Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2144

 

Г ХХК-иудын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01589 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г ХХК, “БУ” ХХК, “САГ” ХХК нарын, хариуцагч “ХГ” ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт дүнгээр 782 260.94 ам.доллар буюу 1 569 997 706.58 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн Г ХХК-д холбогдуулан гаргасан техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн урьдчилгаа төлбөр 151 215 000 төгрөгийг буцаан гаргуулж, засварын зардал болох 21 778 000 төгрөгийг, нийт 173 149 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд “ХМ” ХХК-ийн нэхэмжлэгч Г ХХК-иас 300 000 000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг

 

хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, О.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Г ХХК, “БУ” ХХК, “САГ” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ХГ” ХХК нь Г ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 09 дугаартай ургамал хамгаалах бодис худалдах-худалдан авах гэрээ, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 13062702 дугаартай техник тоног төхөөрөмж зээлээр худалдах- худалдан авах гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ӨХШ-14/87 дугаартай техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээг тус тус байгуулсан. Мөн “ХГ” ХХК нь “БУ” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 13061201 дугаартай техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ, “САГ” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ӨХШ-14/86 дугаартай техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээнүүдийг тус тус байгуулсан. Нэхэмжлэгч нар гэрээний төлбөрийг төлж барагдуулахыг албан бичиг, и-мэйл болон утсаар удаа дараа шаардсан. Гэрээнд зааснаар “ХГ” ХХК нь гэрээ байгуулагдсанаас 1-3 хоногийн дотор урьдчилгаа 30 хувийг төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл техник тоног төхөөрөмж болон ургамал хамгаалах бодис худалдан авсан төлбөрөө төлөөгүй.

            Иймд “САГ” ХХК-ийн хувьд 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ 17/86 дугаартай техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу Моррис максим 12 м үрлэгчийн үндсэн төлбөр, алдангид 79 121.77 ам.доллар буюу 162 055 627.03 төгрөгийг “ХГ” ХХК-иас гаргуулах,

БУ” ХХК-ийн хувьд 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12061201 дугаартай Техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу Харди маркийн ургамал хамгаалах бодис цацагч техникийн үндсэн төлбөр, хүү, алдангид 72 048 ам.доллар буюу 147 567 272.64 төгрөгийг “ХГ” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.

Г ХХК-ийн хувьд 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 13062702 дугаартай техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу Жон Дийр W210 үр тариа хураагч 2 ширхэг үр тариай хураагч комбайны үндсэн төлбөр, хүү, алдангид 359 328 ам.доллар буюу 735 968 423.04 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ 14/87 дугаартай техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу Жон Дийр 8530 тракторын үндсэн төлбөр, алдангид 97 149.68 ам.доллар буюу 198 980 023.05 төгрөг, мөн 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 09 тоот ургамал хамгаалах бодис зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөр, хүү, алдангид 26 778.30 ам.доллар буюу 54 846 786.63 төгрөгийг хариуцагч “ХГ” ХХК-иас гаргуулахаар тус тус нэхэмжилсэн.

Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлбөрөөс тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаа 270 579 573.61 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

            Хариуцагч “ХГ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г ХХК-ийн нэхэмжилж байгаа 1 569 997 806 төгрөгийн дүнг яаж гаргасан талаарх аргачлал, тооцоо нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл манай компанийн төлсөн төлбөрийг тооцон үзэж, одоо төлөх төлбөрийг бодитойгоор дахин тогтоож, төлөх хугацааг сунгах шаардлагатай. 2014 онд Монгол Улсын бүх газар тариалангийн компанийн тариалсан буудай цавуулаггүй байсан бөгөөд Г ХХК-ийн манай компанид нийлүүлсэн буудайн 60 хувь нь чанарын шаардлага хангаагүй. Манай компани ургацаа алдаж, гурилын үйлдвэрлэл 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд сул зогсож, үлдсэн 5-6 саруудад алдагдалтай ажилласны улмаас техник тоног төхөөрөмжийн үнийг төлөх боломжгүй болгосон. Мөн хариуцагч ургамал хамгаалах бодисын төлбөрийг 100 хувь төлсөн. Мөн Харди, моррис үрлэгчийн төлбөрийг төлсөн. Харин хор цацагчийн төлбөр дутуу байгаа, үүнийг бид төлнө. Иймд төлөхгүй байгаа гэдэг тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бид тооцоогоо гаргаад 731 247 931 төгрөг төлөхийг бид зөвшөөрч байна. Моррис үрлэгчийг мэдэхгүй учраас бид 2, 3 жил алдсан. Гэхдээ үүнтэй холбоотой гомдол гаргахгүй. Комбайны төлбөр 549 480 811 төгрөгөөс 183 160 270 төгрөг нь алданги болж байна. Алдангийг 50-60 хувь хөнгөлж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Нэхэмжлэгч байгууллага хохироогүй. Бид энэ тракторыг ажиллуулах гэж хичээсэн тул энэ маргаан үүсэж байна. 2 600 000 000 төгрөг дээр 300 000 000 төгрөг, нийт 3 орчим тэрбум төгрөгийг бид хариуцагч компанид жил орчим ашиглуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр төлдөг боловч 30 хувийн төлбөрийг тооц гэсний дагуу тооцсон. Трактор нь одоогийн байдлаар ажил гүйцэтгэх боломжгүй. Мөн 10 000 000 төгрөгийн дугуй нь хөнгөн гэмтэл биш, 1 автомашины үнэ юм. Жанам нь эвдэрсэн, труф цоорох гэмтлүүд бага гэмтэл биш юм. Энэ трактор цаашдаа ажил үүрэг гүйцэтгэх ямар ч боломжгүй тул тракторыг буцаахаас өөр аргагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас комбайны төлбөрийн 50 хувийг хөнгөлж өгвөл бид өөр хүсэх зүйлгүй, хариуцлагаа хүлээнэ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл гаргасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан эсэх нь эргэлзээтэй. Сүүлд нэхэмжлэгч тал тооцоолол гаргаж өгсөн гэж байгаа боловч энэ нь тооцоолол биш юм. Үндсэн нэхэмжлэлийн үндэслэл тодорхой биш. Нэхэмжлэгчийн 1 200 000 000 төгрөг шаардаж байгаагийн хэд нь гэрээний төлбөр, хэд нь алданги, хэд нь хүү гэдэг нь ойлгомжгүй байна. Иймд Г ХХК-ийн зүгээс манай компанид учирсан хохирлыг байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж үзэх боломжгүй тохиолдолд бид дээрх техникүүдээс төлбөрт төлөгдөөгүй техникүүдийг буцаах хүсэлттэй байна. Уг техникүүд нь Г ХХК-иас авсан тэр байдлаараа бүрэн бүтэн байгаа. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг үүсэх дарааллыг тодорхой заасан. Өнөөдөр гэрээтэй нь хэдэн төгрөг, гэрээгүй ургамал хамгаалах бодисын ялгааг гаргахгүйгээр, хүү, алдангийг яаж тооцсон гэдгийг бодох боломжгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн тооцоогоор ургамал хамгаалах бодисын төлбөрийн үлдэгдэл 16 034 870 төгрөг төлөх тооцоо гарч байна. Энэ нь тооцоо нийлсэн акт дээр тодорхой харагдаж байна.

            Хэргийн 61 дүгээр талд авагдсан тооцоо нийлсэн актад 300 000 000 төгрөг бэлнээр, бэлэн бусаар өгсөн. Энэ мөнгийг авсан гэдгээ шүүх хуралдаан дээр нотолсон. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад шууд бус ч гэсэн ашиглаж байсан техник тоног төхөөрөмжийг засч өгнө, сайжруулж өгнө гэх мэтээр худалддаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэжээ.

            Хариуцагч “ХГ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “ХГ” ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах тухай нэртэй гэрээг Г ХХК-тай байгуулж, “Жонн Дийр 8530” маркийн тракторыг худалдан авч, урьдчилгаа төлбөрт нийт 85 000 ам.доллар буюу 151 215 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч талаас гэрээний 1.6-д заасан үндэслэлээр бидэнд техник, тоног төхөөрөмжийн бичиг, баримттай холбоотой мэдээллийг өгөөгүй. Г ХХК нь АНУ-ын Жон Дийр компанийн Монгол дахь төлөөлөгчийн хувьд бидэнд шинэ трактор анх нийлүүлэхээр тохиролцсон боловч уг компанийн техникийн албаны дарга н.Батбуян нь шинэ трактор байхгүй, өөрсдөө шинэ трактороо хэрэглэж байгаа учир хуучин зогсож байгаа 3 трактороос сонгоод авбал шинээс дутуугүй болгон янзалж өгнө гэсэн. Манай төлөөлөгчид газар дээр нь очиж үзээд маргаан бүхий тракторыг 170 000 ам.доллараар буюу шинэ тракторын үнээр авсан. Өмнөх жил нь цоо шинэ тракторыг 180 000 ам.доллараар авч байсан. Ингээд гэрээ байгуулж, урьдчилгаа 50 хувь болох 85 000 ам.долларыг тухайн үеийн ханшаар тооцон 151 215 000 төгрөг төлсөн.

            Тракторыг худалдан авснаас хойш хэд хэдэн удаа эвдэрсэн бөгөөд бидний зүгээс удаа дараа өөрсдөө хөрөнгө мөнгө гаргаж, засвар хийлгэсэн зардалд нийт 21 778 849 төгрөг гаргасан. Худалдагч тракторыг худалдах үедээ “орж ирээд удаагүй, манай компани ашиглаж байсан” гэж тайлбарласан бөгөөд улсын бүртгэлийн газраас авсан лавлагаанаас үзвэл уг трактор нь 2011 онд импортоор орж ирсэн байх тул 2014 онд гэрээ байгуулах хүртэл нийт 3 жилийн хугацаанд бий болсон ашиглалтын явцад үүссэн элэгдэл, хорогдлоос шалтгаалж дээрх эвдрэл гэмтлүүд гарч, хохирол учрах үндэслэл болсон. Иймд худалдагчийг биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчин худалдан авагчид эрхийн доголдолтой, өөрөөр хэлбэл банкны барьцаанд тавьсан эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэн, Г ХХК-тай байгуулсан техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 151 215 000 төгрөг, хохиролд 21 778 849 төгрөг, нийт 172 993 849 төгрөгийг Г ХХК-иас гаргуулж өгнө үү.

            Түүнчлэн, маргаан бүхий гэрээний 2.1-д энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар худалдан авагч тал техник тоног төхөөрөмжийг худалдан авахаа албан ёсоор баталж байгаа бөгөөд ямар нэгэн шалтгаанаар ямар ч тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхгүй болно гэж заасан. Энэ заалтаар тухайн гэрээний зүйл нь биет байдлын болон эрхийн доголдолтой байсан тохиолдолд худалдан авагч гэрээг цуцлах болон татгалзах боломжийг хязгаарласан. Гэрээний дээрх заалт нь худалдан авагчийн эрх зөрчигдөж, ашиг сонирхол нь хөндөгдсөн ямар ч тохиолдолд түүнд гэрээний зүйлийг заавал худалдан авахыг тулгасан заалт байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус зааснаар техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний 2.1 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг анх гаргасан.

            Маргааны зүйл болох трактор нь 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн бөгөөд гаалийн мэдүүлэгт 150 853 ам.доллар буюу 182 226 318 төгрөгийн үнэтэй гэж тусгагджээ. Гэтэл Г ХХК нь энэ тракторыг 3 жил гаруй хугацаанд эзэмшиж, ашигласан атлаа анхны үнээс 20 000 ам.доллараар нэмэгдүүлэн бидэнд худалдсан. Гэрээний 1.1-д “...хэвийн ажиллагаатай болгож өгнө” гэж заасан бөгөөд энэ нөхцөл удаа дараа зөрчигдөж, богино хугацаанд 21 800 000 гаруй төгрөгийн бодит хохирол учирсан. Энэ трактор цаашдаа ажил үүрэг гүйцэтгэх ямар ч боломжгүй тул тракторыг буцаахаас өөр аргагүй, худалдагчийн зүгээс гэрээ байгуулах үеийн үндэслэл, нөхцөл байдал өөрчлөгдсөнийг мэдсээр байж эдгээрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэргийг харгалзан талуудын хооронд байгуулагдсан техник, тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах тухай гэрээнээс татгалзан анх гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

            Иймд худалдагч талыг биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчин худалдан авагчид эрхийн доголдолтой, өөрөөр хэлбэл банкны барьцаанд тавьсан эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул маргаан бүхий гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 151 215 000 төгрөг, хохиролд 21 778 000 төгрөг, нийт 173 149 000 төгрөгийг Г ХХК-иас гаргуулж өгнө үү.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцохоор заасан. Тухайн үеийн ханш нь нэхэмжлэл гаргах үеийн ханш эсэх нь тодорхойгүй ба тухайн үеийн ханш гэдгийг тухайн өдрийн ханшаар тооцож байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийг баримтлах нь зүйтэй байна. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор заасан. Анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа юм. Үүнд шууд болон дам зүйл нөлөөлж болно. Эдийн засгийн хувьд 2 компани олон жил хамтарч ажилласны тод жишээ нь хариуцагч байгууллага банкнаас 4 600 000 000 төгрөгийн зээл авааад 2 600 000 000 төгрөгийг 1 жил орчим хугацаанд нэхэмжлэгч байгууллагад ашиглуулсан.

            Мөн н.Батдуламын гарын үсэгтэй баримтыг шинжлэн судалсан. Түүний үндсэн дээр 300 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Аль болох хөнгөлттэй нөхцөл үзүүлж байсан ч үр дүнгээ үзүүлээгүй. Хариуцлага хүлээх үндэслэлтэй боловч тракторын анзын хэмжээг бууруулах боломжтой. Бусад зүйлийг тооцоход нийт 290 000 000 төгрөгийн алданги хүлээж байгааг бага биш гэж үзэж байна. Эхлээд хүү алдангиа аваад дараа нь үндсэн төлбөрийг тооцдог хуулийн зохицуулалт байхгүй гэжээ.

 

            Нэхэмжлэгч Г ХХК, “БУ” ХХК, “САГ” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирлаа сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай компани шинэ, хуучин олон техник худалдаалж байсан бөгөөд шинэ техникийн хувьд үйлдвэрийн 1 жилийн баталгаат засварын хугацааг өгдөг. Харин хуучин техникийн тухайд техник хүлээлцэх акт үйлдэн, хэвийн ажиллагаатай бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгдөг. Хүлээлгэж өгснөөс хойшхи ямар нэгэн эвдрэл гэмтлийг манай компани хариуцдаггүй. Хариуцагч “ХГ” ХХК нь 2009 онд үйлдвэрлэгдсэн тракторыг 2014 онд сайн дурын үндсэн дээр өөрөө сонголт хийж худалдан авсан ба манай компани тус тракторыг хэвийн ажиллагаатай бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Бид харилцагч компанийн хувьд хөнгөлөлт үзүүлэн төлбөрөө нэг жилийн хугацаанд хүүгүй төлөх төлбөрийн хуваарь гаргаж өгсөн. Хариуцагч гэрээнд заасан хуваарийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 42 500 ам.доллар, мөн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 42 500 ам.долларыг тус тус төлж дуусгах үүрэгтэй байсан боловч үүргээ эс биелүүлж, дээрх төлбөр төлөх хуваарийг зөрчиж, өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөөсөө нэг ч төгрөгийг төлөөгүй. Тус тракторыг өмчлөх эрх нь “ХГ” ХХК-ийг төлбөрөө 100 хувь бүрэн төлж дуустал манай компанийн нэр дээр хэвээр үлдсэн. “ХГ” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлж, төлбөрөө бүрэн төлж дууссан цагт тус тракторын өмчлөх эрх болон өмчөө захиран зарцуулах эрхээсээ татгалзаж, барьцаанаас чөлөөлөн “ХГ” ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлж өгөх болно.

            “ХГ” ХХК нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах тухай өмнө нь манай компанид мэдэгдээгүй. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт “хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж заасан бөгөөд манай компани “ХГ” ХХК-д энэхүү тракторыг гэрээ байгуулагдмагц хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь тракторын төлбөрийн зарим хэсгийг төлсөн байгаагаас үзэхэд энэхүү гэрээнээс татгалзах эрхээ аль хэдийн алдсан. Гэрээ болон хуульд зааснаар сөрөг нэхэмжлэлд дурдсан тракторын эвдрэл гэмтлийн талаар шаардлага гаргах эрхийн хугацаа нь өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээж аваад 3 жил болсон учир эд хөрөнгийн доголдлын талаар гомдол гаргах эрхгүй. Мөн түүнчлэн, тус тракторыг 2014 онд “ХГ” ХХК-д хүлээлгэн өгөхөд 2 290 мото цаг/км ажилласан ба өнөөдрийн байдлаар тус трактор нь 3 540 мото цаг/км ажилласан байна. Тодруулбал, хариуцагч энэ тракторыг манай компаниас авснаас хойш нийт 1 250 мото цаг/км ажиллуулсан байна. Хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж түрээслэх нь манай компанийн үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд техник, тоног төхөөрөмж тус бүрээс дагаж мөрддөг түрээсийн үнэлгээний тарифтай. “ХГ” ХХК-ийн худалдаж авсан маргаан бүхий тракторыг 1 мото цаг/км нь 161 ам.долларын түрээсийн төлбөртэй бөгөөд “ХГ” ХХК нь тус тракторыг худалдаж авснаасаа хойш буюу өнгөрсөн 3 жилийн хуагцаанд нийт 1 250 мото цаг/км ажиллуулсан байх тул тэрхүү ажиллуулсан хугацааны түрээсийн төлбөр нь 201 250 ам.доллар буюу 495 880 000 төгрөг юм. Иймд сөрөг нэхэмжлэлд дурдсан зүйлс үндэслэлгүй бөгөөд зөвхөн төлбөр төлөхгүй гэж шалтаглаж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Гуравдагч этгээд “Хангай миллс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Манай компани 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 13/53 дугаартай гэрээг “ХГ” ХХК-тай байгуулж, уг гэрээгээр “Хангай миллс” ХХК нь “ХГ” ХХК-д үр тариа хураах зориулалтын Жон Дийр W210 маркийн 2 ширхэг комбайныг худалдан авахад нь зориулж 300 000 000 төгрөгийг 2013 оны намар авах улаан буудайн урьдчилгаа хэлбэрээр тооцон хүүгүй олгох, тус 2 ширхэг комбайныг гэрээгээр тохирсон улаан буудайг нийлүүлэх хүртэл “Хангай миллс” ХХК-ийн барьцаанд байлгахаар тохиролцсон. Ингээд манай компани 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Г ХХК-д 300 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн.

            Гэтэл Г ХХК, “БУ” ХХК, “САГ” ХХК-иуд нь “ХГ” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 782 206.94 ам.доллар буюу 1 569 997 706.58 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2 ширхэг комбайны үнийг гэрээний дагуу урьдчилан төлсөн байтал нэхэмжлэгч тал үгүйсгэж үнийг төлөөгүй гэж хүү, алданги тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй хөрөнгөжиж буйн нэг хэлбэр юм.

            Иймд бид нэгэнт гүйцэтгэсэн төлбөр болох 300 000 000 төгрөгөө эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдийн хувиар бие даасан шаардлага гаргах хэлбэрээр нэхэмжилж байх тул манай компани Г ХХК-д төлсөн 300 000 000 төгрөгөө буцааж гаргуулах хүсэлтэй байна. Уг мөнгө нь дансаар орж ирсэн. Харин бэлнээр орж ирсэн 300 000 000 төгрөг нь будааны тооцоо биш. Манай компани “ХГ” ХХК-тай гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгө шилжүүлсэн тул нэхэмжлэгч байгууллагыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Г ХХК-иас 300 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Г ХХК, “БУ” ХХК, “САГ” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирлаа бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: 2013 онд Г ХХК, “Хангай миллс” ХХК-тай улаан буудай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаа 20 хувь болох 924 000 000 төгрөгийг төлөх ёстой байсан ба 300 000 000 төгрөг нь урьдчилгаа мөнгөний төлбөр юм. “Хангай миллс” ХХК-иас банкаар 300 000 000 төгрөг, 400 000 000 төгрөг орж ирсэн. Эдгээр төлбөрүүд нь улаан буудайны гэрээний мөнгө юм. 2 компанийн хооронд байгуулагдсан 300 000 000 төгрөгийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн гэрээ юм. Комбайн худалдах-худалдан авах гэрээ 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан байхад улаан буудайны 300 000 000 төгрөгийг мөн оны 6 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн. Энэ төлбөр нь улаан буудайны урьдчилгаа болохоос биш, техник тоног төхөөрөмжтэй хамааралгүй. Гэрээ байгуулах үед энэ мөнгийг шилжүүлсэн гэж хэлэх бүрэн боломжтой байсан боловч хэлээгүй. Улаан буудайны гэрээний талаар гомдолтой байгаа бол тусдаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Г ХХК, “Хангай миллс” ХХК-иудын хооронд байгуулсан улаан буудайны гэрээний дагуу хийсэн төлбөрийг өөрөөр тайлбарлаж шүүхийг будлиулах гэж байгаа тул бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХГ” ХХК-иас 399 340.42 ам.доллар буюу 817 921 061 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, тус компанийн шаардлагаас 83 915.56 ам.доллар буюу 171 874 171.6 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “ХГ” ХХК-иас 58 368 ам.доллар буюу 119 548 170 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “БУ” ХХК-д олгож, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагаас 13 680 ам.доллар буюу 28 019 102 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

“Хурх  гол” ХХК-иас 79 121.77 ам.доллар буюу 162 055 626.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “САГ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Г ХХК болон “ХГ” ХХК-ийн байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ14/87 тоот техник, тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн 151 215 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 21 778 849 төгрөг гаргуулах тухай хариуцагч “ХГ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, Г ХХК-иас 300 000 000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8 007 939 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 1 022 919 төгрөг, гуравдагч этгээдээс бие даасан шаардлагад төлсөн 1 657 950 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагч “ХГ” ХХК-иас 5 655 574 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “ХГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах хуулийн шаардлагад нийцээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх тул шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүхийн зүгээс өөрийн санаачилгаар удаа дараа нэхэмжлэлийг тодруулж, холбогдох тооцоолол болон нотлох баримтуудыг бүрдүүлэхийг нэхэмжлэгчид зөвлөсөн нь шүүгчийн хувьд хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн гэж үзэхэд хүргэж байна. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан шүүх хуралдаан хойшлуулсан тухай тэмдэглэл, шийдвэрт тодорхой тусгагдсан. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус, шаардлагаа үнэн зөвөөр нотолж чадаагүй явдал нь шүүхийн шийдвэрт тусгагдсан. Шүүхийн шийдвэр 46 хоногийн дараа цаасан дээр бууж, зохигчдод гардуулах боломжтой болсноор давхар нотлогдоно. Өөрөөр хэлбэл шүүхийн зүгээс дээр дурдсан алхмуудыг хийж гүйцэтгэсэн асуудал нь шүүгчийг зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад чиглэгдсэн ажиллагаа байсан гэж үзэх хардлагыг төрүүлж байна.

Анхан шатны шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулиар зохицуулсан үүрэг гүйцэтгэх дараалал, учирсан хохирлыг тооцох, хуульд заасан эрхээ зохигчдын зүгээс хэрэгжүүлэх үндэслэл, хуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн болно.

Маргааныг бүхэлд нь хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдол бүхий зарим нотлох баримтуудыг үнэлсэн эсэх асуудлаар ямар ч шийдвэр гаргаагүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс зохигчдын хооронд байгуулсан 2014 оны ӨХШ-14/87 дугаартай техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу урьдчилан төлсөн 151 215 000 төгрөг, гэрээний зүйлийн биет байдлын доголдлоос болж шууд учирсан бодит хохирол болох 21 778 849 төгрөг нийт 172 993 849 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл шүүх Г ХХК-ийн диллерийн эрхээ ашиглан бусдын итгэлээр тоглон, банкны барьцаанд тавьсан, бүрэн бус эвдэрхий техникээ бусад олон байгууллагуудыг хууран мэхлэх аргаар худалдах, хууль бус үйлдлийг зөвтгөсөн, дэмжсэн шийдвэр гаргасанд харамсаж байна. Иймд бидний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Хангай миллс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцүүлэн үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхээс бие даасан шаардлагыг дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад хуульд нийцүүлэн үнэн зөвөөр үнэлээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, бие даасан шаардлагыг буруу ойлгож шийдвэрлэсэн. Бидний бэлнээр өгсөн мөнгийг комбайны төлбөрт тооцохоос нэхэмжлэгч тал эрс татгалзсан тул бид аргагүйн эрхэнд мөнгөө буцааж авахаар нэхэмжилж, бие даасан шаардлага гаргасан. Гэтэл энэ шаардлагыг ойлгохгүй “улаанбуудайн үнэ, урьдчилсан төлбөрт тооцох үндэслэлгүй” гэх мэт харилцан уялдаагүй, ойлгомжгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Г ХХК нь 1 260 374 805 төгрөгийг, нэхэмжлэгч “БУ” ХХК нь 147 567 272.64 төгрөгийг, нэхэмжлэгч “САГ” ХХК нь 162 055 627 төгрөгийг тус тус “ХГ” ХХК-иас гэрээний үүрэгт шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Г ХХК-тай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ-14/87 тоот техник, тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний 2.1 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гэрээний зүйл нь биет байдлын доголдолтой байгаагийн улмаас гэрээнээс татгалзан гэрээгээр шилжүүлсэн хөрөнгө болон доголдол арилгасан зардалд нийт 172 993 849 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгчээс шаарджээ.

            Мөн гуравдагч этгээд “Хангай миллс” ХХК нь Г ХХК-д холбогдуулан бие даасан шаардлага гаргаж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 300 000 000 төгрөгийг Г ХХК-иас шаардсан байна.

            Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            1.Нэхэмжлэгч Г ХХК, хариуцагчтай байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 13062702 тоот техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр Жон Дийр W2010 маркийн 2 ширхэг комбайныг нэг бүрийн үнийг 95 000 ам.доллар, нийт 190 000 ам.доллараар худалдан авах, төлбөрийн нөхцлийг хоёр тал гэрээнд гарын үсэг зурснаас хойш 3 хоногийн дотор худалдан авагч нь нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 57 000 ам.доллар, техник хүлээн авсан өдрөөс үлдэгдэл 70 хувийн төлбөр 133 000 ам.долларыг сарын 1.2 хувийн хүү тооцож, хүүгийн төлбөрийн хамт 24 сарын хугацаанд хуваарь гарган төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч тал гэрээний дагуу комбайныг хариуцагчид шилжүүлэн өгчээ. 

            Дээрх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.2 дахь хэсэгт заасан шинжийг агуулсан 262.2.3-т зааснаар сар бүр хүү төлөхөөр тохиролцсон байх тул зохигчдын хооронд хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзнэ.

            Хариуцагч тал гэрээний зүйл болох комбайныг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй, харин машин механизмын үнэ төлөлттэй холбогдуулан шүүхэд “эдийн засгийн хямралаас шалтгаалан үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч алдангиас багасгаж төлбөрийн 50 хувийг хөнгөлөх хүсэлтэй” гэж, мөн “гуравдагч этгээд “Хангай миллс” ХХК 300 000 000 төгрөг төлсөн” гэсэн 2 өөр тайлбар гарган маргасан байна.

            Хэргийн 204 дүгээр хуудсанд 2013 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Хангай миллс” ХХК, тооцоогоор гурван зуун сая төгрөг гэсэн бичилттэй нэхэмжлэгч Г ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан баримт авагдсан байх бөгөөд уг баримтад үндэслэн хариуцагчийн 2 ширхэг комбайны үнийг төлсөн гэх тайлбарыг нотолж чадахгүй байна. Иймээс хариуцагч “ХГ” ХХК-ийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан худалдан авсан эд хөрөнгийнхөө үнийг гэрээнд заасны дагуу хариуцан төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Анхан шатны шүүх энэ үйл баримтыг зөв тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасанд нийцүүлэн хариуцагчийн төлөх алдангиас багасгасан, нэхэмжлэлийн энэ шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

2.Нэхэмжлэгч тал хариуцагчаас 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ14/87 тоот гэрээний үүрэгт 84 971.32 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн төгрөгийн ханшаар тооцон 174 036 558 төгрөг шаардсан.

Хэргийн 14-15 дугаар талд авагдсан нэхэмжлэгч Г ХХК, хариуцагч “ХГ” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ14/87 тоот техник, тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах тухай 170 000 ам.долларын үнийн дүн бүхий гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний шинжийг агуулж байх тул тэдгээрийн хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Жон Дийр 8530W маркийн дугуйт тракторын үнэд төлсөн төлбөрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 30 307.30 ам.долларыг үндсэн үүргээс бус харин алдангийн дүн болох 42 485.66 ам.доллараас хасч нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн байхад шүүх хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлд анзын талаарх тохиролцоо, хэмжээ хязгаарыг хуульчилж өгсөн бөгөөд мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор заасан. Зохигчдын ӨХШ14/87 тоот гэрээгээр алдангийг тоног төхөөрөмжийн нийт үнийн дүнгээс тооцохоор тохирсон нь дээрх хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийг энэ гэрээний хувьд алданги шаардах эрхгүй гэж үзнэ.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хариуцагчийн тракторын төлбөрийн үлдэгдэл болох 84 971.32 ам.доллараас 30 307.30 ам.долларыг хасч тооцон 54 664.02 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн төгрөгийн ханш 2 048.18 төгрөгт шилжүүлэн хариуцагч “ХГ” ХХК-иас 111 961 711 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэж байна. Гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн мөнгөн төлбөрийг алданги тооцогдох үндсэн үүргээс тооцох нь “илүү хүнд нөхцөлтэй үүргээс хасаж тооцох” тухай 216.2-т нийцнэ.

3.Хариуцагч нь ӨХШ14/87 тоот гэрээгээр хүлээн авсан Жон Дийр 8530W маркийн дугуйт тракторыг биет байдлын доголдлын талаар марган, гэрээнээс татгалзан гэрээгээр шилжүүлсэн хөрөнгө болон доголдол арилгасан зардалд нийт 172 993 849 төгрөг гаргуулж, мөн гэрээний 2.1 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх худалдсан эд хөрөнгө болох 8530W маркийн дугуйт трактор нь биет байдлын доголдолтой байсан гэх үйл баримтыг зөв тогтоосон атлаа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн бол гэрээг цуцлах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр нэхэмжлэх эрхийн талаар заасан. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор байх тул анхан шатны шүүхийн гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

Учир нь талууд тракторыг 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлцсэн, мөн засварын зардлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж, холбогдох төлбөрийн баримтыг хүргүүлж байсан үйл баримтыг нотолсон баримтууд хэрэгт авагдсан байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэхээр нэхэмжлэгчээс шаардах эрхтэй. Хариуцагчийн тракторт засвар хийхэд гарсан зардал нь 14 436 894 төгрөгийн хэмжээнд нотлогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Харин хариуцагчийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмын дагуу тракторыг цаашид ашиглах боломжгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж буйгаа нөгөө талд мэдэгдсэн гэх баримтгүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахаас татгалзсан нь зөв байна.

4. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч “ХГ” ХХК-иас 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 09 тоот гэрээний үүрэгт 26 778.30 ам.доллар буюу 54 846 787 төгрөг нэхэмжилсэн.

Талууд ургамал хамгаалах бодис зээлээр худалдах-худалдан авах тухай 09 тоот гэрээгээр нэхэмжлэгч нь 29 960 ам.долларын үнэ бүхий 500 литрийн хэмжээтэй 4000 ширхэг ургамал хамгаалах бодис нийлүүлэх, хариуцагч нь гэрээ байгуулагдсан өдөр 30 хувь буюу 8 988 ам.долларын урьдчилгаа төлж, үлдэх 70 хувь буюу 20 972 ам.долларыг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгах, сар бүр 1.17 хувийн хүү тооцож, сард хүүгийн төлбөрт 245.37 ам.доллар төлөх үүрэг хүлээжээ. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлсон нь зөв байна.

Хариуцагч тал гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үйл баримтын талаар маргаагүй, харин алдангийн хэмжээг багасгаж өгөхийг хүсчээ.

ХГ” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны хооронд ургамал хамгаалах бодисын үнэд 29 358.26 ам.доллар төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна. Шүүх нэхэмжлэгчийг гэрээний хугацаа дууссанаас хойш илүү хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэн хүү нэхэмжилсэн дүнгээс 8 039 ам.долларыг хангахгүй орхиж, хүүг гэрээний хугацаагаар тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь талууд гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа сунгасан тохиолдолд Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан журмын дагуу гэрээг бичгээр байгуулсан байхыг шаардана.

Харин шүүх хариуцагчийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 29 358.26 ам.долларыг үндсэн төлбөр, хүү, алдангийн нийлбэрээс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн байна. Иймд үндсэн үүрэг болох 29 960 ам.доллараас хожим төлсөн 29 358.26 ам.долларыг хасахад үндсэн үүрэгт 601.74 ам.доллар, 6 сарын хүүд 2 103 ам.доллар, нийт 2 704.74 ам.доллар төлөхөөр байна.

Талууд гэрээний 4.3 дахь заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад нийцэж байх тул үндсэн төлбөр болон хүүгийн нийлбэрээс алдангийн хэмжээг тооцоход 1 352.37 ам.доллар /2 704.74х 0.3 хувь/ болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт шүүх алдангийн хэмжээг багасгаж болохоор заасан тул 1 352.37 ам.долларыг 25 хувиар багасгаж хариуцагч “ХГ” ХХК-иас 3 042.74 ам.доллар буюу 5 540 132 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх заалтад нийцнэ гэж үзлээ.

5.Нэхэмжлэгч “БУ” ХХК нь “ХГ” ХХК-иас 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 13061201 тоот техник, тоног төхөөрөмжийг зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 72 048 ам.доллар буюу 147 567 272.64 төгрөг нэхэмжилсэн.

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй үйл баримтын талаар хэн аль нь маргаангүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцон нэхэмжилснийг үндэслэлгүй гэж дүгнэн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг 119 548 170 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 28 019 102 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад нийцэж байх бөгөөд зохигчдын хэн аль нь энэ шаардлагын хувьд давж заалдах гомдол гаргаагүй учир энэ талаар дүгнэлт хийх, шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

6.Нэхэмжлэгч “САГ” ХХК нь хариуцагчаас 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ14/86 тоот гэрээний үүрэгт 79 121.77 ам.доллар буюу 162 055 627 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар 105 400 ам.долларын үнийн дүн бүхий ӨХШ 14/86 тоот гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хийн үрлэгч моррис техникийг “ХГ” ХХК-д шилжүүлж, хариуцагч нь 12 сарын хугацаанд хүү тооцохгүйгээр төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцжээ. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн нь зөв байна.

Хариуцагч нь гэрээний дагуу нэхэмжлэгчид нийт 52 652.15 ам.доллар төлсөн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд “САГ” ХХК нь үлдэх төлбөрийн үүргийг алдангийн хамт нэхэмжилжээ. Талуудын гэрээний 3.3 дахь заалт буюу алданги тооцох заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчсөн, өөрөөр хэлбэл алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус техник тоног төхөөрөмжийн үнийн дүнгээс тооцох тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуульд нийцэхгүй хэлцэл гэж үзнэ. Иймд алданги тогтоосон буюу гэрээний 3.3 дахь заалт тэр хэсгээрээ хүчин төгөлдөр бус учраас алданги гаргуулах үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн алданги гаргуулан шийдвэрлэснийг буруу гэж дүгнэн алданги нэхэмжилсэн 26 373.92 ам.долларыг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг 108 037 091 төгрөгийн хэмжээнд хангахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт харшлахгүй гэж үзлээ.

7.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Хангай миллс” ХХК нь нэхэмжлэгч Г ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 300 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

Гуравдагч этгээдийн дээрх шаардлага нь нэхэмжлэгч, хариуцагч нарын одоогийн маргааны зүйлд шууд хамааралтай шаардлага биш байхад шүүх шийдвэрлэн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Учир нь хэрэв гуравдагч этгээдийн гаргасан энэ компанид холбогдох 300 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь дахин энэ асуудлаар шаардлага гаргах эрхгүй болох үр дагавар бий болгоно.

“Хангай миллс” ХХК болон “ХГ” ХХК нь маргаж буй 300 000 000 төгрөгийг комбайныг худалдан авахад зориулж шилжүүлсэн гэж, нэхэмжлэгчийн хувьд уг төлбөрийг “Хангай миллс” ХХК-тай хийсэн улаан буудай худалдах-худалдан авах гэрээний төлбөр авсан гэж марган мэтгэлцдэг бөгөөд гуравдагч этгээдийн нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх эсэх энэ асуудал нь талуудын хоорондын тоног төхөөрөмж, эд материал худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлтэй шууд хамааралгүй байгаа учраас үүнийг шүүх шийдвэрлэх ёсгүй. Иймээс гуравдагч этгээдийн энэ шаардлагаа гаргах эрхийг энэ шийдвэрийн хүрээнд шийдвэрлээгүй байгааг дурдан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хасах нь зүйтэй гэж үзлээ.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01589 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “399 34.42 ам.доллар буюу 817 921 061” гэснийг “267 750 783 /хоёр зуун жаран долоон сая долоон зуун тавин мянга долоон зуун наян гурван/” гэж, 83 915.56 ам.доллар буюу 171 874 171.6” гэснийг “761 080 775 /долоон зуун жаран нэгэн сая наян мянга долоон зуун далан таван” гэж, “79 121.77 ам.доллар буюу 162 055 626.8” гэснийг “108 037 091 /нэг зуун найман сая гучин долоон мянга ерэн нэгэн/” гэж өөрчлөн, 2 дахь заалтын “сөрөг нэхэмжлэл” гэснийг “сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн Г ХХК-иас 300 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хасч, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 007 939 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 1 022 919 төгрөг, хариуцагч “ХГ” ХХК-иас 2 649 630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч Г ХХК-иас 230 137 төгрөг гаргуулан хариуцагч “ХГ” ХХК-д тус тус буцаан олгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 1 657 950 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан “ХМ” ХХК-д буцаан олгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн хариуцагч “ХГ” ХХК-ийн 1 022 919 төгрөгийг, гуравдагч этгээд “ХМ” ХХК-ийн 1 657 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                          ШҮҮГЧИД                                          Д.БАЙГАЛМАА

                                                                                                     Ч.ЦЭНД