Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/0537

 

2015 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/1537

Улаанбаатар хот

 

Б.Эийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 598 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Эийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ...Б.Э нь Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу /14160/, Сүхбаатарын гудамж 6/5 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017209 дугаартай үйлчилгээний зориулалт бүхий барилгын жинхэнэ өмчлөгч байсан бөгөөд тус байрыг Б.О, Н.У нар 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Б.Эээс хоосон цаасан дээр гарын үсгийг итгэл эвдэн зуруулан авч, хуурамч бичиг баримт үйлдэн итгэмжлэл авсан Б.О, Н.У дөчин сая төгрөгөөр худалдан авсан мэтээр шилжүүлэн авсан байдаг.

Уг үл хөдлөх эд хөрөнгө нь Х банктай байгуулсан 2011 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ-11/173 дугаартай зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байхад нь Н.У уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Эт мэдэгдэлгүйгээр нууцаар Х банкнаас барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх тухай бичгийг авч бүртгэл хийлгэсэн. Өмчлөгч Б.Э барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө Х банкны зээлийн барьцаанаас чөлөөлсөн бичиг гарсныг, тус бичиг Улсын бүртгэлийн газарт Н.У аваачиж өгснийг, үүний дараа Н.Уийн өмчлөлд шилжсэнийг огт мэдээгүй байна.

Мэдүүлгийг гаргахдаа мэдүүлэг гаргагчийн овог, нэр, иргэний үнэмлэхний дугаар, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаар дээр өмчлөгч Б.Эийг бичсэн мөртлөө, мэдүүлэг гаргагч дээр Н.У гэж өөрийн нэрээ бичсэн байна.

Өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд өөрчлөлт оруулахыг сонгож, тэмдэглэгээ хийсэн байна. Энэ бүгдээс үзэхэд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч тухайн мэдүүлгийг гаргаагүй, Н.У мэдүүлэг гаргасанболох нь тогтоогдож байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан Барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэх гэснийг ноцтой зөрчсөн байна.

Хэрэв тухайн үедээ Н.У өмчлөгч Б.Эийн өмнөөс мэдүүлэг гаргах боломжгүй, өмчлөгч мэдүүлгээ гаргаагүй байна гэдэг үндэслэлээр Улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан бол тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Н.У өөр дээрээ шилжүүлж авч чадахгүй байсан.

Иймд Х банкны 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12/179 тоот албан бичгийг үндэслэн барьцааны гэрээг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг, түүнээс үүдэн гарсан Н.У тухайн байрыг 40.000.000 төгрөгөөр худалдан авсан гэж өмчлөлдөө шилжүүлсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017209 дугаартай Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, Сүхбаатарын гудамж 6/5 тоот хаягт байрлах 70%-ийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай барилгыг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 83 дугаар нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Н.Одхүүгийнөмчлөлөөс иргэн Б.Эийн өмчлөлд, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаар нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Эийн өмчлөлөөс иргэн Н.Уийн өмчлөлд тус тус шилжүүлэн бүртгүүлсэн байна.

Дээрх бүртгэлийн нотлох баримтаас үзэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно", мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Үл хөдлөх эд хөрөнгө шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана" гэж тус тус заасны дагуу бүртгэл хийгдсэн байх тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн мэдүүлгээр 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12/179 тоот албан бичгийн дагуу зээлийн барьцаанаас чөлөөлөх бүртгэлийг хийсэн нь хуульд нийцсэн, хуулийн дагуу бүртгэл болсон байна. Учир нь мэдүүлгийг Б.Эийн нэрээр гаргасан байх бөгөөд түүнд хавсаргасан албан бичиг нь Х банкных байсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Гуравдагч этгээд Н.Уээс шүүхэд гаргасан тайлбартаа: "...2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хүссэн өргөдлийг бүртгэлийн газарт өгсөн байдаг. Үүний дараа 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах итгэмжлэлийг Б.От өгсөн. Уг итгэмжлэлийг хуурамч гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгуулсныг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс "...үнэн зөв байна. Уг итгэмжлэлийг Б.Э өгсөн байна" гэсэн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч Б.Э 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан гэдгийг мэдэж байсан учраас 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Б.От итгэмжлэл өгсөн. Яг энэ үед нэхэмжлэгч Б.Э нь гуравдагч этгээд Н.Утэй хамтын амьдралтай байсан. Үүнийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх тогтоосон байдаг. Хамтын амьдралтай байх үед Н.У бүртгэлээс хасуулсан, мөн "Х банк" ХХК-ийн Өнөр салбараас зээлийн гэрээ дуусгавар болгосон баримт авсан гэдгийг нэхэмжлэгч мэдээгүй гэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч барьцаанаас чөлөөлсний 3 хоногийн дараа өөрөө амжихгүй тул өөрийн туслах Б.От итгэмжлэл олгосон. Б.Э өөрөө нотариат дээр ирж итгэмжлэл олгосон гэдгийг Б.О нотолдог. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 598 дугаар шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 31 дүгээр зүйлийн 311.1, 311.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, Сүхбаатарын гудамж 6/5 тоот хаягт байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалт бүхий барилгыг барьцаалж Б.Эийн Х банктай байгуулсан барьцааны гэрээг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэл, тус үл хөдлөх эд хөрөнгийг Н.Уийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгожшийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0598 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Бага тойруу, Сүхбаатарын гудамж 6/5 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай барилгыг Х банкны 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12/179 тоот албан бичгийг үндэслэн барьцааны гэрээг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэл болон Н.Уийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, бүртгэл хүчингүй болгосон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 -т заасныг, мөн тус хуулийн 19-р зүйлийн 19.2-т заасныг, мөн тус хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1 -т заасан заалтыг тус тус зөрчсөн бүртгэл хийгдээгүй болно. Иргэн Н.У нь Х банк, иргэн Б.Э нарын хооронд байгуулсан 2011 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ-11/173 тоот зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон нь тус зээлийн гэрээний 5.3-дахь хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх үүрэгтэй болохыгзаасан эрхээ зөрчсөн үйлдэл хийгдээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээг дуусгавар болгосон мэдүүлэг гаргасан нь Х банктай байгуулсан 2011 оны 06 сарын 25-ны өдрийн БГ-11/173 тоот барьцааны эрхээс давсан үйлдэл хийгдээгүй байна.

Тус бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл Х банкны Өнөр тооцооны төвийн захирал И.Саруулсайханы барьцаа хөрөнгийг чөлөөлөх тухай албан бичиг, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаар бүхий нотариатч Б.Шатарын гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг үндэслэн бүртгэж, өмчлөх эрх шилжсэн бүртгэл хийсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Эрх бүхий байгууллага болон эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийн дагуу бүртгэл хийгдсэн. Иймд Улсын бүртгэлийн еренхий газрыг хариуцагчаар татах үндэслэлгүй байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0598 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь нэхэмжлэгч Б.Эийн өмчилж байсан Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Бага тойруу, Сүхбаатарын гудамж 6/5 тоот хаягт байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалт бүхий барилгыг Х банкинд барьцаалж зээл авахдаа бүртгүүлсэн барьцааны эрхийг дуусгавар болсныг бүртгэхдээ барьцаалуулагч, өмчлөгч Б.Эийн хүсэлтийг авалгүй, зөвхөн барьцаалагч Х банк ХХК-ийн Өнөр тооцооны төв-ийн Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12/179 дүгээр албан бичгийг үндэслэн, өмчлөгчөөс итгэмжлэл олгогдоогүй Н.Уийн гарын үсэгтэй мэдүүлгээр бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна, 311 дүгээр зүйлийн 311.1-д Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагч, барьцаалуулагч хамтран гаргасан хүсэлт, түүнчлэн шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааг дуусгавар болгоно, 311.3-д Барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр барьцаалбараар гэрчлэгдсэн эрх дуусгавар болно гэж заасныг тус тус зөрчжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо ... Зээлийн гэрээнд Н.У нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Гэрээний 5.3-д зээлдэгчийн адил эрх, үүрэгтэй болохыг заасан учраас барьцааны эрхээс давсан үйлдэл хийгдээгүй ... гэжээ. Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон Н.Уийг барьцаалуулагчтай ижил эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу барьцаалагч, барьцаалуулагч хамтран хүсэлт гаргаагүй байхад бүртгэл хийх эрхгүй.

Мөн гомдолд ... Нотариатч Б.Шатарын гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлж бүртгэсэн нь хууль зөрчөөгүй ... гэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.Эийн өмчлөлд байсан уг үл хөдлөх хөрөнгийг Н.Уийн өмчлөлд шилжсэнийг бүртгэхдээ 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Энхээгийн гэрчилсэн Б.Эээс Б.От уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, захиран зарцуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэл, 2012 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн Чингэлтэй дүүргийн тойргын нотариатч Б.Шатарын гэрчилсэн Б.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу Б.О, худалдан авагч Н.У нарын байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон бусад баримтыг үндэслэн бүртгэжээ. Дээрх бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл улсын бүртгэгч нь хуурамч эсэхийг мэдэх боломжгүй тул нотариатч гэрчилсэн итгэмжлэл болон гэрээг үндэслэн бүртгэхээс татгалзах эрх хуулиар олгогдоогүй. Гэвч өмчлөгч, барьцаалуулагч Б.Эийн хүсэлтгүйгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг хууль зөрчиж дуусгавар болгон бүртгэсний улмаас өмчлөх эрхийг Н.Ут шилжүүлэн бүртгэх боломжтой болсон, мөн хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б.Оын өгсөн гэрчийн мэдүүлэг, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б.Эийн хохирогчийн мэдүүлэг зэргээр дээрх үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхтэйгээр итгэмжлэл олгоогүй нь тогтоогдож байх тул Б.Эээс Н.Ут өмчлөх эрх шилжүүлснийг бүртгэсэн бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т бүртгэл үнэн зөв байх заалтад нийцэхгүй байна.

Иймд энэ талаар үндэслэлтэй дүгнэж Б.Эийн нэхэмжлэлийг хангаж, дээрх бүртгэлүүдийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1-д хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн[1] 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 598 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруултуяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ