| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1211/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1292 |
| Огноо | 2018-09-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1292
2018.09.13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Ц.Гантулгабат,
хохирогч Ө.А,
шүүгдэгч Д.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Илжгэн овогт Даваасамбуугийн Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0198 51345 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Илжгэн овогт Даваасамбуугийн Д.Э, 1982 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Жаргалантын 37 гудамж, **************** тоотод түр оршин суудаг, ам бүл 5, 4 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай,
-Урьд Дорноговь аймаг сум дундын хоёрдугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, /РД:************************/,
Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 62-152 тоотоос иргэн Ө.Аийн хүүхдийг цэцэрлэгт оруулж өгнө гэж хуурч 500.000 төгрөг залилаж залилах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бямбадорж гэдэг хүний хүүхдийг манай талийгаач цэцэрлэгт оруулж өгсөн. Талийгаач бол яаманд танил талаараа ярьж байгаад оруулж өгсөн байсан. Тэгээд би хүүхэд оруулж чаддаг хүн бол биш. Би тэр мөнгийг аваагүй идээгүй, манай талийгаач намайг дуудаад тэр хүнтэй ярь гээд надад хэлдэг байсан. Тэгээд би ахыгаа өнгөрчихөөр нь би энэ мөнгийг төлөх ёстой гээд ажил хийсэн боловч тэр үед би 2 ихэр хүүхэдтэй болсон учраас ажил хийх боломжгүй болсон. Тэгээд одоо миний бага хүүхэд тархины тэнэгрэл гэдэг өвчтэй төрсөн. Би бол ийм л амьдралтай хүн. Мундаг хүн шиг хүнээс мөнгө аваад хүний хүүхдийг цэцэрлэгт оруулж өгөх чадвартай хүн бол биш. Би одоо өөрийнхөө хүүхдийг 84 дүгээр сургуульд оруулж өгч чадаагүй байгаа. Гэхдээ энэ мөнгийг би өөрийнхөө данс руу нь хийсэн нь миний буруу. Би хохирогчид хохирлыг нөхөн төлнө” гэв.
Хохирогч Ө.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:”Д.Э гэдэг хүн одоо мөнгөө явуул гээд утсаар яриад байсан. Тэгэхээр нь би 9 дүгээр сарын 20-нд нөхрийнхөө дансаар бэлэн 500.000 төгрөг шилжүүлсэн. Би өгсөн мөнгөө нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Ө.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн танидаг хүнээрээ дамжуулж Д.Э гэгчтэй түүний 9923**** дугаарын утсаар 2017 оны 9 дүгээр сарын эхээр яриад хүүхдээ цэцэрлэгт оруулахаар болоод түүний хэлсэн 500.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Нэг ч удаа уулзаж үзээгүй. Утас руу нь залгахаар холбогдох боломжгүй гэсэн хариу өгч байгаа. Ингээд цагдаад хандсан...” гэх мэдүүэг. /хх12-13/,
Яллагдагч Д.Э мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 9 дүгээр сарын эхээр миний танидаг Бямбаа гэгчийн эхнэр нь гэх хүн надтай уулзаад “манай дүүгийн хүүхэд байна, цэцэрлэгт оруулаад өгөөч” гэж хэлэхээр нь би “ахаасаа асуугаад өгье” гэж хэлээд Олдох гэх ах руугаа яриад “нэг хүн цэцэрлэгт хүүхэд оруулаад өгөөч гээд байна” гэхэд болно гэж хэлсэн. “...би өөрийн 5083….9 дугаарын дансаа өгөөд тэр хүүхэн 500.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. /хх14-15/,
Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 62-152 тоотоос иргэн Ө.Аийн хүүхдийг цэцэрлэгт оруулж өгнө гэж хуурч 500.000 төгрөг залилсан болох нь
Хохирогч Ө.Аийн: “...Би өөрийн танидаг хүнээрээ дамжуулж Д.Э гэгчтэй түүний 9923**** дугаарын утсаар 2017 оны 9 дүгээр сарын эхээр яриад хүүхдээ цэцэрлэгт оруулахаар болоод түүний хэлсэн 500.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Эг бусдыг хуурч залилах авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ө.А нь шүүгдэгчээс 500.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг мөнгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Д.Э нь бага насны 4-н хүүхэдтэй, хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх түүнд оногдуулсан торгуулын ялыг төлөх хугацааг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Илжгэн овогт Даваасамбуугийн Д.Эг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Эг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эд оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулын ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар Д.Эгаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ат олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР