Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 362/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

                                            

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням

-улсын яллагчаар Г.Энхбат

   -шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ггт холбогдох эрүүгийн 2034005210498 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.Г нь согтуугаар Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутагт 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн гэр хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр Н.Энхжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Д.Г хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Д.Г нь согтуугаар Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутагт 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн гэр хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр Н.Энхжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 15 тал/
  • Шүүгдэгч Д.Г, хохирогч Н.Энхжаргал нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 34-35 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол, ялын санал /хх-ийн 40-41 тал/
  • Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 380 дугаартай "Ш.Энхжаргалын биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун бугалганд, нуруунд цус хуралт, баруун нүдэнд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэпгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 09 тал/
  • Хохирогч Н.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "Би 2020 оны 07 сарын 04-нд өглөө гэртээ унтаж байтал манай нөхөрлүү Ундармаа гээд хүн залгаад та ирээд трактор бариад өг гээд 09 цагын үед гэрээс ирээд аваад явсан. Тэгээд өдөр 12 цагын үед Сүхээ гээд хүнтэй хамт архи уучихсан орж ирээд тэгээд надаас архины мөнгө нэхэж аваад гарсан. Тэгэхээр нь би Ундармаа гээд хүүхэнрүү нь залгаад та нар ажил хийх гэж явсан юмуу архи уух гэж явсан юмуу гээд хэлчихсэн юм. Тэгтэл манай нөхөр гаднаас орж ирээд чи муу одоо юу гээд байна гэснээ шууд миний баруун нүдрүү цохиод учир зүггүй зодоод эхэлсэн тэгснээ би чиний мөнгөөр архи уугаагүй өөрийнхөө мөнгөөр архи ууж байна гэснээ нөгөө хүмүүстэйгээ гараад явчихсан...11 жил болж байна, Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Ер нь бол архи уусан үедээ байнга дарамталдаг, архи уучихсан байх үед нь би гараад зугтчихдаг юм. Миний баруун нүдрүү цохиход нь би хойш саваад уначихсан тэгээд ухаан балартаад толгой эргээд би толгойгоо тэврээд хэвтчихсэн. Тэгээд миний нурууруу цохиод байсан, Архи уух болгондоо агсам тавьж зоддог байсан. Зургаа долоон жилийн өмнө хандаж байсан. Би гомдолтой байна энэ хүнээс салмаар байна." гэх мэдүүлэг /хх-ийн 05 тал/
  • Шүүгдэгч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: "Би өглөө 09 цагийн үед 7-р бригадруу ажилд яваад 12 цагийн үед эргэж ирээд түрийвчнээсээ 20.000 төгрөг аваад буцаад явж байтал надтай хамт явсан айлын хүүхэд танай эхнэр надруу мсж бичээд танайх ажил хиидэг юмуу архи уудаг юмуу гээд мсж бичээд байна гэхээр нь би гэртээ буцаж ороод чи яах гэж тэгж байдаг юм айлын жоохон хүүхдэд надад хэлэхгүй гэтэл чи айлын хүүхэд архи 2-оо надаас дээгүүр тавьлаа гээд орилоод байхаар нь би 1 удаа алгадсан. Тэгээд гэрээс гараад хөдөө ажил руугаа явсан...10 жил болж байна, гэрлэлтийн баталгаа байхгүй.Би Сүхээ ахтай хамт 1 шил 0.5л Хараа архи хувааж уусан байсан.Согтуугаас болж тийм зүйл хийсэндээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 07 тал/
  • Шүүгдэгч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Г нь 2020 оны 8 сарын 08-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 17, 34 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 9 сарын 03-ны өдөр 132 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-40, 41 тал/ 2020 оны 9 сарын 03-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Д.Г нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.

Д.Гт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Д.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Ггийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Д.Ггийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.Гт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА