| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00703/и |
| Дугаар | 151/ШШ2017/00854 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2017/00854
| 2017 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2017/00854 | Төв аймаг |
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00703/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Заамар сумын 1-р баг, Ар-Урт сууринд оршин суух Урианхан овогт Долгорын Мөнхбаатар /НН62082571/-ын бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Мөнхбаатар, гэрч З.Эрдэнэ-Очир, Г.Сэрээжав, М.Эрдэнэдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Миний бие 1962 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. Бага, дунд сургууль, трактор комбайнчны мэргэжлийн сургууль төгсөөд Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1980 оны 7 сарын 5-наас 1991 оны 12 сарын 31 хүртэл трактор комбайнчаар, мөн сумын Заамар ХК-д 1992 оны 1 сарын 1-нээс 1998 оны 1 сарын 31 хүртэл трактор комбайнчаар ажилласан. Заамар ХК-д ажилласан тухай хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон гарсан тушаалын бичилт хийгдээгүй, архиваас ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй архивт байхгүй байгаа учир шүүхэд хандаж байна.
Иймд архивын лавлагаа, цалингийн хуулбар...тогтоол зэрэг цуглуулсан материал, мөн тухайн үед хамт ажиллаж байсан М.Эрдэнэдалай, З.Эрдэнэ-Очир нарыг гэрчээр асууж миний Заамар нэгдэлд ажиллаж байсан 1988-1995 оны хооронд ажилласан 7 жилийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү...Мөн миний ажиллаж байсан үеийн тушаалуудыг Д.Мөнхөө нэрээр бичсэнийг анзааралгүй байснаас тушаалууд минь нэрний зөрчилтэй болоод байна. Миний бусад иргэний бичиг баримтууд Долгорын Мөнхбаатар нэрээр бичигдсэн юм. Иймд миний тушаалууд болон авч байсан шагналуудын минь эзэмшигч нь Д.Мөнхбаатар намайг мөн болохыг тогтоож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар нь бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох мөн Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1980 оны 7 сарын 5-наас 1991 оны 12 сарын 31 хүртэл трактор комбайнчаар, мөн сумын Заамар ХК-д 1992 оны 1 сарын 1-нээс 1998 оны 1 сарын 31 хүртэл трактор комбайнчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Долгорын Мөнхбаатар нь:
1.Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 07 сарын 01-ний өдрийн ажилд томилох тухай 67 дугаартай тушаал /хх-н 8/,
2. Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн даргын 1990 оны 12 сарын 30-ны өдрийн удаан жилийн нэмэгдэл олгох тухай 100 дугаартай тушаал /хх-н 9/,
3. Төв аймгийн Заамар ХК-ийн ерөнхий захирлын 1993 оны 12 сарын 20-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай 49 дугаартай тушаал /хх-н 10/,
4. Төв аймгийн Заамар ХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 12 сарын 03-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 60 дугаартай тушаал /хх-н 11/,
5. Төв аймгийн Заамар ХК-ийн 1995 оны 4 сарын цалингийн хүснэгт /хх-н 14/,
6. Заамар сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаас 1982 оны 5 сарын 25-ны өдөр Д.Мөнхөөд олгосон Баярын бичиг /хх-н 35/,
7. УБТЗ-ын техникумын нам, захиргаа олон нийтийн байгууллагаас 1984 оны 10 сарын 12-ны өдөр Мөнхөөд олгосон Баярын бичиг /хх-н 36/,
8. Намын хороо болон АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1989 оны 11 сарын 18-ны өдөр Д.Мөнхөөд олгосон Дурсамж /хх-н 37/ зэрэг бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болох нь:
-Д.Мөнхбаатарын иргэний үнэмлэхийн хуулбарт Урианхан овогт Долгорын Мөнхбаатар, регистрийн дугаар НН62082571 гэх бичилт /хх-н 3/
-Долгор овогтой Мөнхбаатар, эхийн нэр Норжин овогтой Долгор, 1962 оны 8 сарын 25-ны өдөр Ацын эх гэдэг газар төрснийг 1962 оны 09 сарын 25-ны өдөр 25-рт бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй 95 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 5/,
-Гэрч З.Эрдэнэ-Очирын“1981 онд техник ком төгсөөд очиход тус бригадад Мөнхөө ажиллаж байсан. Тэгээд би 1981-1986 оны 9 сарын 20-н хүртэл хамт ажиллаж байгаад шилжээд сүүлд дахин 1991-1998 он хүртэл Заамар ХХКомпанид ажиллаж байсан. Хамт ажиллаж байхад Мөнхөө гэдэг байсан сүүлд л Мөнхбаатар гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-Гэрч М.Эрдэнэдалайгийн “1990 оны 5 сараас 1991 оны 12 сар хүртэл Заамар суманд Заамарын нэгдлийн эдийн засагч, нэгдлийн даргаар ажиллаж байхад Мөнхөө Заамар нэгдлийн 10-тын бригадын тракторчинаар ажиллаж байсан. Тэгээд би Заамар ХХКомпаний захирал болсон тэгэхэд 50 улаан трактортой ажиллаж байсан. Би 1992 оны 12 сараас Заамар ХХК-ийн захирлаар 1997 он хүртэл ажиллаж байгаад Заамар ХХК задрахад жижиг компаний захирал хийж байгаад наашаа орж ирсэн. Эхлээд Мөнхөө нэртэй байсан сүүлдээ Мөнхбаатар юм байна гээд тушаал нь Мөнхөө Мөнхбаатар нэртэй гарсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/
-Гэрч Г.Сэрээжавын “Говь-Алтай аймгийн Тонхил суманд айл байсан. Мөнхөө надаас нэлээн хэд дүү хүүхэд ба айл саахалт хүмүүс байсан. Долгор гэдэг нь Д.Мөнхбаатарын ээж нь. Сумандаа дунд сургууль төгсөөд трактор кампаний сургуульд сураад Заамар суманд тракторын жолооч хийж байсан. Араас нь ээж нь ирээд одоог болтол амьдарч байгаа. Сүүлд Мөнхбаатар гэдэг болсон байсан бид нар багаас нь Мөнхөө л гэж дууддаг байсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
2. Долгорын Мөнхбаатар нь 1992 оны 12 дугар сарын 31-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Заамар сумын “Заамар” ХХК-д трактор комбайнчаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
- Төв аймгийн Заамар ХК-ийн ерөнхий захирлын 1993 оны 12 сарын 20-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай “1. Механикжуулагчдын 1993 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай...хавсралтын 66-д Д.Мөнхөө...” гэх бичилттэй 49 дугаартай тушаал /хх-н 10, 12/,
- Төв аймгийн Заамар ХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 12 сарын 03-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай “1.1992 оны 12 сард амрах хүмүүсийн 1992 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай...хавсралтын 80-д Д.Мөнхөө...” гэх бичилттэй 60 дугаартай тушаал /хх-н 10/,
- Төв аймгийн Заамар ХК-ийн 1995 оны 4 сарын цалингийн хүснэгт /хх-н 14/,
- Төв аймгийн Заамар ХК-ийн захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоол 1994 оны 12 сарын 25-ны өдрийн “1. Заамар компанийн дотоод хувьчлалаар хөрөнгө эзэмших гишүүдийн нэрсийг хавсралт ёсоор баталж, нэг хүний эзэмших хөрөнгийн хэмжээг 50.2 мянган төгрөгөөр тогтоосугай...хавсралтд Долгорын Мөнхбаатар ТӨ1191167, НН62082574...” гэх бичилттэй 06 дугаартай тушаал /хх-н 15-16/,
-Төв аймгийн өмч хувьчлалын комиссын 1993 оны 2 сарын 26-ны өдрийн 15 дугаартай Заамар хувьцаат компаний захирал н.Эрдэнэдалайд “хүсэлтийн тухай” гэх бичгийн хавсралт Заамар нэгдлийн давуу эрх эдлэгчдийн судалгааны ...243-т Долгорын Мөнхбаатар...” гэх бичилт /хх-н 17-19/
-Гэрч З.Эрдэнэ-Очирын “1981 онд техник ком төгсөөд очиход тус бригадад Мөнхөө ажиллаж байсан. Тэгээд би 1981-1986 оны 9 сарын 20-н хүртэл хамт ажиллаж байгаад шилжээд сүүлд дахин 1991-1998 он хүртэл Заамар ХХКомпанид ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-Гэрч М.Эрдэнэдалайгийн “1990 оны 5 сараас 1991 оны 12 сар хүртэл Заамар суманд Заамарын нэгдлийн эдийн засагч, нэгдлийн даргаар ажиллаж байхад Мөнхөө Заамар нэгдлийн 10-тын бригадын тракторчинаар ажиллаж байсан. Тэгээд би Заамар ХХКомпаний захирал болсон тэгэхэд 50 улаан трактортой ажиллаж байсан. Би 1992 оны 12 сараас Заамар ХХК-ийн захирлаар 1997 он хүртэл ажиллаж байгаад Заамар ХХК задрахад жижиг компаний захирал хийж байгаад наашаа орж ирсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/
-Гэрч Г.Сэрээжавын “Говь-Алтай аймгийн Тонхил суманд айл байсан. Мөнхөө надаас нэлээн хэд дүү хүүхэд ба айл саахалт хүмүүс байсан. Долгор гэдэг нь Д.Мөнхбаатарын ээж нь. Сумандаа дунд сургууль төгсөөд трактор кампаний сургуульд сураад Заамар суманд тракторын жолооч хийж байсан. Араас нь ээж нь ирээд одоог болтол амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг болно.
Иймд Д.Мөнхбаатарыг Төв аймгийн Заамар сумын “Заамар” ХК-д 1992 оны 12 дугаар сарын 31-нээс 1995 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл трактор комбайнчаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Д.Мөнхөө гэж нэр бичигдсэн Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 07 сарын 01-ний өдрийн ажилд томилох тухай 67 дугаартай тушаал, Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн даргын 1990 оны 12 сарын 30-ны өдрийн удаан жилийн нэмэгдэл олгох тухай 100 дугаартай тушаал, Төв аймгийн Заамар ХК-ийн ерөнхий захирлын 1993 оны 12 сарын 20-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай 49 дугаартай тушаал, Төв аймгийн Заамар ХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 12 сарын 03-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 60 дугаартай тушаал, Төв аймгийн Заамар ХК-ийн 1995 оны 4 сарын цалингийн хүснэгт, Заамар сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаас 1982 оны 5 сарын 25-ны өдөр Д.Мөнхөөд олгосон Баярын бичиг, УБТЗ-ын техникумын нам, захиргаа олон нийтийн байгууллагаас 1984 оны 10 сарын 12-ны өдөр Мөнхөөд олгосон Баярын бичиг, Намын хороо болон АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1989 оны 11 сарын 18-ны өдөр Д.Мөнхөөд олгосон Дурсамж зэрэг баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь Д.Мөнхбаатар мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Мөнхбаатарын Төв аймгийн Заамар сумын “Заамар” ХК-д 1992 оны 12 дугаар сарын 31-нээс 1995 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл трактор комбайнчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ