Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/303

 

 

 

 

 

 

 

   2022          03         23                                    2022/ШЦТ/303

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Улсын яллагч: С.Эрдэнэтуяа,

Хохирогч: Б.Д,

Шүүгдэгч: М.М, түүний өмгөөлөгч Ж.Буджав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал нар оролцсон эрүүгийн .................. дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1977 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр Баянхонгор аймгийн Байдраг суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаан оношоор 80 хувиар группт байдаг, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, .....................тоотод оршин суух хаягтай, урьд:

  

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №288 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгүүлж,

Баянхонгор аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 03-ны №32 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж өөрчилж байсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №267 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Энто нэртэй эмийн сангийн гадна иргэн Б.Дын нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд 3 шүдний булгарал, буйланд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

                                                                                                                

Хохирогч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...М.М нь “чи гэртээ харьж галаа түл” гэж хэлээд намайг цохьсон. Миний 3 шүд унасан. Би 500.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн... Цаашдаа 1 шүдэнд эмчилгээ хийлгэхэд 1.200.000 төгрөг болох бөгөөд одоо нийт 3 шүдэнд эмчилгээ хийлгэх зардал болох 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Эрүүгийн ...................... дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Дын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Дын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

 

Гэрч Г.Халиунаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Мын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10100 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 50-53 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Мын иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 67, 123 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115 дугаар хуудас/, хорооны тодорхойлолт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 69-78, 97-99 дүгээр хуудас/, өвчний түүх болон тус төвөөр үйлчлүүлсэн тухай мэдээлэл /хх-ийн 102-107, 110 дугаар хуудас/, шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /хх-ийн 79-84, 111-114 дүгээр хуудас/, хүмүүжлийн тодорхойлолт болон суллагдсан талаарх баримтууд /хх-ийн 83-84 дүгээр хуудас/, гэрч Ш.Бурмаагийн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,  гэрч М.Энхбаатарын мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч М.Мөнхдалайгийн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.М нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, “Энто” нэртэй эмийн сангийн гадна иргэн Б.Дд  “гэртээ хариад галаа түл”  гэж хэлэн улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд “3 шүдний булгарал, буйланд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.Дын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

 

Хохирогч Б.Дын “....2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед Бэлх хуучин эцэс дээр байрлаж ажил дээрээ хуруу уншигч машин дээр хуруугаа уншуулчихаад ажлын газрын үүдэн дээр хоёр хүнтэй хамт тамхи татаад сууж  байсан чинь Мөнхбат ирээд надад “гэртээ хариад галаа түл” гээд байсан, тэгэхээр нь би “миний гал түлэх нь чамд хамаагүй” гэж хэлсэн чинь гэнэт тас хийгээд явсан. Би хойшоо саваад унасан байсан, өндийгөөд босоод ирсэн чинь миний хамар амнаас цус гараад байсан. Би нүүр амаа угаагаад миний үүдэн 3 шүд унасныг мэдсэн. Миний үүдэн 3 шүд унасныг мэдээд би Мөнхбатыг хөөгөөд гүйцээгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Т.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 777 караоке дотор хуруу уншигчаар хуруугаа уншуулах гэж байхад хойноос Даваа ах архи уусан халамцуу орж ирсэн, хуруугаа уншуулчихаад караокены үүдэн дээр тамхи татаад “харья” гээд караокены үүдэнд тамхи татаад Даваа ах бид нарт “гэртээ харьж гал галлана” гэж яриад зогсож байхад нэг танихгүй ах хүрч ирээд Даваа ахыг “чи гэр орондоо очоод гал галлаач энд юу хийгээд байгаа юм бэ” гэж хэлэхэд нь Даваа ах “чамд миний юу хийх ямар хамаатай юм” гэж хэлсэн чинь танихгүй ах Даваа ахыг шууд цохиод авсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 777 караоке дотор бид нар хуруу уншигчаар хуруугаа уншуулах гэж цугларч байгаад, хуруугаа уншуулаад караокены үүдэн дээр тамхи татаад юм яриад зогсож байхад нэг танихгүй ах хүрч ирээд Даваа /Давааням/ ахыг “чи одоо гэр орондоо очоод гал галлаач энд юу хийж байгаа юм” гээд хачин хачин дуугараад байхаар нь Даваа ах тэр үед жаахан архи уучихсан халамцуу байсан бөгөөд “миний гэртээ хариад гал галлах чамд ямар хамаатай юм” гэж Даваа ах хэлсэн чинь шууд цохиод авсан. Тэгээд Даваа ах тэнд ноцолдсон. Даваа ахыг тэр хүнээс салгасан чинь амнаас нь нэлээд их цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг, 

 

Гэрч Г.Халиунаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн Даваа ах тэр үед жаахан архи уучихсан халамцуу “миний гэртээ хариад гал галлах чамд ямар хамаатай юм пизда минь” гэж хэлсэн чинь танихгүй ах шууд цохиод авсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Мын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10100 дугаартай “....“...1. Б.Дын биед 3 шүдний булгарал, буйланд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 10% тогтонги нөлөөлнө...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Маас хохирогчийн биед хүч хэрэглэсэн болохыг хохирогч Б.Д, гэрч Т.Адъяасүрэн, Ж.Цэндсүрэн, Г.Халиунаа нар тус тус мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 

 

Тодруулбал М.М нь хохирогчийн нүүрэн тус газарт цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Б.Дын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

 Иймд шүүх шүүгдэгч М.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Д-аас “...шүүгдэгч М.М нь уг эмчилгээ хийлгэсэн 500.000 төгрөгийг төлсөн...харин цаашид 3 шүдэндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай. 3.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх ба шүүгдэгчийг хохирогчоос нэхэмжилсэн баримтын хүрээнд төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Харин хохирогч Б.Д-д учирсан гэмтлийн шинж, гэм хорын хохирол арилаагүй байдлыг харгалзан 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгчээс дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч М.М-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч М.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргасан байх ба шүүгдэгчийн гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэгт “тэнсэх” арга хэмжээг хэрэглэх үндэслэлд хамаарахгүй  тул хүлээн авах боломжгүй.

 

Шүүгдэгч М.М нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 46 гудамж 84 тоотод оршин суух байнгын хаягтай болох нь тогтоогдсон байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух .........................тоот газраас шаардлагатайгаас бусад тохиолдолд явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.Мыг Улаанбаатар хот, ..........................тоотоос шаардлагатайгаас буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихгүй байх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих, оршин суугаа газраа өөрчлөх болохыг даалгасугай.

4.  Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, нэхэмжилсэн баримтаар хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч М.М нь хохирогчид гэм хорын хохиролд 500.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.Д нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.ДУЛАМСҮРЭН