| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2018/0288/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/298 |
| Огноо | 2018-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.НАСАНЖАРГАЛ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
улсын яллагч Ш.Насанжаргал,
хохирогч Б.Сувд,
шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Жал овогт .................. холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809009490213 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймагт 1980 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн 1-15 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Жал овогт Жамбалдоржийн Тунамал-Эрдэнэ / ...........................
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ж.Т нь 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамжны 229а тоотод байх гэртээ, согтуугаар эхнэр Б.Сувдын баруун талын нүд, хамар, нүүр, гуя, шилбэ тус газар гараараа цохих зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “хацар шанаа, зовхи, нүдний алим, хамрын нуруу, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Т 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамжны 229а тоотод байх гэртээ, согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Сувдын эрүүл мэндэд нь “хацар шанаа, зовхи, нүдний алим, хамрын нуруу, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Ж.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамжны 229а тоотод байх гэртээ, согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Сувдыг зодож, эрүүл мэндэд нь “…хацар шанаа, зовхи, нүдний алим, хамрын нуруу, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал…” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Б.Сувдын “…2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр Тунамал-Эрдэнэ оройны 21 цагийн орчим унтаж байснаа гэнэт босож ирээд баруун нүд рүү 1 удаа, хамар руу 5-6 удаа цохисон, мөн 2 хөлийн гуя шилбэ рүү удаа дараа цохисон, мөн намайг янхан гичий гэх зэргээр харааж хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. ... Уг нь бид хоёр 2002 онд танилцаж гэр бүл болсон юм...нөхөр Тунамал-Эрдэнэ бид 2 эвлэрсэн тул өргөдлөө хаалгуулах саналтай байна. Бид 2 гэрлээд 16 жил болж байгаа ба дундаасаа 5 хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаатай. 2017 оны 1 сард архи ууж ирээд агсам тавиад би цагдаад дуудлага өгч байсан. Үүнээс хойш цагдаагийн байгууллагад шалгуулж байгаагүй. Хааяа хэрэлдэж маргалдах зүйл гардаг…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,
гэрч С.Алтанцэцэгийн “...2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр би гэртээ байж байтал охин Сувд залгаад ээж Эрдэнэ агсам тавиад байна хүрээд ирээч гэхээр нь очтол сувд уйлаад сууж байсан. Тунамал-Эрдэнэ согтуу байсан. Сувдаа цохиулсан гээд баруун нүд нь хавдсан байдалтай сууж байсан. Тэгээд миний уур хүрээд цагдаад дуудлага өгсөн.Удалгүй цагдаа ирээд Тунамал-Эрдэнийг аваад явсан. Маргааш нь эрүүлжүүлэхээс гарч ирээд Тунамал-Эрдэнэ би ингээд цохьчихсон юм уу гээд гайхаад байсан.Тунамал-Эрдэнэ уг нь их гайгүй хүүхэд байсан. Сүүлийн нэг жилийн дотор архи уугаад эхнэрээ хардаад зодож цохиод байдаг болсон. Манай охин Сувдаад ч гэсэн адилхан ааш байгаа байх гэж бодож байна. Тунамал-Эрдэнэ архи уухаа байчихвал их зүгээр хүүхэд. Өдий болтол амьдраад 5 хүүхэдтэй болсон хүмүүсийг сал гэж хэлэлтэй биш.Эрүүл үедээ маш дуу цөөтэй, хүний үгээр л байж байдаг.Ямар нэгэн аргаар Тунамал-Эрдэнийг аятайхан засаад авмаар байна. Эрүүл архи уугаагүй үедээ бурхан шиг л гэж хэлнэ дээ…” гэсэн мэдүүлэг /хх 25/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹2645 тоот актын “…Б.Сувдын биед хацар шанаа, зовхи, нүдний алим, хамрын нуруу, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Ж.Тунамал-Эрдэний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ж.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ж.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллагдагч Ж.Т зөвшөөрсөн нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Ж.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ж.Тд 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүхээс шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Жал овогт Жамбалдоржийн Тунамал-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ж.Т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Т нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ж.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР