| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2020/0372/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/372 |
| Огноо | 2020-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/372
2020 11 24 2020/ШЦТ/372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай /онлайнаар/
Шүүгдэгч Ч.Э /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Чинбатын Энхтөрд холбогдох эрүүгийн 2021000000395 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Залуус хорооллын 3-16 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тайж овогт /РД:
Холбогдсон хэргийн талаар: Ч.Э нь 2020 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Хишиг” хотхоны 7 тоотод согтуугаар иргэн Ч.Б хүзүүнд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт онлайнаар: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Ч.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ... Хишиг хотхоны 7 дугаар байшин руу ороход ... Алтанхуяг, Бямбадорж нар байсан ба хамт гадуур архи уухаар болоод Люкс бааранд орж хүний 3 шил пиво уугаад байж байтал тухайн байгууллага хаалаа гэхээр нь гарч явсан. ... улмаар тэндээсээ гараад буцаж Хишиг хотхоны 7 дугаар байранд очиж дахин пиво уусан. ... пиво ууж байгаад Бямбадорж ах бид маргалдсан ... би цонхон дээр байсан жижиг хутгыг аваад түүний хүзүү хэсэгт нь зүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр тал/
Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энхтөр бид хоёр байрны үүдэнд маргалдсан. ... улмаар дотогш ороод авчирсан пивио ууж эхлээд байж байхад удалгүй Энхтөр цонхон дээр байсан жижиг хутга аваад миний зүүн хүзүү хэсэгт 1 удаа хутгалсан. Би яг хутгалах үед харж чадаагүй бөгөөд гэнэт бие эвгүй болоод халуун дүүгээд ирэхэд тухайн залуу хутгаа Алтанхуягт өгсөн. ... надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Эм тарианы мөнгө болох 200.000 төгрөгийг Энхтөрөөс авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 04-07 дугаар тал
Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд унтаж байхад буюу 04 цаг 44 минутанд Бямбаа ах над руу залгаад Хуягаа буугаад ир гэж хэлсэн. Буугаад очиход Бямбаа ахын хүзүүний зүүн хэсэг цус болсон байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад нөгөө залуу чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 779 дугаар:
1. Ч.Б бид хүзүүний зүүн талын хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-ийн 15-16 дугаар тал/,
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 19 дүгээр тал /
- Гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 20 дугаар тал/
- Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 21 дүгээр тал/
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 22 дугаар тал/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухай хэрэгт хамааралтай, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ч.Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Э нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Хишиг” хотхоны 7 тоотод 2020 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө согтуурсан үедээ хохирогч Ч.Б хүзүүнд 1 удаа хутгалж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Ч.Бямбардорж, гэрч А.Алтанхуяг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №779 дугаартай тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзээд шүүхээс шүүгдэгч *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч Ч.Бямбадорж нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Эм тарианы төлбөрт 200.000 төгрөгийг *******өөс хүлээн авсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Чинбатын Энхтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн болох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ч.Э-гийн ЖБ90090977 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Чинбатын Энхтөрийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай” учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чинбатын Энхтөрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч *******д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Э-гийн ЖБ90090977 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА