Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын

прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Одсүрэнгийн Очирвааньд холбогдох эрүүгийн 1938007840445 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

2

Шүүгдэгч ****************нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 16-07 тоотод оршин суух гэртээ өөрийн төрсөн ээж ****************баруун дал руу нь модоор цохиж, баруун шилбэ рүү нь өшиглөж баруун дал, баруун шилбэнд цус хуралт, ууцанд зулгарсан, баруун шагайн үенд зөөлийн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****************нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 16-07 тоотод оршин суух гэртээ өөрийн төрсөн эх ****************баруун дал руу нь модоор цохиж, баруун шилбэ рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь баруун дал, баруун шилбэнд цус хуралт, ууцанд зулгаралт, баруун шагайн үенд зөөлийн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938007840445 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Хэрэг болдог өдөр би хүү, бэр хоёрыгоо гэрийн ажил хийсэнгүй, гэртээ ус аваагүй гэсэн шалтгааны улмаас үглэж загнасан. Уг нь миний хүү Очирваань миний өөдөөс юм хэлээд байдаггүй юм. Тэгээд намайг загнаж байхад гэнэт л уурласнаа хажуудаа байсан модоо над руу авч шидсэн. Тэр шидсэн мод нь миний баруун хөл рүү оносон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэхэд хүү Очирваань маань босож ирээд миний хөл рүү өшиглөж, дал, нуруу руу гараараа цохисон. Тэр үед би болиоч ээ гэж хэлж байгаад зугтаагаад цагдаад дуудлага өгсөн юм...Хүү Очирваань маань зүрх муутай, түргэн ууртай хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/

Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Тэр өдөр би гэртээ байж байтал манай ээж ажлаасаа тарж орж ирээд намайг гэр орноо цэвэрлэсэнгүй зүгээр хэвтлээ гэж уурлаад байсан. Тэгснээ эцэг нь ийм хүн байсан яг дуурайсан гэх мэтээр харааж байснаа над руу гутлаа аваад шидэхээр нь миний уур хүрээд цуулж байсан модоо аваад шидсэн чинь баруун хөл рүү нь цохичихсон. Тэгсэн чинь аав чинь намайг зоддог байсан. Чи одоо зодохнуу гээд нөгөө модоор намайг цохихоор би түлхчихсэн чинь эрэгнэг рүү унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 569 дугаартай: ...****************биед баруун дал, баруун шилбэнд цус хуралт, ууцанд зулгаралт, баруун шагайн үенд зөөлөн эдийн

 

3

гэмтэл тогтоогдсон. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. ****************биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/ Хохирогч ****************шүүгдэгч ****************сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 41-р тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-40-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэргээс үзэхэд шүүгдэгч ****************нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 16-07 тоотод оршин суух гэртээ өөрийн төрсөн эх ****************баруун дал руу нь модоор цохиж, баруун шилбэ рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь баруун дал, баруун шилбэнд цус хуралт, ууцанд зулгаралт, баруун шагайн үенд зөөлийн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгээр батлагдсан. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч ****************гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

 

4

зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, гэр бүлийн хүмүүсийн харилцаан дахь ёс суртахууны доголдолтой байдал зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч ****************нь хохирогч ****************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь "эмчилгээний зардал бүрэн төлөгдөж, эдгэрсэн” тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ****************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч О.Очирваанийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч О.Очирваанийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч ****************нь шүүхэд "....шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй...." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

5

Эрүүгийн 193800780445 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн

11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

  1.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  2.  Шүүгдэгч ****************нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  3.  Эрүүгийн 1938007840445 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
  4.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

6