Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 161/ШЦТ2016/00040

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж, 
нарийн бичгийн дарга: Ц.С,
улсын яллагч: Т.С,
орчуулагч: А.Е,
хохирогч: А.Х , 
иргэний нэхэмжлэгч: Х.Т ,
шүүгдэгч нарын өмгөөлөгчид: Я.С, Д.А,
шүүгдэгчид С.С , Т.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овгийн С гийн С , Х овгийн Т Ж к нарт холбогдох 000000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
    Шүүгдэгч С.С : Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Н овгийн С гийн С , ************ регистрийн дугаартай, 1981 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баяннуур сумын 4 дүгээр багт оршин суудаг, Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай. 
    Шүүгдэгч Т.Ж : Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Х овгийн Т Ж , *********** регистрийн дугаартай, 1983 оны 12 дугаар сарын 31-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Бугат сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд 2000 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 457-р хорих ангид эдэлж байх хугацаандаа хорих ангиас оргож Х аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тус ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, урьд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн бүгд эдлэх хорих ялыг 6 жилээр оногдуулсан ба 2007 оны 11 дүгээр сарын 05-нд хуулинд заасан хувиа зөрчилгүй эдэлсэн, засарч хүмүүжсэн, төлбөргүй гэх үндэслэлээр эдлээгүй үлдсэн 1 жил 03 сар 20 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хохир ялаар шийтгүүлж, урьд эдлээгүй үлдсэн 1 жил 03 сар 20 хоногийн хорих ялын зарим нь болох 6 сарыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоож биечлэн эдлүүлсэн, хэрэг хариуцах чадвартай.  
    Шүүгдэгч С.С , Т.Ж  нарын холбогдсон хэргийн талаар:
    Шүүгдэгч С.С нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баяннуур сумын 4 дүгээр багийн нутаг Ховд голын шар арал гэдэг газраас тус багийн иргэн А.Х н 4 үхрийг хулгайлж 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.С , Т.Ж  нар үгсэн тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 12-ны үед Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн нутаг    дэвсгэрээс тус багийн иргэн З.Ж 3 тэмээ, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4-р багийн иргэн Ш.Н-ы 2 тэмээ, нийт 5 тэмээг хулгайлж 4.100.000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би Ж кийн тэмээнд яваад ир гэсний дагуу түүнд тэмээг авчирч өгсөн. Би ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Надад орох гэр орон байхгүй. Би ядуу учир Х гийн үхрийг хулгайлсан. Надад одоо юу ч байхгүй. Би үхрүүдийг аваачиж өгөхөд надад нэг буу, мотоцикл өгсөн. Дараа нь Т.Ж ктэй тааралдаж тэмээ хулгайлсан асуудал гарсан” гэв. 
- Шүүгдэгч Т.Ж  шүүхийн хэлэлцүүлэгт: “... Тэрээр 7 хоногийн дараа холбоо барьсан. Би мал аваад очно туслаад зараад өг гэхээр нь би за гэж хэлсэн. Тэрээр  5 тэмээ хулгайлж авчирсан байна. Тэдгээр 5 тэмээг худалдаж борлуулах гэж байгаад баригдсан” гэв. 
- Хохирогч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “... С.С бид хоёр хөрш. Өвөлжөө зуслангийн газар  500 м зайтай газарт байдаг. С.С нь миний үхрийг мэдэхгүй хулгайлсан гэж байгаа нь худал. Хөрш айлынхаа үхрийг танихгүй байна гэж байхгүй. Тэрээр миний үхэр гэдгийг мэдсээр байж хулгайлсан” гэв. 
- Иргэний нэхэмжлэгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би Увс аймгаас буу худалдаж авсан. Бууг худалдаж авахад бичиг баримтыг бүтээж өгнө гэсэн. Би бууг 200000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг бууг өөрийн нэр дээрээ буулгаж авахыг хүсэж байна. Нэг бол миний мөнгийг төлүүлж өгнө үү” гэв. 
    - Мөн шүүх хуралдаанд: Эрүүгийн хэрэг үүсгэж, байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоолууд, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол, З.Ж, Ш.Н, А.Х нарыг хохирогчоор байцаасан тэмдэглэл, гэрч С.Ж, А.С, А.Е, Х.С, Т.Ж, Т.Ж, Х.Гүлдаурен, Х.К, А.Г, О.Б, З.Б, Т.М, Б.Б, Я.М, Ш.Х, С.М, Р.Ө нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл, С.С , Т.Ж нарыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
Шүүгдэгч С.С ы гэм буруугийн талаар: 
1. Шүүгдэгч С.С нь хохирогч А.Х н 4 үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Хохирогч А.Х гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний үхэр сумын доод талд Ховд голын шар арал гэх газарт нийт 4 үхэр байсан ба хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр очиж үзсэн, маргааш өглөө нь би очиход алга болсон. Тэгээд би 2 хоног тэр аралд хайгаад явсан мөр хөөж яваад гол гатлаад цаашаа гарсан талаар мэдсэн юм. Тэр үед би яг хэн авсан талаар мэдээгүй ба үхрээ хайгаад олон хоног явж байхад миний дүү Е Ховд аймаг ороод нэг айлд сууж байхад Х- нар тэр айлд очиж явсан байлаа. Тэгээд тэр айлын хүмүүсээс С үхэр тууж явсан талаар сонсож сүүлд би очиж Х-тай уулзаж тэгээд тэр хоёр надад 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөх хөтөл давж явж байхад С.С 4 үхэр тууж явж байсан гэж хэлсэн. Тэгээд би миний үхрийг С хулгайлсан талаар мэдсэн юм. Тэр үед би С ыг хайгаад олоогүй юм. ... Би Ховд аймаг руу 2 удаа өөрийн машинаар явсан ба, мөн Ө сум нэг орсон. Цагаанарал, Ховд сумын чиглэлд нэг явсан, ингээд нийт үхэр хайгаад 250 литр бензин авсан ба 250*1600 нийт 400.000 төгрөгийн хохирол гарсан байгаа, үүнтэй холбоотойгоор би бензин авсан колонкоос баримт авсан байгаа одоо энэ байна. Би дээрх мөнгө болон алдагдсан 4 үхрийн нэгийг нь 800.000 төгрөгөөр үнэлж нийт 3.200.000 төгрөг, бүгд 3.600.000 төгрөгийг С аас нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
    - Гэрч Ш.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Он, сар, өдрийг нь санахгүй байна, манай багийн М гэгч намайг нэг өдөр мотоциклоор хөлсөлж Э сум хүргээд ирэх үү гэхээр нь би өөр мотоциклоор Мыг авч Хөх хөтлийг даваад цаашаа явж байхад бидний урд 4 үхэр туусан монгол гуталтай залуу яваад байхад миний ард сууж байсан М тэр хүнийг таньж байна, манай сумын С гийн С байна гээд байсан ба мотоциклыг жолоодож явсан тул тэр хүнийг сайн анзаараагүй, замаа харж байсан юм. ... машин замаас 10-20 метрийн зайтай 4 үхэр тууж явсан ба нэг үхэр нь цагаан зүсмийн том үхэр бусад нь улаан хүрэн зүсмийн бага монгол үхэр байсан, би тэр тууж яваа хүнийг огт танихгүй, харин М сайн таньж байсан, одоо бодвол оны өмнө 12 дугаар сарын 20-ны үед байсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/,
    - Гэрч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний  хүү Ховд аймагт хугацаат цэргийн  алба хаадаг ба тухайн үед би манай багийн  иргэн Х- гэгчийн мотоциклыг нь хөлсөлж Эрдэнэбүрэн сум орох гэж явж байхад Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Хөх хөтөл” гэх уурхайгаас нүүрс зөөдөг машин замаар явж хөтлөөс цаашаа уруудаж явж байхад замын хажууд 10-20 метрийн зайд үхэр тууж явсан нэг хүн харагдахаар нь хажуугаар нь өнгөрч байх үед сайтар ажиглаж хараад манай сумын иргэн С гийн С байсныг би таньж цуг явж байгаа Х-ад хэлсэн юм. Тэгээд бид замаараа уруудаж чигээрээ яваад өгсөн ба тэр хүн бидний ард замд үлдсэн. Би Эрдэнэбүрэн сумаас буцаж ирээд хэд хонсоны дараа манай сумын иргэн А.Х н 4 үхэр хулгайд алдагдсан байна гэснийг сонсож Х д хэлсэн ба тэрээр сүүлд надад ирээд уулзахад би А.Х д өөрийн үзсэн харсан зүйлийн талаар ярьсан юм. ... Им тамгыг нь анзаараагүй, харин түүний тууж явж байсан 4 үхрийн хажуугаар өнгөрөхөд 3 үхэр нь хүрэн улаан зүсмийн бага биетэй харагдсан ба нэг нь том биетэй, цагаан алаг өнгийн монгол үхэр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
    - Гэрч Д.Д-гийн /Д хочтой/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... С.С тай би Баяннуур суманд явж байгаад танилцаж байсан ба тэр залуугаар нэг удаа гагнуур хийлгэж байсан тэр үеэс танил байсан. Өвөл нэг өдөр манай эхнэр бид хоёр аймгаас ирсэн чинь манайд тэр залуу ирээд суусан, 4 үхрээ манай хашаанд хашиж тавьсан сууж байсан. Тэр өдөр манайд хоносон, өглөө босоод 4 үхрээ зарна гэж өр ширэнд орсон, хандив цуглуулж явна гэж надад хэлээд, би үхрийг нь үзээд аралд тавьж тэгээд би ойр хавьд байгаа үхэр авах хүн байгаа эсэх талаар сурагласан ба идэшний үхэр олж идмээр байна гэж урьд нь надад хэлж байсан тул би Б а рүү утсаар ярьж, манайд үхэр зарна гэсэн хүн байгаа ирээд үз гэсэн, тэрээр хүрээд ирсэн ба хажууд өөрийн аавтай хамт ирсэн. Тэгээд тэр нөгөө 4 үхрийг үзээд С.С тай юм ярилцаж байгаад том цагаан үхрийг авахаар болж, тэр оронд нь нэг буу өгөх янзтай байсан. Тэгээд Б а манай гэрийн гаднаас нөгөө том цагаан үхрийг ачиж аваад явсан ба амьдаар нь авч явсан юм. Тэр үед би гэрт байсан. Мь байхгүй байсан. Тэгээд би Мь руу утастаж хэлсэн чинь тэрээр надад мотоцикл байгаа өөр өгөх юм байхгүй гэж хэлсэн ба би үүнийг С д хэлсэн чинь тэрээр үлдсэн 3 үхрээ туугаад Мийн гэр рүү явсан юм. Тэгээд тэр явах үед надад 2 үхрийг аралд орхиж нэг үхрийг Мьд хүргэж өгнө гэж хэлээд явсан. Түүний дараа хэд хоноод би гэрт байсан чинь нэг өдөр өглөө манайд С гэрийн гадаа улаан өнгийн мотоциклтой ирсэн ба энэ мотоциклыг Мьд нэг үхэр өгөөд авсан байгаа. Харин 2 үхрээ аралд үлдээсэн байгаа, одоо түүнийг авах хүн хайж явна гэж хэлээд явсан. Үүнээс хойш манайхаар ирээгүй, харин саяхан нөгөө батлан даалтанд байсан үед нэг ирсэн. Бид хөөгөөд явуулсан юм. ... Мь надад хэлэхдээ “цагдаад анх худлаа хэлсэн юм. Би С аас авсан улаан хүрэн үхрийг өөрөө алж идээгүй, харин Б ид өгсөн, оронд нь юу ч аваагүй, хавар нэг гунжин үхэр авахаар тохирсон гэж хэлж байсан. Харин цагдаад өгч явуулсан 4 туурай миний өөрийн идэшэнд гаргаж идсэн үхрийн туурайг өгч явуулсан” гэж хэлсэн. Тэгэхээр Баямбадорж Миас нэг үхэр авч идсэн болж байна. ... Тэр үед Б а С д тэр доор нь нэг буу өгөөд явуулсан юм. Тэр буу нь калибр маркийн буу байсан. Тэгээд тэр буугаа үүрээд Мийн гэрт очиж, нэг үхэр өгч мотоцикл унаж явсан ба үүний дараа хоёр хоногийн дараа манайд нөгөө С тэр мотоциклтой нөгөө Б агаас авсан буутай дахиж ирж хонож аваад яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 245 дугаар хуудас/, 
    “... Би өнгөрсөн 5-р сард Баян-Өлгий аймаг орж иргэн Т.Мийг батлан даалтанд авч ирсний дараа Х н өвөл аралд үлдсэн гэх 2 бяруу үхрийг багийн малчин хүмүүсээс сураглаж байгаад багийн дарга Ц. Д гийн үхэрт байгаа гэдгийг сонсож, тэгээд Х д утсаар ярьсан ба тэр хүн Баяннуур сумаас ирж Ховд голын усыг завиар гаталж гараад манайд ирээд, би түүнийг дагуулж аваад Ц.Д гийн гэрт нь очиж тэр хүний үхэрт байсан 2 бяруугийн нэгийг нь үзсэн ба, нэг нь мал дагаад бэлчээрт явсан байна гэж хэлэхээр нь Х Д тэй харилцан тохиролцож, 2 үхрээ намар авахаар болоод явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 293-294 дүгээр хуудас/, 
    - Гэрч Ц.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 02 дугаар сарын сүүлээр 2 эр улаан зүсмийн, зүүн чихэндээ онь цөгрөг имтэй үхэр манай үхэрнүүдэд нийлсэн байсан. Одоо миний үхэрнүүд зуслан руу гараад явчихсан байгаа, хаана байгааг нь мэдэхгүй байна. Уг 2 үхрийг хэн ч авч ирж өгөөгүй, нэг л өдөр мал дагаад манай хотонд ирсэн юм. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Х гэдэг хүн Д о буюу Доржсүрэнгийн хамт ирээд үхрийг нь үзэж таньж, намар хүртэл намайг харж бай, намар ирээд авна гэж хэлээд явсан ба одоо миний бүх үхэр уул руу гарч явсан, хаана байгааг би мэдэхгүй, малаа цуглуулж чадалгүй нүүдэл болж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 295-296 дугаар хуудас/, 
    - Гэрч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би С.С ыг огт танихгүй манай гэрт өнгөрсөн өвөл 2015 оны 12 дугаар сарын дунд үед байх тэр залуу ганцаараа 4 үхэр тууж ирээд манайд байж байхад миний нөхөр бид хоёр аймгаас ирсэн ба тэр өдөр манайд хоносон. Тэгээд өглөө үхэр зарна гэж гараад яваад өгсөн. Түүнээс цаашаа юу болсон талаар мэдэхгүй. Манайд ирсэн 4 үхрийг би сайн мэдэж байна. Мь С.С аас үхэр худалдаж авсан, нядалсан талаар би мэдэхгүй, харин тэд өөрсдөө тэгж хэлж байсан ба би яг үзсэн харсан зүйл байхгүй. Мотоцикл өгч үхэр авсан гэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 244 дүгээр хуудас/, 
    - Гэрч Я.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би сар өдрийг нь мартсан байна. 12 дугаар сарын сүүлээр манайд үл таних казах залуу ирж хөгшин бид хоёрт өөрийгөө өр ширэнд орсон Баяннуур сумын хүн байна, хандив цуглуулж явна гэж танилцуулсан. Орой их даарсан, ядарсан шинжтэй орж ирээд хоол цай унд уугаад манай хүнтэй хамт ярилцаж гадаа гарч ирээд хонож өглөө манай өвгөний орос мотоциклыг аваад явсан. Нэрийг нь би санахгүй байна. 30 орчим насны казах шар залуу байсан, намайг өглөө босоход манай хэдэн үхрийн хамт хотонд хүрэн зүсмийн бяруу байсан ба өвгөнөөс гадаа байгаа ямар учиртай үхэр гэхэд энэ залуугийн авч ирсэн үхэр байна. Надыг ав гэж гуйгаад байна гэж хэлсэн ба харин явах үед үхрийн үнэ өртгөнд манай гадаа байсан орос мотоциклыг асааж унаж явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,
    - Гэрч Т.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэр үед тэр залуу үхэр авч ирсэн талаар надад анх Д о буюу Доржсүрэн утсаар хэлж тэгээд би яваад очих гэж байтал тэр нөхөр өөрөө ганц улаан хүрэн зүсмийн бяруу үхэр туугаад манай гэрийн гадаа ирсэн ба тэр өдөр манайд хонож, өглөө явах үед би уг үхрийг нь авч үлдэж үнэ өртөгт нь өөрийн амбаарт байсан хуучин улаан ИЖ-5 маркийн орос мотоцикл өгч явуулсан юм. ... Би тэр үхрийг өөрөө идээгүй, харин Б гэгчид өгч тэр нядалж аваад, надад хавар өөр мал өгөхөөр бид тохирсон байсан. Харин анх таныг /мөрдөн байцаагчийг/ ирэх үед би айгаад өөрийн идэшэнд гаргасан үхрийг С.С аас авсан үхэр болгож мэдүүлж, түүний 4 туурайг танд гаргаж өгч явуулсан байсан, гэвч надад С ыг хамгаалах гэсэн ямар нэгэн санаа байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 255-256 дугаар хуудас/,     
    - Т.М-ийг мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар байцаахад өгсөн: “... С аас худалдаж авсан үхрийг өөрөө алж идсэн гэж худал мэдүүлж, өөр үхрийн 4 шийр гаргаж өгч байснаа хүлээн мэдүүлсэн” мэдүүлгүүд /хх-ийн 258-261 дүгээр хуудас/, 
    - Гэрч Р.Ө ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын сүүлээр байх нэг өдөр манайд С.С ганцаараа мотоциклтой ирсэн, Улиастай багт хүний машин засаж өгөөд явж байна гэж ирсэн ба унаж яваа орос мотоциклыг зармаар байна гэхээр нь би уг мотоцикл нь гайгүй байсан тул 500000 төгрөгөөр тохирч авахаар, мөнгө төгрөгийг нь хавар өгөхөөр тохирч явуулсан юм. Тэр өдөр С.С мотоциклыг унаж яваад өгсөн ба маргааш нь Баяннуур сум орж С.С тай тааралдаж бэлэн 100.000 төгрөг өгөөд нөгөө мотоциклыг унаж яваад өгсөн. Одоо надад мотоцикл нь байгаа. Тэрээр надад хэлэхдээ Өмнөговь сумын Улиастай багийн төвд нэг хүний машиныг засаж, янзалж өгөөд түүний хөлсөнд авсан мотоцикл гэж хэлсэн. Ямар ч бичиг баримтгүй, улсын дугааргүй, ИЖ-5 маркийн улаан өнгийн орос мотоцикл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/, 
    “... Миний бие манай сумын иргэн С.С аас 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орос улсад үйлдвэрлэсэн планета-5 маркийн мотоциклыг худалдаж авсан. Тухайн үед би С.С д бэлэн 100.000 төгрөг өгсөн ба тухайн үед 150.000 төгрөгөөр үнэлэн авч байсан юм. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 10.000 төгрөгийг С.С ы ээж Савилад өгсөн, одоо үлдэгдэл өгөх ёстой 40.000 төгрөг байгаа болно. С.С аас 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр планета-5 маркийн мотоциклыг худалдаж авахад С аас баримт бичүүлж авсан, одоо өөрт минь байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 239 дүгээр хуудас/, 
    - Гэрч Л.Н ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны шинэ жилийн өмнө байх он сарыг тодорхой санахгүй байна нэг өдөр манайд С.С ганцаараа улаан өнгийн мотоцикл унаж ирсэн ба миний нөхрийг сайн таньдаг тул энэ мотоциклыг зармаар байна та авахгүй юм уу гэхээр нь миний нөхөр үзэж харж байгаад гайгүй орос мотоцикл байсан тул авахаар тохиролцож тэрээр мотоциклыг 500000 төгрөгөөр өгөхөөр тохиролцож бид одоогоор бэлэн мөнгө байхгүй мөнгийг нь хавар өгөхөөр болсон юм. Тэр өдөр С.С мотоциклоо унаж яваад өгсөн ба маргааш нь миний нөхөр Баяннуур сум орж С.С тай уулзаж түүнд бэлэн 100000 төгрөг өгч мотоциклыг унаж ирсэн юм. Мотоцикл одоо хүртэл манайд байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,
    - Гэрч Б.Б ын /Онжав хочтой/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Миас 2016 оны 01-р сард бяруу алж идсэн. Мийн гэрийн гаднаас очиж авсан. Тухайн үед би Мьтай үхэрний үнэнд үрээ /морь/ өгөхөөр тохирч тэр үхрийг аваад 2016 оны 03 дугаар сард тохирсон үрээгээ өгчихсөн. Тухайн үед манай мах дуусчхаад Мийнд очоод та надад 2 сэрх өгч байгаач гэсэн чинь надад нэг бяруу байна, тэрийг авч идчихээд тэр үхрийн оронд надад нэг морь өг гэсэн тэгээд бид хоёр тохиролцоод би тэр бярууг алаад идчихсэн. Би С гэдэг хүнийг танихгүй. 2016 оны 03 дугаар сарын сүүлээр нэг явган казах манайд ирээд тэр казах би хэдэн үхэр Баяннуур сумаас хөөж ирээд Д огийнд хаячихсан байсан чинь тэр үхэрний нэгийг нь та авч идсэн гэж байна, би тэр сургаар явж байна гээд тэр миний алж идсэн үхрийн толгойны арьс болон 4 хөлийг нь аваад явсан, тэгэхэд л би тэр хүнийг харсан өөр урьд нь харж байгаагүй. Тэр үхэр хулгайн үхэр байсныг мэдээгүй, Баяннуурын казах ирэхэд л мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 306 дугаар хуудас/, 
    - Гэрч Б.Б агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би урьд нь Д о ахад танай тэр орчимд байгаа айлуудаас ТОЗ-8 маркийн буу авах хүн байхгүй биз надад нэг буу байгаа, тэр буугаа нэг өвлийн идшээр өгчихмөөр байна гэж хэлж байсан тэгээд байхад над руу Д о ах утсаар яриад буугаа аваад хүрээд ир гэсэн. Тэгээд би аавдаа хэлээд аавын хамт Д огынд яваад очиход Д о, хажууд нь нэг танихгүй казах байсан. Тэгээд бид хоёр Д огын гэрт ороод байж байхад танихгүй казах гэрээс гараад явсан бид нарыг юм ярьж байгаад гараад ирэхэд тэр танихгүй казах 4 үхэр аваад ирчихсэн, Д огын хашаанд оруулчихсан байсан. Тэгээд тэр 4 үхрийн нэг цагаан үхрийг нь тэр танихгүй казах бид хоёрт барьж, машинд ачиж өгөөд ТОЗ-8 маркийн буу аваад үлдсэн тэгээд бид хоёр яваад Эрдэнэбүрэн сумын төвд ирээд тэр цагаан үхрийг алаад идчихсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 304 дүгээр дугаар хуудас/,
    - Б.Б аг мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр, яллагдагчаар байцаахад урьд болсон явдлын заримыг худал мэдүүлж байсан тухайгаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 317-320 дугаар хуудас/, 
    - Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна, гэртээ байж байхад манай хүү Б а та бид хоёрыг Д о буугаа аваад хүрээд ир гэж байна гэхээр нь бид хоёр сумын төвөөс Мянгад суманд байдаг Д огынд яваад очиход Д о, хажууд нь нэг танихгүй казах байсан. Тэгээд бид хоёр Д огын гэрт нь ороод байж байхад танихгүй казах гэрээс гараад явсан. Бид нарыг юм ярьж байгаад гараад ирэхэд тэр танихгүй казах 4 үхэр аваад ирчихсэн, Д огын хашаанд оруулчихсан байсан. Тэгээд тэр 4 үхэрний нэг цагаан үхрийг нь тэр танихгүй казах барьж, бид хоёрт машинд ачиж өгөөд ТОЗ-8 маркийн буу аваад үлдсэн. ... Д о энэ казах өрөнд ороод хандивт авсан үхэр, мөнгө болох зүйлээр өгнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 305 дугаар хуудас/, 
    - Иргэний нэхэмжлэгч Х.Т ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие иргэн С.С аас 2015 оны 12 дугаар сарын 25-ны үед байх сайн санахгүй байна калибр ТОЗ-8 бууг 200.000 төгрөгөөр худалдаж авсан, ба уг бууг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэний буу гэсэн, эзнийх нь нэрийг санахгүй байна. Монгол хүн гэж хэлсэн. Тухайн Э-д амьдардаг монгол хүний эзэмшлийн буу гэсэн ба ямар нэгэн бууны гэрчилгээ аваагүй болно. Гэрчилгээг бүтээж өгнө, бүртгэлд орсон гэж надад хэлсэн болохоор нь би уг бууг худалдаж авсан болно. ... С.С аас худалдаж авсан ТОЗ-8 бууны үнэ болох 200000 төгрөгийг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 240 дүгээр хуудас/, 
    - Эд мөрийн баримтаар гэрч Х.Т ээс хураагдсан ТОЗ-8 маркийн бууг гэрч Б.Б агаар таньж олуулах ажиллагаа явуулахад зөв таньж, зааж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 307-308 дугаар хуудас/,  
    - Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын МЭҮТасгийн дарга Х.Ө ийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 04/02/303/09 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96 дугаар хуудас/, 
    - Хулгайд алдагдсан 4 үхрийн зураг /хх-ийн 220-221 дүгээр хуудас/, 
    - Шүүгдэгч С.С очиход Мь өөрийн худалдаж авсан үхрийн оронд төлж өгч байгаа гэж өгсөн нэг үхрийг хохирогч А.Х д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 222 дугаар хуудас/, 
    - Х.Т ээс бууг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 223-224 дүгээр хуудас/, 
    - “Иж планета-5” маркийн мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/, 
    - Шүүгдэгч С.С нь Төрөөгийн Мьт хулгайн 1 үхэр өгч оронд нь авсан гэх Иж планета-5 маркийн мотоциклыг иргэн Р.Ө д 150000 төгрөгөөр зараад 100000 төгрөгийг бэлэн авсан тухай баримт, уг баримтыг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 225-228 дугаар хуудас/, 
    - Т.Мь нэг үхэр төлж өгсөн, уг үхрийг С.С аар өгч явуулсан тухай баримт болон С.С д иргэн Б нь “Миас нэг үхэр худалдаж авсан үнэн” гэж хэлээд нэрээ бичиж өгсөн гэх баримт /хх-ийн 231 дүгээр хуудас/, эдгээрийг С.С аас хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 229-230 дугаар хуудас/, 
    - С.С Б оос үхрийн толгойн арьс болон 4 шийрийг авч ирснийг хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 233-234, 235 дугаар хуудас/, 
    - Гэрч Ц.Д д хохирогч Х н 2 үхрийг түр хариуцуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 302 дугаар хуудас/,     
    - Хохирогч А.Х н бичиж, нотариатаар батлуулсан тайлбар /хх-ийн 346 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
    2. Шүүгдэгч С.С , Т.Ж к нарын гэм буруугийн талаар: 
- Шүүгдэгч С.С , Т.Ж к нар бүлэглэж З.Ж , Ш.Н н нарын 5 тэмээг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Тэмээнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/,
    - Тэмээг хураан авсан тогтоол, тэмдэглэл, эзэнд нь хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 22-24, 26 дугаар хуудас/,
    - Хохирогч З.Ж ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Хамгийн сүүлд би тэмээгээ хужир өгөх үед тоолсон ба 2016 оны 01  дүгээр сарын 21-ний орой манай сумын цагдаагийн тасгийн дарга С над руу утсаар ярьж таны тэмээ хулгайд алдагдсан уу, Өлгийд 5 тэмээ орж хулгайч нь баригдсан байна, чихэнд даавуутай, дэгрээ тамгатай, сүүлэнд хөх өнгийн будагтай тэмээ гэж байна гэсэн, тэгээд би өөрийн тэмээ мөн байна гэдгийг мэдээд өнөөдөр энэ тасгийн даргын хамт ирж Бугат сумын цагдаагийн хашаанд байсан 5 тэмээг үзсэн чинь нөгөө 5 тэмээний 3 нь миний тэмээ мөн байлаа. Им тамга нь таарч байлаа тэгээд би өөрийн тэмээг хулгайд алдаж Өлгийд орж ирснийг мэдсэн юм. Тэр 3 тэмээг албан ёсоор хүлээж авлаа. Нөгөө 2 тэмээ нь Баяннуур сумын иргэн Н н гэдэг хөгшний тэмээ мөн байна. Тэр хүнд утсаар ярьсан байгаа, намайг аргалаад аваад ир гэж хэлсэн Баяннуур суманд очоод Н ны 2 тэмээг өөрт нь хүлээлгэж өгсөн. Өлгийд ирж тэмээгээ авч буцах үед надаас 220000 төгрөгийн бодит хохирол гарсан ба үүнийг С.С угаасаа төлж чадахгүй, түүнээс авах юу ч үгүй гэдгийг би мэдэж байна. Түүний ээжтэй нь уулзсан. Тэр хүнийг би танина, надад үнэнээ хэлж суугаа, өөр надад хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар хуудас/,
    - Хохирогч Ш.Н ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Надад нийт 23 тэмээ байдаг ба миний тэмээ голын саад талд буюу Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн нутагт З.Ж ын тэмээтэй хамт байдаг. Би өөрийн тэмээ алдагдсан талаар огт мэдээгүй. З.Ж Баян-Өлгий аймаг ороод над руу утсаар яриад өөрийнх нь 3 тэмээний хамт миний 2 тэмээ хулгайлагдаж аймаг орсон талаар хэлсэн ба би тэр үед сонсож мэдсэн. Өлгийгээс миний 2 тэмээг З.Ж өөрийн 3 тэмээний хамт тууж авч ирж надад хүлээлгэж өгсөн. Одоо миний тэмээ мал бүрэн бүтэн байгаа. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
    - Гэрч С.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 01 дүгээр сарын 20-ны орой гэрт байхад манай гэрт Т.Ж к ирж, би Увс аймгийн Тэс сумаас 5 тооны тэмээ худалдан авч ирсэн, тэмээ маань Бугат сумын Хотгор явах замд харганы дунд байгаа явж өгөхгүй байна, та очиж хамт тууж ирнэ үү гэхээр нь би гэрээс хамт гарч нэг такси машинтай түүнтэй хамт очиж, тэнд байсан 5 тэмээг туугаад аймаг орж ирж байтал араас ирж яваа нэг машин зогссон. Тэр цагдаа нар байсан, тэгээд тэр үед би архи уусан халамцуу байсан тул цагдаа нартай маргалдсан, намайг авч ирж эрүүлжүүлсэн байсан юм. Ж к надад өөрийн Ексел машинаа мөн нэг мотоцикл зарсан байгаа түүний мөнгөнд Увс аймгаас ирж байгаа тэмээ гэж хэлсэн. Надад тэр хулгайн тэмээ болох талаар ямар ч юм хэлээгүй, би согтуу байсан олигтой юм асуугаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
    - Гэрч А.С-ийн /Бугат сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Бугат сумын “А” гэх хүний өгсөн мэдээллийн дагуу би хэсгийн цагдаа Есөн- Оргилын хамт Бугат сумын 4 дүгээр багт отолт хийж байсан чинь Өлгий сумын иргэн Ж болон Бугат сумын иргэн Т.Ж к нар нь 5 тооны тэмээ тууж аймаг оруулах гээд явж байхаар нь очиж шалгахад Ж нь согтуу бид нар Увс аймгаас авч ирж байгаа тэмээ машин зарсан юм гэж хэлсэн. Тэгээд гарал үүслийн бичиг байна уу гэж асуусан чинь та нарт ямар хамаатай юм бэ эзэн нь аваад явсан гэж хэлээд бид хоёртой маргалдсан юм. Тэгээд би өөрийн машинтай Ж ыг суулгаж авч цагдаад ирж түүнийг эрүүлжүүлсэн ба Е тэнд Ж кийн хамт тэмээтэйгээ үлдэж, тэр хоёр замд Ж кийн дүү Ж ийн гэрт очсон, араас нь цагдаагийн машин явуулаад цагдаагийн машинтай Ж к, С нарыг цагдаад Есөн-Оргил авч ирсэн. Е очиход С Ж ийн гэрт байсан байлаа, тэндээс түүнийг барьж авсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
    - Гэрч А.Е-ийн /Бугат сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хэсгийн төлөөлөгч надад ажил гараад байна, яваад ирье гэхээр нь би хэсгийн төлөөлөгчийг дагаж Хотгороос орж ирэх хөтлийн тэнд очиж байж байтал 5 тэмээ туусан 2 хүн ирсэн ба нэг нь манай сумын Т.Ж к байсан, хажууд Ж гэдэг залуу байсан. Ж нь тухайн үед согтуу байсан ба хэсгийн төлөөлөгчтэй зууралдаж байхаар нь манай хэсгийн төлөөлөгч тэр хүнийг өөрийн машинд суулгаж аваад аймгийн цагдаа руу авч явсан. Би нөгөө Т.Ж кийн хамт үлдэж 5 тэмээг туугаад замд Их булан орж түүний дүү нь гэх Ж гэдэг залуугийн гэрт нь очсон юм. Тэнд ирэхэд тэдний гэрийн гадаа Ж явж байсан ба танайд хэн байгаа вэ гэсэн чинь тэр хүн надад "би гаднаас дөнгөж ирж байгаа, гэрт хэн байгааг мэдэхгүй" гэсэн юм. Би тэдний гэрт ороод буцаж гарах гэж байтал үүдний амбаарт монгол гутал байхаар нь энэ хэний гутал вэ гэж асуусан чинь Ж би мэдэхгүй гэсэн. Тэгээд би дахиж тэр айлд орж унтлагын өрөөнд нь ортол тэнд гадны бололтой ядарсан царайтай хүн байхаар нь чи хэн бэ гэсэн чинь өөрийгөө С гэж танилцуулан, Увс аймгаас 5 тэмээ тууж ирсэн байгаа тэгээд энэ айлд амарч байгаа гэсэн. Тэгээд би бичиг баримт шалгахад тэр хүнд ямар ч бичиг баримт байхгүй байсан, тэр доор нь би 102-т залгаж жижүүрийн  машин дуудаж С.С ,  Ж к хоёрыг цагдаад авч ирж хүлээлгэн өгөөд, нөгөө 5 тэмээг сумын цагдаагийн кобон руу тууж очиж хашсан юм. Анх надад 5 тэмээг тууж явсан Ж к хэлэхдээ С.С гэдэг залуу Баяннуураас хулгайлан авч ирсэн гэж хэлсэн, одоо тэр залуу манай дүүгийн гэрт байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
    - Гэрч Т.Ж ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байсан. Өглөөний 9 цагт төрсөн дүү Т.Ж к Баян-Өлгий аймгаас ирж миний машиныг авах хүн ирсэн. Тийш нь хүргээд өгчих гэж бид хоёр мотоциклоор Бугат сумын Х-ын хөшөөнд очиход нэг үл таних залуу 5 тэмээтэй байсан. Би буулгаад шууд яваад өгсөн, хаана очих талаар би асуугаагүй. ... Шууд гэртээ ирсэн. Гэртээ байхад манай дүү нөгөө үл таних залууг дагуулж ирээд тэр залууг манайд орхиж түр амраад байж л байг, би эргэж ирнэ гэж Т.Ж к өөрөө аймаг руу явган яваад өгсөн. Тэгээд би өөрөө араас нь өөрийн мотоциклтой аймаг орж ирсэн ба захад байхад миний дүү Ж к тааралдаж намайг төрөх эмнэлгийн хажууд хүргээд өгчих гэхээр нь би түүнийг эмнэлгийн хажууд хүргэж өгөөд оройн 17 цагийн үед гэрт ирэхэд нөгөө нэг залуу манайд унтаж байсан. Би тэгээд малаа янзалж байхад гаднаас манайд цагдаа нар орж ирсэн. Тэгээд Ж ийг асуусан ба надад хувцсаа аваад гар гэх үед коридорт байсан гутлыг үзээд энэ гутал хэний гутал вэ гэсэн, тэгээд манай унтлагын өрөөнд байсан С.С бид хоёрыг аймагт авч ирсэн юм. Тэр хоёр манайд ирэх үед би тэмээг үзээгүй хаана авч очиж нуусан талаар би мэдэхгүй юм. С манайд орж ирээд аяга цай уугаад шууд унтаад өгсөн байсан Ж к надад тэмээ хулгайлан авч ирэх талаар огт юм ярьж байгаагүй. Харин надад тэрээр өөрийн машинаа зарахаар болсон, нэг залуу ирээд мал авч ирж авахаар болсон гэж байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 48 дугаар хуудас/,
    - Гэрч Т.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би гэрт байгаад орой малаа янзлаад тэгээд өөрийн төрсөн ах Ж ийн гэрт нь очиход тэднийд үл таних нэг залуу унтлагын өрөөнд унтаж байсан, гэрт ах маань байхгүй байсан. Тэгээд би тэнд сууж байхад гаднаас ах Ж ороод ирсэн байсан. Тэр хооронд нөгөө залуу босож ирсэн. Бид хамт сууж байхад араас шууд цагдаа нар орж ирсэн. Нөгөө ахын гэрт унтаж байсан залуу унтлагын өрөө рүү зугтаж орны дээр гараад сууж байтал би гадагшаа гарсан тэр үед цагдаа нар надыг чи хэн бэ гэсэн би энэ айлын хүүхэд нь гэсэн тэгээд тэд Ж ийг дагуулж авч гарч яваад үүдний өрөөнд байсан монгол гутлыг үзээд энэ хэний гутал эзэн нь хаана байгаа гэж Ж ээс асуусан тэрээр манайд байгаа хүний гутал, одоо манай унтлагын өрөөнд байгаа гэж хэлсэн тэгээд тэд орж нөгөө залууг дагуулаад гадаа гаргаж гавлаж аваад яваад өгсөн юм. Би огт танихгүй, мэдэхгүй, үзээгүй залуу байсан. Манай ахын гэрт хэзээ, ямар ажлаар ирж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,
    - Гэрч Х.К-ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би С.С гэх залууг танихгүй, мэдэхгүй, нэг өдөр миний хадам ах Ж к дагуулан ирээд энэ хүн танайд байж л байг би удалгүй ирээд дагуулаад явна гэж хэлсэн. Тэгээд би гэрт байсан хүйтэн цайнаас хийж өгсөн ба тэр хүн 2 аяга цай уугаад унтаад өгсөн байсан. Манайд тэр өдөр 15 цагийн үед ирээд унтаад өгөөд орой харанхуй болсон үед цагдаа нар ирээд тэр хүнийг авч явсан. Манайд урьд огт ирж байгаагүй, танихгүй хүн байна. ... Өглөө 9 цагийн үед байх би гал түлж байхад Ж к манайд орж ирээд миний нөхрийг нэг тийш яваад ирмээр байна гэж дагуулж гараад тэр хоёр миний нөхрийн мотоциклтой яваад өгсөн байсан. Тэр үед Ж кийн эхнэр нь Толбо суманд өөрийн төрхөмд байсан юм. Ж к тэр хүнийг гэртээ оруулаад би удалгүй ирнэ. Энэ хүн танайд байж л байг гэж хэлээд гараад яваад өгсөн. Тэр залуу би унтаж амармаар байна гэхээр нь би өөрсдийн унтлагын өрөөнд оруулж тэнд байгаа оронд хэвтээд шууд унтаад өгсөн байсан.  Би тэмээ үзээгүй, гэрээс гараагүй, гэрийн ойролцоо тэмээ мал лав харагдаагүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,
    - Гэрч З.Б ийн /Увс аймгийн Өмнөговь сум дундын цагдаагийн хэсгийн жолооч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай сумын Улиастай багийн иргэн З.Ж гэгчийн 5 тэмээ хулгайд алдагдаж Баян-Өлгий аймаг орсон байна гэсний дагуу тасгийн дарга бид хоёр Улиастай орж хохирогч З.Ж ыг авч тэр хүнээр 80 литр бензин хийлгэн Баян-Өлгий аймаг орж хохирогчийн 5 тэмээг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас хүлээн авч нутаг буцсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
    - Хулгайд алдагдсан тэмээний үнэлгээг тогтоосон шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт: “Увс аймгийн Өмнөговь сумын зах зээлийн үнэ ханшаар 2016 оны 01 дүгээр сарын байдлаар нар гүйцсэн эр тэмээ 900.000, ингэн тэмээ 800.000 төгрөгийн үнэ ханштай болох нь тогтоогдсон” /хх-ийн 88 дугаар хуудас/, 
    - Шүүгдэгч С.С Увс аймгаас 5 тэмээ хулгайлж авч ирэх үед замд хэрэглэж байсан, түүнд Т.Ж өгсөн гэх Нокиа маркийн хуучин гар утсыг хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл, /хх-ийн 166-167 дугаар хуудас/, 
    - Нокиа маркийн хуучин гар утсыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 169 дүгээр хуудас/, 
    - Хохирогч З.Ж ын хохирол төлүүлж авсан тухай С.С д өгсөн гарын баримт /хх-ийн 231 дүгээр хуудасны ар талд/, 
    - Уг баримтыг С.С аас хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 229-230, 232 дугаар хуудас/ болон шүүгдэгч Т.Ж , С.С нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Иймд шүүгдэгч С.С , Т.Ж нарын гэмт үйлдэл нь хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 
Шүүгдэгч С.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасан уг гэмт хэргийг гардан үйлдсэн гэх үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.Ж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасан уг гэмт хэргийг гардан зохион байгуулсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч С.С ы мэдүүлгээр тогтоогдсон байна.
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас С.С , Т.Ж нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
    Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгчид хуульд заасан ялыг оногдуулах бүрэн үндэслэлтэй байна. 
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. 
Шүүхийн шүүмжлэлд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэсэн бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэргийн зүйлчлэлд мэтгэлцээнгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч С.С , Т.Ж нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч С.С ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан баривчлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ. 
Шүүгдэгч С.С , Т.Ж нар хохирогч З.Ж , Ш.Н н нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 
Мөн шүүгдэгч С.С аас 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч А.Х д олгох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч С.С , Т.Ж к нарт үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч С.С , Т.Ж нарт оногдуулсан баривчлах ялыг тус тус нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлэх нь зүйтэй байна. 
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хуучин, эвдэрсэн нокиа маркийн, хар өнгийн, гар утас 1 ширхгийг /сим карттай, батарейтэй, батерейний таг нь байхгүй/ С.С д буцаан олгож, үхрийн шийр /туурайтай/ 4 ширхэг, үхрийн толгойн арьс 1 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна. 
    Шүүгдэгч Т.Ж кийн  өмч, 600.000 төгрөгийн үнэтэй монгол үхрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, бүртгэлгүй, ТОЗ-8 маркийн, гол төмрийн 418910, замагны 18915 дугаар бүхий хар өнгийн оосортой, шар өнгийн онгоц модтой бууг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар бүртгэлгүй, ТОЗ-8 маркийн, гол төмрийн 418910, замагны 18915 дугаар бүхий хар өнгийн оосортой, шар өнгийн онгоц модтой бууг хураан улсын орлого болгож, хураагдсан бууг Галт зэвсгийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдан борлуулж, иргэний нэхэмжлэгч Х.Т ийн хохиролд тооцож олгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна. 
Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь улсын бүртгэлд авагдаагүй ТОЗ-8 маркийн бууг худалдан борлуулахдаа Галт зэвсэгийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж, Цагдаагийн байгууллагатай хамтарч зохих бичиг баримтуудыг хангуулж худалдан борлуулах ажииллагааг гүйцэтгэх учиртайг дурьдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч С.С ы энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдсон 102 хоног, шүүгдэгч Т.Ж кийн энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдсон 33 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Т.Ж к нь урьд 2000 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 457-р хорих ангид эдэлж байх хугацаандаа хорих ангиас оргож Ховд аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тус ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, урьд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн бүгд эдлэх хорих ялыг 6 жилээр оногдуулсан ба 2007 оны 11 дүгээр сарын 05-нд хуулинд заасан хувиа зөрчилгүй эдэлсэн, засарч хүмүүжсэн, төлбөргүй гэх үндэслэлээр эдлээгүй үлдсэн 1 жил 03 сар 20 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хохир ялаар шийтгүүлж, урьд эдлээгүй үлдсэн 1 жил 03 сар 20 хоногийн хорих ялын зарим нь болох 6 сарыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоож биечлэн эдлүүлсэн, 
шүүгдэгч С.С нь урьд Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус ял шийтгүүлж байсан ба сүүлд үйлдсэн гэмт хэрэгтээ ял эдэлснээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байх хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. 
    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С д гадагш явахгүй байх тухай баталгаа авах, шүүгдэгч Т.Ж т бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсныг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.7-286.1.9, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт С гийн С ыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг давтан хулгайлах гэмт хэргийг,
- Шүүгдэгч Х овогт Т Ж кийг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг нь хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг нь хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С , Т.Ж нарт оногдуулсан 6 /зургаа/ сарын баривчлах ялыг тус тус нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Т.Ж нь бусдад төлөх төлбөргүй, С.С , Т.Ж к нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар хохирогч З.Ж , Ш.Н н нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ы цагдан хоригдсон 102 хоног, шүүгдэгч Т.Ж кийн цагдан хоригдсон 33 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
    6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-аас 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч А.Х-д олгосугай. 
    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хуучин, эвдэрсэн нокиа маркийн, хар өнгийн, гар утас 1 ширхгийг /сим карттай, батарейтэй, батерейний таг байхгүй/ С.С-д буцаан олгож, үхрийн шийр /туурайтай/ 4 ширхэг, үхрийн толгойн арьс 1 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 
    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж кийн  өмч,  600.000  төгрөгийн  үнэтэй монгол үхрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, бүртгэлгүй, ТОЗ-8 маркийн, гол төмрийн 418910, замагны 18915 дугаар бүхий хар өнгийн оосортой, шар өнгийн онгоц модтой бууг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
    9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар бүртгэлгүй, ТОЗ-8 маркийн, гол төмрийн 418910, замагны 18915 дугаар бүхий хар өнгийн оосортой, шар өнгийн онгоц модтой бууг хурааж, хураагдсан бууг Галт зэвсгийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдан борлуулж, иргэний нэхэмжлэгч Х.Т-ийн хохиролд тооцож олгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 
10. Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь улсын бүртгэлд авагдаагүй ТОЗ-8 маркийн бууг худалдан борлуулахдаа Галт зэвсэгийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж, Цагдаагийн байгууллагатай хамтарч зохих бичиг баримтуудыг хангуулж худалдан борлуулах ажииллагааг гүйцэтгэх учиртайг дурдсугай. 
11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С д гадагш явж болохгүй тухай баталгаа авах, шүүгдэгч Т.Ж кт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.С д Т.Ж кт нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      А.ДАУРЕНБЕК