| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00836/и |
| Дугаар | 151/ШШ2017/00849 |
| Огноо | 2017-08-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 151/ШШ2017/00849
| 2017 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 151/ШШ2017/00849 | Төв аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би,
Төв аймаг Мөнгөнморьт сум, Тэнүүний гол бригад хөдөө оршин суух Долгорсүрэнгийн Болдсайханд холбогдох,
Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 23 дугаар байр, 1 тоотод оршин суух Ган-Эрдэнийн Золжаргалын нэхэмжлэлтэй
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 сарын 24 өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Золжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Миний бие 2012 оноос Д.Болдсайхантай танилцан амьдарч байсан ба Д.Болдсайхан нь надтай сууна гэрлэнэ гэж 1 жил хамт амьдарсан ба сүүлийн жилүүдэд ирэх нь цөөрсөөр, одоо бүр ирэхээ больсон. Гэрлэлт бүртгүүлэх талаар ярихад боломжтой үедээ албан ёсоор бүртгүүлье гэж намайг хууран мэхэлсэн. ..Д.Болдсайхан нь өөрөө охины эцэг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Иймд охин З.Ануд хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Нэхэмжлэгч Г.Золжаргал нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Г.Золжаргал миний бие нь Болдсайханд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүүхдийн эцэг болох Бодсайхан нь хүүхдээ бодоод буцаад хамт амьдаръя гэсэн учраас Г.Золжаргал миний бие өөрийн хүсэлтээр нэхэмжлэлээс татгалзаж байна. Миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Золжаргал нь хариуцагч Д.Болдсайханд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Золжаргал нь хариуцагч Д.Болдсайханд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ өөрийн хүсэлтээр, сайн дурын үндсэн дээр татгалзах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Г.Золжаргалын татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Хариуцагч Д.Болдсайханд холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэрэгт нэхэмжлэгч Г.Золжаргалын татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Золжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн 5001196835 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ