Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/546

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,  

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Б.Б, Л.Д,

шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

хохирогч Ч.Г-ын өмгөөлөгч Б.Сонинбайгаль нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Шарнууд овгийн Б.Б,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хутаг уул овгийн Л.Д нарт холбогдох эрүүгийн 1711016120463 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шарнууд овогт Б.Б, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Сайн салонд үсчин ажилтай, ам бүл 4, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөл 3 дугаар гудамжны 18 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 3-65 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УК89112085.

2. Хутаг уул овогт Л.Д, 1989 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Архангай аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эсгэлтийн мэргэжилтэн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол Нарны зам 51-10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоот 4-160/а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар АЖ89060805.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Л.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амрита бааранд Ч.Г-ын Айфоне 6 эс плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амрита бааранд Ч.Г-ыг алгадсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй …” гэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй …” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ч.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Пунсал тэр үед төрсөн өдрөө тэмдэглээд 8-н найзын хамт байсан. Пунсал бүжиглэмээр байна гэхээр нь хамт Амрита бааранд явах саналыг тавьсан. Тэгээд бид олуулаа болоод Амрита бааранд үйлчлүүлэхээр орж ширээнд суугаад захиалга өгөөд хүлээгээд сууж байхад миний ашигладаг 88114477 дугаартай шаргал өнгийн Айфоне эс 6 загварын гар утас алга болсон. Би утас руугаа залгахад холбогдохгүй болсон, миний утасны цэнэг бүрэн дүүрэн цэнэгтэй байсан. Би баарны хамгаалалтын албаны өрөөнд очоод гар утсаа алдсан талаар хэлээд камер шүүлгэхэд миний гар утсыг авсан хүн тодорхой болсон. Пунсалтай хамт явж байсан нэг найз эмэгтэй нь байсан. Баарны хамгаалагч, зохион байгуулагч нар бид нарын байсан хэсэгт очоод миний гар утас авсан эмэгтэй Дгаас гар утсыг авч өгсөн. Би гар утсаа аваад анх сууж байсан ширээндээ дөхөж очтол Дгийн найз гэх Б баруун гараараа миний зүүн чихийг хүчтэй алгадсан. Би тэр үед эмэгтэй хүн учир Бд гар хүрээгүй баарны хамгаалагчийг дуудаад энэ гар утас хулгай хийсэн хүмүүстэй хамт байхгүй гаргаад өгөөч гэж гуйсан. Миний зүүн чих өвдөөд байхаар нь маргааш нь 10 дугаар хороололд "Жаргал" нэртэй чих хамар хоолойн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний чихний хэнгэрэг хагарсан байсан. Би Бтай утсаар яриад чамд алгадуулаад миний чихний хэнгэрэг хагарсан байна гэж хэлсэн. Б эмэгтэй хүнд алгадуулаад хохь чинь, би ч гэсэн өөрийгөө хамгаалсан гэж хэлэхээр нь би гомдолтой байна, холбогдох байгууллагад өгнө шүү гэдгээ хэлэхэд Б миний нөхөр цагдаа надад айх юм алга гэх мэт зүйл яриад утсаа салгасан. ...Б нь миний зүүн талын чих рүү цохьсноос болж хэнгэрэг цоорсон. Одоо миний чихэнд хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа тул эмчилгээ эхлүүлсэн. Одоогийн байдлаар эмчилгээний баримт бүрдээгүй байна. Чих хамар хоолойн Эм жи жи эмнэлэгт 2 сая төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Иймд Б.Баас уг эмчилгээний зардлыг өмгөөлөгчийн зардал болох 500.000 төгрөгийн хамт нэхэмжилнэ...” гэжээ /хх-23-27х/.

Гэрч Б.Пунсалмаа мэдүүлэхдээ: “...төрсөн өдөр чинь юм чинь ах нь даана гээд миний найзуудаас явах нь яваад ихэнх нь караокений өрөө рүү орж шөнийн 01 цаг өнгөрч байхад гарцгаасан. Тэгээд бүгдээрээ нэг газар орж бүжиглэх үү гээд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амрита нэртэй клуб руу орж архи пиво захиалсан. Ороод удаагүй Г ах миний гар утас ширээн дээрээс алга болчихлоо гэж хэлэхээр нь өө ямар сонин юм бэ, сая ширээн дээр байсан, би харсан гэхэд утсаа хайж эхлээд камерын бичлэг шүүхээр явсан. Удалгүй клубийн хамгаалагч нар ирээд Дгийн сууж байсан буйдангийн цаанаас гар утсыг гаргаад ирсэн. Энэ асуудлаас болж Б Г ах руу яахаараа манай найз таны гар утсыг авдаг юм гээд баруун гараараа нүүрний зүүн хэсэг рүү нь нэг удаа л алгадсан. Ингээд бид нар дундуур нь орж салгаад тарцгаасан...” гэжээ /хх-31-32/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №117 дугаар дүгнэлтэд

“1.2.3. Г-ын биед зүүн чихний хэнгэрэг хальс цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ /хх-50х/. 

Эд зүйлийн үнэлгээ /хх-20х/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-17х/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-19х/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72, 77х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-68, 76/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Шүүгдэгч Л.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амрита бааранд Ч.Г-ын Айфоне 6 эс плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амрита бааранд Ч.Г-ыг алгадсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Ч.Г-ын “...Баарны хамгаалагч, зохион байгуулагч нар бид нарын байсан хэсэгт очоод миний гар утас авсан эмэгтэй Дгаас гар утсыг авч өгсөн. Би гар утсаа аваад анх сууж байсан ширээндээ дөхөж очтол Дгийн найз гэх Б баруун гараараа миний зүүн чихийг хүчтэй алгадсан. Би тэр үед эмэгтэй хүн учир Бд гар хүрээгүй баарны хамгаалагчийг дуудаад энэ гар утас хулгай хийсэн хүмүүстэй хамт байхгүй гаргаад өгөөч гэж гуйсан. Миний зүүн чих өвдөөд байхаар нь маргааш нь 10 дугаар хороололд "Жаргал" нэртэй чих хамар хоолойн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний чихний хэнгэрэг хагарсан байсан…” гэх мэдүүлэг, гэрч Б.Пунсалмаагийн “...Г ах миний гар утас ширээн дээрээс алга болчихлоо гэж хэлэхээр нь өө ямар сонин юм бэ, сая ширээн дээр байсан, би харсан гэхэд утсаа хайж эхлээд камерын бичлэг шүүхээр явсан. Удалгүй клубийн хамгаалагч нар ирээд Дгийн сууж байсан буйдангийн цаанаас гар утсыг гаргаад ирсэн. Энэ асуудлаас болж Б Г ах руу яахаараа манай найз таны гар утсыг авдаг юм гээд баруун гараараа нүүрний зүүн хэсэг рүү нь нэг удаа л алгадсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №117 дугаар дүгнэлт зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

шүүгдэгч Л.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч Л.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Ч.Г нь Л.Дд гомдол, саналгүй гэсэн зэргийг харгалзан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.  

Харин хохирогч Ч.Г нь шүүх хуралдаанд өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүгдэгч Б.Баас эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч ажил ихтэй эмчилгээ хийлгэж амжихгүй байгаа учир баримтаа бүрдүүлэх боломжгүй байна. Иймд өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б, Л.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, 

- шүүгдэгч Хутаг уул овгийн Л.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

4. Шүүгдэгч Л.Дд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Л.Д нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Ч.Г нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Баас цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

7. Хэрэгт баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч Б.Б, Л.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Л.Д нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН