Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00850

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00850

Төв аймаг

 

 

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төрийн банк ХХК-ийн Зуунмод салбарын нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Архуст сум, Нарст 2-р баг, Нарст 3-р гудамжны 3 тоотод оршин суух Г.Мягмарсүрэн, Б.Цэцэгсүрэн нарт холбогдох

Зээлийн гэрээний төлбөр 7 491 182 төгрөг гаргуулах, 2013 оны 20 сарын 28-ны өдрийн №312 тоот, 2014 оны 09 сарын 23-ны өдрийн №387 зээлийн болон хавсралт №2 барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны  06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ганбат, хариуцагч, Г.Мягмарсүрэн, хариуцагч Б.Цэцэгсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгдарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Зээлдэгч Г.Мягмарсүрэн, Б.Цэцэгсүрэн нар нь 2013 оны 10 сарын 28-ны өдөр Архуст тооцооны төвөөс №312 тоот зээлийн гэрээ байгуулан 6 740 000 төгрөгийн зээлийг сарын 1.8%, жилийн 21.6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаагаар, өрхийн хэрэгцээндээ зориулахаар гэрээт цалингийн зээл авсан. 2017 оны 2 сарын 11-ний өдөр Г.Мягмарсүрэн, Б.Цэцэгсүрэн нар нь Архуст тооцооны төвөөс №312 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 6 097 217 төгрөг дээр нэмж 1 552 783 төгрөг авч нийтдээ 7 650 000 төгрөгийн зээлийг сарын 1,8%, жилийн 21,6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаагаар өрхийн хэрэгцээндээ зориулахаар гэрээт цалингийн зээл авсан.

2014 оны 9 сарын 23-ны өдөр Г.Мягмарсүрэн, Б.Цэцэгсүрэн нар нь Архуст тооцооны төвөөс №387 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 6 481 854 төгрөг дээр нэмж 5 900 000 төгрөг авч нийтдээ 12 381 854 төгрөгийн зээлийг сарын 1,8%, жилийн 21,6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаагаар өрхийн хэрэгцээндээ зориулахаар гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд ирээдүйн цалингийн орлого, таван ханатай гэр, зурагт, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин, ДДШ телевизийн антены ком, компьютер, гагнуурын аппарат зэрэг гэрийн эд хогшил тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.1.1, 5.1.2 дахь заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан. Банкны зүгээс буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч хариуцагч янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, зээлээ өлөхгүй байна. Иймд зээлийн гэрээний  дагуу 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхийн нэхэмжлэлийг гаргаж байна.

Зээлдэгч Г.Мягмарсүрэн, Б.Цэцэгсүрэн нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 5 413 725.65 төгрөг, зээлийн хүүгийн өр 1 957 759.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89 696.20 төгрөг, нотариатын хөлс 30 000 төгрөг, нийт 7 491 182 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 20 сарын 28-ны өдрийн №312 тоот, 2014 оны 09 сарын 23-ны өдрийн №387 зээлийн болон хавсралт №2 барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ганбат нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“-Хариуцагч нар нь анх зээл аваад нэмэлт зээлийг 2013 оны 09 дүгээр сард авсан байдаг. Сүүлд зээл авахдаа засаг даргын тамгын газарт галч хийж байсан. Цэцэгдарь нь манай банкинд ахлах теллер хийдэг байсан. Зээлийн төлбөрөө төлөөгүй удааж, манайх удаа дараа шаардлага тавьдаг байсан. Тиймээс зээлийн хүү, нэмэлт хүүг тооцоод нотариатын 30.000 төгрөгийг хасаад  7.461.182 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Г.Мягмарсүрэн нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Зээл авсан нь үнэн. Цаг хугацааны хувьд удаадаг байсан. Сүүлийн үед ажил тааруу мөнгөний боломж муу болохоор сүүлийн 1 жил төлөөгүй. Хамгийн сүүлд 7 дугаар сард 700.000 төгрөг төлсөн. Зээлийн төлбөрөө төлж барагдуулна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгдарь нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“-Эгчийгээ хамтран зээлдэгчээр оруулсан. Зээлийн хувьд эгч минь хэрэглэсэн зүйл байхгүй. Бид 2 өөрсдөө хэрэглэдэг байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Төрийн банк" ХХК нь хариуцагч Г.Мягмарсүрэн, Б.Цэцэгсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7 491 182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч “Төрийн банк” ХХК нь цалингийн зээлийн зориулалтаар өмнөх зээлийн үлдэгдэл 6 097 217 төгрөг дээр нэмж 1 552 783 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч Г.Мягмарсүрэн, Б.Цэцэгсүрэн нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг 36 сарын хугацаанд, жилийн 21,6 хувийн хүүтэй төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 22 дугаар тал/

Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд байгуулсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд хариуцагч Г.Мягмарсүрэн, хариуцагч Б.Цэцэгсүрэнгийн төлөөлөгч Б.Цэцэгдарь нар нь зээлийн гэрээний үүргийн талаар болон зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, алдангийн талаар зохигчид маргаагүй бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны үүрэг, гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй.

Хариуцагч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагад нэмж тооцсон нотариатын үйлчилгээний 30 000  төгрөгийг хасч нэхэмжлэлийн үнийн дүн болох 7 491 182 төгрөгийг 7 461 182 төгрөг болгон нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон болно.

Иймд шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт  зааснаар  хариуцагч  Г.Мягмарсүрэн, Б.Цэцэгсүрэн  нараас    үндсэн зээл өр 5 413 725.65 төгрөг, зээлийн хүүгийн өр 1 957 759.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89 696.20 төгрөг, нийт 7 461 182 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  "Төрийн банк" ХХК -д олгох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч нь барьцааны зүйлээс төлбөр гаргуулах эрхийг хангаж өгөхийг хүссэн шаардлага гаргасан ба зохигчид барьцааны гэрээний хувьд маргаагүй, барьцааны гэрээг хүчин төгөлдөр хэлцэл тул гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулах замаар шийдвэрийн биелэлтийг хангах болохыг дурдах нь  зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

   1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Г.Мягмарсүрэн, Б.Цэцэгсүрэн нараас үндсэн зээл 5 413 725.65 төгрөг, зээлийн хүүгийн өр 1 957 759.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89 696.20 төгрөг, нийт 7 461 182 төгрөг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  "Төрийн банк" ХХК-д олгосугай.

   2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч Г.Мягмарсүрэн, Б.Цэцэгсүрэн нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох Төв аймгийн Архуст суманд байрлах 5 ханатай гэр, хөргөгч, хөлдөөгч, ДДШ кабелийн телевизийн тоног төхөөрөмж, угаалгын машин, гагнуурын аппаратыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангасугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 134 809  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч Г.Мягмарсүрэн, Б.Цэцэгсүрэн нараас 134 329 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.МӨНХЦЭЦЭГ