Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2137

 

 

 

 

 

 

Э.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/01665 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Э.Ггийн, хариуцагч “ЭЖИЭ” ХХК-д холбогдуулан гаргасан ажил олгогчийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 44 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “ЭЖИЭ” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр компанийн захирал Ц.Ч орон тоо цөөрүүлнэ гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр цуцлах тухай мэдэгдлийг өгсөн. Манай компани нягтлан бодогчийн нэг орон тоотой бөгөөд орон тооны цомхтгол хийх ямар ч боломжгүй.

Дээрх мэдэгдлийг гардуулсан өдрөө миний оронд Б.Н-ыг ажилд авсан. Тэр өдрөө шууд Б.Н-ыг ажилд авах тушаалыг гаргасан. Миний ажлаас чөлөөлөх тухай тушаал гараагүй байсан ба ажлаа хүлээлгэж өг гэсний дагуу би ажлаа хүлээлгэж өгөөд ээлжийн амралтаа авсан. Мөн тушаал гарахдаа өмнө нь өгч байсан мэдэгдлээс өөр буюу Хөдөлмөрийн гэрээний 10.2.3, 10.2.17, 10.2.37, 10.3 дахь заалтыг үндэслэн, ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр тушаал гарсан. Би ажил тасалсан, компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, ажилдаа хайнга хандсан нэг ч үйлдэл гаргаагүй. Ийм ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх цалинтай тэнцэх олговорт 3 921 765 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч “ЭЖИЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ерөнхий нягтлан бодогч ажилтай Э.Гд бүтцийн өөрчлөлт буюу орон тоо хасагдсан талаар мэдэгдэж, ажилтантай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэлд Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу 30 хоногийн хугацаанд ажлаа хүлээлгэж өгөх талаар дурдсан.

            Гэтэл нэхэмжлэгч энэ хугацаанд ажлаа хүлээлгэж өгөөгүй, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 14-ний өдрүүдэд ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар буюу хөдөлмөрийн гэрээний 10.2.3-т заасны дагуу гэрээг цуцлах, ажилтанг ажлаас халах үндэслэл болсон. Өөрөөр хэлбэл Э.Г нь нийт 160 цаг ажлаа тасалсан, ажлын байрыг орхигдуулсан байх тул бид түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цуцалсан. Иймд Э.Ггийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Гг “ЭЖИЭ” ХХК-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3 921 765 төгрөгийг хариуцагч “ЭЖИЭ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Э.Гд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг, мөн урьдчилан төлөөгүйг дурдаж, хариуцагчаас 77 698 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Хариуцагч “ЭЖИЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Э.Г нь 30 хоногийн хугацаанд ажилдаа ирээгүй, нийт 160 цаг тасалсан, түүний ажилдаа ирээгүй цагийг цаг бүртгэлийн ажилтнаар хөтлүүлж, тамга дарж баталгаажуулсан баримт хэргийн 20 дугаар талд авагдсан байхад шүүхээс нотлох баримт гэж үзэхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Э.Гд ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх эрх олгоогүй бөгөөд ээлжийн амралтыг бодохдоо ажлаа тасалсан хоногийг хасч ажиллаж байсан хоногийн ээлжийн амралтын хөлсийг бодож олгох нь компанийн үүрэг юм. Гэтэл анхан шатны шүүхээс ажлаа тасалсан хугацааг ээлжийн амралт эдэлсэн хэмээн тооцсон нь үндэслэлгүй байна.

            Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Гг нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3 921 765 төгрөгийг харицагч "ЭЖИЭ" ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Э.Гд олгосугай гэж заасан. Үүнд цалингийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийх талаар тусгагдаагүй.

            Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр нөхөн олгосон цалингаас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон холбогдох татварыг нийгмийн даатгалын хэлтэс болон татварын хэлтсээс нөхөн авдаг. Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон нөхцөлд шимтгэл төлөх үүрэг дуусгавар болдог. Шүүх ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн байхад нийгмийн даатгалд нөхөн бичилт хийх талаар тусгаагүй нь хууль зүйн үндэслэлгүй, буруу шийдвэр болсон. Татварын Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д "Татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх" гэж заасан. Уг шүүхийн шийдвэрт татвар төлөлтийг тусгаагүй нь хууль зүйн үндэслэлгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч “ЭЖИЭ” ХХК-д холбогдуулан ажил олгогчийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 44 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх нөхөх олговорт 3 921 765 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хөдөлмөрийн харилцаа үүсч, нэхэмжлэгч нь “ЭЖИЭ” ХХК-ийн санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан үйл баримтын талаар маргаангүй байна. Харин хариуцагч “ЭЖИЭ” ХХК-ийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тушаалаар ажилтан Э.Гг хөдөлмөрийн гэрээний 10.2.3, 20.2.17, 10.2.37, 10.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримтын талаар зохигчид маргадаг.

Хариуцагч тал нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх боловч хэрэг авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э.Г нь компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулах ямар нэгэн харш үйлдэл, эс үйлдэл хийсэн, компанийн төлөвлөгөө, тайлан мэдээг 2-оос дээш удаа хугацаа хожимдуулсан, буруу гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн цагийн бүртгэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч “ЭЖИЭ” ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүргийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль ёсны гэдгийг нотолж чадаагүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх  хэсэгт нийцжээ.

Хариуцагч тал шүүхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн талаар асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж гомдол гаргаж байна. Хуулийн энэ зохицуулалтаар ажил олгогчийн хүлээх үүргийг тодорхойлж өгсөн учир шүүхийн шийдвэрт тусгагдсан эсэхээс үл хамааран ажил олгогч уг үүргээ биелүүлэх учиртай тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/01665 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                               

                                  ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                              Ч.ЦЭНД