| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0244/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/250 |
| Огноо | 2018-03-10 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөрөнг суулган улсын яллагч Ч.Мөнхзул, хохирогч Б, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Х-д холбогдох эрүүгийн 1821004510279 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Алтанбулаг суманд 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн ....гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ....регистрийн дугаартай, .... овогт Х.
Шүүгдэгч.... овогт Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчим “Исузу визард” маркийн ....УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Гялалзахын 3 даваа” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “...хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...,” мөн дүрмийн 2.2 /а/-д заасан “Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцэд нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...” мөн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 5 настай Э нь “...гавал тархины битүү гэмтэл” авч нас барж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Хшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...эхнэр Хишигням нь манай хамаатны хүүхдийн хамт .... УНЭ улсын дугаартай “Isuzu Wizard” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ Баян-Уул сум руу эмнэлэг явахаар гарах гэж байна гэж ярьсан. Тухайн үед манай 5 сартай хүүхдийн гэдэс өвдөөд байсан болохоор би өөдөөс нь тосож очоод эмнэлэгт үзүүлье гэж хэлсэн боловч надад унаа олдоогүй учир очиж чадаагүй. ...удалгүй манай дүү над руу залгаж осол гарсан талаар мэдэгдсэн...” гэв.
Гэрч Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-27/
Гэрч А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31/
Гэрч Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33/
Гэрч Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11/
-Зам тээврийн ослын схем, зураглал /хх-ийн 12-13, 15-16/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчим “Isuzu Wizard” маркийн ....УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Гялалзахын 3 даваа” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “...хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...,” мөн дүрмийн 2.2 /а/-д заасан “Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцэд нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...” мөн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 5 настай Э-ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр Хишигням манай хамаатны хүүхдийн хамт .... УНЭ улсын дугаартай “Isuzu Wizard” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ Баян-Уул сум руу эмнэлэг явахаар гарах гэж байна гэж ярьсан. Тухайн үед манай 5 сартай хүүхдийн гэдэс өвдөөд байсан учир би өөдөөс нь тосож очоод эмнэлэгт үзүүлье гэж хэлсэн боловч надад унаа олдоогүй тул би урдаас нь гарч чадаагүй. Тэгээд байж байхад манай дүү над руу залгаж Баян-Уул сумын эмнэлэг дээр хүрээд ирээч гэж залгахаар нь би осол болсон байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй хөршийн гурван хүүхэд суулгаад Б-ын эхнэр мөн 2 том хүн 3-4 жоохон хүүхэд суулгаад бид нар 11 цагийн орчим “Паршин” гэх газраас 2 машинтай Баян-Уул сумын 1 дүгээр багийн төв рүү явсан. Улмаар гэрээс гараад 10 гариу км явж байхад Н-маа машинтайгаа миний араас дагаж явж байгаад гэнэт харагдахгүй болохоор нь яасан юм бол гээд эргээд замаараа урагшаа яваад харсан чинь Н-ийн жолоодож явсан машин онхолдсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/, гэрч А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр наадам үзэх гээд 1 дүгээр багийн төв рүү Х эгчийн машинтай явсан. Х эгч машинаа бариад гэрээс хөдлөөд 10-20 км орчим явж байгаад гэнэт баруун гэр тийш машин онхолдсон. Тэгээд нэг сэрсэн чинь би машин дотор хүүтэйгээ үлдсэн байсан. ...урд явж байсан машин удалгүй эргэж ирээд бид нарыг суулгаад Баян-Уул сумын эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/, гэрч Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн орчим хүмүүс машины осол боллоо гээд ирсэн. Ирэхдээ Э гэх 5 настай хүүгийн биеийн байдал маш хүнд ухаангүй комын байдалтай бие нь хөшсөн таталтын байдалтай ирсэн. ...тэгээд эмчилгээг картаар цаг тутам хийж байсан боловч засрал авалгүй байсаар 2018 оны 08 дугаар сарын 03-ны 05 цаг 37 минутанд нас барсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 101 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. Э-ын цогцост гавал тархины битүү гэмтэл: гавлын орой болон суурь ясны хугарал, тархины хатуу хальсны доорхи цусан хураа, тархины доорхи цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн тархины эдийн няцрал, баруун 4-р ховдлын цус харвалт, хуйхны дотор гадаргын цус хуралт, хуйхайнд зүүн зулай хэсгийн няцарсан шарх, духны зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, хэвлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтлийн гавлын орой болон суурь ясны хугарал, тархины хатуу хальсны доорхи цусан хураа, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн тархины эдийн няцрал, баруун 4-р ховдлын цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт хамраана, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болно. 6. Талийгаач нь АВ (IV) бүлгийн цустай байна, ДНХ-ийн тогтоцыг ШШҮХ-н биологийн лабораторид тогтооно....” /хх-ийн 58-59/ гэх дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 44 тоотын дүгнэлтийн хэсэгт: “Жолооч Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “...хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...,” мөн дүрмийн 2.2-/а/-д заасан “Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцэд нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...” мөн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Зам тээврийн ослын бүдүүвч зурагт “Isuzu Wizard” маркийн ....УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр тогтоогдохгүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. 3. Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас жолооч 6666 овогт Х нь /..../ дугаараар лавлагааг шүүж үзэхэд жолооны эрхийн үнэмлэхгүй байна. 4. Хэргийн материалд авагдсан фото зураг “Isuzu Wizard” маркийн .... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд замын цагдаагийн тасгийн зохиуцуулагч, цагдаагийн ахлах дэслэгч ....хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн бүтэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 64-65/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Э амь хохирсон нь шүүгдэгч Хтээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.2 /а/, 9.2-д заасан заалтыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Х-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт Х-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х-ыг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Х-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдсугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ....регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Хавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР