| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00629/и |
| Дугаар | 151/ШШ2017/00735 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 151/ШШ2017/00735
| 2017 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 151/ШШ2017/00735 | Төв аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүгч А.Энхтөр, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Борнуур сум, 2 дугаар баг, Мандал малчдын хороо 1 гудамж 44 тоотод оршин суух Харчин овогт Раднаасамбуугийн Батболд /НЙ69031111/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Борнуур сум, 2 дугаар баг, Мандал малчдын хороо, 1 гудамж, 14 тоотод оршин суух Боржигон овогт Цэрэндоржийн Дамба /НЙ62010110/-д холбогдох
гэм хорын хохирол 1 500 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 38 950 төгрөг, бусад зардал 150 000 төгрөг, нийт 1 688 950 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 9-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Март, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Дамба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: -Иргэн Дамба нь 2016 оны 9 сарын 18-ны шөнө үхэр чулуут малын бэлчээрт хаягдал төмсөө ихээр асгасны улмаас манай үхэр идэж тус төмснөөс хордлого авч үхсэн тухай байдлыг иргэн Дамбад хэлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй, хэсгийн төлөөлөгчид хэлсэн боловч энэ 2 хүн найз учраас хуйвалдаад шийдэж өгөөгүй учраас хоног хугацаа алдаж шүүхэд хандах оройтсон. Үхрээ малын эмчид үзүүлж дүгнэлт гаргуулахад төмсөнд хордсон гэж акт гаргасан ингээд үхрийн хохирол болох 1 500 000 төгрөгийг иргэн Дамбаас нэхэмжилж байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Март шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: -Иргэн Ц.Дамба нь 2016 оны 9 сарын 18-ны шөнө үхэр чулуут малын бэлчээрт хаягдал төмсөө ихээр асгасны улмаас манай үхэр идэж тус төмснөөс хордлогоавч үхсэн. Үхрээ малын эмчид үзүүлж дүгнэлт гаргуулахад төмсөнд хордсон гэж үзэж акт гаргасан. Дамба гуайгаас өөр хүн тэнд төмс асгаагүй, ер нь Дамба гуай жил бүр төмсөө асгаад сумын удирдлагад хүртэл баригдаад сануулга авч байсан байдаг. Хүмүүсч харсан байсан. Би Дамба гуайд та яагаад төмсөө тэнд асгаж байгаа юм бэ гэхэд тракторын редуктор эвдрээд тэнд зогссон, баас л асгасан төмс асгаагүй гэж хэлж байсан боловч тэнд нь асгасан баас байгаагүй. Тэр үхэр үхдэг өдөр малын эмч дуудах гээд явж байхад Дамба гуай айлд төмс буулгаж байхыг нь би өөрөө харсан. Илүүдэл төмсөө айлуудад тараасан гэсэн. Манай үхэр Дамба гуайн асгасан төмсийг идэж үхсэн нь тодорхой. Иймд үхрийн хохиролд 1 500 000 төгрөгийг Ц.Дамбаас гаргуулах хүсэлтэй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Батболд нь хариуцагч Ц.Дамбад холбогдуулан үхрийн хохирол болох 1 500 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэн Ц.Дамба нь 2016 оны 09 сарын 18-ны шөнө үхэр чулуут малын бэлчээрт хаягдал төмс ихээр асгасны улмаас манай үхэр идэж хордож үхсэн энэ үхэрний үнэ 1 500 000 төгрөгийг гаргуулна. Нэхэмжлэгч Р.Батболдын үхэр нь 2016 оны 09 сард төмсний хордлого гэсэн оноштойгоор үхсэн талаар Төв аймгийн Борнуур сумын малын эмч В.Бадамхандын гаргасан хорогдсон малын акт байдаг. Р.Батболдын үхэр төмсний хордлого болж үхсэн гэх боловч хариуцагчаар татагдаж байгаа Ц.Дамба тухайн газар төмс асгасан, тэр асгасан төмсийг үхэр идсэн байх шалтгаант холбоо байх ёстой.Өөрөөр хэлбэл гэм хорын хариуцлага хүлээх үндэслэл нь Ц.Дамбын хууль бус үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу байх ёстой.Ц.Дамба Борнуур сумандаа газар тариалан эрхэлдэг гэдэг нь түүний гэм буруутай гэсэн үг биш юм. Нэхэмжлэгчийн үхэр нь үрийн төмс их хэмжээгээр идэж үхсэн талаар нэхэмжлэгч өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн. Нэхэмжлэлдээ бичсэн шиг хаягдал төмс биш юм. Хариуцагч Ц.Дамба нь Борнуур сумынхаа иргэдэд үрийн төмс үнэгүй тараасан талаар иргэд шүүхэд тодорхойлолт бичиж өгсөн байгаа. Үрийн төмсийг иргэд 2 зориулалтаар авдаг бөгөөд 1-т төмс тариалах, 2-т малдаа тэжээл болгож авдаг. Ийм төмсийг Ц.Дамба хогийн цэг дээр өөрийн трактороороо аваачиж хаях нь ямар ч үндэслэлгүй зүйл юм. Тухайн иргэний малыг орон нутгын зах зээлийн үнэлгээгээр үнэлж явуулсан болно. Гэсэн тоотыг ирүүлжээ. Уг тоотонд Р.Батболдын малын үнэлгээ гаргасан комиссыг томилсон шийдвэр байхгүй гэсэн нь уг малын үнэлгээ албан ёсны үнэлгээ биш гэдгийн харуулж байна. Мөн тухайн иргэний малыг орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлж явуулсан гэх боловч хохирол тооцох ямар эрх бүхий этгээд малыг үнэлж, хохирлын тооцоог гаргасан нь тодорхой бус, эрх бүхий этгээд малын үнэлгээг гаргаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Р.Батболд, Б.Март нар нь хариуцагч Ц.Дамбад холбогдуулан гэм хорын хохирол 1 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ ...Ц.Дамба нь ...хаягдал төмс ихээр асгасны улмаас манай үхэр идэж тус төмснөөс хордлого авч үхсэн гэж үзэж гэм хорын хохирол 1 500 000 төгрөг гаргуулна гэж,
Хариуцагч Ц.Дамба нь татгалзалын үндэслэлээ... би төмс асгаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.
Нэхэмжлэгч Р.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Март Төв аймгийн Борнуур сумын нутаг үхэр чулуут гэх газарт асгасан хаягдал төмсийг нь идсэний улмаас өөрийн нь нэг үхэр үхсэн гэж тайлбарладаг ба энэ нь Борнуур сумын малын эмч В.Бадамхандын 2016 оны 06 дүгээр сарын 19-ны өдрийн актаар нотлогдож байна. /хх-н 8/
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримт болох Төв аймгийн Борнуур сумын 2 дугаар багийн засаг даргын 2016 оны 12 дугар сарын 09-ны өдрийн 57 тоот Тус багийн иргэн Р.Батболд нь 10 үхэртэй, ...1 үнээ нь 2016 оны 9-р сарын 19-нд бэлчээрт яваад төмсний хаягдалд хордож үхсэн болохыг уламжлав. /хх-н 6/, Р.Батболдын мал тооллогын 2015 оны А Данс /хх-н 7/, үхсэн малын гэдсийг нээж үзсэн үйл баримтыг баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9/ зэрэг нь нэхэмжлэгч Р.Батболдын 1 үхэр төмс идэж үхсэн болохыг давхар нотолж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна.
Тодруулбал бусдын эд хөрөнгөд хохирол учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан байх, тухайн үйлдэл болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил үйлдэгч гэм буруутай /санаатай, болгоомжгүй/ байхыг хуулиар тогтоосон байх бөгөөд эдгээр нөхцлүүд тогтоогдсноор гэм хор, түүнд хариуцлага ногдуулна.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мартын бичиж, нэр бүхий иргэд гарын үсэг зурсан иргэн Ц.Дамба хогийн цэг, малын бэлчээрт удаа дараа хог хаягдал асгадаг байсныг багийн хурлаар иргэд бухимдаж шүүмжилдэг байсан гэх утга бүхий бичиг /хх-н 38/ нь хариуцагч Ц.Дамбын 2016 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө үхэр чулуут гэх малын бэлчээрт хаягдал төмс асгасан гэдгийг нотлохгүй болно.
Иймд хариуцагч Дамба нь 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Үхэр чулуут гэх хуучин хогийн цэг байсан газарт хаягдал төмс асгасныг иргэн Р.Батболдын шар тарлан үнээ идсэн гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймээс нэхэмжлэгч Р.Батболдын гэм хорын хохирол 1 500 000 төгрөгийг хариуцагч Ц.Дамбаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэгч Р.Батболд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Март нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Р.Батболдын хариуцагч Ц.Дамбад холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД А.ЭНХТӨР
Б.ЦОЛМОН