Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 513

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 26 өдөр             Дугаар 128/ШШ2019/0513             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Д” ХХК /РД:*******/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын 15397Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Манай компани нь 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Д аймгийн Х сумын нутагт Б нэртэй газарт 6846.44 гектар талбай бүхий хайгуулын 15397Х дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн. 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 6/3020 дугаартай албан тоот ирсэн. Тоотын утга нь: Манай компанийн тусгай зөвшөөрөлтэй газар нь тус яамны усны мэдээллийн санд байгаа нуурын хамгаалалтын бүс /Усны тухай хуулийн 200 метрээс доошгүй/-ийн хилтэй хэсэгчилсэн давхцалтай байна гэж мэдэгдсэн. Тусгай зөвшөөрөлтэй талбайн хил нуурын хамгаалалтын бүстэй давхацсан учир манай компани хайгуул хийх ямар ч боломжгүй болсон.

Бид хуулийн дагуу нуурын хамгаалалтын бүсийн давхцлаас гарч байж тусгай зөвшөөрлөө ашиглаж хайгуул хийх шаардлага тулгарсан.

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрлийн талбайгаа багасгаж батлуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хүргүүлснээр 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06б/2461 дугаартай албан бичиг ирсэн.

Энэ албан бичигт “Ашигт малтмалын хайгуулын 15397Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй байна.” гэсэн тул бид хайгуулын ажлаа эхлэхийн тулд тусгай зөвшөөрлөө сунгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандсан.

Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/630 албан тоотоор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан хариу мэдэгдсэн. Татгалзах болсон үндэслэл нь “Хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй ажил гүйцэтгэсэн тухай баримт дутуу байна” гэсэн байдаг. Хуулийн дагуу нуурын хамгаалалтын бүс буюу хориглосон бүсэд хайгуулын ажил хийх, тусгай зөвшөөрлөө ашиглах ямар ч боломжгүй байсаар 2018 онтой золгосон нь манай компаниас шалтгаалаагүй.

Энэ тухай бид дээд шатны албан тушаалтанд нь гомдол гаргасан боловч 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 7/983 дугаартай албан бичигтээ “Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна” гэсэн хариу өгсөн.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаартай шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д аймгийн Х сумын Б нэртэй газарт 6846.44 гектар талбай бүхий хайгуулын 15397Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд орсон хилийн давхцалтай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг цуцалж нөхөн олговор олгох тухай асуудал яригдаж байсан. Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хилийн давхцалтай. Гэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс танай компанийн тусгай зөвшөөрлийн талбай Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон газартай давхцсан учраас танай компанийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа гэсэн шийдвэр гараагүй. Манай компани хилийн давхцлаа арилгахын тулд тусгай зөвшөөрлийн талбайгаа 2 удаа багасгасан. Багасгасаар нийт 670.91 гектар талбайтай болсон. Энэ нь нуурын толин гадарга дээрх давхцал юм . Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зөвлөмжид давхцалтай хэсэг нь усан сан бүрэлдэх газар учраас нуурын толин гадаргаас гар аргаар мөсөн шүү болон давс олборлох боломжтой гэсэн. Манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр нь хуулиар хориглосон талбай дээр хайгуул хийхийг шаардаж цуцалсан шийдвэр юм. Хуулиар ашиглах боломжгүй болсон талбайд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах шаардлага байхгүй. Мөн хуулиар нэгэнт хориглосон байхад хайгуул хийж зардал гаргах боломжгүй юм. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай компанийн хайгуулын талбайн хэмжээг багасгаснаар бид давхцалгүй хэсэгт үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгийг мэдэж байгаа юм. Одоо бид хайгуул хийж, зардал гаргах боломжтой болж байна гэж үзэж байна. Хариуцагч бид нарыг хууль зөрчиж заавал зардал гаргах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Д аймгийн Х сумын нутагт орших “Б” нэртэй 670.91 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 15397Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгожээ.

            Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, мөн хуулийн 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт” гэж заасан байна.

            “Д” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 15397Х дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө дээр дурдсан хуулийн дагуу өргөдөлд хавсаргах баримтыг хуулийн хугацаанд бүрэн ирүүлээгүй байна.

            Төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасныг тус тус үндэслэн “Д” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 15397Х дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах тухай 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаартай шийдвэрийг гаргасан байна.

            Тус газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/630 дугаартай албан бичгээр “Д” ХХК-д шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн. “Д” ХХК-ийн эзэмшиж байсан Д аймгийн Х сумын нутагт орших “Б” нэртэй 670.91 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 15397Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь “Б” нууртай бүхэлдээ давхцалтай байна.

            Иймд “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ..Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжиж эхэлснээр Засгийн газрын 2014 онд 194 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагтай давхцаагүй. 2015 онд 289 дүгээр тогтоолоор баталсан талбайтай хэсэгчлэн давхцалтай байна гэсэн. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасан хилийн заагийг Засгийн газар тогтооно. Хэрэв хориглосон, хязгаарласан талбайтай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбай бүхэлдээ давхцалтай бол уг тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн олговор олгоно. Нөхөн олговор олгох журмыг Засгийн газар тогтооно. Эрх бүхий байгууллага 289 дүгээр тогтоолтой хэсэгчлэн давхцалтай гэсэн болохоос нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай нь бүхэлдээ давхцалтай гэж хэлээгүй. Хориглоогүй талбайдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. Энэ тухай 2015 онд нэхэмжлэгчид албан бичгээр мэдэгдсэн.

 Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай манай компанийн тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхцалтай учраас 2014 оноос үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл одоо нууран дээрээ үйл ажиллагаагаа явуулъя гэж хэлж байгаа нь хоорондоо тохирохгүй байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Энэ хуультай холбоотойгоор Засгийн газраас хилийн заагийг тогтоож байгаа журмууд өөрчлөгдсөн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанийн талбай бүхэлдээ давхцалтай гэж үзсэн бол 2012 онд төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаж нөхөн олговор авах эрх нь нээлттэй байсан. Гэтэл ийм үйлдэл хийгээгүй, бид нар үйл ажиллагааг явуулах хүсэлттэй байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас танай компанийн талбай хэсэгчлэн давхцалтай байна гэж бичиг ирүүлсэн. Иймд хэсэгчлэн давхцалтай гэж үзсэн бол давхцаагүй хэсэгтээ байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй байсан. Гэтэл нэхэмжлэгч Засаг даргаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар огт хүсэлт өгч байгаагүй. 2018 онд байгаль орчины менежментийн төлөвлөгөөг батлуулж хайгуул хийх боломжтой байсан. 11, 12 дугаар сард нуур бүрэн хөлдсөн байдаг. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулна гэж тодорхой заасан. Түүнээс биш 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2017 онд батлуулна гэсэн хууль байхгүй.Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрсдийн хайхрамжгүй үйл ажиллагааны улмаас 2015 оноос хойш хайгуулын ажлын зардал гаргаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, тайлан төлөвлөгөөгөө гаргаж өгөөгүй учраас хариуцагч байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан. Түүнээс биш тусгай зөвшөөрлийг цуцлаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Д” ХХК-иас гаргасан “Ашигт малтмалын хайгуулын 15397Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Д аймгийн Х сумын нутагт орших “Б” нэртэй 6846.44 гектар талбайд анх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “М” ХХК-д олгож, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 164 дүгээр шийдвэрээр “Д” ХХК-д шилжүүлсэн байна.

Тусгай зөвшөөрлөөр анх 6846.44 гектар талбайд хайгуул хийх эрх олгогдсон ч Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 169 дүгээр шийдвэрээр 5294.61 гектар талбайг хэсэгчлэн буцааж 1546.42 гектар үлдсэн, мөн 2018 оны 1 дүгээр сарын 11–ний өдрийн 47 дугаар шийдвэрээр 875.51 гектар талбайг хэсэгчлэн буцааж, тус компанид 670.91 гектар талбай ашигт малтмалын хайгуул хийх 15397Х дугаартай тусгай зөвшөөрөл дээр үлджээ.

Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2011 оны 1 дүгээр сарын 6-нд 2 дахь жилийн, 2012 оны 1 дүгээр сарын 04-нд 3 дахь жилийн, 2013 оны 1 дүгээр сарын 04-нд 4 дэх жилийн, 2014 оны 1 дүгээр сарын 06-нд 5 дахь жилийн, 2015 оны 1 дүгээр сарын 06-нд 6 дахь жилийн, 2016 оны 1 дүгээр сарын 06-нд 7 дахь жилийн, 2017 оны 1 дүгээр сарын 06-нд 8 дахь жилийн, 2018 оны 1 дүгээр сарын 12-нд 9 дэх жилийн төлбөрийг төлсөн нь тусгай зөвшөөрлийн хавсралтад бүртгэгджээ.

Тусгай зөвшөөрлийн хугацааны тухайд: Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл эхний удаа сунгаж, 2015 оны 12 дугаар сарын 2-ний өдрийн 1162 дугаар шийдвэрээр 2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 2 дахь удаа сунгажээ.

“Д” ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ашигт малтмалын хайгуулын 15397Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандахад тус хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” ирүүлээгүй гэх үндэслэлээр “Д” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 15397Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь “тус компани нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүйгээс гадна давхцаагүй талбайдаа хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн  баримтгүй” гэдэг үндэслэлээр буюу Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 “...хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.4 “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгсөн баримт” зэрэг баримтуудыг өгөөгүй гэх үндэслэлээр “Д” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 15397Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаар тушаалд дурдагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.2, 22.1.3, 22.1.4-т заасан баримтыг хавсаргаагүй үндэслэлээ хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай хуулиар хориглосон талбайтай давхцалтай байснаас талбайг хэсэгчлэн буцааж давхцлыг арилгасан ба энэ хугацаанд дээрх шалтгаанаар хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, үйл ажиллагаа явуулаагүй тул байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах шаардлагагүй, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний ажил гүйцэтгэсэн баримт байхгүй, хайгуулын тухайн үе шатны ажил гүйцэтгэсэн тайлан байхгүй, эдгээр баримтыг хариуцагч захиргааны байгууллага шаардаж байгаа нь хуулиар хориглосон талбайд үйл ажиллагаа явуулахыг шаардаж буйтай адил гэж тайлбарлажээ.

Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн зургаас үзвэл “Д” ХХК-д хайгуулын зориулалтаар олгогдсон байсан Б нэртэй 6846.44 гектар талбайд нуур бүхэлдээ багтсанаас гадна түүний эргэн тойронд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай давхацсан, энэ үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 169 дүгээр шийдвэрээр 5294.61 гектар талбайг хэсэгчлэн буцааж, 1546.42 гектар үлдсэн хэдий ч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/3020 дугаартай албан бичгээр тус компанид “XV-015397 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн зааг, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагтай тус тус давхцалгүй, харин Усны мэдээллийн санд байгаа нуурын хамгаалалтын бүс /200 метрээс доошгүй байх/ -ийн хилтэй хэсэгчлэн давхцалтай байна” гээд давхцлыг зургаар хүргүүлсэн, мөн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04/180 дугаартай албан бичгээр “дээрх хуулиар хориглосон талбайн хилийн заагийг баталсан Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай байна” гээд давхцлыг зургаар хүргүүлсэн, мөн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 06б/7079 тоот албан бичгээр “Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай байна” гээд давхцлыг зургаар хүргүүлсэн, харин Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 11–ний өдрийн 47 дугаар шийдвэрээр 875.51 гектар талбайг хэсэгчлэн буцааж үлдсэн 670.91 гектар талбай нь дээрх хуулиар хориглосон Засгийн газрын 2015 оны 289 дүгээр баталсан талбайтай давхцалгүй болохыг  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 06б/2461 тоот албан бичгээр тодорхойлсон байна.

 “Д” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-015397 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд давс, мөсөн шүүний нөөц тогтоогдсон бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дээрх 06б/2461 тоотоор “ ... давс, мөсөн шүүний нөөц бүхий талбай нь Усны тухай хуулийн 3.1.4-т заасан усан сан бүхий газар буюу нуурын толин гадаргуу дээр байгаа тул тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын усны нөөцийн хэлтсээс гаргасан зөвлөмжийг мөрдөж ажиллах шаардлагатай” гээд зөвлөмжийг “Д” ХХК –д хүргүүлсэн байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын Усны нөөцийн хэлтсийн “давст нуурыг ашиглуулах тухай зөвлөмж”-д “ ... нуурын гадаргуу дээр ургасан давс, мөсөн шүүг өвлийн улиралд гар аргаар хамж авч ашиглах боломжтой...” талаар дурьдаад нуурын давс шүүг олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд нуурын экосистемийн орчинд сөрөг нөлөөгүй аргаар ашиглахыг зөвлөсөн байна.

Дээрхээс дүгнэхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 06б/2461 тоотоор 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 670.91 гектар талбай нь хуулиар хориглосон талбайтай давхцалгүй болохыг тодорхойлж, нуурын гадаргуу дээр ургасан давс, мөсөн шүүг өвлийн улиралд гар аргаар хамж авч ашиглах боломжтойг зөвлөх хүртэл буюу хуулиар хориглосон талбайтай давхцалтай байснаас талбайг хэсэгчлэн буцааж давхцлыг арилгах хүртэл энэ шалтгаанаар хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.2, 22.1.4-т заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэх, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэж тайлан хүлээлгэн өгөх боломж байгаагүй, 22.1.3-т заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах шаардлага байгаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Харин 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 670.91 гектар талбай нь хуулиар хориглосон талбайтай давхцалгүй болохыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхойлж, нуурын гадаргуу дээр ургасан давс, мөсөн шүүг хэрхэн байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр ашиглах боломжтойг зөвлөснөөс хойш 2018 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийг төлөвлөгөөг батлуулаагүй, хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгээгүй,  хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэж тайлан хүлээлгэн өгөөгүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 “...хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.4 “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгсөн баримт”, өгөөгүй, 22.1.3 “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй” гэх үндэслэлээр “Д” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 15397Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаар шийдвэрийг буруутгахааргүй, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасанд нийцсэн байна.

Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх буюу сунгах эсэхийг Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх эрх нь хуулиар төрийн захиргааны байгууллагад хуулиар харьяалуулсан байхад шүүх захиргааны байгууллагын энэ эрхэд халдаж дүгнэж шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, татгалзсан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдвол татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах боломжтой байна.  

Иймд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр хууль бусаар нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул “Ашигт малтмалын хайгуулын 15397Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.4, 22.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын хайгуулын 15397Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА