Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 755

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Б-ын М-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: х газарт холбогдох,

     Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 5.972.232 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлэх, ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогчийн буруутай шийдвэрийн үндсэн дээр хуулийн заалтаар авсан тул нийгмийн даатгалын санд ажил олгогчоор нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б овогтой М нь төрийн захиргааны байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан. Анх 2012 онд Улаангом сумын нийгмийн ажилтны орон тоон дээр шалгалт өгч 1 дүгээр байранд орж 10 дугаар багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад ажил мэргэжлийн хувьд өсөж хөгжихийн тулд 2013 оны 6 дугаар сард зарлагдсан төрийн албан хаагчийн шалгалтад “Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн”-ний орон тоонд бүртгүүлж улмаар төрийн албаны шалгалтад мөн 1 дүгээр байранд жагссан. Ингээд 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр аймгийн х мэргэжилтнээр томилогдож ажилдаа идэвх чармайлттай, хамт олны дунд нэр хүндтэй ажиллаж ирсэн. Миний бие 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс жирэмсний амралт авах эрх үүсч амралтаа авсан. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр х газрын даргын тэтгэлэг олгох тухай Б/34 тушаал гаргаж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байдлыг хүлээн зөвшөөрөөгүй тул захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 24 дүгээр шийдвэрээр адил чанарын ажил албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байдаг. Улмаар х газраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0405 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/23 тушаалаар Увс аймгийн Завхан сумын х мэргэжилтнээр 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн томилсон. Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 5.972.232 төгрөгтэй тэнцэх нөхөн олговрыг нэхэмжилж шүүхэд хандаж байна. Мөн энэ хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү. Миний нэг сарын дундаж цалин 585.674 төгрөг юм. Ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогчийн буруутай шийдвэрийн үндсэн дээр хуулийн заалтааар авсан тул нийгмийн даатгалын санд ажил олгогчоор нөхөн төлүүлэх тухай шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна” гэжээ.

     Хариуцагч х газрын дарга х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Танай шүүхэд Б.М-аас гаргасан нэхэмжлэлд дараахь тайлбарыг хүргүүлж байна. х даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалаар шинээр байгуулагдсан х газрын бүтцийг 52 орон тоотой байхаар баталж ирүүлсэн бөгөөд х 5 орон тоотой байхаар тогтоосон. Урд нь х-ээс 25 орон тоотой ажил үүрэг гүйцэтгэж байсан ба даруй 20 ажлын байр хасагдсан. х-т төсөл хөтөлбөр хариуцсан 4 мэргэжилтэн ажиллаж байсан ба дээрх батлагдсан бүтцээр 1 мэргэжилтэн ажиллах болсон. х газрын даргын Б/21 тоот тушаалаар баталсан бүтэц, орон тооны дээд хязгаарт багтааж ажлын байрны шаардлагыг хэн илүү сайн хангаж байгаа, ажилласан жил ажлын туршлага, зөрчил дутагдал гаргасан байдал, сахилгын шийтгэл хүлээсэн эсэх, ажилдаа хандаж байгаа хандлага зэргийг харгалзан 4 төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээс С.Д-г уг ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулж байна. Б.М нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж 2 шатны шүүхийн шийдвэр, магадлал гарсан. …Бүтэц орон тоо баталсан тушаалд зааснаар 1 ажлын байранд цалингийн сан батлагдаж ирсэн. Иймд Б.М-д ажилгүй хугацаанд олгох цалингийн сан байхгүй. Төрийн байгууллага нь батлагдсан орон тоо, цалингийн сандаа багтааж үйл ажиллагаа явуулдаг хуультай. Манай байгууллага нь шүүхийн шийдвэр биелүүлж Завхан сумын х мэргэжилтний сул чөлөөтэй ажлын байр гарахад мэргэжлийг харгалзан үзэж урьд эрхэлж байсан ангилал зэрэглэлээр цалин хөлсийг нь бууруулахгүйгээр ажилд томилсон ба Б.М нь өөрийн хүсэлтээр хүүхэд асрах чөлөө авсан болно. Б.М нь орон тоо нь цөөрсний улмаас ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмж байгууллагаас 1.710.375 төгрөг олгосон ба НДХ-ээс ажилгүйдлийн тэтгэмж 1.030.856 төгрөг тус тус олгосон байна” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч х газарт холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5.972.232 төгрөг гаргуулах, хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийхийг даалгах, ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогчийн буруутай шийдвэрийн үндсэн дээр хуулийн заалтааар авсан тул нийгмийн даатгалын санд ажил олгогчоор нөхөн төлүүлэх тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогчийн буруутай шийдвэрийн үндсэн дээр хуулийн заалтааар авсан тул нийгмийн даатгалын санд ажил олгогчоор нөхөн төлүүлэх тухай” шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

      Нэхэмжлэгч Б.М Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 24 тоот шийдвэрээр Увс аймгийн х газарт адил чанарын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 405 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

     1. Нэхэмжлэгч Б.М нь х мэргэжилтнээр 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллахаар томилогдсон болох нь х газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/23 тоот “Б.М-г мэргэжилтнээр томилох тухай” тушаалаар тогтоогдож байх тул түүнд 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 10 сар, 8 хоногийн цалин нийт 5.972.232 төгрөгийг хариуцагч х газраас гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгох нь үндэслэлтэй байна.  

        2. Нэхэмжлэгч Б.М нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 10-ны  өдөр хүртэл хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгахыг хүссэн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заажээ.

       Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б.М-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч х газарт даалгаж шийдвэрлэлээ.

      Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд нэхэмжлэгч Б.М-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 110.506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч х газраас 110.506 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгох нь зүйтэй. 

    Хариуцагч Д.Ц-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч Б.М нь “Ирцийн талаар гаргах саналгүй. Хариуцагчийн байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч х газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5.972.232 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгосугай.

        2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б.М-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч х газарт даалгасугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд нэхэмжлэгч Б.М-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 110.506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч х газраас 110.506 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл эх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР