Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 762

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

       Нэхэмжлэгч: П-ийн А-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: х х сургуульд холбогдох,

      Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагч х сургуулийн захирал Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.А миний бие 1990 онд Монгол Улсын Их сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсөөд Увс аймгийн боловсролын байгууллагад багш, захирал, нийгмийн ажилтан, хүмүүжлийн менежер, сургалтын менежерээр төрд 29 жил тасралтгүй ажиллаж ирсэн юм. Гэтэл х сургуулийн захирлын тушаалаар сургалтын менежерийн ажлаас 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр чөлөөлөгдсөн юм. 29 жил улсад ажиллах хугацаандаа миний бие ямар нэгэн хэрэг зөрчил гаргаж байгаагүй үүрэгт ажлаа чанартай сайн гүйцэтгэж зохих ёсоор явуулж ирсэн юм. Би үр дүнгийн гэрээнд заагдсан ажил үүргээ хэвийн үргэжлүүлэн хийж байсан. Миний бие ажиллахдаа 2015-2016 оны хичээлийн жилд “Сайн хичээл” ур чадварын уралдаанд бүсэд оролцож 1 дүгээр байр эзэлж улсад явж улмаар миний заасан хичээл номонд орж БСШЯамны цахим хичээлийн санд бүртгэгдсэн. Томилогдож очсон “Чандмань-Эрдэм” ахлах сургуульд ажиллах хугацаанд сургалтад дараахь амжилтуудыг гаргасан юм. Үүнд:

     1. Анги нийтийн олимпиадад аймгийн хэмжээнд 30-35 сургууль оролцсоноос 2015-2016 онд манай сургууль 7 дугаар байранд орж байсан бол 2016-2017 онд 2 байранд орсон байна,

     2. Аймгийн төрөлжсөн олимпиадад 30-35 сургууль оролцсоноос 2015-2016 онд манай сургууль 9 дүгээр байранд, 2016-2017 онд 6 дугаар байранд жагссаж байна,

       3. Элсэлтийн ерөнхий шалгалтад /ахлах 17 сургууль/ 2015-2016 онд манай сургууль 502.8 оноогоор 11 дүгээр байранд орж байсан бол 2016-2017 онд 527.74 оноо авч 3 дугаар байранд орсон байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд х сургуулийн сурагчдын сурлагын үзүүлэлтүүд сайжирч, аймгийн хэмжээнд эхний 5-аас урагш байрыг эзэлж ирсэн. Миний бие боловсролын байгууллагад олон жил ажиллахдаа маш олон шагнал урамшуулал авч байсан юм. Төр засгаас боловсролыг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг минь үнэлж 2007 онд “Тэргүүний Залуу” алтан медалиар, 2010 онд Монгол Улсын БСШУЯамны жуух бичгээр, мөн 2010 онд боловролын “Тэргүүний ажилтан” тэмдгээр, 2012 онд Монголын багш нарын холбооноос “Тэргүүлэх багш” хүндэт тэмдгээр, 2014 онд Увс аймгийн боловсролын газраас “Ахлах багш” тэмдгээр тус тус шагнаж, урамшуулсан юм. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Миний бие ажлаас хууль бусаар үндэслэлгүй халагдсандаа туйлын гомдолтой байна. Иймд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/23 тоот х сургуулийн захирлын тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг х сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн томилж өгнө үү” гэжээ.

    Хариуцагч х сургуулийн захирал Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие х сургуулийн захирлаар 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөг хүртэл ажиллаж байгаа. Сургалтын менежер П.А-ийг дараахь үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн болно.

1.    Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5 дугаар зүйл,

2.    Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоол,

3.    АЗДТГ-ын 2017 оны 2/285 тоот албан бичгийг үндэслэн 2017 оны 09 сарынм 19-ний 6/23 захирлын тушаалаар чөлөөлсөн.

      Гэтэл П.А нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн нэхэмжлэл гаргасан байна. П.А нь 2014-2015 оны хичээлийн жилд х сургуульд ажиллаж байх үедээ Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 2-д “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж зааснаар өөрөө хүсч өргөдөл гарган өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нөхцөлд олгох 1 удаагийн тэтгэмж болох 21.904.452 төгрөгийг х сургуулийн 2016 оны төсөвт суулгуулан 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр захирлын №27 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1 заалт, 40.1.3 дахь заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон Боловсролын тухай хуулийн 43.1.4 заалтыг үндэслэн №31 тоот тушаалаар гаргуулан мөн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг бодуулан төрийн сангаар гүйлгээ хийлгүүлэн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 14.540.000 төгрөг авсан байдаг. Мөн аймгийн Хөдөлмөр, халамжийн Үйлчилгээний газраас 2012 оноос эхлэн 6 хүүхэдтэй эхэд олгодог “Алдарт эх”-ийн 1 дүгээр одонгийн мөнгө одоог хүртэл авдаг нь үнэн байсан.

      Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоол, Боловсролын тухай хуулийн 43.7, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Тогтоох нь:

1. Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй буцалтгүй тусламж олгох журам”-д

доор дурдсан агуулгатай 2 дахь заалт нэмсүгэй.

2. Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т тус тус заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн хэмжээг энэ журмын 3.4 дэх заалтад заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 5.4-5.8-д заасан хугацааг оруулан тооцно. Мөнгөн тэтгэмжийг энэ журмын 6-10-т заасныг баримтлан олгоно. Мөн энэ журмын 3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцож тогтооно. Энэ тогтоолыг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэжээ.

       Боловсролын тухай хуулийн 43.1.4 зүйлд зааснаар “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ЕБС, цэцэрлэгт энэ хуулийн 43.1 2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах, 43.5 дугаар зүйл “Төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС, цэцэрлэгт энэ хуулийн I- 1.15-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах” зэрэг заалтуудыг үндэслэн 1 удаагийн буцалтгүй тусламж авсан гэж П.А-ийг ойлгож байгаа.

       АЗДТГ-ын 2017 оны 2/285 тоот албан бичигт зааснаар “Танай байгууллагад өндөр настны тэтгэвэрт гарах нас нь хүрсэн, өндөр настны тэтгэвэрт гарахаар төлөвлөж тэтгэмжээ авсан төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчдыг чөлөөлж, шинэ залуу боловсон хүчнийг төрийн албанд авч ажиллуулах талаар анхаарч ажиллахыг зөвлөж байна” гэсний дагуу өөрт нь тусгайлан хэлсэн болон манайхаас энэ заалтын дагуу тэтгэвэрт гарах 4 хүн байсан бас буцаж ажиллах хүсэлтээ илэрхийлж байсан учраас хамт олны цуглаан дээр мэдэгдсэн. Гэтэл хот орж аавтайгаа золгох далимаар УИХ-ийн гишүүд болон дүүтэйгээ уулзаж, ирнэ гээд 1 хувийг канондаад /сургалтын менежер Т.А-ийн канонаар/ 5 хоногийн цалинтай чөлөө аваад явсан. П.А-тэй “Хөдөлмөрийн гэрээ”-г 1 жилийн хугацаатай хийсэн. Гэрээний хугацаа дуусгавар болох Хөдөлмөрийн хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө албан бичгээр мэдэгдэх журмыг баримтлан 2017 оны 6 дугаар сарын 29 –ний өдөр “Мэдэгдэх хуудас”-ийг албан тоотоор хүргүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажилд ирсэн. Эхэлж ажилд орсон багш, ажилчидтай гэрээгээ үргэлжлүүлэн байгуулсан П.А гэрээ байгуулаагүй. Дуудаж уулзсан “Дээгүүр дарга нартай уулзаж байна, дүүтэй дарга нар уулзана гэсэн хотод яваа утсаа авахгүй байна” гэх мэт шалтаг хэлсээр яваад 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүрсэн. Дахин шаардаж одоо яах вэ гэж гэрт нь хүртэл очиж асуусан. Гэтэл “Тушаалаа гаргачих танд буруу байхгүй намайг мөнгө авах тухай бодоогүй байхад ав гэсэн хүмүүс буруутай би нийгмийн даатгалын болон хуулийн хүмүүсээс асуусан, хүүхдийн мөнгийг авч болчихоод одоо болохоор тэтгэвэр авах боломжгүй юм гээд, хүүхдүүдийн регистр оныг засаад ч болохгүй юм байна, авгай нь амьд болж таараад болохгүй байна” гэдэг тайлбарыг хийж байсан. Мөнгийг нь үрчихсэн сүүлийн хэдэн жил өндөр цалинтай ажил хийх гэсэн юм гэх мэтээр ярьдаг. Ийм ч учраас мэргэжлийн “Заах аргач”зэрэгтэй мөртлөө “Тэргүүлэх” зэрэгтэй та бид 2 адилхан 2011 онд авсан гээд сунгуулах материалаа 2016 онд БСУГ-т хүргүүлж байсан. Миний хувьд захирлуудад зэрэг өгдөггүй учраас цаашид сунгагдаагүй. Гэтэл 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 75 тоот захирлын тушаалаар “Заах аргач” зэрэгтэй байсан ба өрөөнийхөө хаяган дээр тэргүүлэх гэж худлаа хаягийг 1 жилийн хугацаанд хадаж зэргийн нэмэгдэл 10 хувийг, 15 хувиар тэргүүлэхтэй гэж худлаа хэлээд авч байсан ба үнэмлэхээ авчир гэхэд “гэрт байгаа” гээд худлаа хэлээд өдөр хоног өнгөрүүлж байсан. 2017 оны 1 дүгээр сард дахин зэрэг, ур чадвар тогтооход “Заах аргач” зэрэгтэй байсан нь илэрсэн бөгөөд багш нар, бусад хүмүүсийг мунхруулсан нь удирдах ажилтан нийгмийн ухааны багшийн хувьд ёс зүйгүй хүн болох нь ажиглагдсан. 2016 онд “Сайн хичээлийн үйл ажиллагаа” улсын зөвөлгөөнд явахад нэг ч цагийн, нэг ч хичээл хамтран давтаагүй “Тэтгэврийн хүний үгийг хэн сонсох юм хая” гэж хэлээд хамтран хичээл бэлтгэдэггүй. Одоо сургалтын менежер х сургуулийн багш О бид 2 /би өөрөө ахлах 3 дугаар сургуулиас оролцсон/ хамтран хичээл заан бэлтгэн аймгийн төвийн Цогцолбор 2, ахлах-3, ахлах-4 дүгээр сургуулиудаар зааж бэлтгэсэн тэр үеийн багш нар гэрч болох байх. Хот явахаас 2 хоногийн өмнө “Захирал яв гэлээ томилолт өгнө гэнэ” гээд бид 2-той “УБ хот яваад бэлтгээгүй юм чинь хүүгээр телевизийн бичлэг хийлгүүлж өгье” гээд бичүүлсэн. Тэгээд тэр хичээл улсын хэмжээний ном болон цахим санд бүртгэгдсэн нь үнэн гэхдээ хичээл заагаагүй багийн гишүүний тоонд орсон юм. х сургуулийн сургалт ер нь тогтмол нэг хэвийн явагддаг, масс сургалтад бусад сургуулиудыг бодоход түлхүү анхаардаг нь сурлагын амжилтын сүүлийн 4 жилийн үзүүлэлт болон аймгийн БСУГ-аас гаргасан судалгаа үнэлгээнээс харагддаг. БСУГ-ын даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 218 албан тоотод сүүлийн 3 жилийн харьцуулсан дүнгээр харахад харьцангуй тогтвортой байгаа 5 сургуулийн нэр дурьдахад манай сургуулийн нэр орсон байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч П.А нь хариуцагч х сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Нэхэмжлэгч П.А нь х сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн б/10 тоот тушаалаар 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс тус сургуульд сургалтын менежерээр 1 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад х сургуулийн захирлын 2017 оны  9 дүгээр сарын 19-ний өдрийн б/23 тоот тушаалаар Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43 дугаар зүйлийн 43.5, Засгийн газрын 2015 оны 33 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, АЗДТГ-ын 2017 оны 2/285 тоотыг тус тус үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс ажлаас чөлөөлөгджээ.

       Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалаар ТҮ-ээр цалинжиж, ажил олгочтой хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл баримтлаагүй ажил олгогчийн шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй байна.

    Иймд нэхэмжлэгч П.А-ийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул нэхэмжлэгч П.А-ийг х сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв. 

      Нэхэмжлэгч П.А-ээс ирүүлсэн Увс аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, Ч.Б, П.А нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 1-р одонгийн жагсаалт 3 хуудас, ЕТГ-т хүргүүлсэн одонгийн тооцоо, Алдарт эх 1, 2 одонг сумдад хуваарилсан баримт, Увс аймаг “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонгоор гэх баримт 14 хуудас баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй, мөн хариуцагчаас ирүүлсэн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал,  х сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 31 тоот “Тэтгэмж олгох тухай” тушаал,  түүний хавсралт, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 371 дугаар албан бичиг, Алдарт эхийн одон авахад бүрдүүлэх материал, өндөр насны тэтгэвэрт гарах хүмүүст олгох нэг удаагийн тэтгэмж, төлбөрийн хүсэлт, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргалын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2/285 дугаар албан бичиг, х сургуулийн захиргаанд гаргасан П.А-ийн өргөдөл, х сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 75 тоот “Заах аргач мэргэжлийн зэрэг олгох тухай” тушаал, мэргэжлийн зэрэг хэлэлцэх комиссын хурал, сургалтын менежер П.А-ийн өрөөний хаалганы фото зураг, П.А-ийн “заах аргач багш” мэргэжлийн зэргийн үнэмлэх, 2014-2015 оны хичээлийн жилд заах аргач мэргэжлийн зэрэгт ирүүлсэн багш нарт өгсөн үнэлгээ, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн б/02 тушаалын 1-р хавсралт, Суралцахуйг дэмжсэн хичээл, үйл ажиллагааны төлөвлөлт “Сайн хичээл, үйл ажиллагааны Улсын зөвлөгөөн” 3 хуудас нотлох баримт, Увс аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 218 тоот “Анги нийтийн олимпиадын дүнгийн тухай” албан тоот, сурлагын амжилт сүүлийн 4 жилээр гэх баримтуудыг тус тус хавсарган ирүүлсэн боловч хэрэгт хамаарралгүй байх тул тухайн баримтад шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна.  

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч х сургуулиас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.А-ийг х сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч х сургуулиас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР