Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2017/ШЦТ/218

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Улсын яллагч М.Гантулга,

Шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Энэбишийн Э.Цг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020312 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 27-нд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 1-35 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржигон овогт Энэбишийн Э.Ц /регистрийн дугаар  ВГ

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутагт Сэлхийн зуслангийн замд “Ууган” гэх рестораны гадаа гудамж, талбайд шалтаг, шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн ажил үүргээ гүйцэтгэж явсан түргэний 103 төвийн жолооч ажилтай хохирогч С.Энхсайханыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Э.Ц шүүх хуралдаанд “…2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эхнэр Болорчимэгийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Сүхбаатар дүүргийн 20-дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ууган” нэрт пабад ширээ засаж найзуудаа хүлээн авсан. Би өөрөө архи дарс ууж чаддаггүй юм. Тэгээд шөнө 3 цагийн үед уг пабаас 2 найзыгаа таксинд суулгаж өгөх гэж яваад энэ асуудал үүссэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна…” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой өөрийн эхнэр Болорчимэг, эхнэрийн найз Сарангэрэл, Оюунчимэг, Батцэцэг, Урантогс, Уламбаяр, Энхбаатар нарын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн эцэст байрлах Ууган төвийн ресторанд 22 цагийн орчим эхнэрийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд орж ширээ захиалаад хүний тоогоор 1 шил пиво, 3 шил 0,75 литрийн Болор нэртэй архи, 2 шил вино зэргийг уугаад би тасарсан. Тэгээд шөнийн 05 цагийн орчим сэргэсэн чинь эрүүлжүүлэх байранд байсан. Түүнээс өөр зүйл би санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-59/,

 

Хохирогч С.Энхсайханы “...Миний бие нь түргэн тусламжийн 103 дугаар төвд ажиллаад 4 жил гаруй хугацаа өнгөрч байна. 2017 оны 01 дүгэр сарын 23-ны өдөр ажил дээрээ гараатай байж байтал шөнийн 03 цагт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн зусланд дуудлагад гараад түргэний эмч Ж. Отгонбаярын хамт тус дуудлага руу явсан юм. Тэгээд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлх орчимд очтол өөдөөс “Ууган” гэх баар ч юм уу нэг юм ажиллаж байсан үүдэн дээр нь нэг хүн зогсож байснаа намайг дөхөөд очтол автомашины зам руу орж миний өөдөөс 2 гараа даллаад зогсчихсон. Би машинаа зогсоогоод машины цонхоо буулгаад “холдооч” гэж хэлтэл миний өөдөөс “солиор” гээд хэрэлдээд байсан. Тэгээд миний машины цонх, шилийг хагалчих гээд байхаар нь би машинаасаа буугаад холдуулах гээд түүнийг түлхэхэд миний энгэрээс зуураад намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр залууг заамдаж аваад машинаас холдоод нэгнийгээ түлхэлцээд явж байтал намайг тэр залуу нэг их эвгүй хавираад газар унагаачихсан. Тэгээд миний дээрээс нэг удаа нүүр луу цохичхоод “Ууган” гэх баар луу яваад орчихсон. …Би тэр залууд цохиулчхаад байж байтал Отгонбаяр эмч машинаас бууж ирээд “юу болов оо яачих ваа” гэж хэлээд миний хөлийг барьж үзээд “баруун хөлийн чинь өвдөгний доод талаар чинь хугарсан байна” гэж хэлээд машин руу очиж машинаас чиг авчирч миний хөлөнд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-33, 34/,

 

Гэрч Ж.Отгонбаярын “…Би 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 08 цаг 30 минутад өөрийн ажил болох Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд очиж ажлаа авсан. Тухайн өдөр надтай хамт манай жолоочоор С.Энхсайхан гарч байсан. Тэгээд ажлаа хийж байтал 2017 оны 01 дүгээр сарын 23-ны үүрээр 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ зуслан руу дуудлага гараад бид хоёр хамт явж байсан чинь Бэлхийн эцэс Бэлх захын урд авто зам дээр согтуу залуу машины урдуур орж ирсэн. Тэгтэл манай жолооч С.Энхсайхан машинаа зогсоогоод өөрөө машинаас бууж уг залууг авто зам дээрээс холдуулсан. Тэгтэл манай жолооч орилох шиг болсон. Тэгэхээр нь цонхоо онгойлгож хойшоогоо хартал манай жолоочийн дээр тэр залуу гарсан байсан. Тэгээд би буугаад очтол нөгөө дээр нь байсан залуу зугтаагаад Бэлхийн эцэст байрлах ресторан руу орсон. Тэгтэл манай жолооч “босож чадахгүй байна хөл хугарчих шиг боллоо” гэсэн. Тэгэхээр нь би хөлийг нь барьж үзээд хөлөнд чиг тавьж өгөөд ээлжийн ахлагчдаа мэдээлж 102 төв рүү дуудлага өгсөн. Тэгээд нөгөө залуу ресторанаасаа гадуур хувцсаа өмссөн гараад ирсэн. Тэгэхээр нь барьж аваад байж байтал араас нь эхнэр гээд нэг эмэгтэй гарч ирсэн. Мөн хамт байсан гэх 3 залуу 1 эмэгтэй гарч ирсэн. Тэгээд удалгүй дахин нэг эмч жолоочийн хамт иртэл араас нь цагдаагийн машин ирээд манай жолоочийг зодсон залууг бариад аваад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-46, 47/,

 

Гэрч С.Батцэцэгийн “…2017 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ууган” гэх төвд өөрийн нөхөр болох Улам-Оргихын хамт шөнийн 21 цагт очсон. …Тэр газарт би болон миний нөхөр Улам-Оргих, Болорчимэг болон түүний нөхөр Э.Ц, мөн найз Сараа, нэрийг нь мэдэхгүй 1 эмэгтэй, Урантогос болон түүний нөхөр Энхээ бид 8 уулзацгаагаад уг караокед ороод ямартай ч 1 шил архи авсан. …Харин 2 өдрийн дараа би найз Болорчимэгтэй утсаар ярихад тэр надад Э.Ц маань түрэгний жолоочийн хөлийг гэмтээсэн гээд хэрэгт шалгагдаж байгаа гэж надтай ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-39/,

 

Гэрч Г.Болорчимэгийн “…Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ууган төв гэх нэртэй ресторанд нөхөр Э.Ц болон 8 найзтайгаа өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэхээр орцгоосон. …Шөнийн 03 цаг өнгөрөөгөөд Э.Ц манай 2 найзад такси барьж өгөхөөр гарсан. Тухайн үед нөхөр маань гайгүй биеэ авч явах чадвартай байсан тэгээд нөхрийг гарсны дараа би араас нь гараад очтол 103 гэсэн бичигтэй цагаан өнгөтэй том тээврийн хэрэгсэл ирчихсэн тус 103-ийн жолооч гэх ахимаг насны намхан бордуу царайтай тус тээврийн хэрэгслийн жолооч гэх хүнийг түргэний насилк дээр суулгачихсан хөлд нь чиг уяачихсан харин манай нөхөр тэр хоёрын хажууд “би тэгээгүй би биш” гээд л юм яриад байж байсан. Харин тус хөлөө гэмтээсэн 103-ийн жолооч гэх ахимаг насны хүн “баруун хөлийг минь гэмтээсэн хүн мөн байна” гээд нөхрийг минь хэлээд байсан. Тэгэхээр нь би 103-ийн эмчээс нь юу болсон талаар асуутал “танай нөхөр манай машины урдуур орж зогссон тэгээд жолоочийг буутал хөл руу нь өшиглөчихсөн хөл нь гэмтчихлээ” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-42, 43/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹1991 тоот актын “…С.Энхсайханы биед баруун хөлийн шаант ясны дээд булууны бяцарсан далд хугарал, баруун хөлийн шилбэн тавхайн зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-50/,

 

Хохирогчийн өвчний түүх /хх-20-27/, Э.Ц иргэний үнэмлэхний лавлагаа /хх-63/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-65/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт /хх-66-68, 71-73/, хохирогчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-79-84/, Э.Цгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64/, эмчилгээний баримтууд /хх-116-121/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-123-124/, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт зэргийг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Ц.Э.Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутагт Сэлхийн зуслангийн замд “Ууган” гэх рестораны гадаа гудамж, талбайд шалтаг, шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн ажил үүргээ гүйцэтгэж явсан түргэний 103 төвийн жолооч ажилтай хохирогч С.Энхсайханыг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дээр дурдсан хохирогч С.Энхсайхан, гэрч Ж.Отгонбаяр, гэрч С.Батцэцэг, гэрч Г.Болорчимэг нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹1991 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Э.Цгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Э.Цгийн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин дошгин авирлаж танхайрсан буюу хохирогч С.Энхсайханы бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан байна.

 

Хохирогч С.Энхсайхан мөрдөн байцаалтын шатанд эмчилгээ болон бусад зардал гэж баримтаар 3.500.000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Э.Ц нь шүүхийн шатанд дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан хохирлын мөнгө хүлээлцсэн тухай баримтаар тогтоогдож байна.

Харин хохирогчийн зүгээс цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул цаашид гарах эмчилгээний зардлыг “иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч Э.Цял шийтгэл оногдуулахдаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг томографийн зургийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Энэбишийн Э.Цг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Энэбишийн Э.Цг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Цоногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн 201725020312 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Томографийн зургийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч С.Энхсайханд буцаан олгосугай.

 

6.Хохирогч С.Энхсайхан нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.Цоногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Цавсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР