Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1020

 

 

 

 

 

 

 

2020          12          15                                     2020/ШЦТ/1020

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжин,                                             

улсын яллагч Г.Түвшинбаяр,

шүүгдэгч Н.З-,

хохирогч Н.Тэлмүүн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Н.З-т холбогдох эрүүгийн 2009000001283 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Н.З- нь:

 

- 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зү” баарны гадна Н.Тэлмүүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг хавсарч унагаан гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун гайморын хөндийн урд ба ар ханын цөмөрсөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Тэлмүүн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23 цагийн орчим “Зү” караоке, баараар найз Ирмүүн, Ангараг, Золбоо нарын хамт үйлчлүүлсэн. 00 цагийн үед баар хаах болоод гарах гээд явж байхад үүдэнд Эрдэнэмөнх / Ирмүүн / найзтайгаа тааралдсан. Тэр үед би Ирмүүнээс машины түлхүүр асуух гэж очиход Ирмүүний найз гэх залуу намайг зайл гэж хэлснээс болоод түүнтэй маргалдсан. Гадаа гарсны дараа тэр залуу над дээр ирээд бид хоёр үргэлжлүүлээд маргалдсан. Тэгээд хоёулаа үзчихье гээд шууд ирж тэвэрч аваад, намайг газар унагаагаад цохиж зодсон. Манай найзууд бид хоёрыг салгасан. Тэр залуу дахиж над дээр ирээд намайг унагаагаад цохиж зодсон. Миний биед учирсан гэмтлийг надтай маргалдсан залуу намайг газар унагааж, зодож учруулсан гэжээ. / хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас /

 

Гэрч Ц.Хангал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...“Зү” баарнаас Н.З-, Азбаяр нарын хамт гарсан. Гадаа гарахад Н.З-, Тэкү гэх залуутай зодолдсон. Удалгүй би болон тэнд байсан хүмүүс зодооныг болиулсан. Тэгээд би Азбаяр, Н.З- нарын хамт тэндээс явсан. Тэгсэн Н.З- бугуйн цагаа хаясан байна гээд зодоон болсон газар руу очиход нөгөө хүүхдүүд тэнд байсан. Тэгсэн Тэкү гэх залуу дахиад зодолдъё гээд Н.З-ыг барьж аваад хавирч унагаачихаад яваад өгсөн гэжээ. / хавтаст хэргийн 8 дугаар хуудас /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10526 дугаартай дүгнэлтэд:

1. Н.Тэлмүүний биед баруун гайморын хөндийн урд ба ар ханын цөмөрсөн хугарал, баруун ухархайн гадна ба доод ханын зөрүүтэй, цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхины шарх, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язрал, зүүн бугалга, зүүн баруун дал, зүүн тохой, баруун гарын шуу ба 1-р хурууны зулгаралт, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх баруун гайморын хөндийн урд ба ар ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас /

 

Яллагдагч Н.З- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр хуучны танил Эрдэнэмөнхтэй юм яриад зогсож байхад Ангараг гэх залуу ирээд машины түлхүүрээ өгчих гэж хэлсэн. Түлхүүрийг аваад явахгүй Эрдэнэмөнхийг хамт явъя гээд татахаар нь би “Түлхүүрээ авсан бол цаашаа яв. Бид хоёр юм ярьж байна” гээд маргалдаж эхлэхэд Тэлмүүн ирээд намайг цохиж зодоон эхэлсэн. Тэлмүүний биед учирсан бэртэл гэмтлийг би маргалдаж байхдаа тэвэрч аваад газар унагахдаа учруулсан гэжээ. / хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас /

 

Шүүдэгч Н.З-ыг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хавтаст хэргийн 32 дугаар хуудас / зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.З- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би Тэлмүүний найзтай маргалдаж байтал тэр хажуунаас ирж намайг цохьсон. Баарнаас гараад би Тэлмүүнийг цохьсон. Түүнд учирсан гэмтлийг би учруулсан. Хохирогчийн баримтаар нотлогдсон эмчилгээний зардал болох 1.200.000 төгрөгийг өнөөдөр авч ирсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Хохирогчоос уучлалт гуйж байна гэв.

 

Хохирогч Н.Тэлмүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 23 цагийн үед Зү бааранд 3 найзын хамт орсон. Баар хаах болоод би Ирмүүнээс машины түлхүүрээ авах гэтэл Н.З- “Бид хоёр юм ярьж байна. Зайл” гэж хэлсэн. Би гадаа гараад дуудлагын жолооч хүлээж байтал Ирмүүн та 2 ингэж хэрэлдэж байхаар зодолдчих гэхээр нь зодолдоод Н.З- миний дээр хоёр удаа гарч, зодож гэмтлийг учруулсан. Цаашид нүүрэнд тавиулсан төмрөө авахуулна. Хамрын хөндийн цөмөрсөн гэмтлийг эмчлүүлэхээр 12 дугаар сарын 21-нд Эм Жи Жи эмнэлэгт хагалгаанд орно. Дараа нь сэргээн засах эмчилгээнд орно. Хагалгааны дараах бусад зардлаа нэхэмжилнэ гэв.

 

  Шүүгдэгч  Н.З- нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зү” баарны гадна Н.Тэлмүүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг хавсарч унагааж гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун гайморын хөндийн урд ба ар ханын цөмөрсөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Ирмүүний найз намайг зайл гэж хэлснээс болоод түүнтэй маргалдсан. Гадаа гарсны дараа тэр залуу над дээр ирээд бид хоёр үргэлжлүүлээд маргалдсан. Тэгээд хоёулаа үзчихье гээд шууд ирж тэвэрч аваад, намайг газар унагаагаад цохиж зодсон. Миний биед учирсан гэмтлийг надтай маргалдсан залуу намайг газар унагааж, зодож учруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Н.Тэлмүүний мэдүүлэг / хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас /, ...Гадаа гарахад Н.З-, Тэкү гэх залуутай зодолдсон. Тэгсэн Тэкү гэх залуу дахиад зодолдъё гээд Н.З-ыг барьж аваад хавирч унагаачихаад яваад өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Хангалын мэдүүлэг / хавтаст хэргийн 8 дугаар хуудас /, ... Н.Тэлмүүний биед баруун гайморын хөндийн урд ба ар ханын цөмөрсөн хугарал, баруун ухархайн гадна ба доод ханын зөрүүтэй, цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхины шарх, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язрал, зүүн бугалга, зүүн баруун дал, зүүн тохой, баруун гарын шуу ба 1-р хурууны зулгаралт, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх баруун гайморын хөндийн урд ба ар ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10526 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас /, ... Тэлмүүний биед учирсан бэртэл гэмтлийг би маргалдаж байхдаа тэвэрч аваад газар унагахдаа учруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Н.З-ын мэдүүлэг / хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас / зэрэг болно.

           

            Шүүхээс шүүгдэгч Н.З-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.З-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.З- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний зардал болох 1.200.000 төгрөгийг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 800 нэгж буюу 800.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч  Н.З- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдав.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.З-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Н.З-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 / найман зуу / нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.З нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Тэлмүүн нь цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.З- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Н.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЧИМЭГ