Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/943

 

 

 

 

 

2020        11          05                                      2020/ШЦТ/943

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

            нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

            улсын яллагч:Н.Уранбайгаль;

            шүүгдэгч: Б.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн   дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Яллагдагч Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны оройн 21 цаг 39 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн “777” супермаркетын баруун замд өөрийн эзэмшлийн “Хьюндай Портер” загварын 23-28 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота Приус 30” маркийн 96-52 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Б.Баясгалан /6 настай эрэгтэй/-гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, 24 настай эмэгтэй Б.Алтантуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота Приус-30” загварын 96-52 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Баттогтоход нийт 1.751.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримт шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7, 10-13/, хохирогч Л.Баттогтох /хх-ийн 19-21/, иргэний нэхэмжлэгч Б.Алтантуяа /хх-ийн 34-35/, гэрч Ц.Саран /хх-ийн 36-37/, гэрч Ц.Батбаяр /хх-ийн 38/, гэрч Б.Оюунтөгс /хх-ийн 41/, гэрч Г.Бат-Амгалан /хх-ийн 43/, иргэний нэхэмжлэгч Ц.Саран /хх-ийн 106-108/ нарын мэдүүлэг, Б.Баясгалангийн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 23-30/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 51-52, 54-55, 57-58/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-67/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-76/, Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 85-86/, Б.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 87-99/, Б.Алтантуяа, Ц.Батбаяр, Л.Баттогтох нарын хүсэлт /хх-ийн 111-113/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны оройн 21 цаг 39 минутын орчимд “Хьюндай Портер” загварын 2328 ДАХ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн “777” супермаркетын баруун замд зам тээврийн осол гарган “Тоёота Приус 30” маркийн 9652 УНЕ дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Б.Баясгалан /6 настай эрэгтэй/-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Б.Алтантуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота Приус-30” загварын 9652 УНЕ дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Баттогтоход нийт 1.751.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

арван дөрвөн насанд хүрээгүй хохирогч Б.Баясгалангийн хууль ёсны төлөөлөгч Л.Баттогтохын /хх-ийн 19-21/: “...Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “Бэлх 777” дэлгүүрийн хажуу талд явж байхад Портер маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. Тэгээд бид хэд цагдаа болон эмнэлэгт дуудлага өгөөд байж байтал бүсийн цагдаа ирсэн. ...түргэн ирж бид хэдийг үзээд “зүгээр байна, нарийн шинжилгээнд орно гэвэл Гэмтлийн эмнэлэгт үзүүлээрэй” гэж хэлсэн. Энэ машин миний өөрийн машин, одоогоор Төрийн банканд тавьсан байгаа. Миний хүүхдийн биед гэмтэл учирсан. Жолоочоос тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гаргасан мөнгийг гаргуулан авсан байгаа, харин хүүхдийнхээ эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,

 

Б.Баясгалангийн биед “зүүн эгэм ясны далд хугарал” бүхий  гэмтлийн зэрэг

тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 9469 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 54-55/,

 

иргэний нэхэмжлэгч Б.Алтантуяагийн /хх-ийн 34-35/: “...Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “Бэлх 777” дэлгүүрийн хажуу талд миний сууж явсан тээврийн хэрэгслийн хажуу талаас Портер маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн. Би осол болох үед хажуу талын хаалганы цонхыг мөргөсөн. Тэгээд манай ах эгч хоёр машинаас буугаад цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. ...Би жолоочийн хажуу талд сууж явсан. Тээврийн хэрэгслийг Ц.Батбаяр ах барьж явсан. Жолоочийн ар талд эгч Ц.Саран, голд нь дүү Баясгалан, миний арын суудал дээр ах Л.Баттогтох нар сууж явсан. ...Миний хохирлыг төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

Б.Алтантуяагийн биед “тархи доргилт” бүхий  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9468 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 51-52/,

 

иргэний нэхэмжлэгч Ц.Сарангийн /хх-ийн 106-108/: “...миний сууж явсан тээврийн хэрэгслийг нэг Портер маркийн машин ирж мөргөсөн. Бид хэд өөрсдөө бууж ирээд өөрсдөө цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. ...Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Одоо миний бие зүгээр. ...Миний хохирлыг барагдуулсан. ....Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Батбаярын /хх-ийн 38/: “...2020 оны 8 дугаар сарын 16-ны орой “Тоёота Приус” маркийн 9652 УНЕ дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож машинд манай төрсөн эгч Ц.Саран, түүний нөхөр Л.Баттогтох, төрсөн дүү Б.Алтантуяа, Л.Баттогтох ахын хүүхэд Б.Баясгалан нарын хамт Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “Бэлх 777” нэртэй супермаркетын урд талын машины зогсоолоос ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам руу орж эгнээ байр эзлэн хөдөлгөөн үргэлжлүүлэх явцад миний машины эсрэг урсгал буюу хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан нэг Портер маркийн машин зүүн талруугаа дарж миний жолоодож явсан машины урдаас урсгал сөрж орж ирээд машины зүүн урд талруу мөргөчихсөн. Тэр Портер маркийн машин дотор жолооч нь ганцаараа явж байсан. Тэгээд бид нар машинаасаа бууж ирээд манай эгч Ц.Саран 102, 103 дугаарт залгаж цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 85-86/: “...зүүн гар тийш эргэх гэж байгаад чигээрээ явж байсан Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Ганцаараа эмийн сан орох гээд явж байсан. Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу. Цаашдаа анхаарал болгоомжтой байх болно...” гэх мэдүүлэг болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7, 10-13/,“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-67/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-76/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгээр тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Баясгалан хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Б.Алтантуяа хөнгөн гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, иргэний нэхэмжлэгч Ц.Сарангийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсныг “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон” байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, зүүн гар тийш буюу буцаж эргэх үйлдлийг хийхдээ “чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, хүнийг хүндэвтэр гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Алтантуяагийн “…нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй…” гэсэн байр суурь хавтаст хэргийн 111 дүгээр талд,

 

Арван дөрвөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баттогтохын “...1.750.000 төгрөгийг шилжүүлж хохиролгүй болгосон тул гомдол саналгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 113 дугаар талд,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Сарангийн “...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байр суурь хавтаст хэргийн 107 дугаар талд авагдсан байх тул  шүүгдэгчийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин арван дөрвөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Арван дөрвөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ