Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 528

 

       

 

 

 

 

2019 оны 8 сарын 29 өдөр               Дугаар 128/ШШ2019/0528                  Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. Халиуна даргалж, тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” ХХК /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох газар эзэмших эрхийн зориулалтыг сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчилсөн хэсгийг хүчингүй болгуулах, 3515 м.кв газрын зориулалтыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н. А нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК нь Б дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2000 оноос эхлэн орон сууцны цогцолбор хорооллын зориулалтаар 5,01 га газрыг гэрээ, гэрчилгээтэйгээр эзэмшиж ирсэн. Улмаар 2011 онд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2 орон сууцны барилгын зураг төсөл хийлгэн баталгаажуулж мөн 2013 онд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 250 хүүхдийн цэцэрлэгийн барилгын зураг төсөл хийлгэж тус тус баталгаажуулсан.

2014 онд уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 тоот захирамжаар орон сууцны зориулалтаар ашиглуулахаар гэрээ хийгдэж, гэрчилгээ олгогдсон. Манай компанийн зүгээс 2015 онд газрын зориулалтыг батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу цэцэрлэг, орон сууцны зориулалттай болгон өөрчлүүлэхээр Нийслэлийн Газрын албанд хүсэлт өгсөн боловч удаа дараа хойшлогдсоор ирсэн.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 тоот захирамжаар уг газрыг сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчилсөн байна. Уг захирамжийг бид 2018 оны 11 дүгээр сарын 15 ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр захирамжид гомдол гаргасан боловч мөн үндэслэлгүйгээр хүлээн авсангүй. Манай компанийн зүгээс өнгөрсөн хугацаанд дээр дурьдсанаар орон сууцны 2, цэцэрлэгийн 1 барилгын зураг төсөл хийлгэж баталгаажуулах, газар чөлөөлөх зэрэгт 512,452,582 төгрөгийн бодит зардлыг гаргасан байна.

Бидний гаргасан хүсэлтийг хүлээн авахгүйн зэрэгцээ, бидэнд мэдэгдэлгүйгээр газрын зориулалтыг өөрчилсөн явдал нь бидний хичээл зүтгэл, ажил хөдөлмөр үнэгүйдэж хөрөнгө мөнгөөр хохирооход хүргэж байна. Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох, газар эзэмших эрхийг цуцлах, ашиглалтын зориулалтыг өөрчлөхөөр бол уг газрыг эзэмшиж буй этгээдэд мэдэгдэх ёстой. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж зааснаар манай компанид энэ талаар мэдэгдээгүй, дүүргийн болон Нийслэлийн Газрын албанаас ямар ч мэдэгдэл ирүүлээгүй нь хууль зөрчсөн төдийгүй, нөгөөтэйгүүр шударга бус явдал гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, “Б” ХХК-д Б дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар ашиглуулахаар өөрчлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсэг буюу хавсралтын 6 дахь заалтыг хүчингүй болгож, Б дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Б” ХХК-ийн эзэмшиж байгаа 3515 м.кв талбай бүхий газрын зориулалтыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар ашиглуулахаар өөрчлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2000 оноос “Б” ХХК Б дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшиж эхэлсэн. 2010 оноос газрын хэсэгчилсэн төлөвлөгөө хийгдсэний дагуу тухайн газарт 2 орон сууцны барилга, 1 цэцэрлэгийн барилга баригдахаар төлөвлөсөн. Энэ маргаан үүсээд байгаа газар дээр цэцэрлэг, орон сууц барихаар эрх бүхий байгууллагад удаа дараа хүсэлт тавьсан. 2016 онд дан цэцэрлэг барихаар шийдвэр гаргасан байсан. 2018 оны захирамжаар цэцэрлэг, сургууль барих тухай шийдвэр гаргасан байсан. Цэцэрлэг, сургууль барих ямар ч боломж байхгүй. Өмнөх хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр 2 ширхэг орон сууц, 1 цэцэрлэг барихаар төлөвлөсөн байсан. Үүний дагуу газрын төлөвлөлтийн зураг хийгдэж барилгын ажил эхэлсэн байсан.

2016 оны захирамжийг албан ёсоор мэдэгдээгүй шүүхэд захиргааны хэрэг үүссэний дараагаар мэдсэн. Албан бус байдлаар мэдсэн боловч 2018 оны захирамж дээр гомдол гаргасны дараагаар танилцаж шүүхэд шаардлагаа нэмэгдүүлсэн.

Ерөнхий төлөвлөгөө хэсэгчилсэн төлөвлөгөөр хийгдсэн байх ёстой. Манай өөрийн саналыг үндэслэж хэсэгчилсэн төлөвлөгөө хийгдэж байсан. Хэсэгчилсэн төлөвлөгөөнд ажлын зураг хийгдсэн байсан. Энэхүү хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу 2 орон сууц, 1 цэцэрлэг барихаар төлөвлөж байсан. Нийт 17 байр баригдсан байсан **,** дүгээр байр барихаар төлөвлөсөн байсан. Үүний дагуу **,** дүгээр орон сууцны барилга, цэцэрлэгийн барилгын газар хуваарилсан байсан.

Нэхэмжлэгч талын удаа дараа хүсэлтийг харгалзахгүйгээр дур мэдэн шийдвэрлэж манай компанийн эрх ашгийг зөрчиж байгаа тул дээрх захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжаар Б дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3515 м.кв газрыг “Б” ХХК-д хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. 2018 оны 03 дугаар сард “Б” ХХК нь Нийслэлийн Газрын албанд өөрийн ашиглаж байгаа Б дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3515 м.кв газрын зориулалтыг үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг болгуулахаар хүсэлт ирүүлсний дагуу хүсэлтийг шийдвэрлэхээр Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар оруулж тус хурлын дүгнэлтээр зориулалтыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу сургууль, цэцэрлэгийн зориулалт болгон өөрчлөх тухай дүгнэлт гарсан байна.

Газрын тухай хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5/14 дүгээр тогтоол, Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын дүгнэлт, бусад холбогдох хууль тогтоомжуудыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжаар “Б” ХХК-д сургууль, цэцэрлэгийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/954 дүгээр захирамж “Б” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 15 нд хүлээн авснаар маргаан бүхий актыг мэдсэн гэж үзэж байна. Мөн тус захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага шийдвэрлэгдсэн гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тухайн газрын эргэн тойронд өндөр барилгажилт хийгдсэн. Маргаан бүхий 3515 м.кв талбайд орон сууц барих боломжгүй болсон. Нийслэлийн Засаг даргын зүгээс тухайн маргаж байгаа газарт орон сууцны барилга барих боломжгүй гэж үзэж байгаа юм. Тухайн газар дээр хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөөд ажлын хэсэг байгуулагдсан. Тухайн ойр орчимд барилгын стандартаар хүүхдийн цэцэрлэг барих нь зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. 2016 онд анх тухайн газрыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар ашиглах нь зүйтэй гэж зөвшөөрөл олгосон. 2018 оны 954 дүгээр захирамжаар сургууль, цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлснийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Учир нь 2018 оны А/954 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор эргээд 2016 оны А/562 дугаар захирамжийн үйлчлэл сэргэнэ гэж үзэж байгаа юм. Тухайн зориулалтаар олгоход татгалзах зүйлгүй. А/562 дугаар захирамж Нийслэлийн Засаг даргаас 2016 онд гаргасан. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс албан бусаар мэдсэн гэж тайлбарласан. Зориулалт өөрчлөх хүсэлт өгөхдөө тухайн цэцэрлэгийн зориулалтыг “орон сууц, цэцэрлэг” болгох гэж хүсэлт гаргасан нь “Б” ХХК 2016 оны А/562 дугаар захирамжийг мэдсэн гэж ойлгож байна. Уг захирамжийг мэдсэнээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, маргаагүй. Иймд 2016 оны А/562 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж,  хүүхдийн цэцэрлэгийн барилга барих зориулалтаар олгох нь зүйтэй.

Нэмж хэлэхэд сүүлд шинээр гаргаж өгсөн албан тоотонд хотхонд цэцэрлэг барихыг тусгасан байсан. Тухайн хэрэгжилтийг үндэслэн цэцэрлэгийн зориулалт болгон өөрчилсөн гэсэн тайлбарласан. “Б” орон сууцны хорооллыг бүхэлд нь барихаар төлөвлөхдөө сургууль, цэцэрлэгийг анхнаасаа тус компани барихаар төлөвлөсөн ч төлөвлөгөөний дагуу одоог хүртэл сургууль, цэцэрлэг баригдаагүй. Тухайн хороололд удаа дараа цэцэрлэг барихыг шаардаж байгаа юм. Том хэмжээний цэцэрлэг барихаар төлөвлөөд байгаа юм.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч “Б” ХХК нь анх “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох газар эзэмших эрхийн зориулалтыг сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчилсөн хэсгийг хүчингүй болгуулах, 3515 м.кв газрын зориулалтыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөхийг даалгах”-аар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлж тодорхойлжээ.

Нэг. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэхэд дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нийслэлийн Засаг даргын 2000 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 269 дүгээр захирамжаар орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх мастер төлөвлөгөөг үндэслэн орон сууцны * дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг зөвшөөрч, энэ төлөвлөгөөг үндэслэн ажлын зургийн даалгавар боловсруулах, зураг төсөл хийлгэх, гүйцэтгэгчтэй гэрэ байгуулах, зураг төслийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжид газар эзэмших, ашиглах эрхийг зохих журмын дагуу олгохыг Нийслэлийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт даалгаж, энэ захирамжийг үндэслэн Нийслэлийн Газрын харилцаа, хот байгуулалтын газар “Б” ХХК-д орон сууцны хорооллын цогцолборын зориулалтаар 6.5 га газар олгосон мэдэгдэл өгсөн байдаг.  

Улмаар энэ орон сууцны хорооллын цогцолборын төслийн хүрээнд “Б” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 678 дугаар захирамжаар 15274 м.кв газрыг орон сууцны хорооллын зориулалтаар эзэмшиж, үүнд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 3515 м.кв газар багтсан бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 03-нд олгогдсон 0001280 дугаартай газар ашиглах эрхийн нэг гэрчилгээтэй дээрх 15274 м.кв газрыг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаартай захирамжаар тухайн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн тусад нь нэгж талбар бүрээр хуваан зориулалтыг зааж, тухайлбал цахилгааны дэд станц барих зориулалтаар 143 м.кв, орон сууц барих зориулалтаар 669 м.кв, 2088  м.кв, 271 м.кв, 576 м.кв, 319 м.кв, 3406 м.кв, 452 м.кв, 3515 м.кв, 646 м.кв, хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар 3188 м.кв газрыг төлөвлөжээ.     

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2019 оны 3 дугаар сарын 22-ны 09/891, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 09/14120 тоотоор тухайн орчмын төлөвлөлтийн зургийг ирүүлсэн байгаагаас үзвэл, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийн хүрээнд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 52 дугаар тогтоолын 1.4 дэх заалтаар Б дүүргийн *-*, **-** дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун -1 бүсийн Б дүүргийн орон сууцны 2, 3 дугаар нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөө батлагджээ.

Энэ ерөнхий төлөвлөгөөнд Б дүүргийн * дүгээр хороо 2, 3 дугаар хороололд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 678 дугаар захирамжаар олгогдсон “Б” ХХК-ийн хэрэгжүүлсэн Б хорооллын 15274 м.кв газар багтсан, тэр дундаа нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 3515 м.кв газар нь “22б” дугаартайгаар өндөр давхрын орон сууцны бүс байхаар төлөвлөгдсөн байна.

Дээрх төлөвлөлтөөр батлагдсан өндөр давхрын орон сууцны цогцолбор хороолол нь хотхон дотроо сургууль, цэцэрлэг бүхий байхаар төлөвлөлтөд тусгагдсан талаар энэ асуудлыг хариуцсан нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03/2474 тоотоор Нийслэлийн Газрын албанд тодорхойлсон байдаг.

Б дүүргийн * дүгээр хороонд буюу тухайн орон сууцны хороололд 160 хүүхдийн суудалтай цэцэрлэг, 930 хүүхдийн суудалтай сургууль барихаар төлөвлөгдсөн гэдэг ч улсын төсвийн хөрөнгөөр * дүгээр хороонд сургууль баригдсантай холбоотой сургууль барих шаардлагагүй болж, хүүхдийн цэцэрлэг барих шаардлага байгааг тус хорооны Засаг дарга 2010 оны 6 дугаар сарын 30-нд 6/124 тоотоор уламжилсан, улмаар нийслэлийн Боловсролын газраас 2010 оны 7 дугаар сарын 01-нд 1/283 тоотоор “Б” ХХК-ийн цэцэрлэг барих саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн, мөн нэхэмжлэгч “Б” ХХК нь 3515 м.кв газрын 872 м.кв талбайд хүүхдийн цэцэрлэг, үлдсэн 2643 м.кв талбайд орон сууц барих хүсэлтэй, үүний тулд газрыг зориулалтаар салгаж тусад нь гэрчилгээ авах хүсэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2015 оны 6 дугаар сарын 04-нд 47/15 тоотоор гаргасан байдаг. Хүсэлтийг газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцээд “газрын хэмжээ нь цэцэрлэгийн барилгад тавигдах шаардлагыг хангахгүй” гэж буцааж, 2015 оны 12 дугаар сарын 15-нд дахин хэлэлцээд “цэцэрлэгийн барилгад тавигдах шаардлага хангахгүй, цэцэрлэгийн зориулалтын талбайг 1750 м.кв болгож нэмэгдүүлэх” шаардлага тавьж, “Б” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 28-нд 27/16 тоотоор “3515 м.кв газрын 1248 м.кв талбайг хүүхдийн цэцэрлэг, үлдсэн 2267 м.кв талбайг орон сууцны зориулалтаар эзэмших” хүсэлтээ хүргүүлж, дахин 2016 оны 12 дугаар сарын 19-нд 81/16 тоотоор “3515 м.кв газрыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар олгохыг” хүсжээ.

Дээрх төлөвлөлт бүхий шийдвэрийн дагуу хотхон дотроо сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны цогцолбор хороололд орон сууцны зориулалтаар тусдаа нэгж талбарууд бүхий газрууд төлөвлөгдсөний дээр мөн 3188 м.кв газар хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар төлөвлөгдсөн байсныг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжаар хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар олгогдсон 3188 м.кв газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгож, харин орон сууцны зориулалтаар олгогдсон 3515 м.кв газрыг цэцэрлэгийн зориулалттай болгож өөрчилжээ. Тодруулбал мэдээллийн санд нэгж талбарын 18640310922278 дугаартай бүртгэгдсэн 3515 м.кв газар нь байршил хэмжээ өөрчлөгдөөгүй бөгөөд 2016 оны  А/562 дугаар захирамжаар түүний баруун талд байрших нэгж талбарын 18640310875272 дугаарт бүртгэгдсэн 3188 м.кв газартай ийнхүү зориулалтыг нь сольсон, энэ нь хотхон дотроо сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны цогцолбор хороолол байх төлөвлөлтийн хүрээнд байна.

 “Б” ХХК нь 3515 м.кв газрыг цэцэрлэгийн зориулалттай болгосон шийдвэрийг эсэргүүцэж, уг газрыг цэцэрлэг, орон сууцны зориулалтаар ашиглуулах шийдвэр гаргуулахаар 2017 оны 2 дугаар сарын 08-нд 008/17 тоотоор Нийслэлийн Газрын албанд хандаж байсан бөгөөд нийслэлийн газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд цэцэрлэгийн зориулалттай 3515 м.кв газрыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар болгохоор шийдвэрлэж, энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжаар цэцэрлэгийн зориулалттай 3515 м.кв газрыг сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгож зориулалтыг өөрчилжээ.

Улмаар шүүхэд энэ маргааныг хянан шийдвэрлэх явцад хариуцагчаас “Б хороололд баригдах хүүхдийн цэцэрлэгийн барилгын газрыг чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/591 дүгээр захирамжаар байгуулсан байдаг. 

Хоёр. Хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбараар дээрх тогтоогдсон үйл баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны цогцолбор хороолол хотхон дотроо цэцэрлэг, сургуультай байхаар төлөвлөгдсөн, цэцэрлэгийн зориулалтаар 3188 м.кв газар ашиглах эрх олгогдсон байсныг орон сууцны зориулалттай 3515 м.кв газартай зориулалтыг сольсон, энэ шийдвэрийг нэхэмжлэгч өмнө нь мэдэж байсан тул нэхэмжлэлийн шаардлагаас “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ийнхүү газрын зориулалтыг өөрчилсөн захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчлэн олгож, гэрээ байгуулсан ч гэрээнд газар эзэмшигч хуулийн этгээдийг төлөөлөх этгээд гарын үсэг зураагүй, захирамжийг гардуулаагүй гэдэг ч “Б” ХХК Нийслэлийн Газрын албанд 2017 оны 2 дугаар сарын 08-нд 008/17 тоотоор гаргасан хүсэлтдээ “... 3515 м.кв газрын асуудал ... хурлаар удаа дараа хэлэлцэгдэж, эцэст нь 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар бүхэлд нь цэцэрлэгийн зориулалттай болгож өөрчлөхөөр шийдвэр гаргасан байна. .... хурлаар дахин хэлэлцүүлж ...” гэж ийнхүү 3515 м.кв газрын зориулалтыг цэцэрлэгийн зориулалттай болгож өөрчилсөн шийвэр гарсныг мэдэж, энэ талаар гомдол хүсэлт гаргаж байсан, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “манайд албан ёсоор танилцуулж, гардуулаагүй, зориулалт өөрчилж шийдвэрлэснийг албан бусаар мэдэж байсан” гэж тайлбарладаг төдийгүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 3 дугаар сарын 21-нд хэргийн материалтай танилцахдаа хэрэгт авагдсан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжтай танилцсан байдаг.

Хэдийгээр анх хотхон дотроо сургууль, цэцэрлэг төлөвлөсөн ч сургууль барих шаардлагагүй болсон, харин цэцэрлэг барих шаардлагатай байгаа талаар тус хороо болон нийслэлийн Боловсролын газар хэрэгцээ шаардлагыг тодорхойлсны дээр газар ашиглагч орон сууц, цэцэрлэгийн зориулалттай болгуулахаар хүсэлтийг гаргасан, энэ хүсэлтийг хэлэлцсэн атлаа дээрх хэрэгцээ шаардлага болон газар ашиглагчийн хүсэлтэд хамаарахгүй сургуулийн барилга мөн бариулахаар зориулалтыг өөрчилсөн нь үндэслэлгүй байх бөгөөд үүнийгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн болно. Тодруулбал 2013 оны А/1050 дугаартай захирамжаар тухайн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн тусад нь нэгж талбар бүрээр хуваан зориулалтыг заахдаа 3188 м.кв газрыг хүүхдийн цэцэрлэг барихаар заасан, 2016 оны  А/562 дугаар захирамжаар энэ газрын зориулалтыг 3515 м.кв орон сууцны зориулалттай газартай сольсон, өөрөөр хэлбэл 3515 м.кв газар зөвхөн хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай байхад тодорхой үндэслэлгүйгээр сургуулийн барилга барихаар нэмж тусгасан нь ойлгомжгүй байна.

Иймд “нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох газар эзэмших эрхийн зориулалтыг сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчилсөн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Харин 3515 м.кв газрын зориулалтыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөхийг даалгах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дүгнэснээр нэхэмжлэгч нь уг 3515 м.кв газрыг цэцэрлэгийн зориулалттай болгосон 2016 оны А/562 дугаар захирамжид маргах хугацаагаа алдсаны дээр “Б” ХХК-д олгогдсон нийт 15274 м.кв талбайн төлөвлөлтөд цэцэрлэгийн зориулалтаар 3188 м.кв багтсан байсныг ийнхүү 3515 м.кв газартай тухайн байршилд зориулалтыг сольсон, энэ шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, төлөвлөлтөд нийцсэн байна.

Хэдийгээр тухайн байршилд 2 орон сууц, 1 цэцэрлэгийн барилгын эскиз зургийг Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар 2011 онд баталсан байдаг ч Нийслэлийн газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 03, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар тухайн байршилд цэцэрлэгээс гадна орон сууц барих хүсэлтийг хэлэлцээд “газрын хэмжээ нь цэцэрлэгийн барилгад тавигдах шаардлагыг хангахгүй” гэж дүгнээд бүхэлд нь цэцэрлэгийн зориулалтаар төлөвлөсөн байна.

Өөрөөр хэлбэл тухайн орон сууцны хороололд цэцэрлэгийн барилга төлөвлөгдсөн, энэ төлөвлөлтийн дагуу газрыг тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор эрх бүхий этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар хамаарч байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “3515 м.кв газрын зориулалтыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА