| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0481/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/437 |
| Огноо | 2017-10-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2017/ШЦТ/437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн даргаар Ц.Золзаяа улсын яллагч Д.Энх-Оргил шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч О.Батсүх /№1970/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Яргай овогт Энхболдын Аод холбогдох эрүүгийн 201725031157 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, дүү нарын хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Яргай овогт Э.А
Холбогдсон хэргийн талаар: Э.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Э.А нь 2017 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвийн 2 давхарын вакум цонхоор нэвтэрч 10 дугаар павилоны 3 дугаар лангууны шилийг хагалан Самсунг, Айфон, Скай загварын нийт 31 ширхэг гар утсыг хулгайлан авч иргэн Т.Мөнхзолд нийт 19.920.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 106-107х/ Хохирогч Т.Мөнхзолын мөрдөн байцаалтад өгсөн: “...би гомдолтой байна. Намайг яаралтай хохиролгүй болгож өгнө үү. Миний хохиролыг үнэлгээний дагуу 19.920.000 төгрөгөөр бодож барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-50х/ Гэрч Э.Болорцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...өөрөө хэлэхдээ Тэди худалдааны төвөөс ганцаараа 20 гаран тооны утас хулгай хийсэн яг хэдэн ширхэг гар утас байсныг би өөрөө мэдэхгүй байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54х/ Гэрч Э.Ариунболорын мөрдөн байцаалтад өгсөн: “...би Атой цагаан сараар л нэг удаа уулзсан тэгээд уулзалдаагүй байж байгаад сая гэмт хэрэг үйлдсэн гээд цагдан хоригдож байхад эргэж очиход Тэди худалдааны төвөөс 2 гаран ширхэг гар утас хулгай хийсэн гэж байсан яг хэдэн ширхэг гар утас хулгайлсан талаараа хэлээгүй би ганцаараа л хулгай хийсэн гэж ярьсан тэгээд тэр хулгайлсан гар утсаа хаана байгааг хэлэхгүй байна лээ мэдэхгүй л гээд байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56х/ Гэрч Д.Зулхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би аман зургаар гаргасан зургийг харлаа дээрх зурган дээр байгаа хүнийг би урд нь харж байгаагүй юм байна. Манай тоглоомын газар ийм царайтай хүн орж ирж байгаагүй. Би өдөр бүр тоглоомын газар дээрээ байдаг учраас орж ирж тоглодог хүмүүсийг ерөнхийд нь зүс танина..., манай тоглоомын газар тоглодог хүмүүсийн заримынх нь нэрийг мэдэхгүй гэхдээ Рагчаа гэж нэртэй хүн бол танихгүй тоглоомын газар Рагчаа гэх хүн орж ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59х/ “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний хөрөнгө үнэлсэн үнэлгээ /хх-ийн 80-85х/ Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 9- 14х/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 73-76х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүгдэгч Э.А нь 2017 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх ба 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар шүүгдэгчийн гэмт үйлдлийг тухайн үед мөрдөгдөж байсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, заалтаар ял халдаав. Иймд Э.Аыг бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлан, үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирогч Т.Мөнхзолын мөрдөн байцаалтад өгсөн: “...би гомдолтой байна. Намайг яаралтай хохиролгүй болгож өгнө үү. Миний хохиролыг үнэлгээний дагуу 19.920.000 төгрөгөөр бодож барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-50х/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 73-76х/ зэрэг баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Аоос нийт 19.920.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Мөнхзолд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв. Шүүгдэгч Э.Аод ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав. Шүүгдэгч Э.А нь хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ хэрэглэсэн хувцас, эд зүйл нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, буцаан авах эзэнгүй байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Яргай овогт Э.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлан, үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Аод 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Аод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Аын цагдан хоригдсон нийт 19 /арван ес/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай. 5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай. 6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аоос нийт 19.920.000 /арван есөн сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулан Т.Мөнхзол /РД:ТЕ78073172/-д олгосугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон саарал өнгийн куртик, улбар шар өнгийн фудволк, саарал өнгийн бэлтгэлийн өмд, хар саарал өнгийн дотуур өмд, ягаан саарал өнгийн оймс, цагаан алаг пүүз 1 хос, саарал өнгийн ноосон бээлий 1 хос зэргийг устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй. 8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 9.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ