байхыг харсан юм. Цайны газрын дотор 1 эмэгтэй 1 эрэгтэй тусдаа сууж байсан ба үлдсэн 3 залуу тусдаа сууж байсан гэж хэлсэн. Гэхдээ дараа нь бодоод байсан чинь 3 залуу тусдаа сууж байсан ба уг 3 залуугийн хажууд нэг эмэгтэй тусдаа ширээнд сууж байсан юм. Уг 3 залуу хуучин саарал өнгийн пургон маркийн машинаар явж байсан юм. Уг саарал өнгийн пургон маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг анзаарч хараагүй. Уг пургонтай 3 залуу Айланышын цайны газраас гараад манай гэрийн урьд замаар яваад “Ачит” нуурын усан хоолойн гүүрээс цаашаа Увс аймгийн Ховд сум руу чиглэж явсан ба тэр өдөр орой 18 цагийн үед Увс аймгийн “Лонх” гэх газраас гараад, гүүрээр гараад аймаг руу чиглэж явсан юм” гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 дугаар хуудас/,
    - Гэрч А.Балдырганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ногооннуур сумын 3-р багийн “Хугай” гэх газарт өвөлжиж суудаг миний бие Увс аймгийн “Ховд” сумын Ачит багийн “Лонх” гэх газарт өөрийн 250 орчим бог малыг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт бэлчээрт гаргаж явуулсан ба 15 цагийн үед “Лонх” гэх ууланд миний мал явсан газарт нэг цагаан саарал өнгийн пургон маркийн машин явж харагдсан тул би бэлчээрт байгаа малд очих үед уг машин явсан байсан. Би ойртон очиж уг машины улсын дугаарыг харж чадаагүй юм. Тэгээд өөрийн бэлчээрт гаргасан малыг тууж ирээд малаа тоолох үед миний малаас 4 тооны хонь байхгүй байсан. Тэгээд малыг зүсээр нь ялгаж тоолох үед Ногооннуур сумын 7-р багт орчин суух миний хадам эцэг болох Ш.Хойшыбай миний малд нийлүүлсэн 4 хонь байхгүй байсан. Уг хонь бол 3 эх, нэг нь эм хонь алга болсон байсан тул тэр өдөр бэлчээрээс хайгаад олоогүй ба дараа нь цагдаад мэдэгдсэн юм.
    ... Зөв талын чихний урдаас ухмал буруу талын чихний урдаас зүүсэн харин хойд талаас ухмал имтэй байсан. 3 хонины нэг нь зөв талд чихний урдаас ухмал буруу талын чихэнд тайрмал имтэй байсан. Миний алдсан мал 3 эм хонь 1 нь эм төлөг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, 
    - Гэрч Ж.Айланышын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04-р сарын 22-ны өдөр манай Ногооннуур сумын 3-р багт Ачит нуурын хажууд “Завсар” гэх газарт байдаг гуанзанд аймгийн төвөөс Увс аймгийн Ховд сум орох гэж явж байна гэж цагаан саарал өнгийн Пургон машинаар 3 нь залуу явж байсан юм. Тэд манай гуанзанд ороод гарах үед Завхан аймгаас банз ачиж явж байсан иргэн Ерболат гэгч манайд сууж байсан. Иргэн Ерболат тэднийг таниад мэндэлж байсан. Тэр үед өдрийн 12 цаг болж байсан байх. Ховд суманд ямар ажлаар явж байгааг мэдээгүй. Машины дугаарыг хараагүй. Нэг залуу бол намхандуу дунд зэрэг биетэй сахалтай, хар царайтай тарган залуу байсан. Уг бүдүүн биетэй залуу жолооч нь байсан байх. Тэд 30-аас 40 орчим насны хүмүүс шиг харагдсан. Тухайн залууг иргэн Ерболат сайн таних байх. Маргааш нь Балдырганы 4 хонь алдсан машинтай хүмүүс хулгайлсан байх гэж хэлж байсан ба 7 хоногийн дараа дуудах үед цагдаа нар 4 хонийг өмнө танайд ирсэн машинтай залуус хулгайлсан байна гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, 
    - Гэрч Р.Гүлжазирагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орой 23 цагийн үед байх бид нар унтаж амрах гэж байхад миний нөхөр болох Р. Ханагатын найз, би гаднаас таньдаг Хайых гэрчийн саарал өнгийн пургон машинаар гэрт ирсэн. Гэрт ирэхэд манай нөхөр Р.Ханагат нэг тооны улаан алаг зүсмийн төлөг авчирсан байсан. Би нөхрөөс уг төлөгийг хаанаас, хэнээс худалдаж авсан бэ гэж асуухад хөрш айлын залуу Ж.Керейханаас худалдаж авсан гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр сууж ирсэн пургон машины дотор төлөгийн хамт 3 эх хонь ачиж ирсэн ба уг 3 эх хонийг Ж.Керейхан гэрлүүгээ аваад явсан юм. Маргааш өглөө нь 10 цагийн үед байх би аймаг руу хувийн ажлаар явсны дараа нөхөр маань уг төлөгийг Хайыхын машинд буцааж ачаад хөдөө гэр нь байдаг миний төрсөн ах Хурметбекийн малд нийлүүлэхээр аваад явсан байна. Тухайн үед нөхрийн авчирсан төлөгийн им, тамгыг анзаарч хараагүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/, 
    - Гэрч К.Еркежаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх Бугат сумын 3-р багт буюу сумын төвд оршин суудаг юм. Миний нөхөр болох Ж.Керейхан нь 2016 оны 4-р сарын 22-ны өглөө 10 цагийн үед байх хөрш айлын Ханагат гэрчтэй хамт Увс аймгийн Ховд сум руу барагшуны тос түүхээр гаднаас таньдаг Хайых гэдэг залуугийн саарал өнгийн пургон маркийн машинаар явсан юм. Тэгээд тэр өдөр орой 23 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна нөхөр маань явган ганцаараа гэртээ ирсэн. Би нөхөр болох Ж.Керейханаас яагаад гэрт ганцаараа явган ирсэн бэ гэж асуухад нөхөр маань сая хөдөөнөөс ирлээ. Намайг Хайых хөрш айлын Ханагатын гэрт буулгаад явчихлаа гэж хэлсэн. Нөхөр маань хөдөөнөөс гэрт орж ирээд надад би сая нэг үл таних монгол хүнээс 120000 төгрөгт 3 хонь худалдаж авахаар болсон гэж хэлээд надаас 120000 төгрөг авсан. Нөхөр маань надад хэлэхдээ би худалдаж авсан 3 хонь Ханагатын малын хашаанд байна гэж хэлсэн. Би өөрөө уг худалдаж авсан гэх 3 хонийг хараагүй болно. Маргааш өглөө нь нөхөр маань Ханагатын хашаанд байсан худалдаж авсан гэх 3 хонийг Хайыхын машинд буцаагаад ачиж аваад миний төрсөн ах гэр нь хөдөө байдаг Бекболатын малд нийлүүлэхээр аваачиж өгсөн байна. Тухайн үед би нөхрийн авчирсан 3 хонь хулгайн мал гэдгийг мэдээгүй болно. Бид хоёр анх 2014 онд сайн дураараа гэр бүл болсон юм. Би одоо нөхөр, хүүхдийн хамт Бугат сумын 3 дугаар багт оршин суудаг юм. Нөхөр маань урьд өмнө хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй болно. Ж.Керейхан цайлган сэтгэлтэй, хүнд тусархаг, аль болох хүнд туслахыг боддог, хичээдэг юм. Нөхөр маань архи, тамхи хэрэглэдэггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, 
    - Гэрч Н.Ерболатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би ганцаараа өөрийн эзэмшлийн 0304 бөт улсын дугаартай “Норд-бенз” маркийн том ачааны тээврийн хэрэгсэлд “Тосон цэнгэл” нэртэй сумаас мод ачиж аваад 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах зам дагуу байдаг иргэн Айланыш гэгчийн цайны газарт очсон юм. Цайны газарт нь ороход дотор холын хамаатан Жайдарханы хүү Хайых сууж байсан ба түүний хажууд үл таних хоёр залуу сууж байсан. Тухайн үед Ж.Хайых өөрийн саарал өнгийн хуучин Уаз-3909 маркийн пургон машинаар явж байсан. Тэд цайны газраас цай уучхаад Увс аймгийн Ховд сум руу явж байгаа хэмээн хэлээд явчихсан. Би Тосонцэнгэл сумаас мод ачиж аваад аймаг руу явж байсан. Тухайн үед Айланышын цайны газарт үл таних нэг эмэгтэй ганцаараа сууж байсан. Тэр эмэгтэй хаанаас явж байгааг мэдэхгүй. Би цайны газраас гараад явахдаа тэр үл таних эмэгтэй тэнд үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/, 
    - Гэрч Ш.Мариягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2016 оны 04-р сарын 22-ны өдөр 15 цагийн үед байх өдрийг сайн мэдэхгүй байна “Завсар” гэх газарт байдаг иргэн Айланышын цайны газарт хоол идээд сууж байтал гаднаас саарал өнгийн пургон маркийн машинаар үл таних 3 залуу орж ирээд хоол идээд гараад явсан байсан ба үл таних 3 залууд хаашаа явсныг анзаарч хараагүй. Одоо харвал уг үл таних 3 залууг танихгүй. Тэр 3 залууг зүс царайг санахгүй байна. Ямар ч гэсэн тэр 3 залуугийн нэг нь тарган, бор царайтай 30-35 насны орчим насны залуус байсан. Тухайн үед би цайны газарт сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/, 
    - Шүүгдэгч Р.Ханагатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн өдөр миний хамаатан дүү болох Жайдархан овогтой Хайых болон манай хөрш айлын залуу Ж.Керейхан нарын хамт өглөө 10 цагийн үед Баян-Өлгий аймгийн төвөөс Увс аймгийн Ачит багийн “Лонх” гэдэг газар луу барагшуны тос түүхээр явсан. Тус газарт очоод Ж.Керейхан бид 2 барагшуны тос хайгаад уул руу явсан ба бид нартай хамт явж байсан Хайых машинд үлдсэн байсан. Тэгээд бид хоёр уул руу яваад ямар ч барагшуны тос хайгаад олоогүй ба тухайн “Лонх” нэртэй ууланд 4 хонь тусдаа бэлжиж байсныг хараад Ж.Керейхан өөрийнхөө утсаар машинд үлдсэн байсан жолооч Хайых руу залгаж энд 4 хонь байна туугаад очих уу гэж асуухад Хайых нь туугаад ирээрэй гэж хэлэхээр нь Керейхан бид хоёр уг 4 хонийг туугаад уулнаас буулгаж машинд авчирсан юм. Дараа нь тэнд байсан хад чулуунд хашиж байгаад барьж аваад машинд ачаад аймгийн төвд ирсэн юм. Аймгийн төвд ирээд 4 хонийг Бугат сумын төвд манай гэрт буулгасан байсан. Маргааш өглөө нь 4 хонины нэгийг нь би авч үлдээд үлдсэн 3 хонийг Бугат сумын нутаг дэвсгэр “Бүргэдийн толгой” хэмээх газраас цааш явж “Шар хөтөл” хэмээх газарт хаваржиж байгаа Керейханы хадам ах Бекболатын гэрт нь буулгаж тэдэнд маллуулахаар захиж орхисон ба бид өөрсдөө Баяннуур сум руу барагшуны тос түүхээр явсан ба тухайн газарт 3 хонож, барагшуны тосоо аваад аймагт буцаж ирсэн юм.
    ... Ж.Керейхан болон миний бие Увс аймгийн “Лонх” гэх газарт уул руу барагшун түүхээр явсан байсан ба тухайн газарт сүргээсээ тасран бэлчиж байсан 4 хонийг хараад, дэргэд нь ямар нэгэн хүмүүс байхгүй болохоор бид шууд тэндээс тууж аваад гурвуулаа машинд ачиж аваад аймагт ирсэн.
    ... Тухайн үед бид хонь хулгайлах үед бидний хажууд өөр хэн нэгэн байгаагүй ба гаднаас болон холоос бид нарыг харсан хүн байхгүй болно.
    ... Тухайн үед бид Ж.Хайыхын эзэмшлийн 13-57БӨТ улсын дугаартай, УАЗ-3909 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслээр явж байсан болно. Эдгээр хонинуудын нэг шар толгой бүхий эх хонь, нэг нь алаг зүсмийн төлөг, үлдсэн хоёр нь улаан зүсмийн хонь байсан. Им тамгыг нь анзаарч харсангүй” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82, 83-84 дүгээр хуудас/, 
    - Шүүгдэгч Ж.Хайыхын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн өдөр миний хамаатан ах болох Реуаят овогтой Ханагат болон түүний таньдаг хөрш айлын залуу Ж.Керейхан нарын хамт өглөө 10 цагийн үед Баян-Өлгий аймгийн төвөөс Увс аймгийн Ачит багийн “Лонх” гэдэг газар луу барагшуны тос түүхээр явсан. Тус газарт очоод нөгөө 2 нь барагшуны тос хайгаад уул тийшээгээ явсан байсан ба нилээд хугацаа өнгөрсний дараа буюу 30-40 минутын дараа байх Керейхан над руу утсаар залгаж энд юу ч байхгүй байна, харин ч 3-4 тооны хонь байна, авч явах юм уу, гаргасан зарлагаа эднүүсээр нөхөх үү гэж хэлэхэд би түүнд наадах чинь дараа нь бидэнд гай болохгүй биз гэхэд тэр хоёр хоорондоо тохиролцсон юм шиг байна лээ надад “зүгээрээ яах ч үгүй” гээд уулнаас уг 4 хонийг тууж буугаад ирсэн. Дараа нь тэд надад тухайн 4 хонины нэгийг нь бариулаад үлдсэн гурвыг нь өөрсдөө чулуу тийшээгээ хашин барьж машинд ачсан. Тэгээд бүгд хамтдаа миний машинаар аймагт орой 18 цагийн үед ирж, ачиж явсан хонинуудаа Бугат сумд байдаг Ханагатын гэрт нь буулгасан. Тэгээд тэд Ханагатын гэрт үлдсэн байсан ба би яваад өгсөн. Маргааш өглөө нь 10 цагийн үед тэд надад 120,000 мянган төгрөг авчирч өгсөн. Тэдний өгсөн мөнгөөр нь машиндаа бензин хийж 4 хонины гурвыг нь машиндаа ачиж, нэгийг нь Бугат сумын төвд байдаг Ханагатын гэрт үлдээгээд Бугат суманд харьяалагддаг “Бүргэдийн толгой” хэмээх газраас цааш явж “Шар хөтөл” хэмээх газарт өвөлжиж буй Керейханы хадам ах гэх Бекболат гэгчийн гэрт нь очиж ачиж явсан гурван тооны хонио тэнд буулгаж үлдээгээд цаашаагаа Баяннуур сумын “Ошхы” гэх газар луу явсан. Тухайн газарт 3 хонож, барагшуны тосоо аваад аймаг руу буцаж ирсэн юм.
    ... Ж.Керейхан, Р.Ханагат хоёр  Увс аймгийн  “Лонх” гэх газарт уул  руу барагшун түүхээр явчихсан байсан ба хэсэг хугацааны дараа тэр хоёр уулнаас 4 хонь тууж авчирсан. Би тэр хоёроос энэ ямар учиртай хонь вэ гэж асуухад тэд надад сая уулын тэнд 4 хонь тусдаа бэлчиж байсан газраас нь тууж авчирсан ба 4 хонины ойр хавьд өөр бэлчиж байсан сүрэг хонь байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд гурвуулаа уг 4 хонийг барьж аваад машинд ачиж дараа нь шууд аймаг руу ирсэн болно.
    ... Тухайн үед бид хонь хулгайлах үед бидний хажууд өөр хэн нэгэн
байгаагүй ба гаднаас болон холоос бид нарыг харсан хүн байхгүй болно. Тухайн үед бид гурав миний эзэмшлийн 13-57БӨТ улсын дугаартай, УАЗ-3909 маркийн, саарал өнгийн тээврийн хэрэгслээр явж байсан болно. Тухайн үед Ж.Керейхан уул руу яваад хэсэг хугацааны дараа миний утас руу залгаж энд 4 хонь байгаа юм байна, туугаад авч очих уу гэж асуусан. Тэгэхэд би гай болохгүй биз дээ тэгвэл тэгээрэй гэж хэлсэн. Дараа нь тэр хоёр хонийг туугаад авчирсан ба бүгдээрээ хонийг барьж аваад машинд хйигээд аймагт авчирсан юм. Дээрх 4 хонийг хулгайлан аймагт авчирсан нь үнэн. Би хэргээ хүлээж байна. Уг 4 хонийг буцаагаад эзэнд нь хүлээлгэж өгсөн болно” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87,89 дүгээр хуудас/, 
    - Шүүгдэгч  Ж.Керейханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн өдөр миний хөрш болох Р.Ханагат болон түүний хамаатны дүү гэх Ж.Хайых нарын хамт өглөө 10 цагийн үед Баян-Өлгий аймгийн төвөөс Увс аймгийн Ачит багийн “Лонх” гэдэг газар луу барагшуны тос түүхээр явсан юм. Тус газарт очоод Р.Ханагат бид хоёр барагшуны тос бэлдэхээр явсан ба бид нартай хамт явсан Ж.Хайых нь машинд үлдсэн байсан. Тэгээд бид хоёр уул руу яваад ямар ч барагшуны тосыг хайгаад олоогүй ба тухайн “Лонх” нэртэй ууланд 4 хонь тусдаа бэлчиж байсныг хараад Р.Ханагат надад “... чи Ж.Хайых руу утсаар залгаж хэлээч, энд сүргээсээ тасарсан 4 хонь бэлчиж явна туугаад очих уу, гэж асуу” гэсэн ба би Ж.Хайых руу залгаж Р.Ханагатын хэлснийг дамжуулсан ба Ж.Хайых наад малаа туугаад ир. Эдгээр нь хээр гадаа хэдэн хоног хоносон мал юм шиг байна. Хэдүүлээ мал болгож авъя аваад ир гэж хэлэхээр нь Р.Ханагат бид хоёр уг хонийг тууж авчраад, машинд гурвуулаа ачсан. Тэгээд цагийн сайн санахгүй байна оройхон тийшээ ирсэн. Ж.Хайых эдгээр хонинуудыг буулгах газар байхгүй гэхлээр нь бүгдээрээ эдгээр хонинуудыг Р.Ханагатын Бугат сумын төвд байдаг гэрт нь буулгасан. Маргааш нь өглөө нэг хонийг Р.Ханагат авсан. Тэд надад “... үлдсэн 3 хонийг чи 120.000 төгрөгөөр авчих, тэгээд тэр мөнгөөр чинь бензин аваад Ж.Хайыхын машинд нь хийгээд барагшуны тос бэлдэхээр явъя” гэж ярилцсан юм. Тэгээд тухайн өдөр 3 хонийг Бугат сумын нутаг дэвсгэр “Бүргэдийн толгой” хэмээх газраас цаашаа явж “Шар хөтөл” хэмээх газарт хаваржиж байгаа манай хадам ах болох Бекболатын өвөлжөөнд нь буулгаж, малтай нийлүүлээд тэдэнд маллуулахаар захиж орхисон ба хадам ах Бекболатад “... бид үүнийг нэг монгол хүнээс худалдаж авсан байгаа, таны мал дотор байж байг” гэж хэлж захиад өөрсдөө Баяннуур сум руу барагшуны тос түүхээр явсан ба тухайн газарт 3 хонож, барагшуны тосоо аваад аймаг буцаж ирсэн юм.
    ... би энэ зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92, 94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Иймд шүүгдэгч Ж.Хайых, Ж.Керейхан, Р.Ханагат нарын гэмт үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Ж.Хайых, Ж.Керейхан, Р.Ханагат нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
    Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгч нарт хуульд заасан ялыг оногдуулах бүрэн үндэслэлтэй байна. 
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. 
Шүүхийн шүүмжлэлд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэсэн бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэргийн зүйлчлэлд мэтгэлцээнгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Хайых, Ж.Керейхан, Р.Ханагат нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ. 
Шүүгдэгч Ж.Хайых, Ж.Керейхан, Р.Ханагат нар нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь хохирогчийн мэдүүлэг болон шүүхэд гаргаж өгсөн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ж.Хайых, Ж.Керейхан, Р.Ханагат нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ж.Хайых, Р.Ханагат, Ж.Керейхан нарт оногдуулсан баривчлах ялыг тус тус нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ж.Хайыхын өмчлөлийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 000095749 гэрчилгээний дугаартай 850 мкв газар, шүүгдэгч Р.Ханагатын өмчлөлд байгаа Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 000148126 гэрчилгээний дугаартай, 700 мкв газар, шүүгдэгч Ж.Керейханы эзэмшлийн хөх өнгийн хуучин “Хурд” маркийн улсын дугааргүй мотоциклыг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Ж.Хайыхын өмчлөлийн Уаз-3909 маркийн, 13-57 улсын дугаартай, цагаан саарал өнгийн, 700000 /долоон зуун мянга/ төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ж.Хайых, Р.Ханагат, Ж.Керейхан нарын гэмт хэрэг үйлдэх үед ашигласан Уаз-3909 маркийн, 13-57 улсын дугаартай, цагаан саарал өнгийн, 700000 /долоон зуун мянга/ төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ж.Хайых, Ж.Керейхан, Р.Ханагат нар нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ж.Хайых, Ж.Керейхан, Р.Ханагат нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Хайых, Ж.Керейхан, Р.Ханагат нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6,  286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жадик байхара овогт Жайдарханы Хайыхыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг,
- Шүүгдэгч Жадик байхара овогт Реуаятын Ханагатыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 
- Шүүгдэгч Төлек овогт Жанатханы Керейханыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Хайыхыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг нь хураахгүйгээр 3 /гурав/ сар, 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
- Шүүгдэгч Р.Ханагатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг нь хураахгүйгээр 3 /гурав/ сар, 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
- Шүүгдэгч Ж.Керейханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг нь хураахгүйгээр 3 /гурав/ сар, 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хайых, Р.Ханагат, Ж.Керейхан нарт оногдуулсан баривчлах ялыг тус тус нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Хайых, Р.Ханагат, Ж.Керейхан нар бусдад төлөх төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.Хайых, Р.Ханагат, Ж.Керейхан нар нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай. 
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хайыхын өмчлөлийн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан Уаз-3909 маркийн, 13-57 улсын дугаартай, цагаан саарал өнгийн, 700000 /долоон зуун мянга/ төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай. 
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хайыхын өмчлөлийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 000095749 гэрчилгээний дугаартай 850 мкв газар, шүүгдэгч Р.Ханагатын өмчлөлд байгаа Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 000148126 гэрчилгээний дугаартай, 700 мкв газар, шүүгдэгч Ж.Керейханы эзэмшлийн хөх өнгийн хуучин “Хурд” маркийн улсын дугааргүй мотоциклыг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Уаз-3909 маркийн, 13-57 улсын дугаартай, цагаан саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 
8. Шүүгдэгч Ж.Хайых, Р.Ханагат, Ж.Керейхан нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, тус тус цагдан хорьсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
 
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Хайых, Р.Ханагат, Ж.Керейхан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      А.ДАУРЕНБЕК