Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

Шүүгдэгч Б.Ж************ нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж************д холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Шүүгдэгч Б.Ж************ нь 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багт оршин суух иргэн Б.Б************ийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч дунд гарын цагаан өнгийн манан хөөрөг, хагас түрийтэй бор өнгийн гутлыг хулгайлж 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Б.Ж************ нь 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багт оршин суух иргэн Б.Б************ийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч дунд гарын цагаан өнгийн манан хөөрөг, хагас түрийтэй бор өнгийн гутлыг хулгайлж 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Ж************ шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Б.Ж************гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 06 сарын 05- ны өдөр би хөдөө байдаг гэрээсээ өглөө 10 цагийн үед гараад сумын төв рүү мотоциклоороо явсан. Сумын төв явах замдаа би Уурхай багийн төвөөр ороод явж өмнө нь очиж байсан Б************үү ахын гэрт нь очсон. Тэднийд очиход гэр нь цоожтой байхаар нь хаалганых нь монгол цоожийг хутгаар хөшөөд дотогшоо орсон, гэрт нь ороод гэрийн зүүн хойд талын орон дээр байсан дайлинтай хөөрөг байхаар нь хөөргийг нь гаргаж авсан, бас гэрийн баруун талд байсан бор өнгийн түрийтэй гутал байхаар нь тэрийг нь аваад гарсан. Тэгээд шууд сумын төв явсан. Сумын төвд очоод нөгөө хөөргөө зүс таних хүнээр дэлгүүрт барьцаанд тавиулж архи, пиво авч хөөрөг барьцаанд тавьж өгсөн залуутайгаа хувааж уусан, нөгөө гутлыг нь болохоор өөрөө өмссөн. Би тэр өдрөө сумын төвд байдаг хадам аав Эрдэнэбатын гэрт очиж хоносон. Тэрнээс хойш 4-5 хоног би хадам аавын гэрээр байж байгаад нөгөө хулгайлсан гутлаа өмсөж яваад Б************үү ахад баригдсан, тэгээд гутлыг нь тайлж өгөөд хөөргийг нь дэлгүүрээс авч өгсөн. Дэлгүүрийн мөнгийг өгөөгүй байгаа, би дэлгүүрт 46,000 орчим мянган төгрөгний барьцаанд тавьсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Хохирогч Б.Б************ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016-06-05-ны өдөр Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутагт байдаг цоожтой гэрийн цоожийг нь эвдэж ороод баруун орны ширдэг доор байсан ууттай дунд гарын цагаан өнгийн манан хөөргийг аваад даалинг нь хаясан байсан, хагас түрийтэй шинэ бор өнгийн гутлыг авч явсан байгаа юм. Би хулгайч орж гээд араас нь хайсан чинь Цэцэрлэг сумын төвд Б.Ж************ гэдэг нөхөр гутлыг өмсөж тааралдсан. Тэгээд яагаад гэрээс хулгай хийж байгаа юм гэсэн чинь Намайг цохих гээд байснаа гутлыг тайлж өгсөн, харин хөөргийг чинь аваагүй гэж хэлсэн. Дараа нь хөөргийг хайсан чинь дэлгүүрт Ж************ тавьсан байсан гэсэн. Хөөргийг цагдаа олж өгсөн юм. Ж************гаас гэрт хэнтэй орсон гэсэн чинь ганцаараа авсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,

Гэрч Б.Дуламрагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай нэг дэлгүүр сумын төвд Мөнхөд Оргих нэртэй дэлгүүр байдаг бөгөөд 2016-06 сард гэсэн тэр үед оюутан охин Энхжаргал зогсож байхад Ж************ гэж залуу нэг хөөрөг тавиад өгөөч гээд манай хамаатны хүүхэд Батбаатар гэж залуугаар дэлгүүрт тавиулаад 47.000 төгрөгний архи тамхи авахуулсан байсан юм. Тэгээд дараа нь Б************ийн хөөргийг тавьсан сураг гарсан юм...Манай дэлгүүрт хөөрөг барьцаанд тавьж авсан барааныхаа үнэ болох 47,000 төгрөгийг тэр Ж************ гэдэг хүүхэд өгчих юм бол надад санал хүсэлт алга байна. Би энэ мөнгөө нэхэмжилнэ. гэх мэдүүлэг /хх-ийн 8, 11-р хуудас/,

Гэрч Л.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний хүүд дунд гарын гартааман манан хөөрөг байдаг байсан юм, тэрийг нь хулгайлсан байсан. Тэр хөөрөг нь орчин үеийн хөөрөг байсан болохоор 280,000 төгрөгөөр өөрөө худалдаж авч байсан. Харин тэр гутал нь болохоор үдээстэй хагас түрийтэй гутал байсан юм. Тэр гутлыг Мөрөнгийн зах дээрээс 70,000 төгрөгөөр авч байсан, тэгж гутал авахад нь би хамт явалцаж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

Гэрч Х.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Өдрийг нь сайн санахгүй байна, 2016 оны 06 сард л юм зуныхаа амралтаар би ээжийнхээ ажиллуулдаг дэлгүүр дээр худалдагчаар ажиллаж байхад манай хамаатны ах Батбаатар ах орж ирээд ахад нь хэрэг гараад байна энэ хөөргийг барьцаанд аваад хүнд аваачиж өгөх гэсэн юм гээд нийт 47.000 төгрөгний архи тамхи зээлж аваад явсан. Энэ талаар ээжид хэлсэн, тэгтэл харин тэр хулгайн хөөрөг байсан гэдгийг сая л мэдлээ. гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Гэрч П.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны зун санагдаад байна, би сарыг нь сайн мэдэхгүй байна. Нэг өдөр би сургуулийн тэнд явж байсан чинь Ж************ гэдэг залуу ганцаараа явж байгаад намайг дуудахаар нь очсон чинь надад нэг хөөрөг байна энийг барьцаанд тавиад архи уучих уу гэхээр нь би тэгье гэсэн чинь нэг хөөрөг гаргаж өгсөн. Тэгэхээр нь тэрийг нь аваад хамаатныхаа ахын дэлгүүрт очоод 40.000 гаран төгрөгний барьцаанд тавьчихсан юм, тэгээд нийлээд архи уучихсан. Тэр мөнгийг Ж************ өөрөө өгөөд хөөргөө эргүүлээд авчихна л гээд байсан...Би хулгайн гэж мэдээгүй, Ж************ надад миний хөөрөг байгаа юм барьцаанд тавиад архи ууя гэхээр нь би өөрөө архинд жаахан дуртай болохоороо тэгсэн юм. Намайг хөөрөг тавих гээд дэлгүүр рүү ороход надтай хамт орохгүй байсан нь хулгайн юм байсан болохоор л тэгсэн байх гэж бодож байна. гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

Гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р тал/ Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 5-р тал/, Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 19-22 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Ж************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Ж************ нь урьд 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар /хх-ийн 41- 46-р тал/-аар тогтоогдож байх ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар ялгүйд тооцогдож байх тул шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 Шүүгдэгч Б.Ж************ нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Б.Ж************д эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн 201622000684 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдлаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Булнай овогт Б************ийн Ж************г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Ж************г эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн 201622000684 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

4 . Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж************д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР